Дэндүү сэтгэлтэй хүн

Эмч хүнийг монголчууд бид бурхантай зүйрлэдэг. Хүний амь насыг аврахын төлөө явдаг учраас тэр. П.Батчулуун эмч ч ийм л бурхан эмч. Тэрбээр өвчтөнийхөө төлөө өөд уруугүй гүйж, амь насыг нь аврахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийж ирсэн. Бусдад буян үйлдэж, бүхнээ зориулсан амьдрал нь эргээд өөрт нь хатуухан шагнал барьж буйд эмч маань дотроо юу бодож, юунд найдаж байгаа бол гэж бодогдох мөч хүнд юм. Монголын төр эмч, эмнэлгийн ажилтнуудаа ийн халаглаж харуусахад хүртэл ялзарсан юм гэж үү.
Судасны эмчээр мэргэшсэн нь
Аравхан настай хүү мэс заслын ширээн дээр хэвтэж, тархиндаа хагалгаа хийлгэж амь аврагдсанаас хойш бусдын амь насыг авардаг эмч болох мөрөөдөл тээсэн гэдэг. Тэрхүү мөрөөдлөөрөө жигүүрлэсээр П.Батчулуун ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг мэс заслын эмчээр төгсчээ.
Монгол Улсынхаа эрүүл мэндийн хөгжилд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй залуу мэргэжилтэн эх орондоо ирж, Улсын клиникийн төв эмнэлгийн (oдоогийн Улсын нэгдүгээр төв эмнэлэг) Ерөнхий мэс заслын тасагт их эмчээр ажиллаж эхлэв. Тэрбээр мөрөөдлөө биелүүлэн өвчтөнүүдийг эмчилж, эдгээж, амь насыг нь аврах үйлсэд зүтгэж эхэллээ. “Эмч ээ, баярлалаа” гэдэг үг сонсож, урамшиж, огшсон үеүд нь түүнд илүү ихийг бүтээх, санаачлах, хийх бодолд хөтөлсөн юм.
АНУ-д мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ англи хэл сурах сайхан боломж тохиов. АНУ-ын Арканзас мужийн Бернардын төв эмнэлэг, Швейцарийн Лозаннын Их сургуулийн эмнэлэгт захын судас, дурангийн мэс заслын хөтөлбөрт хамрагдав. Улмаар тэрбээр Монголд элэгтэй, АНУ-ын эмч А.Х.Рашер багшийнхаа удирдлагад судасны мэс заслаар дагнан мэргэшиж эхэлжээ. П.Батчулуун эмч Улсын клиникийн төв эмнэлэгт хэвлийн дуран, захын судасны мэс заслыг хөгжүүлэхийн төлөө мэдлэг боловсролоо зориулж ажилласан ачтан билээ.
Монголд дурангийн мэс заслыг хөгжүүлсэн Рашер багштайгаа хамтарч, мөн бие дааж захын артерийн судас, элэгний хатуурлын үед үүдэн венийн даралт ихсэх хам шинжийн хүндрэлийг багасгах зорилготой судасны, хэвлийн гол судасны цүлхэнг тайрч хиймэл судсаар орлуулах зэрэг том хагалгааг хийж, олон ч хүний амийг аварч, ард олондоо хүндлэгдэх болжээ.
Мэс заслын эмчийн хажуугаар 2000 оноос Улсын клиникийн төв эмнэлэг (УКТЭ) болон ЭМШУИС-ийн төгсөлтийн дараах сургалтын багшаар ажиллаж, ерөнхий болон судасны мэс заслын практик ажил, лекц, семинарыг резидент эмч нарт зааж сурган удирдан явуулж ирсэн байна.
Мөн УКТЭ, ЭМШУИС, АНУ-ын Свансоны гэр бүлийн сан, Швейцарь улсын мэс засалчдын баг, Дорнод Сибирийн анагаах ухааны хүрээлэн, Эрхүү хотын анагаах ухааны дээд сургууль, Улаан-Үүдийн төв эмнэлэг болон АНУ-ын Кристин Дентист нийгэмлэгүүдтэй хамтарсан сургалт, лекц, семинар, практик үйл ажиллагаанд гар бие оролцож, зохион байгуулж, орчуулагч, дадлага удирдсан багш, зааварлагч, зохицуулагчаар ажиллаж байв.
Түүнчлэн хөдөө орон нутагт дуудлагаар очиж газар дээр нь яаралтай хагалгаа хийж, орон нутгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан эмч. Тухайлбал, дурангийн мэс заслын професор Г.Нямхүү, А.Х.Рашер нартай хамтран Эрдэнэт, Дархан, Увс, Баян-Өлгий зэрэг аймагт ажиллаж, дадлагын багш, орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байв.
Тэрбээр ажил амьдралын ид үеийнхээ олон жилийг ийн Монгол Улсад судасны болон дурангийн мэс заслыг хөгжүүлэх үйлсэд зориулсан юм.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчээр мэргэшсэн нь
Нэгдүгээр эмнэлгийн бөөрний эмч нар 2006 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлэв. Энэхүү ажил амжилттай болж, бөөрний олон олон өвчтөн уг шинэ технологийн ачаар өнөөдөр эрүүл саруул амьдарч байна. Энэ бол Монголын чадварлаг эмч, мэргэжилтнүүдийн хүсэл эрмэлзэлийн үр дүн юм.
Үүний дараа Англи профессор М.Слапак Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах баг байгуулах санааг анхлан гаргаж, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх, туршилтын мэс заслыг эхлүүлэх, эмчилгээний удирдамж бичих зэрэг асар том ажил руу орлоо. Эмч нарын шандас, чадварыг сорьдог энэхүү нүсэр ажлыг эхлүүлэх хоёр эмчийг сонгож, гадаадад сургаж, дадлагажуулахаар болов. Энэхүү хариуцлагатай, бас нэр хүндтэй, хүнд даалгаврыг хүлээж авсан хоёр эмч бол О.Сэргэлэн, П.Батчулуун нар юм.
Монгол Улсын элэг шилжүүлэн суулгах үндэсний баг ийн байгуулагдаж, профессор О.Сэргэлэн багийн ахлагчаар, багийн дэд ахлагчаар П.Батчулуун томилогдож байжээ. Тэд Финландын их сургуулийн Эрхтэн шилжүүлэх суулгах төвд гурван сар, Германы Эрхтэн шилжүүлэн суулгах төвд нэг сарын хугацаанд сурч, дадлагажжээ. Финланд, Германд ч тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг, тэднийг суралцах үед амьд донороос нэг ч удаа хагалгаа хийгээгүй байна. Маш том хариуцлага үүрсэн эмч нарын маань хувьд элэгний бүх л хагалгаанд оролцож, дэргэдээс нь харж, мэдэрсэн хугацаа тэдэнд дэндүү үнэ цэнтэй байсан гэдэг. Тийм ч учраас Финландын Хельсинкийн их сургуулийн захирал “Та хоёр Монголдоо очоод элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж, эхлүүлж, нутагшуулаарай” гэж захьсаныг эмч нар маань өнөө ч мартаагүй.
Сургалт, дадлагын хамгийн сүүлийн өдөр тэр хоёр ийн ярилцсан гэдэг. “Хоёулаа Монголдоо очоод элэг шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлнэ, эх орондоо нутагштал нь бие биенээсээ урвахгүй, үргэлж хамтдаа байж, нэг баг болж ажиллана шүү” гэж ярилцаад гар барьж, тангараг тавьсан тухайгаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, профессор, Монгол Улсын гавьяат эмч, Төрийн соёрхолт О.Сэргэлэн дурсав.
Бие биедээ тангараг өргөсөн хоёр эмч Монголдоо 2007 онд ирэнгүүт том үйл хэргээ хэрэгжүүлэхээр холбогдох хүмүүстэй уулзаж эхэлсэн байна. Харамсалтай нь тэднийг хэн ч сонсож, анхаарсангүй. Харин тухайн үеийн АШУИС-ийн ректор Ц.Лхагвасүрэн захирал дэмжин хүлээн авч, оюутнуудынхаа хуучин дадлагын мэс заслын өрөөг тохижуулж өгчээ. Америк, Швейцар улсуудаас ирсэн тусламжийн багаж төхөөрөмжөөр өрөөг тоноглосны дараа санхүү, мөнгөний асуудлыг хөөцөлдлөө. Туршилтын амьтанд элэг шилжүүлэн суулгах төслийг Шинжлэх ухаан технологийн санд бичиж өгсөнөөр дөрвөн сая төгрөгийн санхүүжилт авав. Энэ бол 2008 он.
Энэ мөнгөөр туршилтын амьтандаа наркоз хийхэд хэрэглэх бодис, бусад зүйлс аваад дуусаж. Гэтэл хамгийн чухал зүйл буюу туршилт хийх гахайгаа худалдан авах мөнгөгүй болов. Арга сүвэгчлэн, О.Сэргэлэн эмч найзаасаа хоёр гахай үнэгүй авлаа. Эмч нар амралтын өдрөөр л туршилтын мэс засал хийнэ. Учир нь хоёр гахайныхаа элгийг ээлжлэн авч суулгах хагалгаа удаан хугацаанд үргэлжилж байв. Гэтэл эхний хагалгааны үеэр мэдээгүйжүүлэлтээ буруу хийснээс болж, нэг гахайгаа үхүүлчихэв. Мөнгө төгрөг байхгүй, хүмүүс ч сонсохгүй нөхцөл байдалд үхсэн гахай ч маш үнэ цэнтэй. Үхсэн гахайндаа нөгөө гахайны элгийг шилжүүлэн суулгаж туршив. Дараагийн удаад туршлагажин ажлаа улам нарийсгаж, гахайныхаа эд, цусны бүлгийн тохироог үздэг болов. Нэг эхээс гарсан торойнуудын бүгдийнх нь цусыг аваад хувийн тохироог үзэж, аль нь хоорондоо нийлэхийг нь судална. Багийн гишүүд болох Эрдэнээ, Ганзориг эмч нар торойнуудад ижил бүлгийн цусаар чихэнд нь өнгө өнгийн эм тавина. Сонирхуулахад, гахай 26 бүлгийн цустай бол хүн дөрвөн бүлгийн цустай.
Туршилтаа үргэлжлүүлж, мөнгө олж, гахай худалдан авснаар 26 гахайд мэс засал хийлээ. Улмаар баг нэлээд дадлагажиж ирэв. Тэд цаашид гахайнд биш хүнд элэг шилжүүлэн суулгах талаар бодож эхлэв. Яг энэ үед буюу 2009 онд Дэлхийн мэс засалч, хавдар судлаач, элэгний эмч нарын хурал Бээжин хотод боллоо. О.Сэргэлэн эмч урилга хүлээж авсан учир онгоцоор, харин Батчулуун, Эрдэнээ багш Зам-Үүдээр дамжин вагоноор явжээ. Тэд уг хурлын үеэр БНСУ-ын дэлхийд алдартай АСАН эмнэлгийн профессор Ли эмчтэй танилцан Монголын элэгний өвчлөл, тулгамдсан асуудлын талаар ярьж, Монголын багийг элэг шилжүүлэн суулгахад тусалж, хамтран ажиллах тусламж, хүсэлтийг уламжиллаа.
Ли эмч АСАН төвтэй ярилцаад хариу өгөхөөр болжээ. Түүнээс хойш ердөө долоо хоногийн дараа хариу мэйл ирж, түүндээ 12 эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй Монголын багийг Солонгост хүлээн авч, сургалтад хамруулахыг зөвшөөрсөн тухай дурдсан байлаа. Энэ нь Монгол эмч нарын сэтгэлийг тэнийлгэсэн сайхан мэдээ байв. Гэвч мөнгө санхүүгийн том асуудалтай нүүр туллаа. Нэг хоногийн сургалт нь 120 ам.долларын үнэтэй. Улмаар Ли профессор өөрөө сургалтын зардлыг дааж, харин Монголд бизнес хийдэг солонгос эмэгтэйгээс багийнхны замын зардлыг гаргуулснаар тэд Өмнөд Солонгост очиж, амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа үзэв. Ли профессор Монголын багийн 2010 оны сургалтын бүх зардлыг өөрийн сангаас гаргасан юм.
“Элэг шилжүүлэн суулгах баг нь зөвхөн мэс заслын эмч, сувилагч биш элэгний, дүрс оношилгооны, мэдээгүйжүүлэлтийн, лабораторын эмч нараас бүрдсэн том баг байх ёстой гэдгийг АСАН төвд очоод бид мэдэж авсан” гэж О.Сэргэлэн эмч дурсав.
2011 онд тус баг өргөжиж 25-уулаа боллоо. Ингээд эх орондоо амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааны бэлтгэл ажлыг хангаж дууссаны дараа Солонгосын АСАН төвийн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад ирэв. Солонгос, Монголын эмч нарын хамтарсан баг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвд 44 настай эмэгтэйд хүүгээс нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оны аравдугаар сард амжилттай хийлээ. Энэ бол Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах өндөр технологийг нэвтрүүлсэн, хөгжүүлэх эхлэлийг тавьсан, эрүүл мэндийн шинжлэх ухаанд том ололт авчирсан түүхэн өдөр болсон юм. Ийнхүү Солонгосын багтай хамтран эхний таван жилд 33 хүнд элэг шилжүүлэн суулгажээ.
Улмаар 2016 оны тавдугаар сард Монголын баг бие даан амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг амжилттай хийлээ. Монгол Улсын Элэг шилжүүлэн суулгах баг дэлхийн тавцанд ийн нэрээ гаргасан юм. Бие даан элэг шилжүүлэн суулгах технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг ийн тавьсан гавьяа бол Монгол Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнханд ногдоно. Бахархахгүй байхын аргагүй үйл явдал ар араасаа өрнөж, элэгний өвчтэй, эцсийн шатандаа орсон дүгнэлттэй олон олон өвчтөнд энэ нь баярын мэдээ болсон юм. Энэ бүхэнд П.Батчулуун эмч багийн гишүүний хувиар тэргүүн эгнээнд явж байсан билээ.
АСАН төвийн Ли багш өнгөрсөн долоо хоногт “Танай баг элэг шилжүүлэх өндөр технологийг Монголдоо нутагшуулж, дэлхийтэй хамт алхаж байгаад баяр хүргэе” гэсэн мэйл над руу бичсэн. Харин би Ли багшид анхлан хадаг барьж очсон гурван гишүүнийхээ нэгийг шоронд оруулчихсан гэж хэлж чадаагүй. Тийм үг амнаас гарч чадахгүй байна. Тэгээд бүр тархины үхэлтэй донорын асуудлаар гэвэл манай багш шоконд орно. Монголын төр засгийг гайхна шүү дээ. Тиймээс хэлээгүй” хэмээн О.Сэргэлэн эмч ярьсан юм.
Өнөөдөр тус багийнхан нийт 307 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж, ийм тооны хүмүүст амьдрал бэлэглэж, ар гэрийг нь элэг бүтэн, аз жаргалтай явах нөхцөлийг бүрдүүлж өгчээ.
Эс, эд эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг удирдаж эхэлсэн нь
Монгол Улс 2002 онд Донорын тухай хуулийг баталж, 2012, 2016 онд тус хуульд шинэчилсэн найруулга хийсэн. 2016 онд Донорын тухай хуулийг дахин шинэчлэх шаардлага гарчээ. Учир нь Элэг шилжүүлэн суулгах баг нь тархины үхэлтэй донорыг эрж хайхад оролцохгүй гэсэн олон улсын заалт байдаг. Тусдаа агентлаг байх ёстой гэдэг утгаар 2016 онд Донорын тухай хуулийг шинэчлэн Эс, эд эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах заалтыг нэмж оруулжээ.
Энэ үед П.Батчулуун эмчийн бие тааруухан байв. Донорын тухай энэхүү хуулийг шинэчлэн найруулахад санаа оноо өгч, ярилцах хурал зарласан тэр өдөр П.Батчулуун эмч ухаан алдан унаж, зүрх нь 16 минут зогссон юм. Эмнэлэг дээр байсан тулдаа сэхээн амьдруулах эмчилгээ хийлгэж, зүрхэнд нь тэлэгч тавьж амийг нь аварчээ. Тиймээс цаашид томоохон хагалгаанд орох боломж хомс болов. Харин Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг удирдах анхны даргаар томилогдлоо. Эрхтэн шилжүүлэн суулгах, донорын асуудлыг хамгийн сайн мэддэг, ойлгодог, туршлагатай хүн учраас хамгийн зөв томилгоо байлаа. ЭМЯ-ны сайдын тушаалаар уг албыг байгуулж, Эрүүл мэндийн үндэсний хөгжлийн төвд харьяалагдах боллоо.
Түүнээс хойш П.Батчулуун эмчийн удирдлагаар тус алба нь тархины үхэлтэй донорыг хуулийн хүрээнд хайж, олж, уулзан, бүх л дүрэм журмыг боловсруулан ажиллаж эхэлсэн билээ. Уг алба өнөөг хүртэл нийт 292 тархины үхэлтэй донор илрүүлснээс 60 гаруй хүний ар гэр нь донор болгохыг зөвшөөрчээ.
Элэг шилжүүлэн суулгах баг нь 17 хүнд амьгүй донороос хагалгаа хийсэн бол 45 хүнд тархины үхэлтэй донороос бөөр сольсон тухай мэдээлэл бий. Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба нийтдээ 60 гаруй хүний алтан амийг аварсан байна. Ийм тооны донор олоогүй бол энэ хүмүүсийн тавилан эрсдэлд учрах байлаа. Хэдий энэ нь бага тоо мэт санагдавч тус албаны үндэс суурийг тавьж, маш олон дүрэм журмыг боловсруулж, эмнэлгүүдийн уялдаа холбоог хангаж ажиллана гэдэг бол үнэхээр нүсэр ажил.
Тархины үхэлтэй донор тийм амар олдохгүй. Ялангуяа Монгол Улсад. Монголчууд нас барсан хүнийхээ цогцсыг оролдоод байдаггүй сэтгэлгээ нь энэ албыг хурдацтай хөгжүүлэхэд хүндрэл учруулсаар байна. Тархины үхэлтэй донор олдлоо ч шууд зөвшөөрөл авах боломжгүй. Дүрэм журам боловсруулна, мөрдүүлнэ, ар гэрийнхэнтэй нь уулзана, ойлгуулна. Ертөнцийн мөнх бусыг үзэх нь ойлгомжтой болсон өвчтөний ар гэрийнхэн уй гашууд автсан, маш хэцүү нөхцөлд П.Батчулуун эмчийн удирдсан алба очиж, донор болгох зөвшөөрөл авахаар уулзана гэдэг ямар хүнд гэдгийг төсөөлөөд үзэгтүн. Тэд өөрсдийн төлөө биш, өрөөлийн амь насны төлөө донор ийн гуйдаг юм.
П.Батчулуун эмч ийм л амаргүй сорилтуудтай тулж, хариуцсан ажлаа сайн ухамсарлаж, алдаа гаргахгүйн тулд дүрэм журмаа нягт боловсруулж, албаа төвхнүүлэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн. Тиймээс тэр өөртөө маш итгэлтэйгээр “Би ямар ч буруу зүйл хийгээгүй, хуулийн дагуу ажилласан” гэж хуулийн байгууллагад хэлж чадаж байна.
Элэг шилжүүлэн суулгах төвд өнөөдөр 431 хүн, бөөрний 600 гаруй хүн тархины үхэлтэй донор хүлээн жагсаалтад байгаа. 1000 гаруй хүний итгэл, найдварын од нь П.Батчулуун эмч, түүний алба болжээ. Нэг ч болов хүний амийг аварна гэдэг бол эмч хүмүүс, тус албанынхны хувьд асар том амжилт юм. Дэлхий дахинаа цар тахал дэгдсэн 2020, 2021 онд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх асуудал хориотой байсан. 2022 оноос Эс, эд эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны үйл ажиллагаа сэргэсэн бөгөөд П.Батчулуун эмчийг үндэслэлгүйгээр буруутгах асуудал гарсан 2023 оны сүүлчээс өнөөг хүртэл нэг ч тархины үхэлтэй донор гараагүй байна. Энэ бол амьгүй донор хүлээж буй өвчтөнүүдийн хувьд эмгэнэл. Амьдрахын төлөө тэмцэж, шүд зуун тэсвэрлэн хүлээсэн олон ч өвчтөн энэ хугацаанд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Одоо жагсаалтад буй өвчтөнүүдийн итгэл, найдварын од нь хэн байх вэ. Тэд хэнд найдаж, хэнд итгэн итгэн хүлээх вэ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан хэвлэлийн хурал хийв
Баясгалантай хүн
“П.Батчулуун бол баясгалантай хүн. Дандаа инээж явдаг, уриалгахан эмч. Өвчтөнийхөө төлөө сэтгэл нь ихэд зовнидог. Хагалгаа хийсэн өвчтөнөө хаяна гэж байхгүй, ажлын төлөө явдаг, дэндүү сэтгэлтэй хүн” гэж О.Сэргэлэн эмч тодорхойлсон юм.
Эмч мэргэжилдээ дэндүү сэтгэлтэй, дэндүү дуртай учраас тэр охиноо хүртэл эмч болгосон. Охин Б.Хонгорзул нь өнөөдөр мөн л аавынхаа нэгэн адил эрүүл мэндийн манаанд зогсох ам тангараг өргөсөн эмч мэргэжил эзэмшээд ажиллаж явна.
П.Батчулуун эмч Монголын шилдэг, сайн мэс засалчдын нэг. Жилдээ нэг л эмчид олгодог Монголын шилдэг мэс засалчдын нийгэмлэгийн шилдэг залуу мэс засалч шагналыг 2004 онд авсан. Энэ бол түүнийг ямар зэргийн мэс засалч вэ гэдгийг харуулна.
П.Батчулуун эмч найз нөхөд олонтой хүн. Эрхтэн шилжүүлэх төв анх ор ч үгүй байхад найзаасаа тусламж гуйснаар ор, эмнэлгийн хэрэгсэл, зарим тоног төхөөрөмжийг хандивлуулж байжээ.
Элэг шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлэхэд мөн л багаж төхөөрөмж байсангүй. АСАН төвийн баг хоёр портер дүүрэн багаж хэрэгслийг онгоцоор тээвэрлэж авчраад хагалгаагаа хийчихээд аваад ниснэ. Эхний 2-3 хагалгааг ингэж л хийж байв. Харин П.Батчулуун эмчийн хичээл зүтгэлээр судасны багаж хандиваар авч, элэг шилжүүлэн суулгах төвийг тоног төхөөрөмжөөр хангахад хувь нэмрээ оруулж байв.
П.Батчулуун эмч олон улсын байгууллага, бусад улс орны эмнэлэг, найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр Улсын клиникийн төв эмнэлэг болон Элэг шилжүүлэн суулгах төвд шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулалт хийж, хангаж байсан зүтгэлийг нь үнэлүүштэй билээ. Энэ тухай цөөн баримт дурдъя.
- 2002 онд АНУ-ын Юта мужийн Свансоны Гэр бүлийн сантай анх холбоо тогтоож, 937 мянган ам.долларын өртөг бүхий Siemens фирмийн Angiostar ангиографийн аппарат
- 2005 онд тус бүр нь 85 мянган ам.долларын хоёр ширхэг Karl-Storz фирмийн дурангийн мэс заслын иж бүрдэл
- 2008 онд тухайн үеийн ханшаар 65 гаруй сая төгрөгийн өртөгтэй Хэвлийн хөндийн болон судасны мэс заслын зориулалттай 680 ширхэг багаж
- 2011 онд 35 мянган ам.долларын үнэ бүхий FMS, Retracter-ийг Элэг шилжүүлэн суулгах багт хандивласан
- 2015 онд LUX HOUSE ХХК-ийн дэмжлэгтэйгээр 100 сая төгрөгийн өртөгтэй 380 ширхэг бөөр болон элэг шилжүүлэн суулгах үеийн судасны мэс заслын нарийн багажнууд
- 2016 онд 350 сая төгрөгийн өртөг бүхий элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараах 8 ортой иж бүрэн Эрчимт эмчилгээний тасаг байгуулах зэрэг ажлыг дурьдаж болно.
Эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй хэцүү үед маш чухал хөрөнгө оруулалт болсон төдийгүй уг тоног төхөөрөмж багажийг ашиглан олон мянган хүнийг оношилж, эмчлэн эдгээж, олон арван залуу эмч нар дадлагажин суралцаж, туршлага хуримтлуулаад одоо Монгол Улсынхаа өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажиллаж байна.
Элэг шилжүүлэн суулгах мэс засал бол дэлхийд хамгийн хүнд хэцүүд тооцогддог хагалгаа юм. Ийм нарийн хагалгааг эх орондоо нэвтрүүлэн нутагшуулж, Монгол эмч нарын чадварыг харуулж буй эмч нар, багийнханд Монголын төр, Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлээ хайрлаж, 2021 онд Төрийн соёрхол хүртээсэн. Үүнийг Монголын ард түмэн баяртай хүлээн авсан. Харин одоо тус багийн нэг гишүүн нь хаалттай хаалганы цаана хийгээгүй хэргийнхээ төлөө ял аван хэвтэж, бие нь өдрөөс өдөрт муудсаар байгааг Монголын төр анхаарч, ивээлдээ авч өршөөл үзүүлэн олон мянган өвчтөн, олон зуун иргэний хүслийг биелүүлээсэй гэж л хүснэм.
Иргэн бид өвдөхөөрөө эмнэлэг, эмч нарт л ханддаг. Тэгвэл шоронд буй эмч хүн, өвдөж зовж буй мэс засалч хэнд хандах вэ. Хэнд итгэл найдвараа өгөх вэ. Бусдын төлөө бие сэтгэл, бүхнээ зориулсан Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, мэс заслын зөвлөх эмч, клиникийн профессор эмчийг хэн хамгаалах вэ. Тэрхүү итгэлийн од нь хэн байх вэ.
Сэтгүүлч Д.Бэхбаяр 2025.03.25