Д.Дамба: Монголчуудад мэдэхгүйн зовлон гэж том аюул байна
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр 2010-2014 оны хооронд ажиллаж байсан Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамба гуайтай уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал бэрхшээл, тээвэр логистикийн гацаа зэрэг сэдвээр ярилцлаа. Тэрбээр 1980 онд Дундговь аймгийн Цагаан-овоогийн нүүрсний уурхайгаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, алт, нүүрс, жоншны салбарт уулын мастераас уурхайн дарга хүртэл 40-өөд жил үр бүтээлтэй ажилласан тус салбарын туршлагатай мэргэжилтний нэг билээ.
-Ярилцлагаа саяхан болж өнгөрсөн, хүмүүсийн анхааралд ч багагүй өртсөн нэг бүтээн байгуулалтын тухай асуултаар эхэлье. Амур мөрний дээгүүр ОХУ-БНХАУ-ыг холбосон хос царигтай төмөр замын гүүр дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Энэ төмөр зам Оросын хувьд хэр ач холбогдолтой вэ? Манай улсын нүүрсний экспортод ямар нөлөө үзүүлэх вэ?
-Оросын нүүрсний экспортод маш их нөлөөтэй. Нүүрс гаргах боломж, хурдаа асар ихээр нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь дамаараа манай нүүрсний экспортод мэдээж нөлөөлнө. Манай улсын нүүрсний экспортын гол маршрут болсон Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг аваад үзье. Хятадын төмөр зам болон манай төмөр замын төгсгөл хоорондын зай нь 12 км-ын зөрүүтэй гэдэг. Энэ зайнд нь нүүрс ачиж буулгах терминал байгуулах юм байна. Яагаад оросууд шиг төмөр замаа Хятадын хил рүү оруулж тавьж болохгүй байгаа юм.
-Хятадын хууль тогтоомжид гадны өөр царигийг оруулахыг зөвшөөрдөг гэж үү? Эсвэл Орос, Хятад тохиролцож чадсан байна уу?
-Сайн тохиролцож чадвал асуудал байхгүй. Хятадын төмөр зам ч харилцан адилхан Оросын нутаг руу орсон гэж бодож байна.
-Нүүрс ачиж, буулгах, шилжүүлэх терминал баригдаж дуусахад тодорхой хугацаа хэрэгтэй. Нүүрсний экспорт тэр хэрээр удааширна гэж үздэг.
– Үүнийг хэлж мэдэхгүй. Нэлээд л юм болно гэж бодож байна. Цагаан хадыг яагаад эзгүй хээр, хилээс бараг 28 км газарт байгуулав. Тавантолгойгооос ачсан нүүрс Цагаанхаданд буусны дараа Хятадын хилээс машин ирж ачдаг, агаар, орчны бохирдол маш ихтэй газар. Миний ойлгож байгаагаар Цагаанхад бол олигархиудын хийсэн ажил, бүр мөнгө угаах зорилгоор байгуулагдсан газар. Яагаад Монголын төрийн өмчит Эрдэнэс таван толгой, Хятадын төрийн өмчит Шенхуа, Чалко компаниуд хоорондоо шууд гэрээ хийж өгч, авалцаж болохгүй байна вэ. Дунд нь манай талаас, цаад талаас ч зуучлагч компаниуд байна. Манайхаас бараг хоёр дамжлага, Хятадын талд бас төдий тооны дамжлага бий. Үүний дараа Монголын нүүрс эзэндээ хүрч байна. Дунд нь үнийн асуудал бий. Тавантолгой болон Шенхуа компаниуд шууд гэрээ хийж, үнээ тохиролцохоор улс төрчдөд нэг ч төгрөг унахгүй байгаа хэрэг. Хятадын төрийн өмчит компани бол авлига, хээл хахууль, хууль бүс үйлдлээс хол газар шүү дээ. Тиймээс дунд нь зуучилдаг нөхдүүдийн дундаас л Цагаанхад мэтийг санаачилж гаргаж ирсэн хүмүүс мөнгө угаадаг байх.
Ерөнхий сайд хүртэл нүүрсний мафи байгаа, тэмцэнэ гэж хэлсэн. Энэ бол үнэн. Дундын цэг яах гэж байгуулав гэдгийг бодох л асуудал.
Нүүрсний тээврээр баяжсан олон хүн байна, нүүрс тээврийн машинтай улстөрчид ч олон бий. Тийм учраас тэд энэ мэт дамжлагыг өөрчлөхгүй, төмөр замыг бариулахгүй, авто тээврээр ашиг олоод байгаа учраас үүгээр нь байлгаад 10 жил болгочихсон. Үүнийг ганцхан Женко Баттулга хийгээгүй. Түүнийг одоо элдвээр буруутгаж, харлуулж, Женко бид хоёрын муудалцсан нэвтрүүлгийг үе үе гаргаад байгаа нь бүх булхай бурууг түүнд чихэж, буруутан нь энэ гэж ард түмэнд харуулах гэсэн оролдлого. Баттулга надтай маргалдаж байхдаа Зам, тээврийн сайд буюу эл асуудлыг мэддэг хүн нь байсан. Гэхдээ тун удахгүй ажлаа өгөөд Хөдөө, аж ахуйн сайд, дараа нь Ерөнхийлөгч болсон. Гэвч тэр хооронд төмөр зам тавигдаагүй 10 жил боллоо. Тэгэхээр ганцхан хүн бус өөр олон хүн буруутай. Товчхон хэлэхэд Монгол Улсын эрх ашиг огт хамаагүй, хувийн эрх ашиг л чухал болж. Асуудал нь энэ.
– “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг Монгол Улс 2010 онд баталсан. Эл бодлогын баримт бичиг дээр бид ямар алдаа гаргасан гэж мэргэжлийн хүний хувьд боддог вэ? Тухайн үед мэргэжлийн байгууллага, шинжээчдийн зөвлөгөөг УИХ авсан л байх.
-Ганцхан би биш маш олон хүн зөвлөж байсан. МҮОНТВ-ийн нэвтрүүлгээр уул уурхай, төмөр зам, зам тээврийн салбарынхан оролцож үгээ хэлж байсан. Нарийн, өргөн цариг өөр өөрийн онцлог, техник технологитой гэдгийг Сүрэнхорлоо гээд маш мундаг төмөр замын инженер тодорхой тайлбарлаж байлаа. Ялангуяа дайн байлдааны зориулалтаар нарийн царигийг ашиглах боломжгүй, орчин үед төмөр замаар танк ачна гэдэг шиг бүдүүлэг ойлголт байхгүйг хэлж байсан юм шүү. Хамгийн гол нь шийдвэр гаргадаг, эрх мэдэлтэй хүмүүс машинаар нүүрс зөөх л сонирхолтой байсан хэрэг.
-Тухайн үед та Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
-Тийм. Намайг элдвээр муулж, Хятадын тагнуул гэхчилэн доромжилж байлаа. Уран сайхны кино шиг нэвтрүүлэг хийгээд миний яриаг авах юм байхгүй болгож монтажилсан.
Гялгар уутанд хийсэн элсийг цоолж гоожуулаад л Монгол Улсын баялгийг гарын салаагаараа ингэж урсгах нь гэж ярьж байсан шүү дээ.
Нарийн царигтай төмөр зам бол Гашуунсухайтаар орж ирээд Тавантолгой, Цогтцэций ороод буцах зам. Зөвхөн бизнесийн буюу экспортын зориулалттай, өртөг зардлыг багасгасан, саатал чирэгдэл багатай тээвэрлэлт.
Тухайн үед конвейерийн тээвэр ашиглах тухай мөн яригдаж байсан. Шивээхүрэнгийн боомтоор нүүрс гаргахаар конвейер тээврийн терминал байгуулах ажлыг нэг бизнесмэн эхлүүлж байгаад чимээгүй болсон. Дөч гаруй км үргэлжлэх конвейерийн систем. Гэтэл Австралид 100 гаруй км үргэлжилсэн, гадуураа хамгаалалтын бүрхэвчтэй, уурхайгаас далайн боомт хүрсэн конвейерийн системийг би очиж үзэж байлаа. Энэ бол нүүрсний экспортын өртөг зардлыг улам бууруулах, байгаль экологид ээлтэй тээвэр. Дэлхий дахин ингэж хөгжиж байхад бид машинаар л нүүрсээ зөөгөөд байх юм. Нүүрсээ ингэж зөөдөг Монголоос өөр орон би лав мэдэхгүй.
-Энэ ташрамд лавлахад “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг гарсны дараа та сэтгэл санааны хэр хүнд дарамтад орж байв?
-Хэцүү байсан. Янз бүрээр доромжилж, дарамталж байлаа. Гэр бүлээрээ хоолны газарт сууж байхад нэг залуу “муу урвагч” гэж хэлж байсан үе бий. Гэтэл одоо танихгүй хүмүүс гудамжинд таараад “Та Дамба гуай мөн үү, та тэр үед их зөв юм ярьж байсан эх оронч хүн юм аа” гэдэг болсон. Хүмүүс ойлгосон байна. Гэхдээ 10 жилийн дараа ойлгоно гэдэг маш харамсалтай. Бид эдийн засгаа 10 жилээр хорлочихсон байна.
Тухайн үед би мэргэжлийн хүний хувьд зөв гэж бодсон зүйлээ ярьснаас бус хэн нэгэн хүний эрх ашиг бодож, худлаа попорч, улс төрч болох гэж яриагүй. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдог, салбараа мэргэжлийн хүн нь удирддаг байх хэрэгтэй юм. Энэ удаад салбарын сайд нь мэргэжлийн хүн болсон тул бодлого нь арай өөр болж, хөрсөн дээрээ бууж байна. Боловсруулах үйлдвэрт анхаарч эхэллээ. Энэ бол сайн хэрэг. Цаашид салбараа солонгоруулах, Баялгийн сангаа зөв зохицуулах хэрэгцээ бий. Баялгийн санг улс төрчдийн мэдэлд өгч огт болохгүй, харин мэргэжлийн хүмүүс багтсан зөвлөлөөр удирдуулах зэрэг зохицуулалт хийх хэрэгтэй.
-Уул уурхайн салбарт олон ажил ажилласны хувьд та салбарын ойрын үеийн чиг хандлагыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Дэлхий дахин хүлэмжийн хийнээс татгалзаж эхэллээ. Бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Энэ бол америк, орос, монгол гээд бүхий л улс үндэстний нэгдмэл эрх ашиг. Үүний тулд нүүрс түлж эрчим хүч гаргадаг технологиос татгалзаж, өөр төрлийн эрчим хүч ашиглах ёстой. Монголын хувьд нүүрсний орд газруудаас метан хийг гаргаж авч болж байна. Нүүрсний уурхай болгон л метан хийтэй. Үүнийг ашиглах ёстой.
Мөн нар, салхи, усны нөөц буюу сэргээгдэх эрчим хүчийг ашиглая. Нэмж хэлэхэд атомын цахилгаан станц байгуулах хэрэгтэй.
Орчин үеийн атомын цахилгаан станцууд нь Чернобылийнх шиг том, болхи, хоцрогдсон, бүхэл бүтэн хотыг сүйтгэхээр хэмжээний аюултай байхаа больсон. Маш нарийн ажиллагаатай, автоматчлагдсан, бага оврын, өртөг зардал нь төсөр, хамгийн гол нь аюул багатай болж хөгжсөн. Гэтэл манайхан шар нунтгаас хүртэл айдаг хоцрогдсон байдлаасаа ичих хэрэгтэй. Мэдэхгүйн зовлон гэж аюул байна.
Европ атомын цахилгаан станцаар эрчим хүчээ гаргаж авч, нар, салхины станц ашиглаж байна. Манайд усан цахилгаан станцыг эсэргүүцдэг нь байгаль экологийг хамгаалж байгаа хэрэг мэт боловч үнэндээ геополитикийн асуудал. Өөрсдийн эрчим хүчийг борлуулахын тулд хэрэглэж байгаа арга. Үүнийг бид ойлгох хэрэгтэй.
-Уул уурхайн салбарын хөгжлийн дараагийн шат нь олборлолтоос боловсруулалт гэж тодорхойлсон. Энэ талаар байнга ярьдаг ч үр дүн бараг алга. Энэ чиглэлээр бид ойрын хугацаанд ямар үйлдвэрүүд байгуулах ёстой вэ?
-Боловсруулах үйлдвэр байгуулах нь олборлох үйлдвэрээс их хөрөнгө оруулалт, нарийн технологи шаарддаг. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрийг сэтгэлийн хөөрлөөр барих боломжгүй. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад 30 гаруй жил болоход зэс хайлуулах үйлдвэр баригдаагүйн нэг шалтгаан нь хайлуулах үйлдвэрээс ялгардаг асар их хүхрийн хүчлийг яаж ашиглах вэ гэдэг дээр шийдэл ололгүй гацсан явдал юм. Хүхрийн хүчлийг байгальд хаяж болдоггүй, асар хортой бодис учир заавал боловсруулах шаардлагатай. Тиймээс Бүрэнхааны фосфоритын ордоос хүдэр авчирч, зэс хайлуулах үйлдвэрээс гарсан хүхрийн хүчилтэй нийлүүлээд маш их эрэлттэй фосфатын бордоог гаргахаар оросууд анх Эрдэнэтийг байгуулахдаа төлөвлөж байсан. Тиймээс Хөвсгөл рүү төмөр зам барихаар шийдэж, трассыг нь хүртэл гаргасан ч “далай ээж цаазын тавцанд” гэсэн нийтлэл 1989 онд гараад эл ажил зогссон түүхтэй. Үнэндээ бол Бүрэнхааны орд нь Хөвсгөл далайгаас 80 гаруй км хол оршдог, экологийн шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй орд юм.
Боловсруулах үйлдвэрийг байгуулахдаа энэ мэтчилэн цогцоор нь бодож төлөвлөх ёстой.
-Энэ жил УИХ-аар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн биржийн тухай хуулиуд энэ салбарт ямар дэвшил авчирна гэж бодож байна вэ?
-Хууль эрхзүйн орчны хувьд хийх зүйл их байна. Боловсруулах үйлдвэрийн чиглэлээр хууль байхгүй, Ашигт малтмалын тухай хууль цоорхой ихтэй. Хуулийн цоорхойг ашиглаж их үймүүлдэг. Нинжа нарыг дэмжсэн Бичил уурхайн журам зэрэг бүтэхгүй зүйл их бий. Татвар төлдөггүй, сумын захиргаанд 10 мянган төгрөг өгөөд зөвшөөрөл авах ямар хэрэг байна вэ. Өнөөдөр бичил уурхайчид буюу нинжа нар улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээсээ илүү хүчирхэг, техникжсэн хэрнээ Монгол Улсын баялгийг дуртай газраа ухаж ашиглаад огт татвар, хураамж төлдөггүй байгааг болиулах хэрэгтэй. Би үүнийг эрс эсэргүүцдэг. Энэ бол Монголын эмгэнэл.
Байгалийн баялаг бол ард түмний өмч бөгөөд төрийн мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Ард түмний баялгийг яагаад аравхан мянган төгрөг өгөөд авч болж байна вэ? Гэтэл аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахад маш их зардал чирэгдэлтэй, дээрээс нь маш их татвар, шимтгэл, хураамж төлж байна. Компаниудаа ийм байдлаар дарамтлаад ажлыг нь явуулдаггүй. Манай төр, УИХ, эрхэм гишүүд борлуултын орлогоос 68 хувийн татвар авч байсан түүх бий. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Босго үнэ тогтоох гэх мэтээр гадаадын хөрөнгө оруулалтыг ч үргээсэн.
Монголын эдийн засгийг ийм байдлаар хорлогчид зөндөө бий. Төрөөс өгсөн хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлийг, нэг үгээр хэлбэл бүрэн эрхийг нь наад захын багийн засаг дарга хүлээж авахгүй, хөөж байна.
Төр ийм хүчгүй байна. Валют олдог, нийт экспортын 70-80 хувийг эзэлж буй уул уурхайн салбараа энэ мэтээр боомилж болохгүй.
Заримдаа уул уурхайн салбарт ажилладаг гэхээр айсан, хулмаганасан байдалтай явдаг болсон. Гэмт хэрэгтэн мэт үзэгддэг тогтолцоотой, нийгмийн ухамсар нь ийм байдалтай байвал Монгол Улс хөгжихгүй.
-Оюутолгой, Таван толгойн ордууд ямартай ч гараанаас хөдөлж, үйл ажиллагаа нь явж байна. Эл хоёр мега төслөөс бид ямар сургамж авах ёстой вэ? Дараагийн мега төсөл нь юу байж болох вэ?
-Тийм орд газрууд байгаа. Гэхдээ би тодорхой хэлж чадахгүй. Яагаад гэвэл Монгол Улсын газар нутгийн 80 хувь нь судлагдаагүй. Хэдэн Оюутолгойг байгааг бид мэдэхгүй. Мега ордууд байгаа ч мега төслийг хөдөлгөх, бий болгох орчин нөхцөл нь алга. Хайгуулын лиценз олголгүй 10 жил болсон учраас дараагийн Оюутолгойг олох боломжгүй болсон. Геологийн хайгуул судалгаа нь байгаль орчин сүйтгэдэггүй. Харин хайгуул хийсний дараа, орд олдвол олборлох үгүй нь төрийн бодлого байх ёстой.
Бид нүүрс, зэс, жонш гэсэн хэдхэн ашигт малтмалыг ярьдаг. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлага өөр болж эхэлсэн. Тиймээс бид овор хэмжээ бага, тээвэрлэхэд хялбар газрын ховор элемент, уран, мөнгө, алт зэрэг ашигт малтмалын хайгуулд илүү анхаарах хэрэгтэй.
Mongolian Economy сэтгүүлийн 2022 оны тавдугаар сарын дугаараас