Б.Болор-Эрдэнэ: Арабын тэнгис, Энэтхэгийн далай руу гарах боломжуудыг эрэлхийлж байна

B Shurenchimeg
2023-11-09 10:52:16
Ангилал: Тодруулга

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. 

-“Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт тээврийн долоо хоног форум дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Уг форумын ач холбогдол, үр дүн нь юу вэ?  

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас анх удаа “Тээврийн долоо хоног” нэртэй  хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Цаашид энэ форумыг жил бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Эхний өдөр автозам, автотээврийн тулгамдсан асуудал, шийдэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөр зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Харин хоёр дахь өдөр төмөр замын тээвэр, боомтын холболт, төмөр замын салбарт тулгамдаж байгаа асуудлыг хөндөж хэлэлцсэн. 

Уг форумд 20 гаруй улсын 140 гаруй зочид, төлөөлөгч,  дотоодын аж ахуйн нэгжийн төлөөлөл 1500 орчим хүн оролцож байна. Хоёр хөрш болон бүс нутгийн зам, тээврийн салбарын төлөөллийг урьж оролцуулж байгаа гэдгээрээ онцлог. Анх удаа зохион байгуулж байгаа гэхэд маш өргөн хүрээг хамарсан, сэдэв агуулгын хувьд ч өндөр ач холбогдолтой болж байна. “Тээврийн долоо хоног” форум “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” ерөнхий сэдвийн хүрээнд таван өдрийн турш үргэлжлэх юм. 

Монгол Улс бүс нутгийн хэмжээнд тээврийн холболтоо яаж сайжруулах, ямар алхмууд хийх, бүс нутгийн түнш орнууд биднээс юу хүсэж байна, ямар төлөвлөгөөтэй байгаа, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах, нэгдсэн уялдаа холбоотой дэд бүтцийнхээ төлөвлөлтийг хэрхэн хийх вэ зэрэг асуудлаа гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, Засгийн газрын төлөөлөл, элчин сайд, гадаадын тээврийн яамны төлөөллүүдтэй яриалцаж байна.

Монгол Улс Ази-Европыг холбосон хамгийн дөт зам. Мөн Орос-Хятадыг холбодог. Энэ газарзүйн онцлогоо ашиглан транзит улс болох бүрэн боломж бидэнд байна. 

-Манай улс бүс нутгийн тээвэр, логистикийн салбарт байр сууриа хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ? 

-Бид зөвхөн Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон төмөр зам, автозамтай байсан. Харин өнөөдөр Цагаан нуур боомтоос Ховд, Булган боомтыг холбосон баруун автозамын коридортой боллоо.

Энэ коридороор Орос-Монгол-Хятадыг холбосон дамжин өнгөрөх транзит тээвэр эхэлсэн. Мөн Монгол Улс 70 гаруй жилийн турш ОХУ-тай хоёр, БНХАУ-тай нэг л төмөр замын боомтоор холбогдож ирсэн. Харин тун удахгүй Шивээхүрэн-Сэхэ, Ганцмод-Гашуунсухайт, Ханги-Мандал Бичигт-Зүүн хатавч гэсэн дөрвөн шинэ төмөр замын боомтыг нээхээр Хятадын талтай хамтран ажиллаж байна. Заримынх нь барилгын ажлыг эхлүүлсэн бол заримынх нь ТЭЗҮ, зураг төслийн ажлыг дуусгаад байна. 

Эдгээр төсөл бол Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Зөвхөн экспортоос гадна Монголоор дамжин Хятадаас Европ руу, Европоос Хятад руу транзит тээвэр хийж эндээс бид асар их ашиг олох боломжийг нээж байгаа юм.

Сүүлийн хоёр жилд манай улсын агаарын тээврийн үйл ажиллагаа эрчимжиж, орон нутгийн нислэг сэргэлээ. Мөн үнэ тариф ч буурч байна. Ковидын үеэр хаалттай байсан олон улсын нислэгүүд сэргэж, маш олон улс руу нислэг үйлдэж эхэллээ. Тухайлбал, МИАТ Стамбул руу нислэг үйлддэг болж үнэ тарифаа бууруулсан. Агаарын тээврийн либералчлалын хүрээнд дэлхийн олон оронтой агаарын харилцааны хэлэлцээр шинээр хийж байна. Персийн булангийн орнууд, Европ руу, энэ оны наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр хийлээ. Ирэх оны эхний хагаст багтаад АНУ-руу шууд нислэг хийхээр төлөвлөж бэлтгэл ажил хангагдсан. Одоогоор АНУ-ын Холбооны агаарын аюулгүйн албаны аудит шалгалтад бэлдэж байна. Цаашид Австрали, Их Британи зэрэг Европын томоохон хотууд руу мөн Арабын улсуудтай агаарын болон автозам, төмөр замын тээврийн хэлэлцээр хийхээр төлөвлөсөн. Энэ мэт зам, тээврийн салбарт маш олон ажил хийгдэж байгаа.

Монгол Улсын импортын ихэнх хувь зөвхөн Тяньжин боомтоор орж ирдэг.  Энэ боомт асар их ачаалал, дараалалтай байдаг учраас Монгол Улс руу ирж байгаа бараа бүтээгдэхүүн 40 хүртэлх хоног саатдаг. Цар тахлын үед үүнээс ч илүү олон хоногоор саатсан. Энэ сургамж дээрээ тулгуурлан цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр бодлого, төлөвлөлтөө гаргаад ажиллаж байгаа.

Нэн тэргүүнд Тяньжин боомтоос  гадна Хятадын зүүн хойно байрлах гадаад худалдаанд нээлттэй боомтуудыг ашиглахаар судалж байна.  Мөн Хятад, Киргиз, Пакистанаар дамжаад Арабын тэнгис, Энэтхэгийн далай руу гарах боломжуудыг эрэлхийлж байна.

Эдгээр улстай төмөр зам, агаарын тээврээр холбогдох яриа хэлцэл хийж эхэлсэн. Тухайлбал, Узбекистан улстай Засгийн газар хоорондын агаарын болон автотээврийн хэлэлцээр байгуулахаар төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулаад ойрын хугацаанд гарын үсэг зурахаар болсон.

Энэ бол Төв Азийн орнуудаар дамжин Энэтхэгийн далайд гарах, хоёрдугаарт Киргиз, Иран, Туркменистан, Турк руу автотээвэр хийх бололцоо нээгдэж байгаа эхний алхам гэж хэлж болно. Мөн олон талт конвецууд, дэлхийн болон бүс нутгийн тээврийн сүлжээнд Монгол Улс нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, гадагшаа гарах үүд хаалгаа илүү олон болгож байгаа хэрэг юм. 

Мэдээж бүх зүйл амар хялбар шийдэгдэхгүй, олон асуудал, бэрхшээл сорилт бий. Үүнийг гадаад, дотоодын түншүүд, хувийн хэвшил, олон улсын тээвэрчидтэйгээ хамтран шийднэ гэсэн итгэлтэй байна. 

Өнгөрсөн онд Монгол Улс Олон улсын тээврийн форумд 62 дахь гишүүн болж элслээ. Энэ хүрээнд Азийн тээврийн салбарын өндөр түвшний уулзалт зохион байгуулахаар зэхэж байна.  

-Зам тээврийн салбарын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо ямар түвшинд байгаа гэж та хэлэх вэ?

-Зам, тээврийн салбарт нийт 50 гаруй мянган хүн ажиллаж байна. Үүний бараг 60-70 хувийг буюу 30 гаруй мянга нь хувийн хэвшлийн ажилтнууд. Энэ нь зам, тээврийн салбарт хувийн хэвшлийн оролцоо хэр байна вэ гэдгийг илтгэх тоо. 

Мөн хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд орон нутгийн нислэгийн үнэ тарифаа буулгаснаар автомашинаар олон цаг туулах зайг богино хугацаанд туулж очих боломжтой болсон. 

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг шиг зам, тээврийг дагаж бусад салбарт ажлын байр нэмэгддэг. Зам дагуух үйлчилгээний төвүүд, нисэх онгоцны буудал, авто вокзал дээрх дэлгүүр, хоршоо, хоол зуушийн газрууд гээд дагалдах олон бизнест эерэг нөлөө үзүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Улаанбаатар хотоос очиж байгаа бараа, хангамж саадгүй шуурхай очих, тээвэрлэлтийн зардал буурах зэрэг нь зам, тээвэртэй шууд холбоотой. Зам, тээврийн хөгжил энэ мэт нийгмийн бусад бүх салбарт нөлөөлдөг. Хүнээр зүйрлэж хэлбэл зам тээвэр бол судас нь юм. 

-Зам, тээврийн салбарын хууль, эрх зүйн хүрээнд ямар шинэчлэл хийж байна вэ?

-Энэ онд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд маш том амжилт гаргасан жил болж байна. 20 гаруй жил шинэчилж чадаагүй “Автотээврийн тухай хууль”, “Төмөр замын тээврийн тухай хууль” гэсэн салбарын хоёр гол хуулиа шинэчиллээ. Энэ хуулиуд МИАТ, “Улаанбаатар төмөр зам” гэсэн хоёрхон компанитай байх үед эрх зүйн зохицуулалтыг хангадаг байсан хууль. Гэтэл өнөөдөр ТӨХК-уудаас гадна хувийн өмчит төмөр зам, агаарын тээврийн компаниуд байгуулагдсан. Агаарын тээвэрлэгч 10 гаруй, төмөр замын 7-8 компани шинээр үйл ажиллагаа явуулдаг болсон. Тэгэхээр эдгээрийн үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлагатай байсан. Өнөө үед тулгамдаж байгаа тээврийн сорилт, асуудлыг зохицуулах чухал хуулиудаа баталлаа. 

Удахгүй “Автозамын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. 

 

 

B Shurenchimeg