Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн ач холбогдол

Эрхэм хүндэт уншигчид аа! Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого нь зөвхөн нэг салбарын асуудал биш, харин улс орны нийгэм, эдийн засгийн өсөлт, хүний хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах замаар амьдралын чанарыг сайжруулах өргөн хүрээтэй стратеги юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх нь эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно. Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүс нутаг бүрийн нөөц боломжийг оновчтой ашиглахад чиглэнэ. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласнаар энэ чиглэлд томоохон шинэчлэлийг эхлүүлсэн билээ. Монгол Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн баталж, Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тэргүүлэх чиглэл болгон тусгалаа. Энэ хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн байгуулагдаж, бодлого боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох үүрэгтэй ажиллаж байна. Түүнчлэн Бүс нутгийн хөрөнгө оруулалтын хөгжлийн зөвлөл байгуулагдаж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, бодлогын хэрэгжилтийг хангах шинэ зохион байгуулалт анх удаа бий болж байна. Энэ нь бүс нутгийн хөгжлийн бодлогыг бодит ажил хэрэг болгох, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чухал арга хэмжээ юм. Бүс нутгийн хөгжлийн эдийн засгийн үр ашиг нь бүс бүрт хөгжил, иргэн бүрт боломж олгох учиртай.
Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх нь зөвхөн бүс нутаг төдийгүй, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд томоохон нөлөө үзүүлнэ. Энэ нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, хот суурин газрууд дахь хөдөлмөрийн хэт төвлөрлийг сааруулж, улсын эдийн засгийн бүтэц олон төрөлд шилжиж, уул уурхайд хэт тулгуурласан байдлаас гаргах, гадаад худалдааны харилцааг сайжруулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн дэд бүтцийн хөгжлийг хурдасгаж, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх юм. Энэхүү бодлого нь улс орны тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийн гол стратеги болохын зэрэгцээ бүс нутгийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байна. Уг бодлогыг хэрэгжүүлэх нь зөвхөн төр засгийн ажил биш, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, салбар бүрийн хамтын ажиллагаа хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг хослуулсан энэхүү бодлогыг тууштай хэрэгжүүлснээр Монгол Улс дотоодын хөгжлөө тэнцвэртэй хангаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Монгол Улсын шинэ хөгжлийн загвар бүсчилсэн хөгжлийн бодлогыг олон нийтэд хүргэх зорилготой шинээр мэндэлж буй “Бүсчилсэн Хөгжил” сэтгүүлийн уншигчдадаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН
/”Бүсчилсэн хөгжил” сэтгүүлийн анхны дугаараас 2025/