Б.Лхагвадорж: Тахь бол гайхалтай амьтан. Өдөр бүр л өөр зүйлс өрнөдөг ертөнц

Sarangerel
2024-12-17 15:47:43
Ангилал: Эдийн засаг

“Тахь гэдэг амьтан бол гайхалтай ертөнц шүү” хэмээн тахь судлаач Б.Лхагвадорж ярилаа. Тэр хүүхэд байхаас тахийн тухай сонсч, мэдэж явсаар, улмаар тахь хамгаалагч, судлаач болохоор шийдсэн байна. Б.Лхагвадорж өдгөө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал дахь тахийг хамгаалж, судлаач мэргэжилтнээр ажиллаад 11 жил болж байна. “Хомын талын тахь” ТББ-ын тахь судлаач, байгаль хамгаалагч Б.Лхагвадоржтой тахийн тэр гайхалтай ертөнцийн талаар ярилцлаа. Бид энэхүү ярилцлагаа Хомын тал дахь Тахь жуулчны баазад хийсэн юм. Хомын талд тахь эргэн ирсний 20 жилийн ойн хүрээнд миний бие Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дахь Хомын талд очиж, сурвалжлага мэдээлэл бэлдэж ирсэн билээ.

-Хоёулаа тахь гэдэг амьтантай хэдийнээс, хэрхэн яаж холбогдож ажиллах болсон түүхээс ярилцлагаа эхэлье.

-Хомын талд анхны 12 тахийг 2004 онд нутагшуулсан. Тэгэхэд би жаахан хүүхэд байлаа. Сум орон нутгийн удирдлагууд, нутгийн хөгшчүүд энэ ажлыг их дэмжсэн. Орос Ожоолой, Түдэв гээд нутгийн сайхан буурлуудыг дурдаж болно. Орос Ожоолой бол миний өвөө, нутагтаа нэр хүндтэй байгаль хамгаалагч байсан. Хомын талын давсан санг насаараа хамгаалж явсан хүн байсан даа. Байгаль хамгаалагч болоход өвөө маань нөлөөлсөн. Дархан-Уул аймгийн ХААИС-ийг ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер мэргэжлээр 2013 онд төгсөөд Хомын талдаа шууд ирж, “Хомын талын тахь” ТББ-д ажилд орж байлаа. Хүүхэд наснаас сонирхлыг минь ихэд татсан амьтнаа судлаад одоо 11 жил болж байна.

-Их сургуулиа төгссөн шинэхэн судлаач мэргэжилтнийг анх ирэхэд хэдэн тахь угтаж авсан бэ?

-Хомын талд анх ирэхэд дөрвөн сүргийн 30 гаран тахь байсан. Өмнө нь ажиллаж байсан байгаль хамгаалагчдаа дагаад л судалгаа хийж эхэлсэн дээ. Өнөөдөр 150 гаруй тахь Хомын талд идээшилж байна. Жилдээ 4-5 унага л авдаг. Харин 2016 оноос хойш жилдээ 8-10 унага төллөсөн. Хорогдол багатай, жилээс жилд өсөн нэмэгдээд л байна.

-Тахийн судалгаа ч бас их сонирхолтой байх. Яг юу хийдэг талаар ярина уу?

-Тахийн зан авир, сүргийн бүтэц өөрчлөлтийг ажиглаж, харж, таньж мэдэж ажиллана гэж ойлгож болно. Зан авирын судалгаа гэдэг нь сүрэг хоорондын харилцаа, сүрэгт хэрхэн өөрчлөлт орж буйг судлахыг хэлнэ.

Өдөрт 1-2 цагийн судалгаа хийнэ. Энэ цагт тухайн тахь ямар үйлдэл, ямар зан авир гаргаж байна, идэш, бэлчээрлэлт, бага тахиудын тоглож наадах үйлдэл зэргийг өдөр бүр судалж ажиглалт хийж, тэмдэглэдэг.

Хавар төлөлтийн үеийн судалгааг хийнэ. Монгол адуу шиг л хавар төллөнө. 4,5-р сараас төллөж эхэлнэ. Дөнгөж төрсөн унаганаас нь бие бялдар, зан авир,  эхийгээ хөхөхдөө ямар байна гэх мэт судалгааг байнга хийж, эргүүл хяналтаа хийгээд явдаг.

-Гадаад улс орнуудын паркад байсан амьтад эх нутагтаа ирээд зэрлэг онгон байгальдаа хир дасан зохицож байгаа вэ?

-Паркийн хашаанд байсан тахь зэрлэг байгальд ирээд мэдээж хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Ган, зуд, уур амьсгалын нөлөөгөөр байгалийн хувирал өөрчлөлтөд дасан зохицох гэх мэт. Байгаль цаг ууртай дасан зохицох байдал харьцангуй сайн явж байна. Гэхдээ хүний бараа харуут зугатах тийм хэмжээний зэрлэг болоогүй байгаа. Өвс ургамлын гарцаас шалтгаалаад амьтад идээшлээд явдаг. Тиймээс зай барих байдлаар явж, зэрлэгшүүлэх бодлого барьдаг. Тахь руугаа их ойртохгүйгээр судалгааг алсаас хийнэ. Аажмаар дасгаж зэрлэгшүүлэх зорилготой ажилладаг. Хомын талын тахьд зориулж 14 мянган га талбайд хашаа барьсан байдаг. Хашаатай болохоор харьцангуй гайгүй. Одоо бол энэ газар улсын тусгай хамгаалалтад орсон.

-Асуудлууд гарна биз?

-Хашаатай болохоор харьцангуй гайгүй. Гэхдээ ойр хавийн айлуудын мал тахийн талбай руу орох, гол усаар, тахьтай нийлэх зэрэг асуудал гарна. Эхний жилүүдэд малын асуудал их байсан. Хашаанд орсон малыг гаргах, малчдад хүлээлгэж өгөх гэх мэт. Орон нутгийнхны, мөн тах хамгаалах манай хамт олны хүч хөдөлмөрөөр тал талаасаа хамтран ажиллаад нэлээд хүндрэлтэй асуудлуудын ард гарсан. Бэлчээрийг нь аль болох хомсдуулахгүй байх, амар тайван байлгах ёстой. Тэгж байж тахь үржих нөхцөл бүрдэнэ. Тиймээс стрэссгүй байлгах бүх талын арга хэмжээг шат дараатай хийж ажилласнаар Хомын талд тахь эргэн ирсний 20 жил энэ жил тохиож байна.

-Тахь хир стрэссддэг амьтан вэ?

-Маш эмзэг. Өөрт нь таагүй зүйл тохиолдвол ер нь их удаан мартдаг.  Морь мал, машин тэргээс авсан таагүй зүйлээ удаан хадгалж тавгүйрхэж явдаг. Ялангуяа  төллөх үедээ маш эмзэг болдог. Үр удмаа хамгаалах, аюулд өртүүлчихгүй байхад анхаарч асар их сонор сэрэмжтэй болдог. Мөн энэ үеэр азарганы өрсөлдөөн гэж том үйл явдал өрнөнө шүү дээ. Азаргад сүргээ хамгаалах, өөрийн үр удмаа үлдээх, хамгаалах гэдэг маш их чухал учраас азарганы зодоон тэмцэл дундаас унага, мөн бүдүүн тахь ч хорогдох эрсдэл гарна. Тиймээс нэлээд мэдрэмтгий болдог. Түүнээсээ болоод хээл авахгүй байх, хээлээ хаях эрсдлүүд гарна.

-Тахийг яагаад монгол нутагт үржүүлэх гээд байгаа талаар юу хэлэх үү?

-Монголын унаган амьтан. Устаж үгүй болох дээрээ тулсан энэ амьтныг тухайн үед Европ руу тээвэрлэсэн байдаг. Монголоос очсон тахиуд тухайн улсынхаа зоо паркад үржиж байсан. Буцааж эх нутагт нь тавих ажил 1990-ээд оноос эхэлсэн. Одоо Монгол Улсын гурван газар тахь нутагшиж байна. Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай, манай Хомын тал.

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар хурдтай явж байна. Цөлжилт их байна. Тахийг эх нутагтаа авчирч өсгөж үржүүлснээр манай бүс нутаг хамгаалагдаж, цөлжилт багасах, орон нутаг унаган төрхөөрөө үлдэх зэрэг олон давуу тал бий болно.

-Олон улсын, бусад улс орны тахь хамгаалах олон нийтийн байгууллагууд Монголын баруун хязгаар нутгийн талд бэлчиж буй энэ амьтдад тусалж, санхүүгээр дэмжиж байна. Хомын талын анхны 12 тахийг Францаас авчирсан. Тиймээс Францын иргэд талхны мөнгөө хадгалж байгаад өгдөг гэж сонссон.

-Монгол Улсад бүр устчихсан, ер нь дэлхий дахинаараа ховор амьтдын тоонд орчихсон амьтан байсан шүү дээ. Харин Монголд нутагшуулснаар тогтвортой өсч буй үр дүнг бид харж байна. Энэ амьтныг байгальд нь дасгах, зэрлэгшүүлэх, үржүүлэхэд анхаарч, хамгаалж ажиллах нь маш том ажил. Сэтгэл зүрхээс гадна мөнгө санхүү, хөрөнгө оруулалт шаардлагатай. Олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын өгч буй мөнгийг зөв зүйтэй зарцуулах, гол зорилгодоо үр дүн гаргахыг бид хичээн ажилладаг. Тахь өсөн үржиж, цаашдаа энэ амьтан Монгол оронд дархлаажиж, устаж үгүй болохооргүй хэмжээнд хүрэх ёстой. Бид ийм бодол өвөрлөн ажилладаг. Тиймээс манай байгууллагын ажлыг дэмждэг гадаад, дотоодын байгуулллага, олон улсын байгууллага, хувь хүмүүсд талархсанаа илэрхийлэхийг хүсч байна.

-Тахийн судалгааг хийх явцад сонирхолтой, гайхалтай зүйлс их тохиолддог байх. Зарим нэгийг ярьж сонирхуулаач.

-Би тахьтай холбогдоогүй, хөндлөнгийн хүний нүдээр харж байхдаа нэг адуу, монгол адуу шиг л амьтан байна гэж боддог байлаа. 10 гаран жилийн турш судлаад явахад монгол адуунаас маш өөр. Тахийн үр удмаа үлдээх тэмцэл бол агуу. Сүргийн бүтцийн зохион байгуулалтын шилжилт хувирал гээд маш сонирхолтой зүйл их гарна. Азарганы тэмцэл гайхалтай.

-Хоёр азарганы жижигхэн түүх ярья. Тэд бол нэг сүргэнээс гарсан, нэг насны зөрүүтэй азаргууд. Нас биенд хүрч, 5,6 хүрээд бие бялдар нь жигдэрч, сүрэг тасалж авах хэмжээнд хүрсэн. Ийм үед тэдний хооронд тэмцэл эхэлсэн. Хангал, Ургамал гэдэг хоёр азарганы түүх. Ургамал анх хоёр гүүтэй сүрэг үүсгэсэн. 16 хүрсэн тооны сүргийг үүсгэсэн. Тэгэнгүүт Хангал Ургамлын сүргийг авах оролдлого хийж эхэлсэн. Өөр боломжтой сүргүүд байхад зөвхөн Ургамлын сүрэг рүү дайрна. зодолдоно, авна, буцааж алдана. Азарга сүрэг авахын тулд өөрийгөө маш сайн бэлдэнэ, чангална, өвс усаа сойно. Яг нэг би бэлэн боллоо гэсэн үедээ Ургамлын сүрэг рүү довтолно. Байгаль дээрээ идээшлээд тэмцэлд бэлэн биш явж буй азарга биеэ бэлдээд өөрийгөө сойчихсон азаргад ялагдах магадлал өндөр. Ингээд 3-4 удаагийн оролдлого хийснээр Хангал Ургамлын сүргийг авсан. Бас эргээд алдсан. Ургамал маш удаан хугацаанд бие бэлдэж байгаад Хангалаас сүргээ буцаан авсан. Сүүлийн тулаанд Хангал сүргээ алдахгүй гэж зодолдох үедээ урд хөлөө хөшиглүүлж бэртсэнээр хоёр азарганы тулаан зогссон.

-Хэр хугацаанд энэ түүх үргэлжилсэн бэ?

-Гурван жил хиртээ энэ үйл явдал өрнөсөн.

-Хоёр азарга одоо тэмцсэн хэвээр үү, ямар байгаа вэ?

-Энэ хоёр азарга маань өнөөдөр 10 гаран настай болсон. Азарга 10 гараад ирэхээр нас нэлээд дээшилсэн байдаг. Доороос 5,6-тай залуу азаргууд өсч бойжоод ид насанд ирнэ.Тэд сүрэг аваад эхлэнгүүт хөгшин азаргууд сүргээ алдаж, шахагдана.

-Тахийн үржил, мөн сүргээ хамгаалах бүтэц нь ямар байдаг вэ?

-Шинэ азарга сүрэг авлаа гэхэд сүргээ бэхжтэл бусад сүрэг рүү дайрах нь бага. Аль болох бусад сүргээс зайдуу, алслагдмал явдаг. Амар тайван, хөдөлгөөн багатай газарт байршиж байгаад бэхжих явцдаа нөгөө сүргүүд рүүгээ ойртож ирдэг.

Зэрлэг амьтан байгалийнхаа жамаар явж буй тул үр авах, өсч үржих явц таашгүй. Аль болох амар тайван, стрэссгүй байж хээл авна. Бэхжиж амжаагүй бол төл алдах, сувиарах эрсдлүүд гарна. Монгол адуу шиг хүний оролцоотойгоор өсч үржихгүй. Байгалийн шалгарлаараа л явж буй процесс учраас өсөлт талд удаан явна.

-Ийм зэрлэг амьтдыг өсгөн үржүүлж буй гэдгээ орон нутгийнхан хэрхэн ойлгодог вэ?

-Эх нутагтаа ирсэн амьтныг хамгаалж, өсгөж үржүүлэхийг ойлгож, дэмжиж, тусалж хандах хүмүүс байна. Мөн буруу зөрүүгээр ойлгох нь ч бий. Байх л асуудал. Бидний зүгээс тахийн тухай сурталчлан таниулж, ойлгуулахыг хичээж ирсэн. Тахийг хамгаалж, өсгөн үржүүлснээр орон нутаг, улмаар улсад ямар ач холбогдолтой юм, тахийн нэр дор ямар ажлууд хийж болох уу, байгаль дэлхийгээ, ан амьтнаа хайрлан хамгаалснаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад ямар хувь нэмэр оруулах уу гэсэн асуудалд бид анхаарч ажилладаг. Ялангуяа аялал жуулчлал хөгжүүлэх нь чухал юм. Энэ гоё амьтныг үзэх гэж, уул ус сүлэлдсэн энэ сайхан байгалийг харах гэж жуулчид олноор ирж байна. Эндээс орон нутгийн иргэд хэрхэн яаж шиг хүртэх, цагаан идээ, гар урлал, морь малаараа оролцох зэрэг орон нутгийн иргэдийн оролцоог илүүтэй хангаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд манай байгууллага ажиллаж байна. Энэ хүрээнд “Хомын талын тахь” жуулчны баазыг ажилуулж байна.

-Жуулчид, гаднаас судалгааны хүмүүс их ирдэг юм байна. Тэд ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Европоос голдуу жуулчид ирдэг. Бүгд л сэтгэл хангалуун буцдаг. Учир нь бидний хийж, зүтгэж буй бүхэн нүдэн дээр ил байдаг. Гадаадын жуулчид, судлаачид амарч тухлахыг хүссэн газартаа ирж, үзэх гэсэн амьтнаа үзээд сэтгэл өндөр буцдаг. Урмын үгс хэлнэ. Бид урам авна, илүү хичээхийг эрмэлздэг.

-Өөрөө залуу хүн. Зэлүүд буйдхан газарт 10 гаран жил тахь судлаад явж байна. Суурин газар руу явья гэсэн бодол төрдөг үү?

-Холбоо харилцаа муу, зэлүүд ийм газарт залуус ирээд ажиллаж амьдарна гэхэд өнөөгийн нийгэмд хүнд л дээ. Хэцүү санагдаж магадгүй.

Харин миний хувьд бол өөр. Төрж өссөн нутаг, ажил амьдралын гараагаа эхэлсэн газар минь юм шүү дээ. Байгаль орчин, ан амьтан хамгааллын ажил руу нэгэнт сэтгэл шулуудаад орчихсон хүмүүс буцах аргагүй байдаг гэдэг. Тийм сэтгэгдэл төрдөг. Би л байхгүй бол болохгүй мэт, хоосон мэт сэтгэгдэл төрнө. Залуу улсын хувьд төв суурин бараадаж, олон нийттэй харилцаж, амьдрах тухай нэг хэсэг боддог байсан. Одоо бодогдохоо байсан. Хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн асуудлыг зохицуулсан. Нэгэнтээ энэ амьтанд дурлаж, байгаль дэлхийгээ хайрласан хүний хувьд эцсийн үр дүнг үзье гэсэн бодолтой болсон.

Б.Лхагвадорж Францын Парис хотноо Дэлхийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалтад оролцов. 2024.11 дүгээр сар

-Байгаль хамгаалагчид гэж хэн бэ?

-Хүн бүр байгаль хамгаалагчид шүү дээ. Хүн өөрөө байгалийн амьтан. Миний л нутгийн байгаль, ан амьтан, ургамал цэцэг, бүх юм шүү дээ. Бидний амьдарч, амьсгалж буй бүхэн байгалиас эхтэй. Бид байгалиасаа авдаг. Эргээд өгөх ёстой. Байгаль хамгаалагчид бол өгч буй хүмүүс. Тиймээс байгальдаа хайртай, чин сэтгэлээсээ хамгаалахыг хүсдэг.

-Хомын талын тахь бүгд нэртэй бололтой. Манай Лхагваа тахиудаа хаанаас нь ч хараад таньж, удам судар, үүх түүхээр нь мэднэ гэж танайхан ярилаа?

-Мэдээж тухайн сүрэг доторх бүх тахиа танина. Хооронд нь ялгахын тулд бүгдэд нэр өгдөг. Өдөр бүр судлаад 11 жил болохоор чинь хүн судалгаандаа орчихсон байдаг. Унагалахаас нь эхлээд нас биенд хүртэл дагаж, ажиглаад явахаар, онцлог шинж, өнгө зүс, зан авирыг бүгдийг мэддэг болно. Нүдэнд шууд л тусдаг. Гэр бүлийн гишүүд шиг л болчихсон байдаг. Хаанаас ч харсан, танина, биед нь ямар нэг өөрчлөлт гарахад шууд мэднэ. Гарт орчихсон. Тахиуд ч бас биднийгээ танина. Ямар унаа хөсгөөр хэн ирж байна гэдгийг үнэрээр мэднэ. Хүмүүс, машин тэрэгний өнгө, дууг андахгүй. Өөр машин тэрэг сонсохоороо үргэнэ, стрэсдэнэ, зугатна. Зэрлэг амьтдын цаадах чанар нь гарч ирнэ шүү дээ.

Б.Лхагвадорж Францын Парис хотноо Дэлхийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалтад оролцов. 2024.11 дүгээр сар

-Тахь монгол адуунаас юугаар ялгаатай вэ?

-Нас бие гүйцсэн тахь монгол адууны шүдлэн, хязаалангийн дайны биетэй. Бие бахим, хөл богиновтор, толгой бүдүүн, дэл, сүүл ургадаггүй, шаргал зүстэй, ам, гэдэс, цавь хэсгээр цагаан, дээгүүрээ шаргал, хөлөндөө судалтай. Хөлний судлууд хэзээ ч давтагдахгүй.

Байгалийн үзэсгэлэнд энэ сайхан амьтдыг хараад хажууд нь явахад сэтгэл зүйн хувьд нэн таатай, амар амгаланг мэдэрч, үнэхээр сайхан байдаг. Тахийн амьдралыг нь судалж, гаргаж буй үйлдлийг нь харж, зураг аваад, тэрхүү зургаа хараад таашаах нь гоё мэдрэмж өгдөг. Тийм учраас байгаль хамгаалах ажил руу нэгэнт орчихсон бол улам л дурлаад гарах боломжгүй болчихдог нь үүнтэй холбоотой байх. Өдөр бүр л өөр өөр зүйлс болж байдаг өвөрмөц сонин ертөнц дөө.

Нэг тохиолдол ярья. Хулан, Сар гэж манай хоёр гүү ойролцоо унагалсан юм. Азарганы тэмцэл дунд Хулан гүүний унага эндчихсэн. Өдөр нь тийм явдал болсон. Маргааш өглөө нь би судалгаагаа хийхээр очтол Сар гүүний унага алга болчихсон байсан. Бөөн л асуудал өрнөлөө. Би унагаа хайгаад л. Бүх сүргээс хайлаа, алга. Хулан гүүг болохоор өмнөх өдөр нь унагаа алдчихсан юм чинь сүрэгтэйгээ явж байгаа гээд бодчихсон байсан юм. Гэтэл хоёр хоногийн дараа нөгөө эрэл сурал болж буй унагыг дагуулчихсан явж байна. Үрээ алдсан нөгөө Сар гүүнийхээ унагыг авчихсан, хөхүүлчихсэн явсан. Ямар процессоор яваад унагыг авчихсныг мэдээгүй. Одоо тэр унага хүчтэй, том сүргийн эзэн азарга болсон. Биенийхээ унагыг авах, хөхүүлэх, тэлээлэх, алдах зэрэг асуудал ийн өрнөдөг.

Зэрлэг амьтад асар их мэдрэмжтэй байдаг. Сүргийн эзэн азарга үр төлөө хамгаалах, асар том хариуцлага хүлээнэ. Сүрэг дотор удирддаг толгойлогч гүү байна.Тэр гүү азаргадаа тус дэмж болж сүргийг зохион байгуулж явдаг. Сонор сэрэмжтэй байхад том оролцоотой гэсэн үг. Тахь амрахдаа ч их сонин зохион байгуулалттай. Ээлжилж амрах жишээний. Азарга өндөр газар байрлаад харуул хамгаалалтад гарахад тахиуд нь амар тайван амарна. Азарга бэлчээрлэх явц хийхэд сүргийн толгойлогч гүү харуулд гарах гэх мэт. Байгалийн зохилдолгоо гэж гайхалтай зүйлийг би ийн өдөр бүр хардаг.

-Ганц хоёроороо, эсвэл бүр ганцаараа зогсох тахь харагдах юм. Эд маань яасан тахиуд вэ?

-Дотроо ялгаатай. Сүрэг авахаар биеэ бэлдэж буй азарга өндөрлөг газраар байрлана, аль болох зайдуу ганцаар явна. Сүргээ алдсан, эргээд сүрэг авч чадахааргүй болсон азаргууд байна. Нас 10 гарчихсан, 14,15 хүрчихсэн азаргууд сүрэг авахгүй. Насаараа ганцаараа явна. Эсвэл нас бага тахийг толгойлон байгальдаа амар тайван яваад дуусдаг.

-Тахь хэд хүрч насалдаг амьтан бэ?

-Одоо 25,26-тай тахь байна. 2004 онд ирсэн анхны тахиас 15-16 тахь бий.

-Тахийн ертөнцийн талаар сонирхолтой ярилцлага өгсөнд талархлаа.

-Улаанбаатар хотоос манай Хомын талыг зорин ирж ярилцлага мэдээлэл авч буй танд бас талархаж байна.

Б.Лхагвадорж, эхнэр хоёр хүүхэдтэй. Тэрбээр энэхүү ярилцлагыг хийсний дараа Францын Парис хотноо болсон Дэлхийн байгаль хамгаалагчдын чуулганд оролцсон юм. Хийж буй ажилдаа чин сэтгэлээ өгч, түүнээсээ хэрхэн таашаал мэдэрч ажиллаж, амьдардгийг би харлаа. Тахь судлаач маань зэрлэг амьтдаа, байгаль дэлхийгээ ярихаараа нүд нь сэргэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа. Байгаль дэлхийгээ хайрлахын ур ухаан, ан амьтдыг хамгаалахын ач буян түүнийг нэгэнтээ энэ ажилд дурлуулжээ. Эх сайхан байгалиа, ан амьтнаа хамгаалахын ач тус өнөөдөр улам илүү үнэ цэнтэй болно. Байгаль хамгаалагчид үнэд орж байна. Тэд эх дэлхийдээ өгөх ажил хийж байна. Бид ч өгөх ёстой. Бид байгаль дэлхийгээсээ авсаар байгаад эх дэлхийгээ бохирдуулж, сүйтгэж дуусч буйг бүгдээрээ мэднэ. Үүний тод илрэл нь цаг уурын дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлт юм. Хүн төрөлхтнөөрөө одоо өгөх цаг иржээ. Оройтсон ч байж магад. Гэхдээ бид хамгийн сайнаараа хичээж эх дэлхийдээ өгч амьдрах хэрэгтэй болжээ.

Нийслэлээс 1300 км-ийн алсад Хомын тал гэх ийм л газарт 150 гаруй тахийг хамгаалан, хайрлан, өөрийгөө зориулж яваа байгаль хамгаалагчаар бахархаж байна. Ийм л хүмүүсийн ач тусаар цэнхэр гараг минь цээж дүүрэн амьсгалж, илүү олон олон зууны түүхийг бүтээж, хүн төрөлхтөнийг оршоогоосой гэж хүснэм.

 

Д.Бэхбаяр