Б.Болд: Буцах хүсэлтэй бүх оюутнаа явуулахыг хичээж байна

T.Amarjargal T.Amarjargal
2021-08-16 18:48:53
Ангилал: Нийгэм

Дэлхийн 80 гаруй улс урт хугацааны визтэй иргэдийг хил нэвтрэхийг зөвшөөрсөн ч монголчуудын олноороо суралцдаг БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсууд харилцан зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газрын Дэд захирал Б.Болдтой гадаадад суралцдаг оюутнуудын асуудлаар ярилцлаа. 

-Манай улсаас хэчнээн оюутан хилийн чанадад суралцдаг вэ? Тэр дундаа ОХУ болон БНХАУ-д хэдэн оюутан сурч байна вэ?

-Өнгөрсөн хичээлийн жилийн байдлаар 41 мянган оюутан хилийн чанадад суралцаж байна гэсэн тоон мэдээлэл бий. Үүнээс 11 мянга орчим нь Хятадад, дөрвөн мянга орчим нь ОХУ-д суралцаж байна. 

-Өнгөрсөн гурван семестрийн хугацаанд гадаадад суралцдаг оюутнууд танхимын сургалтад хамрагдаж чадсангүй. Энэ намар нөхцөл байдал дээрдэх болов уу? ГХЯ-аас энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ? 

-Манай улстай харилцан хилээ хаасан эсхүл дангаараа хилээ хаасан улс орнууд бий. Энэ орнууд руу оюутнууд явж чадахгүй байгаа. Одоогоор 80 гаруй улс руу удаан хугацааны визтэй хүмүүс зорчих боломжтой байна. Удаан хугацааны визтэй гэдэгт оюутнууд ч хамаарна. Жишээ нь, АНУ-д суралцаж буй оюутнууд визээ мэдүүлээд тухайн улс руугаа явах нь нээлттэй. Сүүлийн үед АНУ руу зорчих хөдөлгөөн ихсэж байна. 

Хятадын хувьд нэг ч улсаас иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Манай тал ч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хилээ хаах шийдвэр гаргасан. Оростой мөн адил хоёр талаасаа хилээ хаах шийдвэр гаргаад иргэд харилцан зорчихыг зогсоосон. Тэгэхээр энэ хоёр улсад суралцаж байгаа оюутнууд яах аргагүй хүнд байдалд байгаа нь үнэн. Ялангуяа нарийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд лабораторид судалгаа, шинжилгээ хийж чадахгүй хүнд нөхцөлд байгаагаа бидэнд илэрхийлсэн. 

Манай яам өнгөрсөн долоо хоногт Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл болон Хятад, ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзсан.

Хятадад сурч байгаа оюутнуудын 95 хувь, ОХУ-д суралцаж буй оюутнуудын 78 хувь нь хоёр тундаа хамрагдчихсан юм билээ. Мөн эхний ээлжинд Хятад руу буцах хүсэлтэй 300, ОХУ руу буцах шаардлагатай 600 орчим оюутны нэрсийн жагсаалтыг бидэнд өгсөн.

Нарийн мэргэжлээр суралцдаг, яаралтай буцах хэрэгтэй байгаа оюутнуудын бүртгэл судалгааг гаргаж өгсөн нь бидний ажилд их хэрэг болж байна. ГХЯ оюутнуудын хүсэлтийн дагуу энд байгаа Хятад, Оросын элчин сайдын яаманд танхимын сургалтыг дэмжих тал дээр ойрын хугацаанд тодорхой шийдэлд хүрье гэдгээ илэрхийлсэн нот бичиг хүргүүлсэн. Түүнчлэн Бээжин, Москва дахь Монгол Улсын элчин сайдын яамандаа чиглэл өгч, тухайн улсын Гадаад харилцааны яам болон Боловсролын яаманд хүсэлт гаргасан.

-Тэгвэл энэ намраас оюутнууд сургууль руугаа буцах боломжтой гэж ойлгож болох уу? 

-Нийтээрээ энэ намар явчихна гэж ойлгож болохгүй. Эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжлээр суралцдаг оюутнууд явна. Уг нь бид оюутнуудыг ялгахгүйгээр буцах хүсэлтэй байгаа бүх оюутнаа л явуулмаар байна. Ингэж ч хүсэлт гаргасан. Өнгөрсөн сарын 27-ны өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Хятадын гадаад хэргийн сайд Ван И-д оюутнуудын асуудлыг гаргаж тавьсан. Хятадын тал нааштайгаар судалж үзье гэдэг хариулт өгсөн. 

Мөн Москвад байгаа манай элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзах үеэрээ оюутнуудаа танхимаар хичээллүүлэх саналаа илэрхийлсэн. Оросын тал дотооддоо судалж байгаад хариу хэлье гэсэн. Гэхдээ яг одоогийн байдлаар тодорхой хугацаа хэлэхэд хэцүү байна. Ямартай ч бидний зүгээс есдүгээр сарын нэгэнд хичээл эхлэхээс өмнө тодорхой шийдэлд хүрье гэсэн байр сууриа илэрхийлсэн. 

-Эхний ээлжинд Орос, Хятад руу буцах хүсэлтэй 900 орчим оюутны нэрсийн жагсаалтыг гаргасан гэлээ. Энэ жагсаалтыг яаж гаргасан юм бол? Одоо ч гэсэн энэ жагсаалтад бүртгүүлж болох уу? 

-Оюутнууд өөрсдөө зохион байгуулалтад ороод фэйсбүүк групп нээгээд бүртгэлээ хийсэн юм билээ. Тэгэхээр зохион байгуулалтад орсон оюутнууддаа хандаад одоо ч гэсэн өөрийнхөө явах хэрэгцээ шаардлагыг тодорхойлоод бүртгүүлж болно. 

Гэхдээ түрүүн хэлсэнчлэн болж өгвөл буцах хүсэлтэй бүх оюутнаа л явуулахыг хичээж байна.

-БНХАУ Солонгосын оюутнуудыг хүлээж авсан. Харин Монгол оюутнуудыг хүлээж авахгүй байгаа нь Хятадын талтай хангалттай яриа хэлцэл хийхгүй байгаатай холбоотой гэсэн шүүмжлэл гарсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?  

-Солонгосын оюутнууд цөөн тоогоор Хятадад очиж танхимаар хичээллэж байгаа гэсэн мэдээллийг бид авсан. Гэхдээ энэ нь цар тахлын нөхцөл байдал хүндрэхээс өмнөх тохиролцооны дагуу явж байгаа юм билээ. Бусдаар бол монгол гэлтгүй бусад бүх улсаас оюутан авахгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь ч хүчинтэй хэвээр байгаа.  

-Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд энд байх хугацаанаа амьжиргааны тэтгэлгээ аваагүй гэсэн. Тэтгэлгийг нь нөхөн олгох болов уу? 

-Хятадын Боловсролын яамнаас танхимаар хичээллэж чадаагүй үеийнх нь амьжиргааны тэтгэлгийг сургуульдаа эргэж ирээд суралцах үед бөөнд нь нөхөж өгөх талаар судалж байгаа юм билээ.  Гэхдээ үүнийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Цар тахлын энэ үед манай улс гэлтгүй дэлхийн том гүрнүүд ч эдийн засгийн хувьд асуудалтай байна. Эцсийн шийдвэрийг Хятадын тал гаргана гэдгийг бүгдээрээ сайн ойлгох хэрэгтэй. 

-ОХУ-д суралцдаг оюутнууд ГХЯ болон Оросын талд хандаж, хүсэлт гаргасны үр дүнд “ногоон коридор” нээхээр болсон гэсэн мэдээлэл байна. Оюутнуудыг “ногоон коридор”-оор хил нэвтрүүлэх ажлыг хэзээнээс хэрхэн зохион байгуулах вэ? 

-ОХУ-ын хувьд 30-аад улсаас гадаад оюутан хүлээн авч байгаа ч дотооддоо халдвар нь өндөр байгаа учраас сүүлийн үед аль болох оюутан авахгүй гэсэн байр суурьтай байна. “Ногоон коридор”-ын асуудлыг энд байдаг РЦНК-аас санаачлан гаргасан юм билээ.

Хятадтай “ногоон гарц” журам хэрэгжүүлж байснаас санаа авч оюутнуудыг “ногоон коридор” нээж, хил нэвтрүүлж болох юм гэсэн санаа л даа. Энэ бол яг эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал биш. Ямар ч байсан хүсэлтээ оросын талдаа мэдэгдчихсэн юм билээ. 

-Япон, Солонгост манай улсаас цөөнгүй оюутан суралцдаг. Эдгээр улсад суралцаж буй оюутнуудын хувьд сургууль руугаа буцах боломж хэр байна вэ? 

-Японы хувьд манайхыг халдвар өндөртэй улсуудынхаа жагсаалтад оруулчихсан. Тийм учраас мөн л монгол оюутнуудыг авахгүй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ нэг л нөхцөлөөр оюутан авахыг зөвшөөрч байгаа. Тодруулбал, зөвхөн Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудыг л хүлээн авахаа илэрхийлсэн. Харин Солонгос руу харьцангуй нээлттэй байна. Оюутнууд буцаж болохоос гадна шаардлага хангасан Монгол Улсын иргэд тус улс руу богино хугацаанд зорчихыг зөвшөөрсөн. 

Одоогоор 80 гаруй орон оршин суух, суралцах гэх мэт урт хугацааны визтэй монгол иргэдийг хил нэвтрүүлж байна. Түүнчлэн Турк, Бразил, Солонгос гэх мэт 10 гаруй улсад манай иргэд богино хугацаанд зорчих боломжтой. 

-Урд, хойд хөрш хилээ хэзээ нээх бол гэсэн хүлээлт оюутнууд төдийгүй иргэдийн дунд ч байна. Энэ асуудлаар яриа хэлцэл хийж байгаа юу? Иргэдийн зорчих хөдөлгөөн энэ жилдээ багтаж сэргэх болов уу? 

-Бид хилээ нээхийн тулд эхний ээлжинд вакцины гэрчилгээгээ харилцан зөвшөөрөх ёстой. Зорчих хөдөлгөөнийг нээх бэлтгэл ажлын хүрээнд вакцины гэрчилгээгээ харилцан зөвшөөрөх асуудлаар хоёр хөрштэйгөө яриа хэлцэл хийж байгаа. Ерөнхийдөө вакцин хийлгэсэн иргэд эхний ээлжинд харилцан зорчих нөхцөл бүрдэнэ. Гол нь ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакциныг тариулсан хүмүүсээ эхний ээлжинд зорчих боломжийг нь нээе гэдэг асуудлыг манай талаас тавьж байна. 

Гэхдээ хилээ хэзээ нээх вэ гэдэг асуудлыг УОК-ын саналыг үндэслэн Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэнэ. Манай улсын хувьд халдварын нөхцөл байдал хүнд байна. Халдвар өндөртэй улсуудын тоонд орчихсон явж байгаа учраас айлын тал хэрхэн хүлээж хүлээж авахаас их зүйл хамаарна. Тиймээс хэзээ гэхэд хилээ нээнэ гэж төлөвлөх хэцүү, халдварын тоогоо л бууруулж байж дараа дараагийн асуудал илүү тодорхой болно. 

Цар тахлын улмаас жил гаруйн хугацаанд сургууль руугаа буцаж чадаагүй оюутнууд төр засгаас дэмжлэг хүсэж, албан ёсны хариу мэдэгдэл хүлээсээр удаж байна.

БНХАУ-д суралцдаг оюутан Б.Цэцээжин: Цар тахлаас өмнө 1.5 жилийн хугацаанд Хятадад хэлний бэлтгэлд суралцсан. Цахимаар хичээллэх хугацаандаа хэлний бэлтгэлээс үндсэн мэргэжлийн анги руугаа орж таарсан учраас арга барилыг нь мэдэхгүй багш нартай цахимаар харилцахад хүндрэлтэй байлаа. Танхимын хичээлээс 100 хувь мэдлэг, ойлголт хуримтлуулах боломжтой гэж үзвэл цахимаар хичээлээ үзэхэд үлдэц нь 50 хувьтай л санагдсан. Харамсал маш их байна. 

Хэрвээ Хятадад байсан бол хэл илүү сайжрах байсан даа гэж үргэлж боддог. Яг үнэндээ гадаадад сурч байгаа нэртэй л байна. Оюутнууд маш их хүлээлт, төөрөгдөл дунд байсан. Хил нээгдээд буцчих болов уу гэж найдаад ажил ч хийгээгүй. Одоогоор ихэнх сургуулиас ямар нэг мэдэгдэл ирүүлээгүй байна. Харин зарим мужийн сургуулиуд хэрвээ хоёр улс харилцан хилээ нээвэл оюутнуудаа хүлээн авахад бэлэн гэсэн мэдэгдэл гаргасан. Тиймээс ГХЯ Хятадын талтай албан ёсоор харилцаад бидэнд бодитой хариу мэдэгдээсэй гэж хүсэж байна. 

Коронавирусийн тархалт сүүлийн тэд хоногийн дунджаар тийм түвшинд хүрч буувал ийм, ийм вакцин хийлгэсэн оюутнуудаа ингэж хил нэвтрүүлье гэдэг ч юм уу, бодитой шийдэл хэрэгтэй байна.

Оюутнууд хоёр тун вакциндаа эрт хамрагдсан. Сургууль руугаа явчих болов уу гэж бодоод зорин зорин Хятад вакцин хийлгэсэн. Хүлээлт тасрахгүй л байна.

ОХУ-д суралцдаг оюутан З.Бадамцэцэг: Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ОХУ-д цар тахлын дэгдэлт нэмэгдэж, манай улс оюутнуудаа татсан. Тэр үеэр эх орондоо ирсэн. Одоогоор сургуулийн зүгээс оюутнуудаа хүлээж авна гэсэн мэдэгдэл алга. 

Гэхдээ ОХУ-руу буцах хүсэлтэй маш олон оюутан бий. 1000 гаруй оюутан сургууль руугаа буцах хүсэл гаргаад байгаа гэж би дуулсан. Мөн оюутнуудыг хил нэвтрүүлэх зорилгоор “ногоон коридор” нээхээр төлөвлөж байгаа юм билээ. Гэхдээ эцэслэн шийдвэрлээгүй учраас хэзээ, яаж “ногоон коридор”-оор хил нэвтрүүлэх бол гээд хүлээгээд л байж байна. Миний хувьд бакалаврын түвшинд сурдаг учраас хичээл маш их. Цахимаар суралцахад ном, сурах бичгийн хомсдолтой байсан. Мөн багш нартайгаа, оюутнуудтайгаа бодитоор тулж харилцаад хэлээ сайжруулсан бол гэж  боддог доо. 

Хэрвээ “ногоон коридор” хэрэгжвэл визний асуудлаа шийднэ. Тэгэхээр есдүгээр сарын сүүлчээр явах байх гэж найдаж байна. 

Япон улсад суралцдаг оюутан Б.Энхманлай: Энэ оны дөрөвдүгээр сард хичээл эхэлсэн ч одоог хүртэл явж чадаагүй байна. Миний хувьд бие даалт болон бусад даалгавруудыг гэрээсээ хийхэд илүү хурдан, амар санагдсан. Харин сул тал нь цахим хичээлд төвлөрч чаддаггүй. Мөн цахимаар суралцаж байгаа учраас мэдэхгүй зүйл гарах тохиолдолд багшаас асуух нь хүндрэлтэй байдаг. Багштайгаа ярилцаж байж хичээлээ илүү сайн ойлгодог онцлогтой учраас цахим хичээлээр идэвхтэй суралцаж чадаагүй. 

Япон улсын тухайд цар тахлын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор хилээр орж ирэх хүмүүсийг хязгаарласан. Энэ хязгаарлалтад Монгол Улс багтсан. Одоогийн байдлаар хэзээ хил нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас энэ намар явж чадах эсэхдээ эргэлзэж байна.

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal