Т.Намжилмаа өөрийгөө уурхайд ажилладаг эмэгтэй болно гэж огтхон ч төсөөлөөгүй байсан юм. 18-хан настай охин Завхан нутгаас Улаанбаатар хотод орж ирээд ШУТИС-ийн Харилцаа холбоо мэдээллийн сургуулийн оюутан болж, электроникийн инженер мэргэжлээр дүүргэв. Тэрбээр мэргэжлээрээ ч ажилласангүй. Барилгын компанид зураг төслийн ажилтнаар цагийн ажил нэг жил гаран хугацаанд хийв. Их сургууль дөнгөж төгссөн ажилтны цалин бага. Дээрээс нь цагийн ажлыг хэлэх үү. Ингээд Т.Намжилмаа өөр ажил хайж эхлэв. Яг энэ үед Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниас ажлын байр зарлаж, олон ажилтан уурхайд авч байх үетэй таарсан юм. Энэ бол 2009 он.

Т.Намжилмаа анкет бөглөөд удалгүй ярилцлаганд дуудагдаж тэнцсэнээр уурхайд ажиллах болсноо сонсоод ихэд баярлажээ. Гэхдээ тэр ямар газар очиж, юу хийхээ сайн ойлгоогүй, учрыг гүйцэд ухаагүй байв. Баруун аймгийн охин Өмнийн говийг сонссоноос өөрцгүй. Гүүглээс хамгийн түрүүнд хаана очихоо мэдэхийн тулд “Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюутолгой уурхай” гэж хайлаа. Гэтэл түүний төсөөлснөөс дор зүйл буюу хэдэн гэр гарч иржээ. Энэ үед түүний толгойд “Би яг хаана, ямар ажилд орчихов оо” гэсэн бодол зурсхийв. Гэлээ ч явахаар шийдэв.

Уулс цасан малгайгаа өмссөн дүн өвлийн хүйтнээр гэгээхэн бодолд автсан залуу бүсгүй Улаанбаатараас Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу нисэхээр онгоцонд суулаа. Харин Даланзадгадаас Оюутолгой уурхай руу Камаз машинаар явж хүрэв. Ханбумбатын онгоцны буудал баригдаагүй, шороон зурвастай, бороо цас орохоор онгоц буух боломжгүй үе байв.

“Оюутолгой” компанийн Хөндлөн нэвтрэлтийн багийн ахлах мэргэжилтэн Т.Намжилмаа

Даланзадгадаас уурхай хүртэл 200 гаруй км. Говийн дэржигнүүртэй шороон замаар мөн анх удаа Камаз машинаар явж байгаа 21 настай эмэгтэйг төсөөлье. Түүний төрсөн нутаг нь Завхан аймгийн Сонгино сум. Завхан бол өндөр уул, том даваа гүвээ, гол мөрөн, нуур, ой модоор хүрээлэгдсэн нутаг. Ийм л нутгийн охиныг Өмнийн говиор Камаз “хөлөглөн” уурхай хүрэхэд интернэтээс үзсэн нөгөө хэдэн гэр угтан авлаа. Намжилмаагийн нөгөө бодол улам лавширч, “Удаан ажиллахгүй, хэдхэн сар л ажиллья, тэсэх хэрэгтэй” гэсэн тушаал өөртөө өгөв.

Т.Намжилмаа Оюутолгой гүний уурхайн барилгыг барьж буй “Рэдпаф Монголия” компанийн зураг төслийн инженерээр ажиллаж эхлэв. Түүний хувьд уурхайн мэргэжилтэн биш учраас ямар ч мэдлэггүйн дээр газрын гүнд буюу 1300 км-ийн дор тунэл барина гэж үнэндээ төсөөлж чадахгүй байлаа. Уурхайн өөр олон ажилтанд газрын гүнд уурхай барих төсөөлөл нэг л сайн бууж өгөхгүй байсан гэдэг. Гэхдээ тэд чадна, зүтгэнэ гэсэн итгэлээр хөглөгдөж, нэг л өдөр гүний уурхай ашиглалтад орно гэдэгт итгэж байв.

Намжилмаа газрын гүнд буюу 1300 км-ийн дор тунэл барина гэж үнэндээ төсөөлж чадахгүй байлаа. Уурхайн өөр олон ажилтанд газрын гүнд уурхай барих төсөөлөл нэг л сайн бууж өгөхгүй байсан гэдэг. Гэхдээ тэд чадна, зүтгэнэ гэсэн итгэлээр хөглөгдөж, нэг л өдөр гүний уурхай ашиглалтад орно гэдэгт итгэж байв.

“Газрын гүн рүү орох эхний 1-2 сарын сургалтууд авахдаа их айдастай байсан. Харин өнөөдөр бид ямар ч айдасгүй болсон. Оюутолгой уурхайн бүх хууль дүрэм, стандарт уурхайчид, ажилтнуудын аюулгүй байдлын төлөө байдаг. Мөн дэлхийн стандартаас ч дээгүүр учраас бид итгэл төгс ажлаа хийдэг” хэмээн Т.Намжилмаа ярив.

Намжилмаагийн бодол өөрчлөгдөв

Хангай нутгийн охин говийн наранд халахдаа халж, хөрөхдөө хөрж, мэдэхгүй, чадахгүй олон асуудалтай тулгарч, уурхайн амьдралд хөл тавьсны дүнд эхний сарын цалингаа авав. Дансандаа орсон мөнгийг хараад нүдэндээ итгэсэнгүй. “Өө ийм байвал цаашид хэдэн сар тэсээд ажиллаж болж байна шүү” гэж бодов. Анхны цалингаараа аав, ээж, ах дүүдээ бэлэг авч өгснөө дурслаа.

Хэдэн сар л тэсэх бодолтой явсан Т.Намжилмаа өнөөдөр дунд нь гурван жил өнжсөнийг эс тооцвол 9 дэх жилдээ ажиллаж байна. “Эхний 1-2 жил амар байгаагүй. Цалиндаа хөтлөгдсөөр хэдэн жил болчихсон байсан, дараа нь ажилдаа дуртай, уурхайдаа хайртай болсон. Уурхай маань өнөөдөр миний хоёр дахь гэр болжээ” хэмээн ярив. 13 жилийн дараагаас эргээд харахад хэдэн гэр маань уул уурхайн том цогцолбор болж, бүтээн байгуулалтууд өрнөж, олон мянган ажилтантай болж, дэлхийд нэрээ гаргасан, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхон ярилцдаг төсөл болсонд баяртай байна гэж Намжилмаа нэмж хэллээ.

Түүний уурхай дагасан амьдрал нь ч богино хугацаанд орвонгоороо өөрчлөгджээ. Говьд ирэхээсээ өмнө нөхөртэйгээ танилцсан залуу бүсгүй уурхайд ажилласныхаа яг нэг жилийн ойгоор охиноо төрүүлэв. Залуу гэр бүл шинэ хүнээ шинэ байранд угтаж авлаа. Нөхөр нь ч мөн Оюутолгой уурхайд цахилгааны инженерээр ажиллаж эхэлжээ. Мөнхбатынх гэдэг айл Оюутолгой уурхайтай холбогдож, төслийн үр шимийг хүртэж, амар тайван аз жаргалтай амьдарч буй олон залуусын нэг болов.

Т.Намжилмаа өнөөдөр 1200 гаруй хүнийг удирдаж байна. 2019 онд “Оюутолгой” компани руу шилжиж, газар доорх тунэлийг барьж буй “Даян контракт майнинг” компанийг Оюутолгой талаас хариуцдаг ахлах мэргэжилтэн болжээ. Тэрбээр төслийн бүх л багт ажилласан, их ч туршлага хуримтлуулж, ихийг мэдэж авснаа ярих дуртай. Зураг төслийн инженер, уурхайн инженер, ахлах инженер одоо “Оюутолгой” компанийн Хөндлөн нэвтрэлтийн багийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Өнөөдөр түүний баярт өдөр. 13 жилийн ажлын үр дүн гарсан өдөр. 13 жилийн төсөөлөл нь биелж, бодит болсон өдөр.13 жилийн турш хүсэн хүлээсэн өдөр нь.

Гүний уурхайн анхны тэсэлгээ

2022.01.25 Өмнийн говьд сайхан дулаахан өвөл болж байна. Т.Намжилмаа 13 жилийн өмнө Камаз машинаар говийн шороон зам дээгүүр давхиж уурхайд хүрч байсан бол би Ханбумбат онгоцны буудалд МИАТ-ийн онгоц “хөлөглөн” бууж, тухтай автобусаар сайжруулсан шороон замаар давхисаар уурхайд хүрлээ. Оюутолгой уурхайд зочилсон миний хоёр дахь томилолт энэ юм.

Шинэ оны эхэн сарын энэ өдөр гүний уурхайн үйлдвэрлэлийн нээлт болж, уурхайн анхны тэсэлгээг хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгсөн юм. Гүний уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ийн эхэллээ. 13 жилд олон ч асуудалтай нүүр тулж, хэдэнтээ гацаж, төслийг зогсох дээрээ тулсан цаг үе ч бий. Энэ бүхний эцэст уурхай урагшлан хөдөллөө. Ухрах замгүйгээр, үйл ажиллагааг дундаас нь таслан зогсоох боломжгүй технологийн үйл ажиллагаа явагдаж ийн эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгой гүний уурхайн огтлох малталт эхэлснээр манай улсын эдийн засгийг 2-3 дахин тэлэх түүхэн үйл явдал боллоо”

Дэлхийн болоод Монголын уул уурхайн салбарын түүхэнд бичигдэх том үйл явдал боллоо гэдгийг талууд онцолсон. “Рио Тинто”, Монголын Засгийн газрын хооронд жил гаруй хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх ойлголцолд хүрсэн нь нэн сайн. Ингэснээр 2023 оны 4,5-р сар гэхэд гүний уурхайг бүрэн хүчин чадлаар ажиллуулах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Харин хоёр талын хэлэлцээр цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон нэмэлт төлөвлөгөө, татварын маргааны асуудлаар үргэлжилнэ.

“Оюутолгой нь Монгол Улсын эдийн засгийн томоохон төслүүдийн нэг. Өнөөдөр гүний уурхайн огтлох малталт эхэлнэ гэдэг бол манай улсын эдийн засгийг 2-3 дахин тэлэх түүхэн үйл явдал. Мөн дэлхийн таван том уурхайн нэг болж, зэсийн томоохон тоглогч болох боломж бий болж байна” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон. Харин “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Монголын Засгийн газар, “Туркойс Хилл ресурсес”, “Рио Тинто” компани хамтран хэд хэдэн хэлэлцээ хийж, түншлэл хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж байна. Бид огтлох малтлагын тэсэлгээг хийснээр олон арван жил үргэлжлэх үйл ажиллагааг эхлүүллээ. Оюутолгойн ирээдүй, хамтын ажиллагааг бид маш өөдрөгөөр харж байна” гэсэн юм.

Хэлэлцээрийн явцад “Рио Тинто”-гийн зүгээс хоёр ч захиаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн. Хоёр дахь захидлаараа Монголын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж, гүний уурхайн олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт санхүүжилтийг “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсес” компаниуд бүрэн хариуцах санал ирүүлсэн нь Монголын Засгийн газрын тэргүүнийг сэтгүүлчдийн хамт Оюутолгой уурхайд очиж, гүний уурхайн үйл ажиллагааны нээлт хийхэд хүргэсэн билээ.

“Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд: “Монгол хүний хувьд сэтгэл догдолж баяртай байна.14 мянга гаруй монгол ажилтан маань гүний уурхайн түүхэн тэсэлгээгээр анхны олборлолтын ажлаа эхлүүлэхэд бэлэн боллоо. Энэ бол гадаад, дотоодын олон хүний арван хэдэн жилийн хөдөлмөр” гэв.

“Монгол хүний хувьд сэтгэл догдолж баяртай байна.14 мянга гаруй монгол ажилтан маань гүний уурхайн түүхэн тэсэлгээгээр анхны олборлолтын ажлаа эхлүүлэхэд бэлэн боллоо. Энэ бол гадаад, дотоодын олон хүний арван хэдэн жилийн хөдөлмөр. Нөгөө талаас хариуцлага нэмэгдэж байна. Хэлсэн үгэндээ хүрч, ажлаа чанартай гүйцэтгэх, 2023 оны нэгдүгээр хагаст уурхайгаа бүрэн ашиглалтад оруулах хариуцлагатай мөч ирж байна” гэж “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд тэмдэглэсэн бол “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат “Оюутолгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.363 сая ам.долларын зээлийн өр тэглэгдлээ. Энэхүү зээлийг тэглэснийг баталгаажуулж  “Туркойс Хилл ресурсес” компанийн захирал Лук бид хоёр гарын үсэг зурж, батламжиллаа. Монгол Улс цаашид Оюутолгой төслөөс ашиг хүртэх ижил тэнцүү хувь эзэмшигч болж байна” гэв.

Монголчуудын чихэнд чимэгтэй сонсогдож буй онцлох цөөн тоог хүргэе. Гүний уурхай ашиглалтад бүрэн орсноор:

– Монгол Улс дэлхийд эхний 5-д орох гүний уурхайтай болно.
– Монгол Улсын төсөв, эдийн засагт орох өгөөж хамгийн багадаа 3 дахин нэмэгдэнэ.
– Оюутолгой ХХК 5 тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3 дахин нэмэгдэж, жилийн 700 сая ам.долларт хүрэх урьдчилсан тооцоолол бий.

Бүтээн байгуулалтын гэрч

Манай нийтлэлийн гол баатар Т.Намжилмаа дээрх тоон мэдээллийг уншаад уурхайдаа, хамт олондоо баярлалаа гэж хэллээ. “Миний эхнээс нь ажилласан уурхай улсын эдийн засагт ийм том хувь нэмэр оруулж, эх орны хөгжлийг урагшлуулж байгаа нь сайхан байна” гэсэн юм. Тэрбээр саяхан эдийн засагч Ч.Хашчулууны “Оюутолгойн улсын эдийн засагт үзүүлсэн үр нөлөө” лекцийг сонсоод өөрөөрөө бахархах сэтгэл төржээ. Цар тахлын үеийн хоёр жилд Оюутолгой уурхай Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол ачааг нуруундаа үүрч байгаа тухай эдийн засагчийн яриаг сонсож суухдаа өмнөхөөс ч илүүтэй сайн ажиллахыг хүссэн гэсэн юм.

Намжилмаа томоохон бүтээн байгуулалтуудын гэрч юм. Тэр 2013-2016 онд Оюутолгой уурхайг зогсоход Шинэ төмөр замын ТЭЗҮ болон шинэ нисэхийн төслүүд дээр ажиллаж байгаад эргээд уурхайдаа очжээ.

Говиос явах бодол нь хэдийн хийсэн одож, харин ч уурхайдаа тогтвортой ажиллаж, ирэх 10 жилд уурхайгаа дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн байхыг харах нь түүний зорилго болжээ.

Мөн бусад улс орны тэргүүлэх мэргэжилтнүүд дэлхийн шилдэг Монголын уурхайд ажиллахаар зорин ирэхийг харах нь түүний бас нэг мөрөөдөл.

Оюутолгойн гүний уурхайд ажилласан анхны эмэгтэй гэдгээрээ тэр үргэлж бахархах нь мэдээж. Уурхайд монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж чаддаг гэдгийг үлгэрлэж яваа нь түүний бас нэг гавьяа. Монгол Улсын хуулиар эмэгтэй хүн гүний уурхайд ажиллах боломжгүй байсан бол 2016 онд хуульд өөрчлөлт орсноор монгол эмэгтэйчүүд гүний уурхайд ажиллах эрх зүйн орчин нээгдэж, Оюутолгой гүний уурхайд ажилласан анхны монгол эмэгтэй нь Түмэнжаргалын Намжилмаа болж байгаа юм.

“Монголчууд цаашид уурхайгаа авч явна. Тиймээс би уурхайнхаа илүү сайн боловсон хүчин нь байж, дэлхийн хэмжээнд хүрсэн уурхайгаа удирдаад явах мэргэжилтнүүдийн нэг болно” гэж гүний уурхайн эмэгтэй итгэлтэйгээр хэллээ.

 

 

 

 

 

 

Д.Бэхбаяр