Нягтлан бодогчид мэргэших нь бүтээмжийг 2.21 дахин өсгөдөг

tselmeg tselmeg
2020-11-09 09:30:05
Ангилал: Санхүү

Нэг сая хүн ам тутамд ногдох нягтлан бодогчдын тоо 500-аар нэмэгдэх бүрд нэг хүнд ногдох ДНБ 5073 ам.доллараар нэмэгддэгийг Олон улсын нягтлан бодогчдын холбоо (International Federation of Accountants – IFAC)  тооцоолжээ. Цаашлаад тухайн улс нь IFAC байгууллагын гишүүнчлэлтэй бол дээрх хамаарал 2.21 дахин их байдаг байна. Энэ талаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн (ММНБИ) ерөнхийлөгч Б.Түвшин “Мэргэжлийн нягтлан бодогчид үндэсний болон олон улсын түвшинд эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг. Нягтлан бодогчдын тоо олон байх нь эдийн засгийн үзүүлэлт сайн байхтай шууд хамааралтай. Харин IFAC-д элссэн мэргэжлийн байгууллагуудын гишүүд болон мэргэшсэн нягтлан бодогчид улс орныхоо эдийн засгийн үзүүлэлтэд илүү өндөр гүйцэтгэлтэй байдгийг олон үзүүлэлт харуулдаг” хэмээн Эдийн засгийн сэтгүүлч шинжээчдийн клубтэй хийсэн өглөөний уулзалтын үеэр тайлбарласан юм.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Улс орнуудын өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 2019 онд 141 улсаас 102 дугаарт эрэмбэлэгдсэн. Нийт 12 хэсэг бүхий 103 үзүүлэлтээр хэмждэг тус индексээр манай улс макро эдийн засгийн тогтвортой байдлаар сүүл мушгидаг. Үүнд нөлөөлдөг том шалтгаан нь улсын санхүүгийн салбарын менежмент аж.

Олон улсын жишгээр төсвийн үзүүлэлт тогтвортой, ил тод, хөрөнгө болон өр төлбөрийн удирдлага сайн, төсвийн стратеги төлөвлөлт бодлогод суурилсан, төсвийн гүйцэтгэлийг тааварлах боломжтой, нягтлан бодох бүртгэлийн тайлагнал ил тод, хөндлөнгийн хяналт, аудит нь мэргэжлийн түвшинд ажилладаг бол улсын санхүүгийн секторын менежмент сайн гэж үздэг аж. Харин манай улсын хувьд Засгийн газрын гадаад өр 14 тэрбум ам.долларт хүрсэн, төрийн албаны бүтэц данхар, төсөв алдагдалтай, эдийн засгийн хүртээмж муу байгаа нь санхүүгийн удирдлага туйлын хангалтгүй байгааг илтгэх хангалттай үзүүлэлт болж байна. Энэ талаар Б.Түвшин “Төсвийн үр ашигтай зарцуулалтыг товчхон дүгнэж хэлбэл бид олсноо хоол болгож идээд л, бүтээмж огт үйлдвэрлэхгүй байна гэсэн үг” гэв. Нэг ёсондоо улсын санхүүгийн менежментийг тодорхойлдог дээрх долоон үзүүлэлтийг тус бүрд нь дүн шинжилгээ хийж харвал манай улс туйлын тааруухан үнэлгээтэй явж байна.

Тиймээс бүтээмжийг сайжруулахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг ойлголтоос нь эхлээд засаж залруулан, зөв жишигт хөтлөх шаардлага бий аж. Төсвийн хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувиар манай улс бүс нутагтаа тэргүүлдэг. Жил ирэх бүр төсвийн зарлага орлогоо дагаад өссөөр байгаа. Зардлын томоохон хэсгийг хөрөнгө оруулалт эзэлдэг. Харамсалтай нь, гадаад өрийн хэмжээ нэмэгдэж, ажилгүйдэл дорвитой буурахгүй байгаагаас харахад төсвийн хөрөнгө оруулалт зардал төдий болон хувирч, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт болж чадахгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалт гэдэг үгийн мэргэжлийн ойлголт, нэр томъёог тодорхойлох чухал шаардлагатай байгааг Б.Түвшин онцолсон юм.

Зээлээр зам тавьж, барилга барих нь хэр оновчтой зарцуулалт вэ, төсвийн хөрөнгө оруулалтыг ямар эх үүсвэрээс бүрдүүлж, юунд зарцуулах талаарх бодлогоо тодорхой болгох ёстой аж. Зээлийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан тохиолдолд ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингэсэн салбарт зарцуулах, авсан зээлээ эргүүлээд өөрсдөө төлөх боломжтой системийг бүрдүүлж чадвал төсвийн хөрөнгө оруулалт эдийн засгийн бүтээмж болно.

Нөгөө талаар, 14 тэрбум ам.долларын гадаад өртэй дүйх үнэ цэн Монгол Улсад байна уу гэдгийг тогтооход нягтлан бодогчдын мэдлэг чадвар, тогтолцоо чухал ач холбогдолтой. Мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор улс орны хэмжээнд үнэ цэнийг тогтоож, санхүүгийн бүртгэл, тайлан тэнцэлд тусгах шаардлага их бий. Тухайлбал, зээл аваад барилга барьсан гэж тооцвол тухайн барилгын өртөг, дахин үнэлгээнээс гадна зах зээл дээр ямар хугацаанд хэдий хэмжээнд зарагдвал бодит үнэ цэн нь гарч ирэхийг тогтоох ёстой. Барилгын бодит үнэ цэн зээлийн үр ашигтай дүйцэж, эсвэл илүү гарч чадаж буй эсэх нь чухал.  АНУ-д нэг сарын дотор барилга зарагдахгүй бол үнэ цэн нь буурч эхэлдэг. Тиймээс олон улсын жишгийн дагуу зах зээлийн эрэлтэд суурилсан үнэ цэн тогтоох тогтолцоог бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой аж.

Аливаа улсын санхүүгийн салбарын менежментийг сайжруулах хөтөлбөрийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагууд баталж, хэрэгжүүлдэг аж.

Үүний хамгийн тод жишээ нь Шинэ Зеланд улс. Тус улс 20-иод жилийн өмнө манай улс шиг гадаад өр нь ихэссэн, бүтээмж муутай байсан бол өнөөдөр дэлхийн хамгийн бүтээмжтэй эдийн засаг болж чадсан нь мэргэжлийн байгууллагуудын идэвхтэй оролцоонд тулгуурлан тасралтгүй сайжирч ирсэнтэй холбоотой. Монголын хувьд ч мэргэжлийн байгууллагуудын оролцоо нэмэгдвэл бүтээмж сайтай эдийн засагтай болох суурь тавигдана гэсэн үг.

ММНБИ нь 4800 орчим гишүүнтэй бөгөөд үүний 40 хувь нь улсын санхүүгийн салбарт ажилладаг ба тэдний үүрэг оролцоо улс орны санхүүгийн менежментийг сайжруулахад өндөр байдгийг IFAC-ийн судалгаа харуулж байна.

tselmeg tselmeg