Олон улсын худалдаа логистикийн төвийн дэд захирал Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Нийслэлд дутагдаж байгаа амралт зугаалгын бүс, иж бүрэн төв байгуулагдах гэж байгаа нь олзуурхууштай. Яг ямар төслүүд хэрэгжих вэ?
-Манай олон улсын худалдаа логистикийн төв анх байгуулагдахдаа зөвхөн нийслэл хот доторх авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслэл худалддаг зах цэгүүдийг нэгтгэх зорилготой байсан бол тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж үйл ажиллагаагаа өргөтгөж 2018 онд “Олон улсын худалдаа логистикийн төв” төрийн өмчит ХК болгон өөрчлөн байгуулагдсан. Манай төв нийт 130 га талбайтай үйл ажиллагааны төлөвлөлөт хийгдэнэ. Мөн машины мэргэжлийн уралдаан тэмцээн, үзэсгэлэн худалдаа ихээр зохиогдох болсон, хиймэл нуур зэрэг давуу байдлуудтай. Иймээс Засгийн газар болон нийслэлийн бодлогын бичиг баримт нийцүүлсэн худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал амралтын төв байгуулах зорилгоор долоон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төсөлд маань 1.Хангарьд терминаль, 2.төмөр замын гаалийн хяналтын бүс 3. Улаанбаатар экспо үзэсгэлэнгийн танхим, 4.Авто сэлбэг, 5. тос тосолгооны материал, дагалдах хэрэгслэлийн бөөний төв, 6.Хүнс барааны худалдааны бөөний төв төсөл, 7.“Шувуут нуур” төсөл буюу мод үржүүлэг-цэцэрлэгт хүрээлэн гэсэн долоон төсөл багтаж байна. Хэрэгжих хугацааны хувьд 2022-2025 хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа бөгөөд 27 га газрыг хамарсан Шувуут нуур аялал жуулчлалын бүс байгуулагдах юм.
-Төслүүд хэрэв цогцоороо хэрэгжиж чадвал хотын баруун хэсгийн хөгжилд нилээд эерэгээр нөлөөлөх дүр зураг харагдаж байна уу?
-Баруун болон төвийн 16 аймгуудыг холбосон 100 автобусны зогсоол, 16900 метр квадрат талбайтай оффисын барилга, үйлчилгээний талбай, 300 машины зогсоол, нийтийн тээврийн дулаан авто зогсоол зэргийг цогцоор нь байгуулна.Гаалийн хяналтын бүсийг Сонгино хайрхан дүүргийн баруун хэсэгт байгуулах, Сонсголон Таван толгой чиглэлийн хуучин төмөр замыг ашиглалтад оруулж тээврийн хэрэгслэл бараа таваарын импортыг нэг цэгт төвлөрүүлнэ. Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл, Нарны зам Энхтайвны өргөн чөлөө Ажилчдын гудамж дагуу нийт 15 гаалийн хяналтын бүс байдаг. Эдгээр гаалийн хяналтын бүсүүдийн орчим ачаалал, бөөгнөрөл маш их байдаг бөгөөд Сонсголон Таван толгой хяналтын нэгдсэн гаалийн бүсийг байгуулснаар эдгээр хүндрэлүүд арилна гэж үзэж байгаа.
Ийнхүү төмөр замыг ашиглаж гаалийн хяналтын талбай бүхий ачаа тээврийн логистикийн төв байгуулагдснаар төвлөрлийг 12-15 хувиар бууруулна гэсэн мэргэжлийн байгуулагуудын судалгаа гарсан.
Түүнчлэн нийслэлийн томоохон үзэсгэлэнгүүд Мишээл эпспо-д болдог ч дөнгөж 2376 ам метр талбайтай. Шинээр баригдах үзэсгэлэнгийн талбай 10500 ам метр талбай бүхий, зоорийн байгууламжтайгаа нийлээд дөрвөн давхар том объект баригдах юм. Үүнийг дагаад олон улсын болон дотоодын үзэсгэлэн, худалдаа тасралтгүй явагдах боломжтой. Мөн банк, татвар, даатгал, авто тээврийн хэрэгслэлийн улсын болон шилжилт хөдөлгөөний бүртгэл, авто техникийн хяналтын үзлэгийн төв буюу оношлогооны газар, авто сэлбэгийн бөөний худалдааны төв, машин засвар гээд авто машинтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дор байрлуулах төв байгуулахаар төлөвлөсөн.
Эдгээр төслүүд цогцоороо хэрэгжихэд нийслэлийн баруун дүүрэгт тээвэр логистик, гаалийн хяналтын бүс, олон улсын худалдаа үйлчилгээний төв, аялал жуулчлал амралт, чөлөөт цагийн эко цогцолбор бүхий төв болно гэж тооцоолоод байна. Хангарьд терминаль байгуулагдснаар Таван шар, Сүлжмэлийн үйлдвэр, Энхтайваны өргөн чөлөөний авто замын түгжрэл буурна. Энэ орчмын бөөгнөрөл ачаалал Драгон төвөөс үүдэлтэй. Албан ёсоор 31 хэн автобусны зогсоолтой атлаа 14 аймгийн 800 гаруй хот хоорондын зорчигч үйлчилгээний тээврийн хэрэгслэл хүлээн авч хүмүүс болон автомашины ачаалал, хөдөлгөөний нягтрал, орчны чимээ, бохирдол түгжрэл зэрэг түмэн бэрхшээл дагуулж байдаг Драгон төвийг Хангарьд терминаль руу нүүлгэнэ гэсэн үг юм.
-Нуур хиймэл үү, байгалийнхаа тогтоцоор үүссэн үү?
-Энэ нутаг дэвсгэрт карьерийн зөвшөөрөл олгож ухсан нүх их хэмжээний талбайг эзлэх болж 2004 ондалбан ёсоор зогсоосон юм. Гэтэл газрын гүнээс ус ундарч 17 га талбай бүхий том хэмжээний нуур үүсэж шувуудаас гадна планктон, алгана, хэлтэг, сахалт эрээлж, шаамий зэрэг загас, хэд хэдэн төрлийн замаг нууранд байгааг мэргэжлийн байгууллага болон судлаач нар судалж байна.
Хамгийн сонирхолтой нь зэгс, бургас бүхий жижигхэн арлууд нуурын дунд үүссэн. Нууранд хун, галуу, хэд хэдэн төрлийн нугас, хар галуу, хондон ангир,цэнхэр шаазгай, улаан гүеэт хөөндий, ангир, цахлай зэрэг 42 овгийн 204 зүйлийн шувууд байгааг шувуу судлаач мэргэжилтнүүд тогтоогоод байгаа.
Нуурын усыг ч Усны газраас шинжилж үзээд цэвэр цэнгэг, унданд хэрэглэж болно гэсэн шинжилгээний хариуг гаргасан.
-Шувуут нуур аялал жуулчлал амралтын чөлөөт бүс болгох төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ямар асуудлуудыг шийдэх шаардлагатай байгаа вэ?
-Хэний ч гар хүрээгүй хөрөнгө мөнгөний зардалгүйгээр өөрөө бий болсон нуурыг түшиглэн иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрөөх ногоон цэцэрлэг мод үржүүлэг бүхий “Шувуут нуур” аялал жуулчлалын томоохон цогцолборыг бий болгох боломжтой гэсэн саналыг Нийслэлийн захирагч дэмжиж ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Юуны өмнө нуурыг цэвэрлэх, ойр орчим хаягдсан карьерын нүхнүүдийг дарж аюул ослоос сэргийлэх, иргэд амралтын өдрүүдээр оноороо ирж, хог бохирдол бий болгож байгаа тул талхлагдахаа нь урьтаж яаралтай хайс, хамгаалалт хийх шаардлагатай. Саяхан Туул голын сав газрын захиргаанаас Улсын усны мэдээллийн санд бүртгэн авч хамгаалалтын зурвасыг тогтоосон. Мөн байгалийн жамаар олон жилийн хугацаанд сэргэсэн Шувуут нуурыг түшиглэн аялал жуулчлал амралт зугаалгын бүс болгон хөгжүүлэх боломжтой газар гэсэн дүгнэлтийг гаргасан.
Түүнчлэн спортын болон аялал жуулчлалын холбоодтой хамтарч үйл ажиллагааны төлөвлөлтүүдийг хийж хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэх төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах, таван хошуу малын жижиг хүрээлэн бий болгох, хүмүүс амарч явахдаа төрөл бүрийн үйлчилгээ авч, худалдан авалтаа хийдэг цогцолбор бүхий иргэдийн амралт аялал жуулчлалын мега бүсийг бий болгоход Засгийн газраас бизнес гэсэн утгаар харалгүй дорвитой шийдвэр гаргавал хөрөнгө оруулалтын асуудал төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэгдэж төсөл амжилттай хэрэгжих юм.