Д.Далхжав: Нийгэмд үүсэж буй нөхцөл байдал нь төрийн бодлого хаашаа чиглэх шаардлагатай болохыг харуулж байна
ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Далхжавтай хөдөө, аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгарч буй асуудлуудын талаар ярилцлаа.
– Юун түрүүнд Ковид-19 цар тахал манай улсын ХАА-н салбарт ямар нөлөө үзүүлсэн талаар ярилцъя?
– Манай улсын хувьд ХАА-н салбарт сөрөг нөлөөлөл гарч байна. ХАА-н салбар нь тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, орлого олдог. Гэтэл өнгөрсөн жил энэ өвчнөөс болоод махны экспортын боломж хязгаарлагдмал байдалд орсон. Мөн ноолуурын экспорт тасалдсан. Үүнийг дагаад ХАА-н түүхий эд боловсруулдаг хөнгөн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд дам нөлөө үзүүлж байгаа юм. Манай ХАА-н гол салбарууд бол мал аж ахуй, газар тариалан, мөн хүнсний үйлдвэрлэл. Өнгөрсөн жил зуд турхам гайгүй байсан учраас малын тоо толгой өссөн. Гэхдээ малын тоо өссөн хэмжээгээр махаа боловсруулаад, эргэлтэд оруулж чадсангүй. Өнгөрсөн зун зуншлага муу байсан Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгууд тодорхой хэмжээнд малыг эргэлтэд оруулах оролдлогыг энэ намар хийсэн ч энэ нь төдий л хангалттай өсөлт биш юм. Мэдээж энэ нь цар тахалтай холбоотой. Харин газар тариалангийн салбарт ургац сайн авсан. Гэхдээ өнгөрсөн намар үр тариа оройтсон. Ингээд гаднаас улаанбуудай, тэжээл авах тухай яриад, түрүүч нь орж ирж байна.
Цар тахлын нөлөөллийн хувьд Монголбанкны мэдэгдсэнээр импортын хэмжээ багасч, экспорт давамгайлснаар, тэр хэмжээгээр валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны баланс эерэг утгатай гарсан. Гэхдээ үйлдвэрлэл, аж ахуйн газрууд үйл ажиллагааа хэвийн явуулж чадахгүй байгаа учраас энэ нь ард иргэдийн амьдралд хүнд цохилт өгч байна. Монголбанк, Сангийн яамнаас шат дараатай арга хэмжээ авч байна, бодлогын хүүгээ бууруулж, зээлийн дахин санхүүжилтийн эх үүсвэр 250 тэрбум төгрөгийг чөлөөлсөн. Гэвч аж ахуйн нэгжүүд ажиллахгүй байгаа учраас үүнийг аваад эргэлтэд оруулах чадвар алга байна.
– Хөл хорио тогтоосон өдрүүдэд ногооны хомсдол үүслээ. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийн зээл, өрхийн аж ахуйг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд ногоогоо тариад, дотоодынхоо хэрэгцээг хангадаг боллоо гэж олон нийт ойлгож байлаа.
– Манайх дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай учраас ногоог удаан хугацаанд хадгалах боломжгүй байдаг. Тиймээс хүйтэн сэрүүн улиралд бидэнд нарийн ногоо тасалдах нөхцөл үүсдэг. Гэхдээ үүнийг хангахын тулд хүлэмжийн аж ахуйг дэмжих, эрхлэх хэрэгтэй байна. Монголчууд өнөөдөр нарийн ногоог өргөн дэлгэр хэрэглэдэг болсон. Гэвч энэ хэрэглээг хангах хүлэмжийн аж ахуй манайд байхгүй байна. Тиймээс ийнхүү нарийн ногоо тасалдаж, урдаас авч байна.
ЖДҮ-ийг дэмжих зээлээ хүлэмжийн аж ахуйг дэмжих чиглэлд олгох шаардлагатай болж байна. Нарийн ногооноос гадна дотоодын өндөг одоогийн байдлаар хүн амын хэрэгцээнийхээ 50 хувийг л хангаж байна. Үлдсэн нь хойноос орж ирж байна. Энэ нь шувууны аж ахуй хангалттай хэмжээнд хөгжөөгүй байна гэдгийг харуулж байгаа юм. Нийгэмд үүссэн уур амьсгал, нөхцөл байдал ерөөсөө төрийн бодлогыг хаашаа чиглүүлэх, юунд анхаарах шаардлагатай болохыг илтгэж байгаа хэрэг.
– Үнэ эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг. Гэхдээ хямралын үед, тухайлбал хөл хорио тавих үед бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх байдал ажиглагдаж байна. Энэ тохиолдолд үнийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зөв бэ?
– Хүн төрөлхтний хөгжлийн түүхийг харахад тухайн цаг үе бүрт эрдэмтэд шинэ үзэл баримтлалуудыг гаргасан байдаг. Шотландын эдийн засагч Адам Смитийн үзэл баримтлалаар зах зээлд ямар ч төрийн оролцоо хэрэггүй, бүх зүйлийг зах зээл өөрөө удирдах ёстой гэдэг. Өсдөг үедээ өсөөд, буудаг үедээ буух ёстой. Гэтэл дараа нь Кэйнсийн онолоор төр гарцаагүй зохицуулалт хийх ёстой, тэгэхгүй бол шударга өрсөлдөөн тогтохгүй гэж үзсэн. Гэхдээ өнөөдөр хэн хэнийх нь зөв, буруу гэдгийг хэн ч батлаагүй. Миний бодлоор өнөөгийн 21-р зуунд төрийн зохицуулалт гарцаагүй байна. Хэрэв төрийн зохицуулалт байхгүй бол олигархууд, дангаар ноёрхогчид гарч ирнэ. Үйлдвэрлэл, үйлчилгээ өрсөлдөөнтэй, сайн хөгжөөгүй нөхцөлд ийм ноёрхол бий болох боломжтой. Зах зухаасаа нефтийн бүтэээгдэхүүн дээр харагддаг. Дэлхийн зах зээл дээр үнээ буулгачихсан байхад л ААН-үүд үнээ буулгадаггүй. Тэгсэн мөртлөө жаахан өсөнгүүт үнээ нэмчихдэг. Цөөхөн хэдэн монополь компани үгсэн хуйвалдаж байгаа учраас ийм байдал гарч байна. Тиймээс өнөөдөр тодорхой түвшинд төрийн зохицуулалт хийх ёстой. Гэхдээ төрөөс зохицуулалт хийхдээ цаг үеэ мэдэрч, зах зээлийн өрсөлдөөнтэй бүтээгдэхүүн мөн үү, биш үү гэдгийг тодорхойлж, судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийх ёстой. Жишээ нь, сая хөл хорио тогтоонгуут маргааш нь зах дээр махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ бол шударга өрсөлдөөн биш. Харин төр бүх зүйлийг зохицуулах ёстой гээд зүгээр хэвийн явж байгаа зүйл дээр хязгаарлалт тогтоовол утгаа алдана. Бизнес чөлөөтэй явж байж төсвийн эх үүсвэр буюу татварыг бүрдүүлнэ. Нэмж хэлэхэд төрийн зохицуулалтыг ямар зүйл дээр хийх вэ? гэдгийг яамд болгон тусдаа судалгаа хийгээд явах биш, Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүдийг өргөжүүлээд ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд аваад, тэндээсээ нэгдсэн судалгаа, зөвлөмжөө гаргаад, арга хэмжээ авдаг баймаар санагддаг.
– Бид экспортлогч орон болно гэдэг. Тэр дундаа махны экспортоо нэмэгдүүлэхийг зорьдог, малын гаралтай түүхий эдийн нөөц бололцоо их бий. Гэтэл өнөөдөр мал аж ахуйн салбар ямар нөхцөл байдалтай, бид юунд анхаарах шаардлагатай байна вэ?
– Бэлчээрийн доройтол бий болсон гэдгийг сүүлийн 10-аад жилийн хугацаанд бүх нийтээр хүлээн зөвшөөрч байна. Мэдээж байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөө байгаа. Гэхдээ нэгд, мал сүргийг замбараагүй өсгөсөн. Хоёрт, уул уурхайн нөлөө байна. Энэ хоёр бэлчээрийн доройтлыг бий болгож байна. Бид малын тоогоо тодорхой хэмжээнд хязгаарлаж, энэ их өсч байгаа малыг эргэлтэд оруулах ёстой. Энэ боломжийг хайхын тулд Барууны технологи, шаардлага хангасан боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, зээл тусламжийг энэ чиглэлд хандуулах ёстой.
Дээрээс нь малыг эрүүлжүүлэх асуудалд анхаарах ёстой. 1990-ээд оноос өмнө Хөдөө аж ахуйн нэгдэл, Сангийн аж ахуй гэж байх үед хавар малыг эрүүлжүүлэх “Хаврын 13-н ажил”-ыг зохион байгуулж, намар тарилга, туулга хийх зэргээр иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлдэг байсан. Ингээд мал эрүүл байсан учраас бид махыг маш их хэмжээгээр хойд хөрш рүүгээ гаргаж байсан. Гэтэл өнөөдөр мах экспортлох гэхээр танай мах эрүүл үү, хүнсний шаарлага хангах уу гэдэг асуудал тавьж байна.
Малчдын мал сүргийг чанаржуулах, таваарлаг малыг өсгөхийн тулд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх ёстой. Хөшүүрэг нь малын хөлийн татвар, малын бүтээгдэхүүний албан татвар байх ёстой. Мал бол хөдлөх хөрөнгө. Манайд үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авдаг. Үүнтэй адил хөдлөх хөрөнгөнөөс татвар авах ёстой. Татвар аваад эхэлбэл, малчид өөрсдөө цөөн тооны ашиг шим өндөртэй, таваарлаг малаа авч үлдээд, таваарлаг бус чанар муутай малыг эргэлтэд оруулна. Тэрнээс биш малчдыг малаа нядал, хорогдуул гээд хэн ч хорогдуулахгүй.
Малчин хүний хөдөлмөр хүнд. Хүн амыг хүнсээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангадаг чухал салбар. Гэтэл энэ салбарын гол түүхий эд ашиглагдахгүй байна. Улаанбаатараас хол аймгууд дайвар бүтээгдэхүүнийг зөөхөд тээврийн зардлаа нөхдөггүй тул толгой шийр, гэдэс дотор, өөхийг хөдөө шууд овоолоод хаяж байна. Өмнөх нийгмийн үед техникийн тос гэж ясыг шатаагаад тосыг нь гаргаж аваад хүнсний үйлдвэрт эдийн саван хийдэг байлаа. Гэтэл өнөөдөр ямааны хялгас, адууны хөөвөр, үхрийн хөөвөр, хонины ноос ашиглагдахгүй, үнэгүй болсон. Ийм их баялаг хаягдаж байгаа учраас малчид зөвхөн махаа л борлуулахыг бодож байна. Өнөөдөр хонь, үхрээ саадаг айл байхгүй боллоо. Тэгвэл бүтээгдэхүүнээс нь татвар аваад эхэлбэл, тэр саадаггүй малаа сааж өрөм зөөхий, ааруул, ээзгий зэрэг цагаан идээ хийгээд төв, суурин газарт авчирч зарна шүү дээ.
Мөн байгаль экологийг малчид тодорхой хэмжээнд доройтуулж байгаа учраас бэлчээр ашигласны татварыг авах хэрэгтэй. Ургамал үндэс үртэй, үрээ хаяж ургадаг гэсэн хоёр төрлийн байдаг. Гэтэл өнөөдөр үрээ хаяж ургадаг ургамал харьцангуй багассан. 1 м.кв-т байдаг ургамлын төрөл зүйл цөөрөөд, үүний цаана цөлжилт явагдаж байна. Ийм гурван төрлийн татварыг малаас авах ёстой юм.
– Малын өвчлөлгүй, эрүүл бүсийг зарлалаа гэж ярьж байна. Ингэснээр мал, сүргийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг бүрэн шийдлээ гэж ойлгож болох уу?
– ХАА-н мэргэжилтнүүд, “Хүний эмч хүнийг эмчилдэг. Харин малын эмч хүмүүн төрөлхтөнг эмчилдэг” гэж ярьдаг. Манай бизнесийнхэн шинэ үүлдрийн, таваарлаг мал оруулж ирж байгаа сайхан туршлага байна. Дундаас нь өндөр ашиг, хонжоо олох гэсэн оролдлого ч байна. Гэхдээ хамгийн гол нь үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой. Жишээ нь, монголчуудын уламжлалт малын үржил селекцийн туршлага байдаг. Монгол үхэр, сарлагийн дундаас хайнаг гардаг. Хайнаг эхний үе дээрээ хамгийн үржил шимтэй мал байдаг. Гэхдээ хоёр дахь үеэсээ аажмаар муудаад явчихдаг. Франц хонь оруулж ирээд, монгол хоньтой эрлийзжүүлээд, өндөр ашигтай хонь гаргаж ирлээ гэж ярьж байна. Гэхдээ цаашдаа юу болдог юм бол доо.
Сүүлийн үед мөн монгол адууг сайжруулах оролдлогууд хийгдэж байна. Монголчууд хэзээнээс урин дулаан, зуны сайхан цагт өөрийн сүргээсээ морио барьж, уяад, наадаж цэнгэж ирсэн ард түмэн. Харин сүүлийн үед үүнийг дөрвөн улирлын мэргэжлийн спорт болголоо. Монгол адууг ингээд сайжруулаад явж болно. Гэхдээ гадны янз бүрийн адуу авчираад эрлийзжүүлээд, тэрнээсээ болж гай тарьж байгаа асуудал ч сонсогдож л байна. Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн, эрдэмтэн багш нар адууны нийлүүлгийн өвчин гэж нэг юм гарч ирээд, их төвөгтэй, биднийг зовоож байна гэж ярьж байна.
Юм хийж, сайжруулах гэж байгаа нь мэдээж зөв. Гол нь үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв явуулах тал дээр төр засгаас анхаарч, зохицуулалт хийх хэрэгтэй юм. Хэрэв та хурдан угсааны, сайн адуу гаргаж ирэх гэж байгаа бол үржил селекцийг мэргэжлийн байгууллагатай хамтарч, эрүүл өвчингүй адуу авчираад, Монгол орны уур амьсгалд зохицох, мал сүргийн генэд яаж нөлөөлөх зэргийг тодорхойлон, үржүүлгийг явуулахад анхаарах ёстой. ХААИС-ийн харъяа Мал аж ахуйн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн бий. Цаашдаа бидний эко, байгалийн өвс ургамал идсэн, нутгийн шилмэл омгийн мал сүрэг юу болж хувирах билээ гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, манай сургуулийн Жавзмаа доктор Казахын цагаан толгойт үхэр, Дорнодын Талын улаан үүлдрийн дундаас Сэлэнгэ үүлдрийн үхрийг гаргаж ирж байсан. Энэ үхэр яаж ч үржил селекцэд орсон муудахгүй, Монгол орныхоо орчин нөхцөлд дасаад явах боломжтой нь батлагдсан байдаг.
– Манай ХАА-н салбар социализмын үед дотоодын хэрэгцээгээ хангаад, хойд хөрш рүүгээ экспорт хийдэг байлаа. Харин өнөөдөр энэ салбарын чадавхыг та ямар хэмжээнд байна гэж хэлэх вэ?
– Монгол Улс тогтвортой хөгжлийн тухай их ярих болсон. Тогтвортой хөгжил гэдэг бол нөхөн сэргээгддэг, зогсолтгүй үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Харин шавхагдаж дуусдаг, уул уурхайн салбарыг би тогтвортой хөгжил гэж харахгүй байна.
Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн салбар нь ХАА-н салбар, ХАА-д тулгуурласан боловсруулах, хөнгөн аж үйлдвэр гэж хэлнэ. Мал аж ахуйн тасралтгүй үргэлжлэх ийм циклтэй үйлдвэрлэл, үйлчилгээ социализмын үед Монголд байсан. Харин өнөөдөр энэ бүхэн тасалдаж, байхгүй болсон. Өөрөөр хэлбэл шувууны нэг далавчийг нь аваад явсантай адил зүйл өнөөдөр яваад байна.
Уг нь цогцоор нь хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг ар араас нь зарлаад явах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр ХАА-н салбарт хувийн хэвшил орсон учраас социализмын үе шиг нэг далайлтаар зохицуулаад явах боломжгүй, цаад эзэдтэй нь зохицож, уялдуулж явуулах арга, менежмент хэрэгтэй болоод байна. Харин үүнийг холбох гол зүйл нь татвар. Барууны өндөр хөгжилтэй орнуудад, хүн таныг төртэй холбох гол зүйл нь татвар гэсэн номлол, үзэл баримтлал байдаг. Татвараа нийгэм, эдийн засгийн хөшүүрэг болдог механизмыг нь ашиглаач ээ гэж хэлмээр байна.
Энд мөн нэг зүйлийг онцлоход, Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ДНБ-ийг танилцуулдаг. Гэтэл энэ тооцоололд малын өсөлтийн өртөг орохгүй байна. Жишээ нь, малчин хүн 500 хурга бойжууллаа гэхэд оны сүүлээр мал тооллогоор эдгээр хурга нь төлгө болсон байна. Хурга байхдаа 50 мянган төгрөг, төлөг болоход 80 мянга, намар болоход 100 мянга хүрдэг. Энэ бол малчин хүний хөдөлмөр шингэж, ДНБ-ий нэг хэсэг болж байгаа юм. Харин өнөөдөр мал аж ахуйн, амьдын жингийн өсөлтийн өртгийг тооцох аргачлал байхгүй. Зүгээр зах зээлийн үнэ ханшаар яваад байдаг. Гэтэл үнэ, өртөг хоёр тэс өөр ойлголт юм. Одоогийн нөхцөл байдалд тохирсон арга, арачлалыг боловсруулаад тооцох ёстой. Ингэснээр малчин хүний жилдээ олсон орлогын хэмжээ нэмэгдэнэ. Хуучин цагт Монгол үнээ 300 литр сүү, сарлагын үнээ 240 литр сүү гэх мэтээр жилдээ өгдөг нормтой байсан. Харин өнөөдөр 40 сая хониноос хэд нь хээлтэгч, хичнээн литр сүү авах тооцоо алга. Энэ бүхнийг тооцоод, татварыг нь аваад эхэлбэл, Монгол Улсын ДНБ маш их өснө. ДНБ бага харагдаад байдаг. Тэгсэн атлаа нэг хэсэг нь маш боломжийн амьдраад байдаг. Хот, суурин газарт ядуу зүдүү байгаа хүмүүсийг эс тооцвол монголчуудын амьдрал гайгүй байна. Малчин хүний амьдрал хэцүү байгаа юм бол яагаад хонио, үнээгээ, гүүгээ саахгүй байгаа юм. Энэ бол амьдрал цаанаа болоод байгаа учраас ингэж байна. Бид боломжоо олж харах ёстой.
– Мал аж ахуй, газар тариаланг хэрхэн хослуулан хөгжүүлэх вэ?
– Монгол Улс цөөн хүн амтай, асар өргөн уудам нутагтай. Өмнөх хөгжлийн түүхтэй харьцуулахад ямар ч байсан ахиад нэг жарны хугацаанд бэлчээрийн мал аж ахуй байна. Өргөн уудам тал нутгийнхаа ашиг шимтэй өвс ургамлыг идсэн малын махаа идэж монголчууд дархлаатай, эрүүл саруул байх ёстой. Үүний зэрэгцээ төв, суурин газраа бараадсан фермийн аж ахуй байх ёстой.
Харин бэлчээрийн мал аж ахуйг байлгахын тулд бидэнд нөөцийг зөв зохистой ашиглах тухай асуудал тулгарч байгаа юм. Говийн гурван аймгийг эс тооцвол Монгол Улсын бусад бүх аймагт газар тариалан эрхлэх Сангийн аж ахуй байсан. Харин өнөөдөр газар тариалан эрхэлдэг нутагт мал аж ахуй нь түрээд ороод ирсэн. Гэхдээ энэ нь хүмүүсийн буруу биш. Монгол Улсын Үндсэн хуулинд, хүн өөрийн амьдрах газар нутгаа өөрөө сонгоод нутаглах эрх нь нээлттэй байгаа. Харин энэ эрхийг төрөөс тодорхой хэмжээнд зохион байгуулах ёстой. Өнөөдөр Сэлэнгэ аймаг ямар их малтай болов. Хуучин цагт мал цөөтэй, газар тариалангийн бүс нутаг байсан. Гэтэл өнөөдөр тариан талбай руу мал орж, ургац сүйддэг үйл явда болж байна. Мэдээж Сэлэнгэ аймгийн тариачдыг Баян-Өлгий, Увс аймагт тариа тарь гэж хэлж болохгүй. Тэртээ тэргүй ургах боломжгүй. Ургах нутаг нь Төв, Сэлэнгийн район, Дорнод, Халх гол орчмыг тооцоод жаахан газар байна. Ийм жаахан газар нутаг биднийг гурил, төмс, хүнсний ногоогоор хангадаг гол газар болж байгаа юм. Тиймээс энэ газар мал маллах тохиолдолд малчин арай өндөр татвар төлөх хэрэгтэй. Харин энэнээс өөр газар мал маллавал бусдын адил татвар төлөөрэй гэж төрөөс мөн л миний түрүүний хэлсэнчлэн зохицуулалт хийх ёстой юм. Тэрнээс биш энэ хоёр салбар хоорондоо өрсөлдөөд явж болохгүй. Харин ч ингэж харилцан, нөхцөлдөж явах ёстой.
– Монгол Улсын “Алсын хараа 2050”-д бүсчлэн хөгжүүлэх тухай зорилт, төлөвлөгөө бий. Өмнө нь ч бид бүсчлэн хөгжүүлэх тухай олон жил ярьсан. Энэ бодлого яагаад хэрэгжихгүй байна вэ?
– Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 2000 оноос хойш ярьж байна. Яг өнөөдөр бүсчилж хөгжөөд бүсийн төв рүүгээ холбогдоод явж байгаа зүйл байхгүй. Манай өргөн уудам нутагт тарсан малын ашиг шимийг авахын тулд бүгд рүү нь машин, сүүний тэрэг явуулаад авна гэж байхгүй. Тиймээс бүсчилж үйлдвэр, аж ахуйн газрыг байгуулж, анхан шатны үйлдвэр байгуулах ёстой. Ингээд ойрхон сум, аймаг бүсийн төв рүү анхан шатны тордолт хийгээд ачиж явуулах хэрэгтэй. Өмнө нь арьс ширний үйлдвэр бог малын арьсаар торгон савхи гээд хийдэг байсан. Торгон савхины технологийг Рагчаа гэж хүн гаргаад төрийн шагнал хүртэж байсан. Өмнө нь байсан зүйлийг бид одоо сэргээх хэрэгэй. Салбарын яам нь нь мал аж ахуй, газар тариалан руу тодорхой анхаарал хандуулж байна. Үүнээс гадна хөнгөн үйлдвэрийн салбар луу, анхан шатны тордолт хийдэг үйлдвэр, салбаруудыг байгуулаач ээ гэж хэлмээр байна. Суманд гэхэд л түүхий эдийг цуглуулаад анхан шатны тордолт хийдэг, толгой шийрийг хуйхлаад, болгоод төв суурин руу ачуулж, нэмүү өртөг шингээгээд, явуулах хэрэгтэй байна. Өнөөдөр хаягдаад байгаа тэр их дагалдах түүхий эдийг боловсруулах ЖДҮ-д санхүүжилт олгох хэрэгтэй. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайд үүссэн нөхцөл байдлаас харахад, тэнд тэжээлийн үйлдвэр, усжуулалтын систем алга байна. Өмнө нь байсан нь бүгдийг устгасан. Одоо тэжээлийг ОХУ-аас, Улаанбаатар, Дорнод, Баян-Өлгий, Ховдоос өвлийн цагт, өвс хадаж бэлдэж байна.
Мэдээгээр гарч байна. Ховд голын ай сав дагуу хадлан бэлдэх гэж явсан хүмүүс мөс цөмөрсний улмаас эрсдэлд орлоо гэж байна. Хэзээ бид өвөл өвс хадлан бэлдэж байсан юм бэ. Гэтэл ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлээр дамжуулаад тийм төсөл хийсэн хүмүүсийг санхүүжүүлээд, татвараас нь чөлөөлмөөр байна.
Махны тухайд Монгол Улс эрс тэс уур амьсгалтай учраас мал хавар турдаг, үнэ нь өсдөг. Тиймээс тодорхой хэмжээнд бэлдсэн тэжээлээрээ малаа тэжээгээд, борлуулалтад оруулдаг байж болно. Ингэхдээ зоориудыг их хэмжээгээр бий болгоод намар малаа нядлаад тэндээ хадгалдаг, хавар төв суурин руу татдаг, хангалт бий болгодог сүлжээ байх ёстой. Хуучин цагт энэ байж л байсан зүйл. Өнөөдөр бүсчилсэн хөгжил гээд том зүйл яриад байдаг. Тэгээд яг хийх гэхээрээ доод цэгээ олохгүй байна.
– Олон санаачилга, төсөл хөтөлбөр энэ салбарт хэрэгждэг ч, улс орны хэмжээний бодлого болж чаддаггүй. Та төсөл, хөтөлбөрүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
– ХАА-н салбарт том, мега төсөл шууд хэрэгжих боломж нь хомс. Бизнес жижгээсээ эхлээд томорч явдаг. Үр ашиг нь батлагдаад, нотлогдоод ирэхээр цаашаагаа хөгжиж цэцэглээд явдаг. Шалгарлаараа яваад, томроод гараад ирнэ. Харин яг үр ашигтай, хэрэгтэй төслүүдийг салбарын хэмжээнд хэрэгжүүлээд явах тал дээр надад нэг санал байдаг юм. Тухайлбал, ХААИС жижиг төслүүдийг бэлдээд гаргачихвал, яам нь шаардлагатай, хэрэгтэй төслүүдээ биднээс аваад хэрэгжүүлээд явбал яадаг юм бол гэж боддог. Манай Агроэкологийн, Инженер технологийн, Эдийн засаг бизнесийн сургуулийн зарим багш нарт цааш нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой жижиг төслүүд бий. Энэ бол яг эрдэм шинжилгээ, лабораторийн орчинд хийсэн судалгаанд суурилсан төслүүд юм. Харин үүнээс цааш нь томруулах гэхээр бизнесийн байгууллага биш учраас газар талбай, тоног төхөөрөмж байхгүй. Өнөөдөр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хоорондын нэгдлийг хангах хэрэгтэй байна. Өнгөрсөн намар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, шинжлэх ухаанаа түшиглэж ажиллана гэж хэлж байсанд их баяртай байна. Үнэхээр салбарын яам нь ХААИС-ийн дэргэдэх судалгааны хүрээлэнгүүдийн эрдэмтэдэд түшиглэн ажиллаасай гэж хүсэж байна.
– ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ салбарыг бүхэлд нь шинэчилж, хөгжүүлэх томоохон зорилт тавьсан. Гэхдээ дөрвөн жил болоод л салбарын бодлого өөрчлөгддөг гэдгийг бид мэднэ. Тэрбээр сайд байх хугацаандаа энэ бодлого, зорилтоо хийж амжих уу, ядаж тавьсан зорилтоо ажил хэрэг болгохын тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ?
– Манайхан хэт их макро түвшинд ярьдаг. Харин газар тариалан гэхэд л яг энэ салбар дотроо тулгарч буй хөрс боловсруулах ямар технологи байх юм, эрс тэс уур амьсгалын нөхцөлд бид юу хийх, үрийн аж ахуй ямар байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Анхан шатнаасаа бодлогын суурийг нь зөв боловсруулж тавиад, үүнийг нь хамаагүй өөрчлөөд байхааргүй нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Хуурайшилт ихтэй нөхцөлд бид улаанбуудайн ямар сортыг тариалах ёстой юм гэдгийг батлаад тавьчихсан байх ёстой. Дараачийн сайд ирэхэд улаанбуудайн технологийн талаар ийм горим барьж явах юм байна гэдгийг мэдээд ажлаа цааш нь сайжруулаад, үргэлжлүүлээд явах ёстой. Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг гэж байдаг. Тухайн байгууллага яг тэр нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийн дагуу явдаг шүү дээ. Түүн шиг өмнө нь батлагдсан бодлогыг дараагийн удирлага ирээд өөрчилдөггүй л байх ёстой.
Сайдын хэлж, ярьж байгаа зүйл зөв зүйтэй санагдаж байна. Гэхдээ өнөөдөр яг түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд юу хийж байгаан бол. Дараагийн хүн нь үргэлжлүүлээд явах хэмжээнд суурь баримт бичгүүдийг бэлдээд тавихаас гадна үүнийгээ хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Бодлогын баримт бичгээр Монгол Улс дутаагүй. Бодлогын баримт бичиг хийгээд л байдаг. Яг анхан шатны цэг дээрээ энэнээс эхлээд хийгээд явчихсан гэх зүйл нь байдаггүй. Тэжээлийн үйлдвэрлэл, нарийн ногооны үйлдвэрлэлийг эхлүүлээд, малаас хаягдаад байгаа түүхий эдийг боловсруулдаг болчихмоор байна. Яг тулгамдаж буй жижиг асуудлуудыг эхнээс нь эхлээд шийдээд явах хэрэгтэй байна. Өмнөх туршлагаас харахад нээх их том юм яриад л, байгаа онож ажиллаж чадахгүй дөрвөн жил нь дуусдаг.
– Хэдийгээр хэрэгжилт удаан байгаа ч, бага багаар ахиц дэвшил гарсаар байгаа. Сүүлийн жилүүдэд ХАА-н салбарт хэрэгжүүлж буй бодлогыг та хэрхэн дүгнэх вэ?
– Зах зээлийн нийгэмд анх хөл тавьж байсантай харьцуулахад маш сайхан болж байна. Манай малчид хэзээ зурагт үзээд, хөлдөөгч тавиад сууж байсан билээ. Малчид машин, тэрэгтэй болсон байна. ХАА-н түүхий эдээ тодорхой хэмжээнд ашиглаж байна. Үхрийн ширийг элдээд сайхан сур хийдэг болсон байна. Гэхдээ цаана нь мал аж ахуйн түүхий эдийн асар том зах зээл байгаа учраас энэ бүхнийг 100 хувь гар аргаар хийх бололцоо байхгүй. Дархан арьс ширний цогцолбор төсөл 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ үйлдвэр 10 сая гаруй арьс шир боловсруулах хүчин чадалтай гэж сонссон. Гэхдээ энэ бол хангалттай тоо биш. Монгол Улс бол жилдээ 10-20 сая төл хүлээж авч байна. Энэ хэмжээний, үүнээс ч илүү малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж малын тоо толгой цөөрнө. Тиймээс бидэнд арьс шир, хоёрдогч түүхий эдийг ашигладаг үйлдвэрүүд хэрэгтэй. Гэхдээ дандаа мега төсөл хэрэгжүүлээд байх боломж улсын эдийн засагт байхгүй. Яахав үе үеийн засгийн газрууд тодорхой ажлууд хийгээд явж байна. Гэхдээ энгийн жижиг асуудлууд дээр байгаа онохгүй байна.
– Дэлхий дахинд технологи ХАА-н салбарт ихээхэн өөрчлөлт авчирч байна. Энэ салбарын ирээдүйг та хэрхэн харж байна?
– Монголчууд 1980-аад оны дундуур нэгэн үе улаанбуудай экспортолж байсан. 800 гаруй мянган тонн буудай авч байсан. Би оюутан байхдаа будаа хураалцаад явж байлаа. Одоо нэг үеэ бодвол 400 гаруй мянган тонн улаанбуудай авч, дотоодын гурилын хэрэгцээгээ хангадаг болчихож. Одоо цаашид элит үр бий болгож нөөцлөөд гадагшаа экспортлох хэрэгтэй. Үүний тулд орчин үеийн техник, технологийг оруулж ирж, мэдлэгт суурилсан хөгжлийг шингээж өгөх хэрэгтэй. Гацуурт компанийн технологи ашиглаад, ургац хураалт хийж байгааг хараад биширч байлаа. Технологи, мэдлэггүйгээр энэ зуунд оршин тогтнох боломжгүй болсныг бид харж байна.
Гэтэл технологио дэлгэдэг, дэлгэдэггүй хэсэг байна. Тэдгээр технологийг нэвтрүүлж, оруулж ирэхийн тулд, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Би Монголын ХАА-н салбарыг их өөдрөгөөр хардаг. Өргөн уудам газар нутаг, үржил шимтэй хөрс байгаа учраас аяндаа дэлхий нийт хошуурна. ХАА-н салбараа хөгжүүлье л гэж байгаа бол хөрөнгө оруулалтаа л сайн хийх хэрэгтэй.
Манай сургууль малын вакцин, эм тарилга, буудайн сорт гаргаж, малын үүлдэр омог батлаад бусад их дээд сургуультай харьцуулахад шинжлэх ухааны тал руу явж байна. Тиймээс энэ сургуулийг үйлдвэрлэлийн баазтай, 10 мянган га талбайтай, малчидтай, бүх малаа коджуулаад, техник, төхөөрөмжөө цахимжуулаад, эрдэм шинжилгээ, үйлдэрлэлийн сургууль болгох тухай би сургуулийнхаа удирдлагад ярьдаг юм. Өмнө нь би Прагийн Амьдралын ухааны их сургууль (өмнө нь Прагийн Хөдөө аж ахуйн их сургууль байсан) дээр очиж байсан л даа. Тэгэхэд гадаад харилцаа эрхэлсэн захирал нь, манай сургууль 2016 онд сургуулийнхаа бүх орлогыг хийсэн, оюутны төлбөрийг бид шүтдэггүй гэж ярьж байсан. Учир нь тэд тухайн жилдээ шар айрагны хоёр сорт гаргаж, туршаад Европын зах зээлд дуудлага худалдаанд оруулаад патентаа зарж, орлогоо бүрдүүлсэн байна. Тус сургууль хотоос зайдуу том кампустай. Яг үүний адилаар бид ч гэсэн шинэ бүтээл гаргаад, патентаа зараад явж болно.
– 2021 оныг та хэрхэн харж байна. Хөл хорионы дараах нөхцөл байдал ямар байх бол?
– 2021 оны тухайд өөдрөгөөр төсөөлж байна. Хоёрдугаар улирлын дундуур дэлхий нийтээр хөл хорионы байдал сулрах болов уу. Вакцинжуулаад ирэхээр хөл хорио сулрах байх. Үйлдвэр үйлчилгээ сэргэнэ гэж харж байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд санхүүгийн хямрал гарч магадгүй. Яагаад гэвэл бүх үйлдвэр, үйлчилгээ идэвхжээд эхлэхээр санхүүжилт хэрэгтэй болно. Тиймээс тэр их эрэлт, санхүүжилтийг хангах эх үүсвэрийг бид одооноос анхаарч, бэлдэх хэрэгтэй.
Манай улсын хувьд бурханы авралаар сайхан үе тохиолоо. Олон улсын зах зээл дээр алт зэс, коксжих нүүрсний үнэ өссөн. Хятад-Австралийн харилцаа муудсан учраас Монголоос авах нүүрс нэмэгдэнэ. Мөн олон улсын зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буусан нь манай эдийн засагт эерэг нөлөөлөл авчирсан. Энэ нь их завшаантай хэрэгтэй.
Гэхдээ Монгол Улс хэдий жижиг ч гэсэн хэдэн бизнес эрхлэгчид маань хорио суллаад, цаг сайхан болоод ирэхээр санхүүжилтийн дутагдалд орох вий. Тиймээс ААН-үүд үл хөдлөх хөрөнгөө барьцаалж мөнгө босгох, хоёрдогч зах зээлээс мөнгө босгох, олон улсын зах зээлд IPO гаргаж хөрөнгө босгох хэрэгтэй. Холбогдох яамд, байгууллагууд, ААН-үүд хөрөнгө татах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Үүнийг яагаад анхааруулж хэлээд байна гэхээр бид төлөгдөх ёстой өр, зээлээ бүгдийг нь хойш нь тавьчихсан. Тэгэхээр зээлүүдээ төлөх хугацаа ар араасаа шахагдаад ирнэ. Энэ үед л хөрөнгийн дутагдалд орох вий. Дээрээс нь Засгийн газар ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоосон, шимтгэл хураамжийг долоодугаар сарын 1 хүртэл чөлөөлсөн, цахилгаан, усны төлбөрийг чөлөөлсөн учраас Засгийн газарт төсвийн эх үүсвэр бага болж байна.