Говийг баянбүрд болгож буй “Хөвчийн загвар”

Сарангуа Төмөр
2019-07-29 11:53:35
Ангилал:

Монголоос нүүсэн элсэн шуурга Бээжингээр дайрч, Солонгосын Хойг, Японы аралд хүрч буй тухай сүүлийн хэдэн жил олон улсын хэвлэлүүдээр мэдээлэх болсон. Говь, цөлийн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулах тухай эрдэмтэн, судлаачид байнга дуу хоолойгоо хүргэдэг ч өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадаагүй л байна. Харин БНХАУ цөлжилтийн эсрэг бодитой ажил хийж говь, цөлийг ногооруулж баянбүрд болгожээ. Энэ ажлыг гардан гүйцэтгэсэн компани нь 30 жилийн түүхтэй Хятадын алдарт Илион Ресурсэс Групп (Elion Resources Group). Засгийн газрын дэмжлэг дор тус компани өнгөрсөн 30 жилийн хугацаанд шантралгүйгээр, зогсолтгүйгээр олон хүний боломжгүй гэж бодож байсан зорилтын төлөө болохгүйгээс нь болох хүртэл зүтгэсэн. Товчхондоо, Хятад улсын говийг ногооруулсан туршлага Илион Ресурсэс Группийн түүх гэж хэлж болно. Тэд говийг ногооруулаад зогсохгүй өдгөө бүр эдийн засгийн хувьд ихээхэн үр ашигтай ажиллаж буй тухай тус компанийн гүйцэтгэх захирал Хэ Пэнфэй хэлсэн юм.


Илион Ресурсэс Групп нь 1988 онд байгуулагдсан. Хятадын байгаль, орчин экологийн тэргүүлэх компани төдийгүй НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний тэргүүлэх компани. Тус компанийг амжилтад хүргэсэн гол төсөл нь БНХАУ-ын хойд хэсгийн Өвөр Монголын Автономит Мужийн Хөвчийн элс гэх цөлийг ногооруулсан туршлага буюу “Хөвчийн загвар” юм. Хөвчийн элс нь 18600 гаруй км.кв нутаг дэвсгэрийг хамарсан Хятадын долоо дахь том элсэн цөл. 1980,90-ээд оноос хойш өвөл, хаврын улиралд Хөвчийн элсний шороон шуурга 800 гаруй км-ийн зайтай Бээжин хот руу нүүх болжээ.

Илион Ресурсэс Группийг үндэслэгч Ван Вэнбиао 28 насандаа буюу 1988 онд Хөвчийн элсэн цөлийн гүнд орших давсны үйлдвэрийн даргаар томилогдсон байна. Жилийн турш шуурах элсэн шуурга болон дэд бүтцийн хүнд нөхцөл байдлын улмаас тус компани хэдэн зуун мянган тонн давсан бүтээгдэхүүнээ цөлөөс түгээлтэд гаргахын тулд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг байжээ. Хэдийгээр үйлдвэрээс галт тэрэгний буудал хүртэл ердөө 60 км зайтай байсан ч зам нь шороон шуурганд боогддог байсны улмаас 300 гаруй км зам туулахад хүрдэг байв. Иймээс тээврийн зардалдаа ашиг орлогынхоо дийлэнх хэсгийг зарцуулдаг тус үйлдвэр зах зээлийн өрсөлдөөнийг даван туулахын тулд цөлийн эдийн засгийг бий болгохоор шийджээ. Ван Вэнбиаогийн удирдлаган дор давсны үйлдвэр нэг тонн давсны ашиг орлого тутмаас таван юанийг цөлд зам тавьж, мод тарихад зарцуулахаар болов. Тухайн үед зам гаргасан ч шөнөдөө шороон шуурганд дарагдаж, мод тарьсан ч ус хангалтгүйн улмаас зундаа үхдэг байлаа. Түүнд нэгэн хүн, “Өмнө нь хэний ч хийж чадаагүй зүйлийн төлөө дэмий мөнгөө үрж байна.” гэж хэлэх хүртэл Ван Бэнбиао маш олон удаа бүтэлгүйтсэн. Харин олон жилийн хүчин чармайлтынх нь үр дүн 1999 онд биелж, 65 км урт үргэлжлэх транс-цөлийн хурдны замын ажил дуусаж ашиглалтад оржээ. Ийнхүү хурдны замыг шороон шуурганд дарахаас сэргийлэхийн тулд элсэрхэг газрын шороог сантиметрийн завсар гарах төдий төмөр тороор бүрхэж, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай чихэр өвс болон унжгар уд модыг тарьж эхэлжээ.

Энд онцлон хэлэхэд, чихэр өвс нь говь цөлд хамгийн тохиромжтой, тэсвэртэй бөгөөд тарьснаас хойш гурван жилийн дараа ойр орчимд нь бусад төрлийн хүнсний ногоо тарих боломж бүрддэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд Хөвчийн элс сантиметр сантиметрээр ногоорч шороон шуурганы давтамж цөөрсөөр байна. Өнгөрсөн 30 жилд Илион Групп Хөвчийн элсэн цөлийн 6000 гаруй км.кв талбай бүхий газар нутгийг буюу Катар улсын газар нутагтай тэнцэхүйц хэмжээний газрыг баянбүрд болгон хувиргажээ.

1988 онд жилийн дундаж хур борооны хэмжээ 100 мм-т ч хүрэхгүй байсан бол 2016 онд 456 мм болжээ. 1988 онд Хөвчийн элсэн цөлийн ердөө 3-5 хувийг ногоон ургамал бүрхсэн байсан бол 2016 онд ногоон ургамал бүрхсэн газар нутгийн хэмжээ 53 хувьд хүржээ. Цөлд өмнө нь огт харагдаж байгаагүй алаг тогоруу хүртэл үзэгдэх болов. 30 жилийн өмнө Хөвчийн элсэнд ердөө 10 хүрэхгүй төрөл зүйлийн зэрлэг амьтан тоологдож байсан өдгөө 530 гаруй төрөл, зүйлийн ан амьтан бүргэгдсэн байна.

Бүтэлгүйтлээс амжилтад хүрэх хугацаанд Илион Группийн олж мэдсэн нэгэн чухал санаа нь Күнзийн хэлж байсан, “Байгалийг сөрж бус байгальтайгаа зохицож байж үр дүнд хүрнэ.” гэсэн үгийг ойлгож ухаарсан явдал хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Хэ Пэнфэй хэлсэн. Тухайлбал, салхины хүч, чиглэл, газар орны онцлог дээр тулгуурлан мод тарьж эхэлжээ. Хятадын Умард хэсэгт баруунаасаа салхитай учир уулын хормойн салхигүй хэсгээс эхлэн мод тарих болов. Өнгөрсөн хугацаанд Илион Групп цөлд ургамал, ногоо тарих 100 гаруй төрлийн арга барилыг хөгжүүлжээ. Анх орон нутгийн иргэдийн хүчээр мод нэг бүрийг суулгаж эхэлсэн бод одоо ус, үндэс, үртэй нь хамт тухайн оноосон байрлалд модыг дроноор суулгаж байна. Мөн 10 секундэд нэг мод суулгах технологийг ч боловсруулжээ.

Үүнээс гадна говь, цөлийн нар болон газрын нөөц бололцоон дээр түшиглэн хүлэмжийн аж ахуй, хэмнэлттэй усалгааны систем зэргийг боловсруулан орчин үеийн хөдөө аж ахуйг Хөвчийн элсэнд хөгжүүлэв. Өнгөрсөн хугацаанд говийг ногооруулсан хүчин чармайлтын үр дүнд сул элсэн шороотой байсан газар нэг сантиметр зузаан хөрстэй болжээ. Энэ хөрсөн дээр ногоо тариалах боломжтой бөгөөд одоо Хөвчийн элсэнд тарвас, өргөст хэмх, улаан лооль зэрэг ногоог ургуулж байгаа юм. Мөн нарны эрчим хүч хуримтлуулах хавтантай хосолсон ногоо тарих туршлагыг нэвтрүүлсэн нь цөлжилтийг бууруулах, эрчим хүч хуримтлуулах, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, ядуурлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой байна.

Говь цөлийг ногооруулж, баянбүрд бий болгосноор орон нутгийн иргэдэд ногоон хөгжил дээр суурилсан хөгжлийн гэрэл гэгээг түгээж эхэлжээ. Илион Ресурсэс Групп бордоо, ус, эм, мод, бут сөөгний үйлдвэрийг байгуулж орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна. Мөн говь цөлийг ногооруулсан туршлагаа үзүүлэх аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэх зэргээр иргэдийг ажилтай, орлоготой болгож байна. Энэмэтчилэн оршин суугчдын амьдрал ахуй сайжирч, 2016 оны байдлаар л гэхэд Хөвчийн элсэн цөлийн бүс нутгийн нэг хүнд ноогдох жилийн дундаж орлого 15354 юаньд хүржээ. Өнгөрсөн хугацаанд Хөвчийн элсэн цөлд амьдардаг 36 айл өрх Илион Групптэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр эдгээр иргэд нь тухайн бүс нутагтаа ихээхэн баян чинээлэгт тооцогдох болжээ.

Цаг хугацаа, хүний хүч, зардал мөнгө харамгүй гаргаж хийсэн ногоон бүтээн байгуулалт өдгөө амжилттай бизнес болж хувирсныг ийнхүү онцлон бичлээ. Өдгөө Илион Ресурсэс Групп компани нийт 10 тэрбум юанийн хөрөнгөтэй, 8000 гаруй ажилтантай. Илион Ресурсэс Группийн 30 гаруй жилийн үйл ажиллагааг НҮБ-ын хүрээлэн буй орчны албанаас 50 тэрбум юанийн өртөг бүхий байгалийн эх баялгийг бүтээсэн хэмээн үнэлжээ. Мөн тус компанийн байгаль хамгаалах “Хөвчийн загвар” нь НҮБ-ын Байгаль орчин болон хөгжлийн шагналыг хүртсэн байна.

Хятад улс ийнхүү Хөвчийн элсийг баянбүрд болгосон туршлагаа “Бүс ба Зам” санаачилгаар дамжуулан цөлжилтөд нэрвэгдээд буй Казахстан, Пакистан, Саудын Араб, Иран зэрэг Ойрх Дорнод, Төв Азийн орнуудад нэвтрүүлэхийг зорьж байгаа юм. Илион Ресурсэс Групп 2007 оноос хойш НҮБ-ын Хүрээлэн буй орчны алба, БНХАУ-ын Ойн яам, ӨМӨЗО-ны Ордос хотын Засгийн газартай хамтран жил бүр “Хөвч цөлжилтийн форум”-ыг тогтмол зохион байгуулж, байгаль орчныг хамгаалж буй туршлагаа хуваалцаж байна.

Mongolian Economy сэтгүүлийн сурвалжлагч Т.Сарангуа Бээжин хотоос бэлтгэв.

Сарангуа Төмөр