Даланзадгадчууд шинэ станцтай болж, дулаан өвөлжихөөр боллоо
Дулааны цахилгаан станц гэхээр эвдэрч гэмтсэн, сэмэрч хуучирсан гэх ойлголт нийгэмд түгсэн гэхэд буруудахгүй биз ээ. Тэр тусмаа эрчим хүчний салбарт гэрэл гэгээтэй мэдээ дуулдах нь ховор. Эдийн засгийн үзүүлэлт, төсөвт бүрдүүлдэг орлого, хүн амын суурьшлаараа хол илүү Өмнөговь аймгийн Даланзадгад хот дулаан, эрчим хүчний дутагдалд ороод цөөнгүй жилийг үдсэн. Даланзадгадын дулааны цахилгаан станц үндсэн тоноглол буюу 27 тоннын хоёр, 25 тоннын нэг зуухтай ч цахилгаан үйлдвэрлэдэг турбинууд нь эвдэрсэн. Эвдэрч зогсоод сүүлийн хэдэн жил ажиллахгүй Даланзадгад хотынхон цахилгаан, дулааны дутагдалд орох эрсдэлтэй байв. Энэ байдал олон жил үргэлжилсэн.
Тэгвэл Өмнөговь аймгийн удирдлагууд дулааны цахилгаан станц барих хөрөнгөө Монголын хөрөнгийн зах зээл дээр босгож чадлаа. Олон жил яригдаад хэрэгжээгүй Даланзадгадын 50МВт-ын хүчин чадалтай шинэ станц барих ажил ийнхүү урагш ахив. Ингэснээр цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх хоёр блок бүхий 50МВт-ын хүчин чадалтай шинэ станц Даланзадгад хотод сүндэрлэх юм. Тус станцыг барих төслийн ТЭЗҮ-ийг орон нутгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд станцын газрын асуудлыг шийдэж тусгай хэрэгцээнд авчээ.
“Өмнөговь бонд”-ын тухайд Өмнөговь аймаг, “Мандал капитал маркетс” ҮЦК-тай хамтран үнэт цаас гаргах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж, анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор өчигдөр /V.14/ зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Аймгийн Засаг дарга Н.Энхбат, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нар оролцсон юм.

Нийт 500 тэрбум төгрөгийн бондыг хэсэгчлэн гаргах бөгөөд 2026 онд 150, 2027 онд 300, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлнэ.
Хоёр жилийн хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,500,000 ширхэг “Өмнөговь бонд”-ыг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 150 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх арилжаа ийн эхлэв.
Даланзадгадын одоогийн дулааны цахилгаан станц анх 2000 онд ашиглалтад орж байх үедээ 3800 орчим айл өрхийг хангах хүчин чадалтай байв. Харин өнөөдөр хэрэглэгчдийн тоо 11,9 мянга давж, 3.1 дахин нэмэгдсэнээр дулаан, цахилгааны шинэ эх үүсвэр барих зайлшгүй шаардлага үүсээд байсан юм.
Шинэ станц ашиглалтад орсноор Даланзадгад хот болон зэргэлдээх сумдын эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдэж, уул уурхай дагасан хөгжил бодит утгаараа иргэдийн хаалгаар орох дэд бүтцийн суурь тавигдана. Өмнөговь аймаг ийнхүү өөрийн нөөц бололцоонд тулгуурлан эрчим хүчний эх үүсвэрээ шийдэж байгаа нь бусад аймгуудад бие даан хөгжих үлгэр жишээ болж байна. 50 МВт-ын станц нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдал, агаарын бохирдлыг бууруулах орчин үеийн технологийн шинэчлэлийг нэгэн зэрэг авчрах ач холбогдолтой.
