Г.Эрдэнэзул: Сурагч, оюутан, залуус болон тэтгэврийн насны иргэд цагаар ажиллах боломжтой

Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн зохицуулагч Г.Эрдэнэзултай хувийн туслах үйлчилгээний ажлын талаар ярилцлаа.
– “Нийтэд хүртээмжтэй нийгмийн төлөө” хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувийн туслах үйлчилгээний төслийн талаар та танилцуулсан нь сонирхолтой байлаа. Эхлээд өөрийгөө танилцуулна уу?
-Би оюутан байхдаа, БИС-ийн нэгдүгээр курстээ 2014 онд гэмтээд, хүзүү нугасны гэмтэлтэй болж, тэргэнцэр дээр суудаг болсон. Сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад гэртээ байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч болдог гэсэн мэдээлэл авч, сурч байсан сургуульдаа өргөдөл өгсөн. Ингээд дахин сурч, 2017 онд Боловсролын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
Сургууила төгсөөд, мэргэжлээрээ ажиллаагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбарт ажилладаг болсон. Одоо Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн зохицуулагчаар ажиллаж байна.
-Сүүлийн жилүүдэд цагийн ажил хайдаг иргэд олон болсон. Танай ТББ-ууд хувийн туслах үйлчилгээний төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ төсөл одоо хэр үр дүнтэй явагдаж байна вэ?
-Манай байгууллага 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ байгууллагыг анх үүсгэн байгуулсан. Бид Япон, Солонгос улсад явж байхдаа хувийн туслах үйлчилгээний үйл ажиллагааг олж мэдээд, Монголдоо хэрэгжүүлье гэж шийдээд хэрэгжүүлж байна. Хувийн туслах үйлчилгээний төслийг донор байгууллагуудын санхүүжилтээр анх хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хэрэгжилтийг хангуулах үүднээс яам, тамгын газар зэрэг байгууллагуудтай уулзаж, санал солилцож явсаар байгаад, тодорхой үр дүнд хүрсэн. Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн журам 2021 онд батлагдсан.
Журам батлагдснаар санхүүжилт нь хаанаас олгогдох, хэрэгжүүлэх процессын талаар тодорхой заагдсан. Монголд 2021 онд гурван сарын хугацаатай энэ төсөл туршилтаар хэрэгжиж, 32 хүнийг хамруулсан. Тэр үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ төслийг дэмжээд, хэрэгжүүлье гэсэн зорилттой ажиллаж, 2022 оноос эхлэн хэрэгжүүлсээр байгаа.
-Санхүүжилт нь хаанаас олгогдож байгаа вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төслийг санхүүжүүлдэг. Хэрэгжүүлэгч байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний хөгжлийн газар зэрэг байгууллагууд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
-Шинэ журам батлагдснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах энэ үйлчилгээг төр, засгаас ямар түвшинд дэмждэг вэ?
-Манай байгууллагын тэргүүн Ундрахбаяр, Авирмэд нар гадаадын оронд хэрэгждэг энэ туршлагыг Монголдоо анх нэвтрүүлсэн. Энэ үеэр донор байгууллагууд анх санхүүжүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувиараа мөнгөө төлөөд, үйлчилгээг авдаг байсан. Харин одоо улсаас санхүүжилт, дэмжлэг авч байгаа нөхцөл нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдэд хувийн туслах үйлчилгээ хэрэгждэг болсон.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээ үзүүлж байгаа цагийн ажилтан хаанаас цалинжиж байгаа вэ?
-Хувийн туслах үйлчилгээг гүйцэтгэгч ТББ-уудад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт нь хуваарилагддаг. Бид жишээ нь, 100 цагийн үйлчилгээ авсны тооцоо, тайлангаа бичиж өгсөн байх ёстой. Тайлангаа үнэлүүлж, агентлагаас санхүүжүүлсний дараа ажилтандаа сар болгоны 5-ны өдөр цалингаа өгдөг.
-Хувийн туслах үйлчилгээний ажилтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхдээ хамгийн наад зах нь аюулгүй байдал, тухайн ажилтны баримтлах ёс зүйн код зэрэгт юу багтдаг вэ?
-Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хувийн туслах үйлчилгээ үзүүлэх хүмүүсээ эхлээд гурван өдрийн сургалтанд хамруулдаг. Ер нь бид гадуур явж, ажлаа танилцуулаад, ажиллах ажилтнаа олдог. Нэн түрүүнд анхаарах асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал тавигддаг.
-Сургалтанд юуг онцлон анхааруулдаг вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенци, аюулгүй байдалтай ажиллах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хууль дүрэм, Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн үйл ажиллагааны танилцуулга, бид юунд зорьдог гэх зэрэг асуудлын талаархи мэдээллийг эхний өдөр өгдөг.
Хоёр дахь өдөр нь практик ажил явагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яаж хооллох вэ, тэргэнцэрээс сандал руу суулгахад юуг анхаарах вэ, паамбрас солих, гадуур түрж явахдаа шатаар яаж буулгах зэрэг ажлуудыг сургалтаар хийлгэдэг.
Гуравдахь өдөр нь практик ажлуудыг хийлгэнэ. Тухайн ажилтан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэйгээ тулж ажиллаад, хийж чадахаар бол гэрээгээ байгуулж ажиллана.
-Хувийн туслах үйлчилгээний ажилтан нэг сарын турш хөгжлийн бэрхшээлтэй нэг хүндээ л үйлчилж ажиллаад байх уу? Эсвэл нэг хүнд өдөрт хэдэн хүн тусалж, ажиллах боломжтой юм бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнд нэг ажилтан л туслаад байдаггүй. Өдөр бүр, өглөө, өдөр, орой өөр өөр хүн ирж ажилладаг юм. Ажилтнууд өөрсдийнхөө зав боломжоороо ирж, хувийн туслах ажлаа хийдэг. Нэг хүнээр дагнаж ажиллуулаад байвал найзан дундаа харилцаад, ажил биш болох талтай байдаг. Иймээс хувийн туслах ажилтан тогтмол солигддог. Жишээ нь, надад өдөрт 2-3 хүн ажиллах тохиолдол байдаг.
-Энэ ажлыг хийх хүмүүсийн нас заадаг уу? 10-12-р ангин сурагч, оюутнуудад энэ ажлыг хийхийг зөвшөөрдөг үү?
-Хуулиар хөдөлмөрийн насны бүх хүн энэ ажлыг хийх боломжтой. 16 настай хүүхдүүд эцэг эхийнхээ зөвшөөрлийг авчирч өгвөл энэ ажлыг хийх нь нээлттэй. Яагаад гэхээр энэ ажил хүнд ажлын нөхцөлд тооцогдоггүй. Манайд 10-12-р анги, 60 нас хүрсэн хүн ч хийдэг. Ажлын найман цагийн ажил шиг ажиллахгүй, цагт баригдахгүй, өөрсдийнхөө зав боломжоороо ажилладаг. Японд 70 нас хүрсэн хүн хөгшчүүл энэ ажлыг хийдэг.
-Гадаадын ямар улс орнуудад хувийн туслах үйлчилгээний ажил амжилттай хэрэгждэг вэ?
-Энэ ажил дэлхийд нэг номерт Япон улсад маш сайн хэрэгждэг. 1979 оноос эхлэн Япон улсад хувийн туслах үйлчилгээний ажлын хөдөлгөөн өрнөөд, хөгжсөн учир иргэд нь энэ ажлыг хэвийн ажил гэж үзэж, ханддаг. Дараа нь Солонгос улс болон азийн орнууд багтдаг. Монгол улсад энэ ажил шинэ ойлголт, хандлага учир тогтолцоондоо сайн хэрэгжүүлээд хөгжүүлвэл, энэ ажлыг хийх хүмүүс нэмэгдэх байхаа. Бид Японы арга замаар Монголдоо хэрэгжүүлж байна. Одоо олон байгууллагууд дэмжиж байна. ЖАЙКА энэ төслийг дэмждэг.
-Өөрөө хувийн туслах үйлчилгээ авч байсан хүний хувьд ажилтан, хүмүүст хандаж хэлэх зөвлөмж байна уу?
-Хувийн туслах үйлчилгээ аваад, гадуур ажиллаж явахад надад хоёр зүйл ажиглагдсан. Миний нийгмийн оролцоо нэмэгдээд ирэхээр, иргэдийн хандлага өөр болсон байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ойр дотны хүмүүс, хамаатан саднууд нь хувийн туслах үйлчилгээг хийлгэдэггүй дүрэмтэй. Ойр дотны хүмүүс, хамаатан садан, ах дүүс нь хөгжлийн бэрхшээлтэй өөр хүнд үйлчилж болно.
Хувийн туслах үйлчилгээний ажил нийгэмд хэрэгцээ шаардлагатай чухал ажил шүү гэдгийг хүмүүс ойлгож, сонирхож хийх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллана гэхээр айж, цочих хэрэггүй. Сурагч, оюутан, залуус болон тэтгэврийн насны иргэд цагаар ажиллах боломжтой ажил. Хүн болгон ажиллах тэгш эрхтэй. Хүн бүр харилцаа хандлагаа анхаарч, бие биенээ хүндэтгэн ажиллаж сурвал маш сайхан байна.
-Ажилтны зан харилцаа, хандлага гэдэг хамгийн чухал шалгуур байх ёстой. Тиймээс тэдний зан харилцаа эелдэг, найрсаг, зөөлөн үү, эсвэл ямар байна даа?
-Хүн хоорондын харилцаанд аливаа зан харилцааг чухалчилдаг. Гэхдээ ямар нэгэн доголдолтой харилцаа гарвал “чи манайд ажиллаж таарахгүй байна” гэж хэлэхээс илүүтэй юу нь болохгүй байгааг асууж, ярилцаад, хоёрхон цаг ажиллах учир зөвлөөд зохицуулдаг. Ааш зангийн харилцаанд хоёр тал анхаарах хэрэгтэй гэж боддог.
Б.БАЯРМАА