Бүтээ, эсвэл сөнөө

T.Amarjargal T.Amarjargal
2022-02-15 16:05:14
Ангилал: Дэлхий 2022
РАЧАНА ШАНБӨГ, санхүүгийн салбар хариуцсан редактор, The Economist

Санхүүгийн салбар нь ганган хувцастай банкир, кредит картны компанийн захирлуудын ертөнц байхаа больсоор. Харин одоогийн эздийг нь нэгмөсөн боомилж хаяхаар сэжиг бүхий янз бүрийн этгээдүүд инновацын тэсрэлтүүд хийж эхэллээ. Америкийн баруун эрэг дэх нэр хүндтэй технологийн фирм, финтек стартапуудаас эхлээд төрөл бүрийн “төвлөрсөн бус санхүү” (DeFi)-ийн аппликэйшнүүд дижитал санхүүг дахин төрүүлэхээр чихэлдэн дайрч байна. 2022 онд бодлого боловсруулагчид хариу өгч, тайзаа засаж эхлэх ёстой болох нь. Эл дижитал хувьсгал нь гурван чиглэлийг хамарч байна. Нэг нь улам бүр нэмэгдэж буй санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг нэг платформоор хүргэх хүчин чармайлт. Facebook-ийн шинэ дижитал хэтэвч нь энэ тал дээр дэвшил гаргаж магадгүй. Бүх зүйлд нэг л платформ ашиглаж олон төрлийн үйлчилгээ авах боломжийг харилцагчдадаа өгөх зорилгоор банк, төлбөрийн үйлчилгээний компаниуд, томоохон финтекүүд нь стартапуудыг өөртөө нэгтгэсээр байна. Хоёр дахь чиглэл бол санхүүг төвлөрсөн бус болгох гэсэн шинэ оролдлого. Ямарваа зуучлагчгүйгээр аюулгүй байдал, итгэлийг бий болгож чадах санхүүгийн төрөл бүрийн аппликэйшнийг блокчэйн дээр хөгжүүлж байна. Дахин давтагдашгүй токен (NFTs), крипто токенууд зэрэг DeFi ертөнцтэй холбоотой цоо шинэ зүйлс олширно. Гуравт, консерватизмын цайз хэрэм гэгддэг төв банкууд шинэ хил хязгаарыг нээж эхлэв. Эдийн засгийн үйл ажиллагаа улам бүр онлайн болсноор биет мөнгө хэрэглээнээс гарч байгаа тул төв банкууд өөрсдийн дижитал валютыг гаргах замд орно. 2022 онд анхаарал татсан олон зүйл болно. Хятадын Ардын банк цахим юанийг өргөнөөр нэвтрүүлэх бол Ямайк, Япон, Тайланд, Турк төрөл бүрийн туршилт хийнэ.

Томоохон баян орнууд дижитал валютыг хэрэглээнд оруулахын өмнөх туршилтыг эхлүүлнэ.

Хувийн секторт ч инновац үргэлжилнэ. Шинэ санааг тэтгэх хөрөнгө хангалттай бий: 2021 оны эхний хагаст венчюр хөрөнгө оруулагчид санхүү-технологийн стартапуудад 60 тэрбум ам.доллар цутгасан. Хоёр зуу гаруй DeFi аппликэйшнийг хөгжүүлж байна. Ийм хурдтай, сэтгэл хөдөлгөм өөрчлөлт нь бизнес хийх унтаа арга барилтай, дэндүү өндөр шимтгэлтэй, харилцагчийн муу үйлчилгээтэй хуучны санхүүгийн үйлчилгээнээс эрс ялгаатай. Санхүүгийн шинэ үйлчилгээнд дурлах зүйл их. Хэрэглэгчдийн хувьд ийм систем нь илүү сайн үйлчилгээг бага зардлаар авах боломж юм. Санхүүгийн хүртээмж нь баян улсуудад ч асуудал хэвээр: 2018 онд таван америк хүний нэг нь банктай огт харилцдаггүй эсвэл бага харилцаатай байв. Жижиг компаниудад санхүүгийн үйлчилгээ авах нь амаргүй. Одоогийн томчуудын ашгийн өндөр хэмжээг өрсөлдөөн бууруулна (Visa, Mastercard-ийн ашгийн маржин 65-80 хувь). Баян улсуудаас ядуу улсууд руу мөнгө шилжүүлэх зэрэг хил дамнасан мөнгөн шилжүүлэг нь өндөр зардалтай хэвээр байна. Хүмүүс улам бүр онлайн амьдарч эхэлж байгаа тул санхүүгийн салбар нь зөвхөн дижитал төдийгүй энтертайнмент, худалдан авалт зэрэг бусад дижитал үйл ажиллагаатай улам сайн нэгдэх ёстой юм. Гэхдээ эл ирээдүйг бодитой болгохын тулд эрс шинэчлэлийн үүсгэдэг аюулыг хазаарлах шаардлага гарна. Эрсдэлтэй санааг хөрөнгө оруулагчдад үзүүллээ, финтекийн хэдэн шинэ санаа нь амжилтанд хүрнэ, бусад нь дампуурч, хөрөнгө оруулагчид алдагдал хүлээнэ. Крипто арилжаачдыг ч мөн ийм хувь заяа хүлээж байж магадгүй.

Чулууны NFT зургийг 2021 онд 1.3 сая доллароор худалдаж авсан нь ухаалаг бус хөрөнгө оруулалт байж болох юм.

Санхүүгийн платформуудад их хэмжээгээр цугласан өгөгдлийг буруугаар ашиглах нь хэрэглэгчдийн хувьд эрсдэл болно. Санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүд скамд илүү өртөх аюултай бөгөөд ийм үед төвлөрсөн бус санхүүгийн ертөнцийн хаанаас аврал хайх нь тодорхойгүй юм. Тиймээс зохицуулагчид эл салбарын нөөц боломжийг хадгалангаа эрсдэлээс хамгаалах үүрэг хүлээнэ. Санхүүгийн болон технологийн компаниудын хоорондох хил хязгаар улам бүдгэрч, хэрэглэгчдийн мэдээллийн үнэ цэн өсөж байгаа цагт тэдний нууцлал, аюулгүй байдлыг хангах нь асар чухал болж ирнэ. Гэхдээ үүнийг мөнгө угаахын эсрэг хяналтыг сулруулалгүй хийх ёстой. Эл сануулга төв банкны дижитал валют болон хувийн санхүүгийн үйлчилгээнд ч давхар хамаарна (Хятадын Засгийн газар хувийн нууцлалыг хянах дуртай учир тус улсын цахим мөнгөний туршилт нь энэ тал дээр айхтар зааварчилгаа болж чадахгүй).

Үүрэг хүлээх хүн

Зохицуулагчдад DeFi-ийг ойлгуулах аргыг бодож олох нь тун амаргүй. Тэрхүү хүн нь нэгэн цагт Массачусетсийн технологийн институтэд блокчэйн технологийн талаар лекц уншиж байсан, Америкийн санхүүгийн гол хянагч байгууллага Securities and Exchange Commission-ий дарга Гари Генслер байж болох юм. Санхүүгийн системд үзүүлэх нөлөө нь нэмэгдэхийн хэрээр 2.5 их наяд ам.долларын крипто хөрөнгө нь санхүүгийн нийт системд эрсдэл дагуулж мэднэ. Гэхдээ эл салбар зохицуулалтын эсрэг тун тэсвэртэй буйгаас гадна лобби хийх хүч нөлөө нь нэмэгдсээр байна. Дижитал санхүүг дэмжигчид нь тус салбарын ирээдүйн төлөвлөгөөг гаргаад эхэлчихсэн. Харин одоо үүнийг хэрхэн үзэж буйгаа тайлбарлах цаг зохицуулагч нарт иржээ.

 

 

“Дэлхий 2022” сэтгүүлээс

 

“Дэлхий 2022” сэтгүүлийн урьдчилсан захиалга эхэллээ.
Худалдаалах үнэ 44,000₮, Урьдчилсан захиалга 35,000₮
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7711-5477, 8010-0390, 9409-2904 дугаараас авна уу.

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal