Ж.Тамжид: Нуурыг маань хамгийн их бохирдуулж буй хүмүүс бол хулгайн загасчид

Sarangerel
2024-09-19 14:31:47
Ангилал: Нийгэм

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын байгаль хамгаалагч Ж.Тамжидаас товч тодруулга авлаа.

-Бид Улаагчны хар нуураас хөдлөөд Бургастын дөрөлж, Бургастын гол, Шар хадны энгэрээр дайраад далайн түвшинээс 2000 гаруй метр өндөрт Сэнжидийн хадаар өгсөж, дараа нь Мухартын голд ирлээ. Гайхалтай юм аа. Мухартын гол гэж элсэн манхнаас цэвэр тунгалаг булаг ундардаг онгон тагшин газарт хүмүүс ирэх гэж бартаат замыг туулдаг юм байна. Аялагчид нэлээд ирсэн байна, тийм үү?

-Тийм шүү, байгаль дэлхий өөрөө олон сорилтыг хүмүүст бий болгодог шүү дээ. Энд ингээд зориод ирнэ гэдэг амьдралдаа дурсамж үлдээх хамгийн сайхан зүйлсийнх нь нэг байх. Тиймээс жуулчид, аялагчид Хар нуур, Мухартын голыг зорин ирэх нь ихэссэн.

-Мухартын гол эмзэг экосистем юм. Хэрхэн хамгаалж байна вэ?

-Мухартын голын ундарга багасч байна. Энд зөв менежмент, зөв удирдлага, төсөв хөрөнгийн шаардлага их байна. Тэгэхгүй бол ганц байгаль хамгаалагч энд ажиллаад асуудлыг шийдэхэд хүндрэлтэй. Сүүлийн үед нутгийн иргэд аялагчдад морь унуулах үйлчилгээг үзүүлдэг болсноор элснээс гулгах нь багассан. Арай дөхөм болсон. Нутгийн иргэдэд түшиглэж хамгаалалтаа зохицуулбал зүгээр байна. Мөн байгаль хамгаалагчийн орон тоог нэмэх, камер ажиллуулах нь зөв болов уу.

 -Та Эрдэнэхайрхан сумын байгаль хамгаалагчаар 16 ажиллажээ. Энэ хугацаанд нөхцөл байдал ямар байв?

-Арван хэдэн жилийн өмнө Мухартын гол, Улаагчны хар нууранд хүн ирдэггүй байсан. Цөөхөн аялагч ирдэг. Тэгэхээр айхтар зөрчил гараад байх нь бага байсан. Хамгийн оргил үе нь 2014, 2015 оноос хүмүүс манай нутгийг зорих нь илт ихэссэн. Гадаадын жуулчид ирэхээс гадна дотоодын аялагчид олноор ирнэ. Хүмүүс элсэн манхнаас гулгах их сонирхолтой. Тэгэнгүүт элс нь нурсаар байгаад доороосоо шуугдаад эхэлсэн. Хүний буруутай энэ мэт зүйлс нөлөөлж байгаа. Мөн байгаль, цаг уурын өөрчлөлт ч их нөлөөлж байна. Усны урсгал багасч байгаа нь цэвдэг хайлсантай холбоотой болов уу.

-Мухартын гол болон Улаагчны хар нуур улсын тусгай хамгаалалтад байдаг. Гэхдээ сум орон нутгийн зүгээс хамгаалах тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Улаагчны хар нуурын орчмын бохирдлын асуудлыг улсын тусгай хамгаалалттай газар, сумын Тамгын газар, байгаль хамгаалагч миний бие хамгаалж байна. Орчны бохирдлыг энэ жил тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа дангаараа цэвэрлэж, зайлуулсан. Гэхдээ гол цэвэрлэгээг нутгийн иргэд хийдэг. Хар нуурыг тойроод нутгийн иргэд гэр барьдаг. Эдгээр хүмүүс хогоо цэвэрлэж, хамгаалж байна даа. Нуурыг маань хамгийн их бохирдуулж буй хүмүүс бол хулгайн загасчид байдаг. Энэ талд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Миний хувьд Улаагчны хар нуурын тусгай хамгаалалттай газрыг тусад нь суманд байгуулах нь зөв гэж боддог. Мөн иргэд, олон нийт, аялагчдад маш сайн ухуулга, сурталчилгаа хийх хэрэгтэй. “Улаагчны хар нуур-Үндэсний парк” гэсэн төсөл бэлээхэн бий. Энэ төслийг хэрэгжүүлээд ажиллабал Хар нуур, Мухартын голд үүссэн асуудлууд цэгцэрч нэлээд үр дүнгээ өгөх болов уу гэж хардаг.

/“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаараас 2024.09 сар/