“Говийн бүс”-ийг уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд бүхий аж үйлдвэржсэн төв болгон хөгжүүлнэ
“Монголын эдийн засгийн чуулган-бүсчилсэн форум”-ын нэг чухал хэлэлцэх сэдвийн нэг болох “Говийн бүс” салбар хуралдаан хоёрдугаар сарын 1-нд боллоо.
Засгийн Газрын “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын “Говийн бүс”төслийн хүрээнд Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгууд хамрагдаж байгаа бөгөөд манай улсын уул уурхайн нийт бүтээгдэхүүний ялангуяа зэс нүүрсний баяжмалын 90 хувь нь говийн бүсээс нийлүүлэгдэж байна. Тийм ч учраас салбар хуралдаанаар говийн бүс нутагт жонш, зэс, нүүрс боловсруулах үйлдвэр, мөн Дорноговь аймагт ган төмөрлөг боловсруулах арматурын үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн, Дорноговь аймагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий эдээр дутагдах магадлалтай байгаа болон дээрх үйлдвэрүүд ашиглалтад ороход ажиллах металлургийн инженер техникийн ажилтнуудыг дотоодын их дээд сургуулиудад бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг барих газрыг сонгохдоо дөрвөн аймгаас мэргэжлийн ажлын хэсэг гарч ажиллах, сэргээгдэх эрчим хүчний нөөц нар, салхи ихтэй говь нутагт Араб, Англи, БНХАУ, ОХУ зэрэг орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийг байгуулах, хөрөнгө оруулалт хийх санал тавьж буйг яаралтай судлах, эхлүүлэх, цаашид ч жонш болон бусад ашигт малтмалын нөөц ашиглах тул мега төслүүдэд хувийн хэвшлийг оролцуулж өрсөлдөөн бий болгох зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Түүнчлэн томоохон мега төслүүд геополтикийн болон улс төрийн нөлөөллөөс болж удаан жилээр гацаж байгаад анализ хийн Засгийн газрын бодлого, эрхзүйн орчин, татвар, газар олголт, төлбөр зэрэг асуудлуудыг боловсронгуй болгох баяжуулах үйлдвэрүүдийг барихдаа гадаад дотоодын компаиудын хамтарсан консерциум байгуулах, кластер төслүүдэд жижиг дунд үйлдвэрүүдийг татан оролцуулах шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.