Ж.Лувсандандар: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун аймгуудад хөгжил авчирна

B Shurenchimeg
2022-09-19 10:27:45
Ангилал: Эдийн засаг

Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ерөнхий инженер Ж.Лувсандандартай ярилцлаа.

-Усан цахилгаан станц баригдсанаар үүсэх байгаль экологийн эерэг нөлөөллүүд, давуу тал юу вэ?

-Би Тайширын усан цахилгаан станцыг барихад эхлэлээс нь ашиглалтад орох хүртэл инженерээр ажилласан. Тайширын усан цахилгаан станцын усан санг говь, хангай хосолмол газар барьсан. Тухайн үед Говь-Алтай аймгийн иргэд, малчид эрчим хүчтэй болсноос гадна нуурын ойр орчим ургамал, ногоо ургаж, дөрвөн улирлын турш нуураа тойроод нутаглахад боломжийн сайхан болжээ гэж ярьцгааж байсан.

Говь-Алтай аймгийн төв Алтай хотын иргэд ундны усандаа хатуулаг ихтэй ус ууж хэрэглэдэг, тийм болохоор ходоод гэдэс нь өвддөг, өвчлөмтгий байсан. Австри Улсын хөрөнгө оруулалтаар Тайширын усан сангаас цэвэршүүлэх байгууламж, дамжуулах хоолой барьж өгснөөр тус хотын иргэд эрүүл, цэвэр ундны устай болсон.

Хэрвээ Тайширын усан цахилгаан станц баригдаагүй бол цахилгаан эрчим хүчний доголдолтой мөн ундны усны асуудлаа шийдэхийн тулд Завхан голоос шугам татаж ашиглах гээд олон бэрхшээлтэй тулгарах байсан.

Усан цахилгаан станц хүлэмжийн хийг бууруулахаас гадна тухайн бүс нутгийн агаарын чийгшлийг нэмэгдүүлж, орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлсэн. Чийглэг хөрсөнд төрөл бүрийн ургамал, ногоо ургах боломж бүрдсэн.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажлын явц хэдэн хувьтай байна вэ?

-БНХАУ-ын Засгийн газраас Монголын Улсын Засгийн газарт олгох тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц багтсан. Төслийн нийт өртөг 270 сая гаруй ам.доллар. Үүний 95 хувийг Хятадын Засгийн газрын зээлээр, үлдсэн таван хувийг Монголын Засгийн газар санхүүжүүлнэ. Зээлийн үнийн дүн 250 сая ам.доллароос дээш тул Хятадын талтай тусгайлсан зээлийн хэлэлцээр хийж, Төрийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар тусгайлсан зээлийн хэлэлцээр хийхээр ажиллаж байна.

Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулахдаа бүх үйл явцыг маш нарийн тусгаж, хоёр тал бүрэн тохиролцох ёстой. Бид онлайнаар хуралдаж байгаа ч цар тахал, хил гаалийн хязгаарлалтаас үүдэн ажил удаашралтай байна.

Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхлэх байсан ч цар тахал, хил гаалийн хязгаарлалтаас үүдэн төслийн ерөнхий гүйцэтгэгч талын зарим инженер манай улсад хараахан ирээгүй учраас хойшлогдсон.. Хятад инженерүүд төслийн талбай дээр нарийвчилсан зураг төслийн ажлыг эхлүүлэх бөгөөд бүх объектийн зураг төсөл хийгдсэний дараа манай эрх бүхий байгууллагаар орж магадлан итгэмжлэгдэх учиртай. Энэ бүх ажил хийгдсэний дараа барилга угсралтын ажил эхэлнэ…

 

 

 

Үргэлжлэлийг “Mongolian Economy” сэтгүүлийн 06, 07-р сарын дугаараас

“Mongolian Economy” сэтгүүлийн үнэ 25,000₮ 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7011-5477, 9409-2904 дугаараас авна уу.

 

 

 

 

 

B Shurenchimeg