Б.Заяабал: Малчид и баримтаараа татварын үйлчилгээг авч болно
Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт болон малчдын татварын боловсролтой холбоотой асуудлуудаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалтай сэтгүүлийнхээ анхны дугаарт ярилцлаа.
Тэрбээр төрд 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос Татварын ерөнхий газрын дэд дарга, 2019 оноос өнөөдрийг хүртэл даргаар нь ажиллаж байгаа юм.
-Малчдын төлдөг татварын талаар мэдээлэл авъя. Малчид хэдэн төрлийн татвар төлдөг, тэдний татварын орлогын бүрдүүлэлт нь өнөөдрийн байдлаар хэр байгаа талаар яриагаа эхэлье.
– Юун түрүүн нүүдэлчин соёл уламжлалаа хадгалж, хөдөө аж ахуйн салбарт идэвхитэй хөдөлмөрлөж, улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулдаг малчдадаа талархал илэрхийлж, яриагаа эхэлмээр байна. Монгол хүн бүр үндсэн хуулиараа албан татвар төлөх үүрэгтэй. Татвар нь орлогын, хөрөнгийн, хэрэглээний гэсэн гурван төрөлтэй байдаг. Малчин буюу мал бүхий этгээд нийтлэгээр хөрөнгийн татвар болох тээврийн хэрэгслийн татвар, бууны татвар, газар,үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлдөг. Мөн малын тоо толгойн татвар 2021 оноос эхлээд төлдөг болсон. Дээрээс нь малчин малын гаралтай түүхий эд, байгалийн жимс, ургамал түүж борлуулсан бол үйл ажиллагааны орлого олсон гэдгээрээ Хувь хүний орлогын албан татварыг төлж, тайлагнах үүрэгтэй.
–Малын тоо толгойн татварын хуулийн хэрэгжилт ямархуу байна вэ?
-Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2020 онд батлагдаж, 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн зорилго нь таван хошуу малын бүтцийг тэнцвэржүүлж, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх зорилгоор баталсан. Мөн уг татварын хувь хэмжээг 0-2000 төгрөгийн хооронд сумын ИТХ нь тогтоож, бэлчээрийн менежмент сайжруулах чиглэлд зарцуулалтыг ч мөн шийддэг. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 онд нийт 15.3 тэрбум төгрөг, 2022 онд 19.8 тэрбум төгрөг, 2023 онд урьдчилсан буюу наймдугаар сарын байдлаар 8.6 тэрбум төгрөг төсөв төвлөрчээ. Ерөнхийдөө шинээр хэрэгжүүлж байгаа хууль гэхэд анх хэрэгжиж эхэлсэн жилтэйгээ харьцуулахад 2022, 2023 онд тайлан илгээсэн малчдын тоо өсч, төсвийн орлого бүрдүүлэлт 76-83 хувь болж өссөн.
–Малчид малын тоо толгойн татварын тайлангаа цахимаар өгөх үүрэгтэй. Тэд энэ үүргээ хэр биелүүлж байгаа бол. Малчдын цахим боловсрол, технологийн хэрэглээ тун бага шүү дээ?
– Үүнийг аль болох хялбарчилж, хуулиа хэрэгжүүлэх нөхцлөөр хангахын тулд хүн бүрийн хэрэглэдэг и баримт аппликейшнаараа дамжуулан баталгаажуулах товч дарах үйлдэл хийгээд илгээдэг болгочихсон. Өмнөх онд тоологдсон малын тоо, тухайн жилд хорогдсон малын тоо, тухайн сумын ИТХ-ын аас тогтоосон татварын хэмжээний мэдээллийг системд оруулж, малчдын тайланг урдчилан боловсруулан хүргүүлдэг.
Татвар төлөгч хүргүүлсэн тайланг гар утасны и баримт аппликэйшн ашиглаад интернэттэй, интернэтгүй горимд тайлангаа шалгаад үнэн зөв байвал “тийм” гэсэн товчийг дарж, малын тоо толгойн албан татвараа цахимаар баталгаажуулах байдлаар явагддаг. Энгийн хялбар байгаа учраас манай тайлангийн ирц 2021 онд 68 хувьтай байсан бол 2022 онд 76 хувь болж өссөн байх жишээтэй. Татвар төлөлт нь 2021 онд 15 тэрбум байсан бол 2022 онд 19 тэрбум болж өссөн. Малчид өмнө нь ноос, ноолуур, сүүний урамшууллаа и баримт аппликейшнаараа дамжуулан авдаг тул тайлангаа илгээхдээ туршалагатай байсан.
–Малын тоо толгойн албан татварын төсвийн төлөвлөлтийн биелэлт нь хэр байгаа вэ?
-Малын тоо толгойн хууль 2021 оноос анх хэрэгжиж эхэлсэн учраас өмнө нь улсын хэмжээний төсөвт гүйцэтгэл байгаагүй 5.4 тэрбум төгрөг төлөвлөөд 15.3 тэрбум төгрөг төсөвт төлөгдөж давж биелсэн байна. Энэ төсөвт гүйцэтгэл болон малын тоогоо үндэслээд 2022 оны төсөвт төлөвлөгөө 23.8 тэрбум төгрөг , гүйцэтгэл 83.2 хувьтай байна. Гүйцэтгэл сайжраад л яваа.
–Орон нутгийн төлөөллүүдийн хэлж байгаагаас үзэхэд жишээ нь татварын тэг хувь хэмжээг ямар үед хэрэглэхээ янз бүрээр тайлбарлаж байсан. Зарим нь амьжиргааг дэмжих зорилгоор цөөн малтай өрхөөс авахгүй эсвэл байгалийн гамшиг тохиолдсон үед л тэг хувь хэмжээг авч үзнэ гээд өөр өөрөөр тайлбарлаж байсан. Энэ зөв үү?
-Энд ойлголтын зөрүү яваад байна. Хуульд заасан 0-2000 төгрөг байх гэдэг тухайн сум, орон нутгийн ИТХ-аас ямар малаа эдийн засгийн хөшүүрэг болгож өсгөх зорилготой байна тэр төрлийн малын татварын хувь хэмжээг тэг хувь байлгах жишээтэй. мөн, төсөв бүрдүүлэлт, сумын иргэдийнхээ амьжиргаа болон бэлчээрийн даац зэргээ харгалзан ямар малаа татварын бодлогоор дэмжих вэ гэдэг эрхийг өгчихөөд байгаа гэсэн үг шүү дээ. Үүнийг ямар байдлаар ойлгож байгааг хэлж мэдэхгүй юм. Ер нь бол татварын хууль тогтоомж хэлбэрэлтгүйгээр нэг мөр байх ёстой учраас тэг төгрөгөөр ногдуулах малын тоо толгойг бүх малчин, мал бүхий этгээдэд нэгэн адил үйлчилнэ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, татварын тэг хувь хэмжээ гэдэг бол малчны амьжиргааны түвшинг баталгаажуулах, цөөн малтайг татвараас чөлөөлөх, олон малтайгаас нь илүү татвар авах зорилготой биш. Малчин ч татварын гадна үлдэхгүй бүгд ижил тэгш байх ёстой. Татварын тэгш шударга байх зарчим юм.
–Хорогдсон малыг тооцохдоо аль оныхыг нь авч байгаа гэсэн үг үү?
-Тухайн тайлант оныхыг нь авна гэсэн үг. Тухайлбал, 2023 оны татвар ногдуулах гэж байна гэж бодъё. Тэгвэл 2022 оны жилийн эцсийн тайланг аваад, 2023 оны хорогдсон малыг хасна.
Малын тоо толгойн албан татварыг аль болох хялбарчилж, хуулиа хэрэгжүүлэх нөхцлөөр хангахын тулд хүн бүрийн хэрэглэдэг и баримт аппликейшнаараа дамжуулан баталгаажуулах товч дарах үйлдэл хийгээд илгээдэг болгочихсон
–Орон нутагт отроор ирж байгаа малыг тухайн A данс тоологдсон суманд нь биш, отроор өвөлжсөн суманд нь Малын тоо толгойн татварыг авдаг болмоор байна гэдэг санал гардаг. Энэ боломжтой юу?
-Отор хийж байгаа аймаг, орон нутагтаа татвар төлнө гэсэн ойлголт байхгүй. Тухайн малчин буюу мал бүхий этгээдийн мал нь жилийн эцсийн мал тооллогоор хаана тоологдсон тэр газраа л авна. Энд бас зөрүүтэй ойлголт байна. Мал бүхий этгээд гэдэг бол тавиул малтай хүнийг хэлнэ. Мал бүхий этгээд хэдэн ч аймаг, суманд малтай байж болно. Тэр хүний мал нь хаана А данс нь бүртгэгдсэн тухайн орон нутагтаа татвараа төлнө. Хөрөнгийн татварыг хөрөнгө хаана бүртгэлтэй тэр газар нь авдаг. Харин Хэнтий аймгийн Хэрлэнбаян улаанд ч юм уу Өвөрхангай аймгаас хэдэн толгой мал очоод, хэд хоног байсан гэдгээс нь хамаараад Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу хонин толгойд шилжүүлснээр итгэлцүүрт багтаагаад мөн ИТХ-аас баталсан хэмжээгээр тухайн газарт бэлчээр ашигласны төлбөр авч, бэлчээр усаа арчилж, хамгаалах боломжтой. Энд тэгэхээр нэг нь хөрөнгийн татвар, нөгөө нь газар буюу бэлчээр ашигласны төлбөр яригдаж байгаа гэсэн үг. Энэ хоёр татварын хувь хэмжээг тогтоох эрх тухайн аймаг, орон нутгийн ИТХ-д бий.
–Та бэлчээр ашигласны төлбөрийг хуулийн заалтаар нь сануулаад хэлээд өгч болох уу?
-УИХ-аас баталсан Газрын төлбөрийн тухай 1997 оны хууль бий. Энэ бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль. Уг хуулийн 6-р зүйлд Газрын төлбөрийг тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох гэсэн заалт байгаа. Хуулийн 6.1-д газрын төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тогтоож болно. Бэлчээрийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөр уг бэлчээрийн нэгж талбай, суурь үнэлгээний хувиар хонин толгойд шилжүүлснээр мал тутамд авна. 6.2-д бэлчээрийн газраас авах газрын төлбөрийг хонин толгойд шилжүүлсэн малын тоо толгойд ногдуулахдаа өмнөх жилийн эцэст тоологдсон зургаан үхэр, зургаан адууг хонин толгойд шилжүүлж тооцно гэсэн. Итгэлцүүрийг 7.1-д заасан хязгаарт багтааж аймаг, орон нутгийн ИТХ батална гэж заасан. Отрын малын бэлчээр ашигласан төлбөрийг авах зохицуулалттай байна.
–Үндсэн сэдвээсээ арай өөр төрлийн татвартай холбоотой зүйл тодруулъя. Манай редакцид энэ асуудал нэг бус удаа ирж байсан л даа. Нөөцийн мах бэлтгэдэг зарим компанийн зүгээс малчид мал худалдсан НӨАТ-ын баримтын шивэлтээ хийж өгөхгүй юм. Тэдний араас хөөцөлдөөд явах боломжгүй учраас өрөнд ороод байх юм. Үүнийг яаж шийдэх ёстой байдаг бол гээд асууж байсан.
-Татварын ерөнхий хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн болон хуулийн этгээд орлого олох тухай бүртээ төлбөрийн баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Малчин ч гэсэн өдөр тутмын үйл ажиллагаанаасаа орлого олж байгаа гэдэг утгаараа төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй. Малчдын хувьд өнөөдрийн техник технологийн шийдэл, цахим хэрэгсэл, интернэтийн орчин зэргээс хамаараад төлбөрийн баримтыг үйлдэж өгөх шийдлүүд төдийлэн нутагшаагүй хүндрэлтэй тал бий.
Тэгэхээр татварын албаны зүгээс энэ асуудалд ямар шийдэл гаргасан гэхээр малчны иргэний үнэмлэхний QR код татварт бүртгэгдсэн байдаг. Малчны хотноос худалдан авалт хийсэн хэн ч байсан малчны иргэний үнэмлэхний QR кодыг уншуулаад төлбөрийн баримт авах бүрэн боломжтой. Жишээ нь, Төв аймгийн Аргалант сумын Дорж гэдэг малчнаас мал мах авч байгаа махны үйлдвэрийн төлөөлөгч нь өөрийн гар утснаасаа и баримт апп руу ороод, малчны иргэний үнэмлэхний QR кодыг уншуулангуут малчны мэдээлэл ороод ирнэ. Эднийхээс кг тутамд тэдэн төгрөгөөр тооцож мал авлаа, малын үнийг тэр малчны тийм данс руу шилжүүллээ гээд манайх руу мэдээллээ илгээхэд, татварын албанаас шаардаад байгаа татвар ногдох орлогоос хасагдах, дээрээс нь НӨАТ суутган төлөгч бол үнэд нь шингэсэн гэж үзээд худалдан авалтын хасалт хийх баримт шууд автоматаар үүсдэг. Харин тооцоог малчинтай бэлнээр хийх юм бол тухайн малчин и баримт апп руу орж үйлдлийг баталгаажуулах товч дарах ёстой. Бэлэн бусаар төлбөл шууд баталгаажина. Хэрвээ малчин ухаалаг утасгүй, и баримт апп руу орж дарахаа мэдэхгүйгээсээ болоод төлбөрийг баталгаажуулахгүй байгаа тохиолдолд манай 18001288 утас руу хандах болон худалдан авагч өөрөө тухайн үүсгэсэн төлбөрийн баримт дээр дараад “баталгаажуулах үйлдэл хийхгүй байна” гэдэг гомдол гаргах боломжтой. Ирүүлсэн гомдлыг харьяаллын дагуу хуваарилж, гомдол шийдвэрлэх ажиллагаа хийж баталгаажуулах үйлдлийг малчнаар хийлгэнэ.
-Малчдын татварын боловсролыг дээшлүүлэх чиглэлд юу хийж байна вэ?
Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тухайн хувь хүн, хуулийн этгээдийн татварын боловсролын түвшингээс хамаараад худалдан авагчид төлбөрийн баримт өгөх үү, өгөхгүй байх уу гэдэг ялгаатай үйлдэл харагддаг. Татварын албаны зүгээс өнгөрсөн жилийг “Татварын боловсролыг дээшлүүлэх жил” болгож зарласан. Малчид ч гэлтгүй татвар төлөгч, бизнес эрхлэгч, ирээдүйн татвар төлөгчийн боловсролыг дээшлүүлэх ажлыг татварын тухай суурь ойлголт өгөх хэмжээний хөтөлбөрүүдэд нь оруулахаар бид санал тавиад шат дараатай арга хэмжээ авч байна.
Малын тоо толгойн татвар анх хэрэгжиж эхлэх жил 2021 онд ковид гээд шуудр харилцаа хязгаарлагдсан үе байлаа. Ер бол бид цахим сургалтуудыг хийдэг, дээрээс нь сумдын татварын байцаагчдад малчдад ийм байдлаар хууль тогтоомжийг сурталчилж таниулах гарын авлага зэргээр байнга хангаж ажилладаг. Гэхдээ байцаагчийн ярьж байгаа хэмжээнд малчид ойлгож хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдэг асуудал. Түүнчлэн татвар төлөгч малчдаас аль болох зардал, цаг хугацаа гаргуулахгүйн тулд татвараа төлөх, тайлагнах ажиллагааг цахимжуулсан. Цахим систем интернэттэй, интернэтгүй горимд ажилладаг. Энэ нөхцөлүүдийг бүрдүүлээд байгаа нь цаашдаа ч татвар төлөлтийг энгийн хялбар, илүү боловсронгуй болгох цахим орчныг бүрдүүлэхээр манай татварын алба зорилго тавин ажиллаж байна.
–Сайн татвар төлөгч байх зөвлөгөөг малчдадаа өгөөч
Ярилцлагын эхэнд дурьдсан Үндсэн хуулиар заасан татвар төлөх үүргээ иргэн бүр эрх тэгш биелүүлэх боломжоор хангахыг л зорьж ажиллалаа. Малчдын хувьд суурин газрын татвар төлөгчдийг бодвол илүү хялбар, мөн интернэтгүй үед ч татварын цахим үйлчилгээг авах хэрэгцээг нь бодож аль хэдийн хэрэглэж байгаа и баримт аппликейшнаараа дамжуулан татвараа төлөх, тайлангаа гаргах, төлбөрийн баримтаа хүсэлтээ гаргах гээд бүхий л үйлчилгээг авах боломжтой болгосон. Мөн интернэтгүй үед хийсэн үйлдэл нь сүлжээтэй болмогц баталгааждаг байдлаар шийдэж өгсөн. Тиймээс и баримт аппликейшнаа өдөр тутамдаа ашиглаж, хуулиар хүлээн үүргээ биелүүлж байгаарай. Мөн мах, сүү, цагаан идээ, ноос, ноолуур гээд юу л худалдан борлуулна түүндээ төлбөрийн баримтыг өгч хэвшээрэй. Ингэснээр та өөрийн орлогоо татвар төлөлтөөрөө баталгаажуулж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах болно. Мөн татварын хуулийн дагуу анх удаа орон сууц барьсан бол, өөрөө болон хүүхэд нь анх удаа их, дээд боловсрол эзэмшиж байгаа бол татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах эрхээ эдлээрэй.
–2024 он гараад НӨАТ-ын болон Малын тоо толгойн албан татварт ямар өөрчлөлт орох вэ?
Малчдыг дэмжих зорилгоор 2024 оноос НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр малчин НӨАТ суутган төлөгч болохгүй. ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр малчид үйл ажиллагааны орлогоосоо нэг хувиар татвар төлөх боломж бүрдсэн.
Мөн Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчид тайлан илгээхгүй болно.
И.Отгонжаргал
Эх сурвалж: “Шинэ малчин” сэтгүүл. 2023 оны аравдугаар сар.