Д.Моломжамц: Намайг ажил хүлээж авахад гарааны нөхцөл туйлын хүнд байсан
Монгол Улсад нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, зах зээлийн харилцаанд шилжих эхний жилүүдэд Улсын банкны монополь систем задарч байв. Ийнхүү Төв банк, арилжааны банк гэсэн хоёр шатлал бүхий тогтолцоо үүсэх тэр түүхэн мөч буюу 1992 оны тавдугаар capд би Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Миний хувьд Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод дөрвөн жил, зургаан cap ажилласан. Өмнө нь Засгийн газрын гишүүнээр найман жил хагас ажиллаад байсан бөгөөд Монгол Улсын банкны хөгжлийн түүхэнд тулгараад буй асуудлуудын талаар тодорхой ойлголттой байлаа. Ажилдаа орох үед гарааны нөхцөл туйлын хүнд байсан. Монгол Улсын Банкны тухай хуулийг Улсын Бага Хурал 1991 оны дөрөвдүгээр сард баталж, банкны хоёр шатлал бүхий орчин үеийн тогтолцооны эрх зүйн үндэс тавигдаж эхэлж байв. Гэвч Төв банкны тухай хууль байхгүй байсан. Монгол Улс өр, төлбөрийн эргүүлэгт орсон, валютын нөөцгүй болсон, гадаад валютын гүйлгээ хийх чадваргуй болж, олон улсын санхүүгийн хэллэгээр дефолтод орсон байв.
Зах зээлийн эдийн засагт шилжих эхний жилүүдэд төвлөрсөн хангамжийн систем үгүй болж, олон үйлдвэр бүрэн хүч чадлаараа ажиллахгүй болж, 1990-1993 оны хооронд ДНБ-ий хэмжээ жил бүр буурсаар байсан юм. 1992 он гэхэд ДНБ-ий бодит хэмжээ 1990 оны 80 орчим хувийн түвшинд хүртэл унаад байлаа. Өргөн хэрэглээний барааны болон түлш шатахууны хомсдол нүүрлэж, гаднаас бараа таваар худалдаж авах валютын эх үүсвэргүй болов. Бараа, үйлчилгээний үнэ тарифыг улсаас тогтоож байсан журмыг өөрчилж, үнэ, тариф тогтоох чөлөөт тогтолцоонд шилжих болсноор бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч, инфляцын түвшин 325 хувьд хүрсэн байв. Монголбанкны бэлэн мөнгөний нөөц шавхагдаж, ердөө 300 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй болж, хомсдолд орох эрсдэл нүүрлэсэн юм. Би ажлаа аваад Монголбанкны үйл ажил лагааг дараах таван чиглэлээр өрнүүлж, тодорхой арга хэмжээ авахаар зорьсон. Тухайлбал, банкны хоёр шатлал бүхий тогтолцооны эрх зүйн үндсийг бүрэн бүрдүүлэх, арилжааны банкнуудын үйл ажиллагааг хяналтад авах, Монгол Улсын шинэ үндсэн хуулийн холбогдох заалтын дагуу төрийн мөнгөний бодлогыг боловсруулж зохих журмын дагуу батлуулан хэрэгжүүлж эхлэх, “алт дилерийн хэрэг”-ээс үүдэлтэй арбитражийн гүйлгээний алдагдлыг хааж, Монгол Улсын гадаад валютын төлбөрийн чадварыг сэргээж, улсын валютын нөөцтэй болох, үндэсний шинэ мөнгөн дэвсгэртийн загварыг яаралтай бүтээж, зохих журмын дагуу батлуулж, шинэ мөнгөн дэвсгэртийг хэвлүүлэн гүйлгээнд гаргаж, бэлэн мөнгөний хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авах, дотоод өр авлагын сүлжээг тайлах явдал тулгамдсан зорилт байв.
Монголбанкны үйл ажил лагааг таван чиглэлээр өрнүүлж, тодорхой арга хэмжээ авахаар зорьсон
Бидний анхаарлын төвд байсан нэг чухал асуудал нь Төв банкнаас үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндсийг бүрэн бүрдүүлж, Монголбанк (Төвбанк)-ны тухай хууль болон банкны үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулсан бусад хэд, хэдэн хуультай болох нь чухал байлаа. Улсын Бага Хурлын даргын захирамжаар 1991 онд баталсан ердөө 16 зүйлтэй Монголбанкны дүрэм гэж л байсан юм. Энэ нь Төв банкны үйл ажиллагааг нарийн зохицуулсан эрх зүйн акт болж чадахгүй байлаа. 1992-1996 онд Төв банк, арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулсан Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Векселийн тухай хууль батлагдсан юм. Ийнхүү банкны системийн хууль тогтоомжийн нэгдсэн сүлжээ бий болсон нь зах зээлийн эдийн засгийн нэг чухал дэд бүтэц болох банкны шинэ систем бие дааж хөгжих эрх зүйн үндсийг тавьсан юм. Эдгээр хуулийн төслийг боловсруулж, батлуулахад УИХ-ын гишүүн Д.Данзан бидэнтэй гар нийлэн ажиллаж, энэ үйлсэд чухал хувь нэмэр оруулсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр хууль гарснаар банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн юм. Мөн арилжааны банкны Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын болон хувь нийлүүлэгчдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагын эрх зүйн үндэслэлийг тодорхой болгож, түүний биелэлтэд Засгийн газар, Монголбанкнаас тавих хяналтыг хүчтэй болгох, банк байгуулах шаардлагыг чангатгах зэрэг олон асуудлыг эрх зүйн зохицуулалтад оруулж өгсөн юм.
Монголбанк анх 1992 оны сүүлчээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 1993 онд баримтлах бодлогын чиглэлийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд оруулан хэлэлцүүлж, батлуулан түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах болов. Мөнгөний бодлогод тусгагдсан арга хэмжээнүүд нь заавал биелүүлэх, эсвэл дагаж мөрдөхийг шаардсан, эрх зүйн хувьд хуульчлагдсан онцлогтойгоос гадна уг үндсэн чиглэл нь зах зээлийн харилцааны үед төрөөс санхүү-мөнгөн гүйлгээ, зээлийн бодлогын талаар баримтлах үндсэн баримт бичиг болсон түүхтэй. Төрийн мөнгөний бодлогыг бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх эхний жилүүдэд Төв банкны мөнгөний бодлогын арга хэрэгслүүд төлөвшиж бий болсон юм. Эхний үед ялангуяа 1992 1995 онд мөнгөний удирдлагын захиргааны болон эдийн засгийн аргыг хослуулсан мөнгөний бодлого боловсруулан хэрэгжүүлж байв. Арилжааны банкан дахь иргэдийн хадгаламжийн хүүгийн доод хэмжээг Төв банкнаас тогтоох, мөн банкнаас олгох зээлийн хэмжээг хязгаарлах, зээлийн хүүг инфляцын түвшинтэй уялдуулан өндөр тогтоох, заавал байлгах нөөцийн шаардлагыг өндөржүүлэх зэрэг захиргааны болон эдийн засгийн аргыг хослуулсан харьцангуй хатуу мөнгөний бодлого явуулж байсан. Энэ бүхний үр дүнд 1994 он гэхэд банкнуудын үйл ажиллагааг Монголбанк бүрэн хяналтад авч, үнийн өсөлтийг тогтвортой бууруулж эхэлсэн юм.
Монголыг дэмжигч хандивлагч орнуудын клуб 1991 онд бий болсон
Улсын валютын нөөцийг сэргээж бий болгох явдал тэр үеийн тулгамдсан зорилтын нэг байсан. 90-ээд оны эхээр банкны хоёр шатлал бүхий тогтолцооны эхлэл дөнгөж тавигдаж байсан болон “алт дилерийн хэрэг”-ийн улмаас банкны нэр хүнд эрс унасан байсан тул манай зарим томоохон үйлдвэр валютын орлогоо гадаад банканд данс нээн хадгалж, тэндээсээ гүйлгээ хийж байсан. Би “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг, “Говь” компанийн захирал Д.Дамдинжав нартай биечлэн уулзаж, экспортын борлуулалтын валютын орлогоо Монголд оруулж ирэх санал тавихад “Бидний итгэлийг даах, найдвартай үйлчлэх арилжааны банк манайд байхгүй төлбөр тооцоо саатна” гээд татгалзсан. Гэвч удаан ярилцасны эцэст энэ хоёр үйлдвэрийн валютын харилцах дансыг түр хугацаагаар Монголбанканд нээж, төлбөр тооцоог нь анхны шаардлагаар нь биелүүлэхийн хамт хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг нь Монголбанк ашиглаж зарим яаралтай төлбөрийг гүйцэтгэж байж билээ. Энэ үйлдэл нь Төв банкны ажил биш гэдэг нь хэнд ч тодорхой байсан хэдий ч шилжилтийн үеийн хүндрэлээс урган гарсан түр зуурын алхам байв.
Монголыг дэмжигч хандивлагч орнуудын u клуб 1991 онд бий болж, хоёр дахь удаагийн зөвлөлгөөн 1992 оны зургадугаар сарын эхээр Токиод болж, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Монголын эдийн засгийг зах зах зээлийн харилцаанд шилжүүлэх эхний алхмын талаар илтгэл тавьж, би Монголын банкны хоёр шатлал бүхий тогтолцоог үүсгэн хөгжүүлэх талаар авсан арга хэмжээний талаар мэдээлэл хийж байлаа. Энэ зөвлөлгөөн дээр Монголд анх удаа байгуулагдсан эвслийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихээ хандавлагч орнууд болон ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк (АХБ) албан ёсоор илэрхийлсэн түүхтэй. 1992 оны зургадугаар сараас ОУВС, Дэлхийн банк, АХБ-тай Монголын эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр, түүний дотор банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрүүдийг тохирч, хэрэгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд 1992 оны сүүлээс буцалтгүй тусламжийн эхний хэсэг зарим орноос орж ирэх болсон. Энэ үед Дэлхийн банкны 105.7 сая ам.долларын таван төсөл, АХБ-ны 269.5 сая ам.долларын арван төсөл, ОУВС-гийн 98,1 сая ам.долларын хоёр хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байдаг юм.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлэх, валютын зохицуулалтын тухай хуулийг боловсруулан батлуулж, мөрдүүлэх алт хөтөлбөрийг хэрэг жүүлэх зэрэг олон арга хэмжээ нь улсын валютын нөөцийг сэргээн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. 1993 1996 онд алт олборлодог компаниудаас Монголбанк 8370 кг алт худалдан авсан байдаг юм. Ер нь алт олборлолт нь 1994 оноос валютын нөөцийг бүрдүүлэгч нэг гол эх үүсвэр болсон. 1993 оны эцэс гэхэд Монгол Улс 27 сая ам.долларын валютын цэвэр нөөцтэй болж, намайг ажлаа хулээлгэж өгөх үед буюу 1996 оны арваннэгдүгээр сард Монголбанкны валютын цэвэр нөөц бараг 60 сая ам.доллар болсон байлаа.
/Монголбанкны 100 жилийн ойд зориулсан тусгай дугаар 2024.06 сар/