Г.Жуков ба Монголын ард түмэн
Халхын голын дайны гялалзсан од нь залуу командлагч Георгий Жуков байв. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Улаанбаатар хотын хүндэт иргэн тэрбээр Зөвлөлт, Монголын цэргүүдийг удирдан Халхын голын дайнд орохдоо байлдааны шинэ стратеги, тактик боловсруулсны зэрэгцээ Зөвлөлтийн
шинэ онгоцууд агаарт ноёлсон цэргийн өвөрмөц ажиллагаа явуулжээ. Дорно зүгт японуудын өдөөн хатгалга хэрээс хэтэрч Зөвлөлт, Монголын цэргүүдийн давшилт амжилтгүй болоод байсан түгшүүртэй нөхцөлд ЗХУ-ын удирдлага Г.Жуковыг Монгол дахь 57 дугаар корпусын командлагчаар томилсон юм.
Халхын голын дайн нь хамрах хүрээ, үргэлжилсэн хугацаагаар бага боловч ЗХУ-ын түүхэнд стратегийн чухал алхам болсон юм. Маршал Г.К Жуков Халхын голд өөрийн гайхалтай карьерын эхлэлийг тавьжээ. Г.Жуковыг хязгаарлагдмал хүчээр хамгийн бага хохирол гаргаж тавьсан зорилгодоо хүрдэг, цэргийн ажиллагааг урлаг болтол хөгжүүлсэн цөөхөн хүний нэг гэж түүхчид үнэлдэг. Халхын голын тулаанд тэр эрс шийдэмгий алхмууд хийж, Баянцагааны тулаанд японуудыг ухралтанд оруулж, удалгүй Японы зургадугаар армийг Халхын голын зүүн эрэгт гэнэдүүлэн цохисон юм.
Г.Жуковыг хязгаарлагдмал хүчээр хамгийн бага хохирол гаргаж тавьсан зорилгодоо хүрдэг, цэргийн ажиллагааг урлаг болтол хөгжүүлсэн цөөхөн хүний нэг гэж түүхчид үнэлдэг
Халхын голын ялалтын дүнд японууд Монголын зүүн хилийг дамнуулан төмөр зам барих, түүгээрээ дамжуулан Зөвлөлтийн хил рүү зэр зэвсэг зөөж, улмаар ЗХУ руу өргөн дайралт хийх төлөвлөгөөнөөсөө татгалзаж, зүүн өмнө зүгт хүчээ шилжүүлэхэд хүргэжээ. Ийнхүү Халхын голын тулаан ЗХУ-ын дорно зүгт үүсээд байсан аюулыг арилгахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Маршал Г.К Жуковын түүхэн гавьяаг монголчууд одоо ч ихэд үнэлдэг.
Түүний дурсгалд зориулсан анхны хөшөөг Зөвлөлтөд биш, Монголд босгож байв. 1979 онд Халхын голын тулааны ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо Г.К Жуковын гэр музей байгуулжээ. Музейн үзмэрийг бүрдүүлэхэд ЗХУ-ын БХЯ-ны төв музей, Монголын цэргийн музейгээс үзмэрийн зарим зүйл, түүнчлэн маршалын охиноос түүний хэрэглэж байсан хувийн
эд зүйлийг авчирчээ. Харин хоёр жилийн дараа дэргэд нь гурван метр өндөр хөшөө босгов. Эдүгээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах Жуковын хөшөө нь ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын Монголд айлчлахдаа заавал ирж хүндэтгэл үзүүлдэг түүхэн дурсгалын нэг болсон билээ.
/Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас. 2021 он/