Г.Ёндон: Монголын уул уурхайн салбар хөгжлийн шинэ шатанд гарах цаг нь болсон

B Shurenchimeg
2022-02-10 10:29:39
Ангилал: Эдийн засаг

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна.  Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.

-Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж, тус төсөл нэг алхам урагшилж чадлаа. Та уул уурхайн салбарыг удирдаж байгаа хүний хувьд энэ үйл явдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулж улмаар ил уурхай, баяжуулах үйлдвэрийг жилд 40 сая тонн хүдэр олборлох, баяжуулах хүчин чадалтайгаар 2013 онд ашиглалтад оруулснаас хойш есөн жил болжээ. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд байгуулсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) тэдгээрийн хэрэгжилтийг тойрсон маргаантай олон асуудал байсан. Эдгээр хуримтлагдсан асуудлыг УИХ, Засгийн газар, салбарын яам, агентлаг шат шатандаа анхааралдаа авч ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, дээр дурдсан Дубайн гэрээг хүчингүй болгох талаар зөвшилцөлд хүрсэн төдийгүй гүний уурхайгаас хүдэр олборлох боломж нөхцөлийг бүрдүүллээ.

Дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн зэс, алтны ордын нийт нөөцийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайг ашиглалтад оруулж, хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд итгэлцлийг бүрдүүлсэн, мөн  гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг ойлголт төрүүлсэн үйл явдал болсон гэж үзэж байна.

Мөн дотоодод барьсан цахилгаан станцаас цахилгаан хангамжийн асуудлаа шийдвэрлэх гэрээ байгууллаа. Эдгээр нь Монгол Улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн зэс, алтны ордын нийт нөөцийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайг ашиглалтад оруулж, хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд итгэлцлийг бүрдүүлсэн, мөн  гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг ойлголт төрүүлсэн үйл явдал болсон гэж үзэж байна.

Гүний уурхайн хүдэр дэх металлын агуулга ил уурхайн агуулгаас даруй гурав дахин өндөр гээд тооцоолбол, тус уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр борлуулалтын орлого нь гурав дахин нэмэгдэж, уг орлогоос шууд тооцдог АМНАТ зэрэг татварын хэмжээ бас гурав дахин нэмэгдэнэ. Бүхэлдээ эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй.

-Уул уурхайн салбарын хөгжилд Оюутолгой төслийн оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг юу вэ?

-1990-ээд онд зах зээлийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ордыг хайж илрүүлэх, ашиглах нөхцөл бололцоо бүрдсэн. Оюутолгойн орд Монгол Улсад нээгдсэн нь гадаад улс орнууд ялангуяа барууны улс орнуудад Монгол Улсын эрдэс баялгийн нөөц боломжийг таниулсан чухал үйл явдал болсон. Оюутолгойн ордын хайгуул, ашиглалт, дэд бүтцийг бүрдүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт нь манай салбарын 100 жилийн хөгжлийн түүхэнд байгаагүй том хөрөнгө оруулалт, том төсөл болон хэрэгжиж байна.

Уг томоохон бүлэг ордыг ашиглалтад оруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтаас гадна орд ашиглах шинэ техник, технологи, менежмент, хүний нөөц гээд цоо шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай болсон. Оюутолгой төсөлд өнөөдрийн байдлаар үндсэн болон туслан гүйцэтгэх үйл ажиллагаанд 14 шахам мянган хүн ажлын байраар хангагдаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай олон байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

“Оюутолгой” ХХК өнгөрсөн 2021 онд дотоодын худалдан авалтад 606 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулж, 749.6 мянган тонн зэс, алтны баяжмал үйлдвэрлэж 681 сая ам.доллартай тэнцэх хэмжээний татвар, төлбөр, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Гүний уурхайг ашиглалтад оруулснаар улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ өсөх, салбарын хэмжээнд шилдэг техник, технологи, инноваци нэвтрэх, шинэ туршлагууд нутагших гээд олон боломж бүрдэж байгаа юм.

-Монголын уул уурхайн салбар энэ онд 100 нас хүрнэ. Уул уурхайн салбарын ойрын ирээдүйн хөгжлийг та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Зуунаар тоологдох уул уурхайн салбар өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжлийн тулгуур байсаар ирлээ. Ойрын ирээдүйд ч эдийн засгийн тулгуур салбар байна. Социализмын бүтээн байгуулалтын он жилүүдэд Эрдэнэт үйлдвэр, Багануур, Бор-Өндөр, Шарын голын зэрэг олон сайхан уурхайг түшиглэн байгуулсан хотууд тухайн үеийн нийгэм, эдийн засгийн амьдралыг үндсэндээ авч явж байлаа. Одоо ч хэвээр байна. 

Зах зээлд шилжсэн сүүлийн 30 жилийн хугацаанд төрийн өмчит үйлдвэрээс гадна хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнууд шинээр бий болсон. Гадаадын хөрөнгө оруулалт идэвхжиж, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо нэмэгдэхийн хэрээр салбарын хөгжил эрчимжсэн гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа амжилттай хийгдсэн. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, Төмөртийн Овоо зэрэг шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг дурдаж болно.

Харин өнөө үед Монголын уул уурхайн салбар хөгжлийн шинэ шатанд гарах цаг нь болсон. Хайгуул, олборлолтоос боловсруулалт руу шилжиж, улмаар борлуулалт, хуваарилалт гэсэн цоо шинэ тогтолцоог бий болгох нь чухал байна.

“Баялагтаа эзэн монгол” байж, баялгийн үр өгөөжийг иргэн бүрт хүргэх, ирээдүй хойч үедээ зориулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Манай яамнаас эрдэс баялгийн салбарт баримталж буй цогц бодлогын хүрээнд хайгуул, олборлолтын үе шатыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, боловсруулалтыг Хүнд үйлдвэрийн тухай хуулиар, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар зохицуулалт хийнэ. Мөн байгалийн баялгаас орж ирэх орлогыг иргэдэд тэгш шударга хуваарилж, ирээдүйн хөгжилд үр дүнтэй зарцуулах ажлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулахаар төлөвлөсөн.

Энэ ташрамд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөн түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/306 дугаар тушаалаар байгуулаад байгааг сонордуулъя. Ойн хүрээнд бид салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах олон ажлыг эхлүүлэх, баталгаажуулах, суурийг тавих болно.

-Уул уурхайн салбар түүхий эдээ экспортлох чиглэлээр замнаж ирсэн. Боловсруулалтын чиглэлээр хийсэн ажил тун маруухан. Бодит байдал дээр боловсруулах үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх шаардлага их бий. Энэ тал дээр ойрын хугацаанд ямар төслүүд хэрэгжих вэ? Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ямар ажил байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Катодын зэсийн үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр, Дарханы уул уурхай, металлургийн цогцолбор, Дорноговь аймгийн Хар төмөрлөгийн цогцолбор зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд бүтээн байгуулалтын ажлууд  ид өрнөж байна. 

Эдгээрээс жишээ болгон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн ган үйлдвэрлэх иж бүрэн цогцолбор бүхий “Монгол ган цогцолбор-1” төслийг дурдаж болно. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан өнгөрсөн оны есдүгээр сард яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсан. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлж 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Монгол ган цогцолбор ашиглалтад орсноор жилд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын гол нэр, төрлийн ган бүтээгдэхүүний хэрэгцээний 30-50 хувийг хангана гэж тооцоолсон. Мөн төмрийн хүдэр, баяжмалыг түүхийгээр экспортлохыг бууруулах боломж бүрдэх юм. 

Бидний хямд өртгөөр борлуулсан бүтээгдэхүүнийг гадаадын бусад орон боловсруулаад, ажлын байр бий болгоод, нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож эргээд  өндөр үнээр бидэнд худалдаж байна.

Бид баялгаа түүхийгээр нь, хагас боловсруулсан байдлаар олон жил экспортолж ирлээ. Бидний хямд өртгөөр борлуулсан бүтээгдэхүүнийг гадаадын бусад орон боловсруулаад, ажлын байр бий болгоод, нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож эргээд бидэнд өндөр үнээр худалдаж байна. Тиймээс цаашид энэ сүлжээг дотооддоо бид өөрсдөө хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Энэ хуулийн төсөл багтлагдаж манай улс эрдэс баялгийн биржтэй болсноор эдийн засагт ямар үр өгөөжөө өгнө гэсэн төсөөлөлтэй байгаа вэ? 

Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлэлцээрийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй, ил тод зарлагдах болно. Мөн хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдаж, улмаар манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон УИХ-ын дарга Г.Занданшатарт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барив. 2022.01.05 

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах бөгөөд үүнийг дагаад техник, технологийн шинэчлэлийг хийх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ. 

-Уул уурхай нь манай эдийн засгийн гол зүтгүүр салбар. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг ч хамгийн их татдаг. Цаашид салбарын гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх шаардлагатай вэ? 

-Уул уурхайд хийж буй хөрөнгө оруулалт нь дан ганц салбарын төдийгүй улсын макро эдийн засгийн тогтвортой байдалтай шууд хамааралтай. Иймд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэхийн тулд одоо байгаа хөрөнгө оруулагчидтай хуулийн хүрээнд нягт хамтран ажиллахын зэрэгцээ бодлогын хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг ил тод, нээлттэй олгодог болсноор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Энэ хүрээнд бид тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулж төрийн хүнд суртлыг арилгах, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэхээр ажиллаж байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай. Энэ асуудалд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ахиц, дэвшил авчирна гэж хүлээж байна. Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж илүү ойлгомжтой болгоход Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан заалтууд  тодорхой үр дүн өгнө гэдэгт найдаж байна. 

-Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт амжилттай явагдаж байна. Төслийн явц хэдэн хувьтай байна вэ? Хайгуулын ажлыг дахин хийсэн үү? Одоогоор хэдий хэр хэмжээний нөөц батлагдаад байгаа вэ? 

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос даруй зургаан сарын өмнө түүхий тос тээвэрлэх хоолойг барьж дуусгахаар төлөвлөсөн. Үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн багцаас бүрдэж байгаа.

EPC-1 буюу Технологийн бус барилга байгууламжийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байна. 2021 оны жилийн тайлангаар иргэний барилгын ажил 31.7 хувийн гүйцэтгэлтэй. Усан хангамжийн барилгын ажлын хүрээнд ус нөөцлөх савны барилга 65 хувьтай, ус дамжуулах шугам хоолойн угсралтын ажил 16.5 хувь, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажил 36 хувийн гүйцэтгэлтэй байна.

EPC-2 буюу Анхдагч процессын байгууламжийн ерөнхий гүйцэтгэгчийн урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниудаас шалгаруулах тендер зарлаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр тендерийг хүлээн авсан.

Харин EPC-3 буюу Үйлдвэрийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчийн урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцэж, хураангуй жагсаалтыг ирүүлсэн хоёр компаниас шалгаруулах тендер зарлаж, энэ сарын 31-ны өдөр тендерийг хүлээн авахаар ажиллаж байна.

Үүний дараа EPC-4 буюу Лицензтэй технологийн долоон байгууламж баригдана.  “Монголын газрын тосны боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК болон төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” компани хамтран лиценз эзэмшигчдийг шалгаруулаад байна. Түүхий тос дамжуулах хоолой барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтаар дөрвөн компанийн тендерийг хүлээн авсан. Үнэлгээний хороо хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Norinco International Cooperation” компанийг шалгаруулж, гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийж байна.

Засгийн газрын 2021 оны 266 дугаар тогтоолоор “Давст-XXXI” талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-т олгосон. Уг талбай дээр ОХУ-ын “Росгеология” компани болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит ХХК-тай газрын тосны геологи, хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаар болсон. 

Монголын зүүн бүсийн нутаг дахь газрын тосны талбайн геологи, геофизикийн мэдээллийн санд үнэлэлт, дүгнэлт өгөх, хэтийн төлөвийг тодорхойлох, шинжлэх ухаан, геологийн хамтарсан судалгаа хийх талаар тохиролцоод байгаа.

Тус компанийн гадаад төслийн оператор “Зарубежгеология” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажлаа эхлүүлээд байна. Мөн БНЭУ-ын газрын тосны компаниуд газрын тосны хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд буй. Уг талбай дээр урьд өмнө нь “Петрочайна дачин тамсаг” компани хайгуул хийж байсан бөгөөд газрын тосны хайгуулын хэд хэдэн цооногоос тос илэрсэн, ирээдүйтэй талбай юм. 

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт сүүлийн жилүүдэд тогтмол буурсан. Хайгуулын ажлыг идэвхжүүлж байж дараагийн Оюутолгой нээгдэх үүд болно гэж байгаа. Тэгэхээр салбар яам энэ талд ямар бодлого баримталж байгаа вэ? Хайгуулын ажлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? 

-Манай улсын газар нутгийн 60 орчим хувь нь бүрэн судлагдаагүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэдэг геологийн судалгааны ажил, хувийн хөрөнгөөр гүйцэтгэдэг нарийвчилсан хайгуулын ажлыг эрчимжүүлж байж дараагийн Оюутолгой шиг ордуудыг нээж эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ.

Манай яамнаас хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэх зорилгоор эрх зүйн зохицуулалтыг эргэн харах, хялбаршуулах боломжийг судалж байгаа. Тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг аж ахуйн нэгжид чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж, хялбар болгож байна. Цахим засаглал манай геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт эрчимтэй нэвтэрч эхлээд байгаа.

Одоогоор ТЭЗҮ, нөөцийн тайлан хүлээн авах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулаад байна.

УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Засгийн газраас манай яаманд өгсөн. Энэхүү журмыг шинэчлэн баталснаар жилд олгож буй 100 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм.

Геологийн судалгаа, хайгуулын ажлыг үр дүнтэй явуулахад эрх зүйн шинэчлэлийг салбарын хууль, журмуудад цогц байдлаар тусгах шаардлагатай. Энэ чиглэлээр Эрдэс баялгийн салбарын “үндсэн хууль” болох Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. 

Хайгуулын ажил өндөр эрсдэлтэй байдаг онцлогтой. Иймд хөрөнгө оруулагч нарын итгэл үнэмшлийг баталгаажуулах зорилгоор геологийн судалгаа, ашигт малтмалын чиглэсэн судалгааны ажлын хэмжээ, түүнд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр өсгөж байгаа, мөн судалгааны төрөл, чиглэлийг ч нэмэгдүүлж байна.

2021 онд улсын төсвөөс 24.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2022 онд 32.9 тэрбум төгрөгийг төлөвлөөд байна.

Энэхүү хөрөнгийг Монгол орны нутаг дэвсгэрийн геологи, ашигт малтмалын судалгааны түвшинг нэмэгдүүлэх, холбогдох мэдээллийг нарийвчлах, баталгаажуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна. 

Өнөөдөр эрдэс баялгийн салбар, ялангуяа геологи, хайгуулын салбарт тулгамдсан хамгийн бэрхшээлтэй, хүндрэл учруулж байгаа асуудал нь тухайн орон нутгийн малчид, иргэдийн зүгээс үзүүлж байгаа эсэргүүцэл. Энэ нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж, хайгуулын ажлын чанар, үр дүнд шууд нөлөөлж, төр засгийн бодлогын хэрэгжилт, төлөвлөсөн ажлын гүйцэтгэл тасалдахад хүргэдэг.

-Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулдаг боловч орон нутгийн зүгээс идэвх сул байгаа учраас төдийлөн тодорхой үр дүн гарахгүй байна. 

Энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд геологи, хайгуулын ажлын мөн чанар, газрын хэвлийн байгалийн баялгийн ач холбогдол, түүнийг олборлоход орон нутаг, иргэдэд үзүүлэх нөлөөллийг үнэн зөвөөр тайлбарлан таниулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд,аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчээр зохион байгуулж ажиллах шаардлагатай байгаа юм.

-Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нүүрс болон төмрийн хүдрийн экспорт удааширсан. Хил гаалийн хүчин чадал, тээвэрлэлтээс шалтгаалж экспортын биет хэмжээ буурах эрсдэл хэдийн үүсээд байна. Үүнд яамнаас ямар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа вэ? 

-Дэлхий дахинд Ковид-19 цар тахлын улмаас улс орнууд хилийн хориг тавих болсон нь манай экспортод сөргөөр нөлөөлсөн.

Засгийн газраас 2021 онд эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайбал, хилийн боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар Гашуунсухайтын хилийн боомтод ажиллав. 2021.09.21

Мөн Ховд аймгийн Булган боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргаж Булган-Такашикэн боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгаж, амралтын өдрүүдэд ажилладаг болгосны үр дүнд өнгөрсөн онд тус боомтоор гарах нүүрсний экспорт эрс өссөн.

Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч” төслийн нэгжээс хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулсан. Энэ хүрээнд Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад өргөтгөл шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байгаа. Чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагаа эрчимжсэнээр хүн хоорондын шууд харилцаа багасаж, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөө буурахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогод боомтын сэргэлтийн тухай тусгагдсан. Энэ хүрээнд хилийн боомтуудад өргөтгөл шинэчлэл хийж, дэд бүтэц, ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлуудыг хийх болно. 

-Ойрын хугацаанд уул уурхайн салбарт IPO хийж хөрөнгө төвлөрүүлэх ямар төслүүд байна вэ?

-Ашигт малтмалын тухай хуулинд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа арваас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заасан. Энэ хүрээнд өнгөрсөн онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой хоёр их наяд хүртэлх төгрөгийн болон ам.долларын бонд гаргах хүсэлтийг Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлсэн. Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо хянаж, холбогдох зөвшөөрлийг олгосны үндсэн дээр хоёр удаагийн арилжаа хийж нийт 856.0 тэрбум төгрөг, 172.8 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлсэн.

Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд манай улсад хэрэгжиж байгаа уул уурхайн төслүүдэд гадаадын зах зээлд IPO хийж хөрөнгө босгох ажлыг зохион байгуулж байгаа. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 10 гаруй аж ахуйн нэгж байна. Цаашид биржид бүртгүүлэх төслүүд нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Эхний ээлжийн бүтээн байгуулалтуудыг дуусгаж байж IPO хийх нь илүү оновчтой болов уу.

-2022 онд уул уурхайн салбарт нэгэн томоохон бүтээн байгуулалтыг хүлээж авна. Тэр бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Олон жил хүлээсэн эл төмөр замын Монголын эдийн засагт гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар та хэрхэн дүгнэх вэ?

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан ажиллаж байгаа бөгөөд эдгээр төсөл энэ онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад хүлээн авснаар уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал 40 ам.доллараас дөрөв дахин буурна. Ингэснээр улсад жилд төвлөрүүлэх татварын орлого 20 гаруй сая ам.доллараар нэмэгдэж 25 жилийн хугацаанд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын ногдол ашиг хүртэж улс орны эдийн засагт бодит дэмжлэг болно. Цаашлаад олон улсад манай улсын эрдэс бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. БНХАУ-ын далайн боомтуудаар дамжуулан гуравдагч орон руу нүүрс, зэсээ экспортлох боломж бүрдэнэ. Энэ мэт эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан томоохон бүтээн байгуулалтууд болоод төслийг хэрэгжүүлж байна.

 

 

 

 

 

B Shurenchimeg