Б.Мөнхням: Ирэх оноос мөнгөгүй, улам их өртэй, ажлын байргүй улс болох вий гэдэгт санаа зовж байна

Mongolian Economy
2020-09-25 10:53:28
Ангилал: Эдийн засаг

“Mongolian Economy” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүд, эдийн засагчид, салбарын төлөөллүүд төсөв, Засгийн газраас онцгой нөхцөлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өөрсдийн санал бодол, зөвлөгөө, шүүмжээ харамгүй илэрхийллээ. Эдгээр сэдвээр бид АНУ-д “MCN Consulting Group” компанийг үүсгэн байгуулагч, эдийн засгийн шинжээч, “Shape Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг Б.Мөнхнямтай ярилцсан юм.

-Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгч байгаад уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Баатарын Мөнхням гэдэг. Би Бригхэм Янг их сургуулийг төгсөөд Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Дунд нь Вашингтонд Жоржтауны их сургуульд сурч байв.

Ажил мэргэжил гэвэл АНУ-д оюутан байх үедээ аяга угаахаас эхлээд бүх л ажил хийдэг байлаа. Улмаар их сургуулиа төгсөөд “LADO Enterprises Inc” компанид гүйцэтгэх захирал болтол албан тушаал ахиж, удирдлагын түвшинд ажиллах анхны гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш 150 ажилтантай компаниас 10 мянган ажилтантай компанид, мөн дээр нь АНУ-ын конгрессийн дэргэдэх Эрүүл мэндийн байнгын хорооны хууль бэлддэг компанид нийт 10 гаруй жил санхүү удирдсан захирал хийсэн.

Хэдэн жилийн өмнө өөрийн бизнес консалтинг компани байгуулаад, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.

-Цар тахлын үед компаниуд маркетинг, сурталчилгааг өмнөхөөс огт өөр байдлаар явуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Таны бодлоор компаниуд маркетингийн ямар шинэлэг эсвэл дасан зохицсон арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зүйтэй вэ? Аялал жуулчлал, үйлчилгээний салбар зэрэг цар тахалд хамгийн хүндээр нэрвэгдсэн бизнесийн салбарынханд хандсан таны зөвлөгөө юу вэ?

-Цар тахлын үеэр хамгийн эхэнд ажиглагддаг нэг зүйл бол хүмүүс юм худалдаж авахаа больдог. Юу гэсэн үг вэ гэхээр танай үйлчлүүлэгчдийн тоо таниас шалтгаалахгүйгээр буурна. Энэ үед авах маркетингийн хамгийн анхны алхам бол “customer ac­quisition” буюу “өрсөлдөгчийнхөө үйлчлүүлэгчдийг авах” явдал. Үүний тулд өрсөлдөгч чинь танай компаниас дээр юу хийж байна, ямар үйлчилгээ үзүүлж байна, ямар бүтээгдэхүүн борлуулж байна, түүнийг нь бүр өөрөөр, бас илүү өндөр түвшинд хий гэсэн бизнесийн дүрэм байдаг.

Аялал жуулчлалын хувьд энэ жил маш хэцүү болж байна. Өдөрт дунджаар зуугаад мянган нислэг дэлхий даяар үйлддэг байсан бол дөрөвдүгээр сар гэхэд 25 мянга болтлоо буурсан. Үүнээс аялал жуулчлалын салбар ямар их хямарсныг харж байгаа биз ээ. Ийм үед ихэнх аялал жуулчлалын салбарын компаниуд үйлчилгээ, бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр зарж байна. Дараа жилийн нислэг, зочид буудлуудыг одоо авбал илүү хямдхан, бас олон хүнд зарах боломжтой.

Гол нь шууд бас урсгал зардлаа багасгаж чадвал дараа жилээс салбараа, бизнесээ аврах боломжтой.

– Цар тахлын энэ хүнд үеийг ямар компаниуд тэсч гарах боломжтой вэ? Тэд ямар бизнес стратеги баримтлах нь зүйтэй вэ? Ийм нөхцөлд та харилцагч нартаа ямар зөвлөгөө өгч байна вэ?

-Хамгийн тэсч гарах магадлалтай компаниуд бол нэгдүгээрт, ухаалаг маркетинг, стратегийг одооноос нэвтрүүлсэн, хоёрдугаарт, зардлаа багасгасан (гэхдээ зөв зүйлдээ хөрөнгө оруулалт хийхтэй андуурч болохгүй), гуравдугаарт, үйлчилгээний чанарыг эрхэмлэдэг, дөрөвдүгээрт, ажилчдын чанар, сэтгэл хангамж сайн (ууртай ажилтан хэзээ ч таньд мөнгө хийхэд туслахгүй) байх ёстой.

-Засгийн газраас эдийн засаг, бизнес, ард иргэдээ дэмжих цөөнгүй арга хэмжээ авсан ч “байндаа” туссан эсэхэд эргэлзэх хүн улам олширч байна. Та тэдгээр арга хэмжээг хэр үр дүнтэй гэж үзэж байна вэ? АНУ-д авч хэрэгжүүлж буй цар тахлын эсрэг эдийн засгийн арга хэмжээнээс авууштай практикууд юу байж болох вэ?

-Маш зөв асуулт асуулаа. Монгол Улс одоогийн байдлаар бараг 2.4 иx наяд төгрөг цар тахалтай тэмцэхэд зарцуулжээ. Мэдээж ямар нэгэн арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай хэрэг. Гэтэл үүний 86 хувийг нийгмийн халамжинд, мөнгө тараахад зориулсан. Энэ мөнгийг бид гадаадын өр, зээлээр авсан шүү дээ. Зөвхөн есөн хувь нь л аж ахуйн нэгжүүдэд, татвараас хөнгөлөх зэрэгт ороод таарсан. Бид энэ мөнгөө арванхоёрдугаар сар хүртэл тараана. Дараа нь нэг сараас яах вэ? Тараах мөнгө байхгүй. Улам л их өртэй, ажлын байр ч байхгүй сууж байх болно.

АНУ харин 3.3 их наяд долларыг цар тахлын эсрэг зарцуулсан. Мэдээж энэ том улс их мөнгө гаргах чадвартай. Гэхдээ би мөнгөний тоон дээр биш, хэдэн хувийг юунд хөрөнгө оруулсныг хэлье.

1) 56 хувийг нь бизнесийн салбарт зориулсан. Ажлын байр бий болгоход анхаарсан.

2) Эрүүл мэндийн салбарт 10 хувийг зориулсан.

3) 10 орчим хувийг мужуудын захиргаагаар дамжуулж цэцэрлэг, сургуулиудад зарцуулсан.

4) Үлдсэн 23 хувь нь манайхаар бол нийгмийн халамжинд явсан.

Монголчууд биднийг 86 хувиа тараагаад ажлын байр ч үгүй сууж байхад, “айлын айхтар хүүхдүүд” 56 хувь, дээр нь нэмээд 20 хувиа мужийн захиргаагаар дамжуулаад ажлын байр бий болгоход хөрөнгө оруулсан байгаа юм. Тэгэхээр ирэх оны нэгдүгээр сард хэн нь ажилтай байх нь ойлгомжтой байгаа биз.

-Монгол Улсын эдийн засаг хямрах дүр зураг бодитой харагдаж байна гэж та үзэж байна уу? Хэрэв тийм бол тэрхүү хямралаас сэргийлэх мөн гарахын тулд Засгийн газар болон бизнесүүд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах нь чухал байна вэ?

-Хямрахаар барах уу, Монголын эдийн засгийг тайлбарлаад хэлэх үг надад үнэхээр алга. Гэвч бид ийм байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой талаар санал, бодлоо хэлье. Нэгдүгээрт, мөнгө тарааж, инфляц үүсгэж, зээлийн тоог нэмэгдүүлж, эдийн засгаа улам доройтуулахаа зогсоох хэрэгтэй байна. Хоёрт, “бүтээн байгуулалт” нэртэй хөшөө дурсгалууд барихаа өнөөдрөөс зогсоож, тэр мөнгөө богино хугацаанд өгөөж өгөх төслүүдэд зориулах хэрэгтэй байна.

Татвар төлдөг цөөхөн хэдхэн хүнтэй, гэтэл нийгмийн халамж авдаг, улсаас цалин авдаг албан хаагчдын тоо нь тэднээсээ хэт их болчихсон. Ийм нөхцөлд бид хэзээ ч тогтвортой өсөлттэй эдийн засаг гэж яриад хэрэггүй.

Эрх баригчид хамгийн түрүүнд ажлын байр ярих ёстой байсан. Бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой байсан.

-Сүүлийн үед улс төр, бизнесийн салбарт мөн иргэдийн дунд эрчимтэй яригдаж байгаа нэг сэдэв бол зээлийн хүү. Монгол Улсад зээлийн хүүг нэг оронтой болгож бууруулахын тулд таны бодлоор ямар бодитой алхмууд хийх боломж байна вэ?

– Үүнд төрийн ухаалаг оролцоо маш чухал гэж бодож байна. Юу хийвэл зүйтэй талаар хоёр санал байна. Өнөөдөр үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх цаг болсон. Би зургаан жил public компанийн (манайхан төрийн компани гэдэг) зүүн эрэг хариуцсан санхүүгийн захирал хийсэн. Манай үнэт цаас Нью-йоркт үнэт цаасны арилжааны зах дээр зарагддаг байсан. Бидэнд мөнгө хэрэг болоход банкнаас гуйх шаардлага гардаггүй байлаа. Оронд нь IPO хийгээд өөрсдөө мөнгөө босгодог. Хэрвээ Монголд үнэт цаасны хуулиа сайжруулаад, тогтолцоог нь бүрдүүлээд хийвэл энэ бол банкны хүүг бууруулах шилдэг арга.

Хоёрт, банкинд мөнгөө хүүтэй хадгалуулж байгаа хүмүүст ашгийн өндөр татвар ногдуулах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн хадгаламжийн ашгаас нь шүү. Тэгсэн тохиолдолд мөнгөтэй хүмүүс мөнгөө зүгээр хадгалуулахаа болиод бизнес хийж, ажлын байр бий болгоно, мөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулна.

-Цар тахлын үед ийм их алдагдалтай төсөв баталсныг та юу гэж үзэж байна вэ? Үүний эерэг болон сөрөг дагавруудыг та нэрлэнэ үү?

-2020 онд дэлхийн олон орон алдагдалтай төсөв баталж байна. Тийм учраас би үүнд нэг их эмзэглэхгүй байгаа. Гэхдээ хоёр зүйлд маш их санаа зовж байна. Юуны өмнө, Их хурлын гишүүдийн эдийн засгийн мэдлэгийн цар хүрээнд. Саяхан би нэг гишүүний бичлэг үзэж байхад, яагаад юмны үнэ нэмэгдээд байна аа гээд гайхаад сууж байсан. Мөнгө тарааж байгаагаа мартсан уу, эсвэл мөнгө тараахын хор уршгийг мэдэхгүй юу. Тийм хүмүүс гурван сая хүний хувь заяаг шийднэ гэхэд санаа зовмоор л байна.

Хоёрдугаарт, юунд мөнгө зарцуулахаар баталж байгаа нь бас их хэцүү. Энэ хавар Улаанбаатарт усан оргилуур барьсан. Дэлхийн хөгжсөн орны хүйтэн хотуудад ихэнхдээ усан оргилуур байдаггүй. Яагаад жилийн 12 сарын гуравхан сард нь дулаан байдаг хотод усан оргилуур барьдаг юм бэ? Тэр мөнгийг ажлын байр бий болгоход зарцуулсан бол өнөөдөр хэдэн хүн Улаанбаатарт ажилтай байх вэ?

– Бүх хүнийг баян, ядуу ялгалгүй хамарч байгаа цар тахлын үед, нэн ялангуяа дундаж давхарга муутай Монгол Улсын иргэд санхүү, мөнгөний асуудлаа хэрхэн зохицуулж, юунд их анхаарах ёстой вэ?

-Брэндийн хувцас хөөхөө өнөөдрөөс эхлээд боль. Ер нь брэндийн компаниуд ядуу буурай орнуудыг онилж бараагаа зарах сонирхолтой байдаг. Энэ бол факт. Баян хүмүүст баян харагдах гэж ядах шаардлага байдаггүй.

-Та АНУ дахь монголчуудад тулгарч буй бэрхшээлийн талаар товч мэдээлэл өгнө үү? Энэ ташрамд асуухад тусгай нислэг, гадаад дахь иргэдийн татан авалт, Улсын онцгой комиссын үйл ажиллагааны талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Гадаадад байгаа монголчууд маань үнэхээр хэцүү байна. Долоо, найман сар хүний нутагт байгаад, одоо зарим нь гэртээ харих гэхэд билетний мөнгөгүй гацаж байна. МИАТ хуучин билетээр нь биш, шинээр билет авахуулж нисэх зөвшөөрөл өгч байгаа.

Гэр орныхоо тавилгыг зараад дуусаж байна. Тэгтэл Улсын онцгой комисс хариуцлага огт хүлээхгүй, удирдлага нь муу ажиллаж байгааг хараад гайхаж байна. Удирдлага сайн бол энэ хэмжээний хүмүүсийг гэрт нь ирэх боломжийг аль эрт гаргаж өгч болох байсан.

Өдийг хүртэл төсөв байхгүй гээд сууж байсан атал хотын удирдлага нэг, нэгэндээ 21 сая төгрөгийн шагнал хүртэл бичээд өгчихсөн л байна шүү дээ.

-Монгол бол дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй тун том давуу талтай улс. Бид энэ давуу талаа ашиглаж чадалгүй, бизнесүүдээ, эдийн засгаа хүнд байдалд орууллаа?

– Монгол Улс маань эдийн засгийн энэ боломжоо ашиглаж чадаагүйд би маш их харамсаж байгаа. Гэхдээ үүнд Монголын ард түмэн буруутай биш л дээ. Ер нь улс бол нэг айл л гэсэн үг. Айл яавал баян амьдрах вэ? Ямар нэгэн бизнес хийж, бараа бүтээгдэхүүн юм уу, үйлчилгээг бусдад зарж байж тэр айл баян амьдарна. Монгол Улс ч ялгаагүй. Гол нь гаргаж байгаа бүтээгдэхүүн чинь зах зээлийн үнэтэй харьцуулахад ямар байна, үйлдвэрлэлийн зардал, урсгал зардал, хүссэн ашгаа авч чадсан уу гэх мэт олон зүйлийг бодох хэрэгтэй л дээ.

Бидний урд Хятад гээд агуу том хөрш байна. Бид түүнийг өөрсдийнхөө талд ашигтайгаар ашиглаж болох олон боломж байсан ч харамсалтай нь зээл авч, өр тавихаас хэтрэхгүй байна даа.

-Ярилцлагын төгсгөлд та компанийнхаа талаар манай уншигчдад танилцуулна уу? Монголд үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд танай компани зөвлөгөө өгдөг үү?

-Манай “MCN Consulting Group” компани маркетинг, татвар, бизнес менежментийн гурван төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Манай багууд Америкийн зах зээлээр илүү мэргэшсэн болохоор бид одоохондоо Америкт үйлчилгээ үзүүлж байна. Гэхдээ Монголоос Америкийн зах зээлд нэвтрэх сонирхолтой компаниудад зориулсан үйлчилгээг манай компани санал болгох боломжтой.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны наймдугаар сарын (167) дугаараас

 

 

Mongolian Economy