Ж.Флойдын үхэл нийгмийн сүлжээг доргиов
Тавдугаар сарын 25-нд Миннеаполис мужийн цагдаагийн гарт амь үрэгдсэн Жорж Флойдын хэрэг олон нийтийн анхаарлыг татахгүй өнгөрч болох байв. Учир нь АНУ-д жилд мянга гаруй иргэн цагдаагийн гарт амь үрэгддэг ба тэдний дийлэнх нь зэвсэггүй өнгөт арьстан байдаг аж. Тиймээс Ж.Флойдын хэрэг гайхаж цочирдмоор хэрэг биш байлаа.
Гэвч Ж.Флойдын хүзүүн дээр цагаан арьст цагдаа өвдөглөж буй бичлэг нийгмийн сүлжээгээр хурдтай тархсаны дараачаар арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг Миннеаполис мужид өрнөсөн жагсаал цаашлаад АНУ төдийгүй дэлхий даяар цар хүрээгээ тэллээ.
Твиттер, инстаграмд #georgefloyd гэсэн хаштагтай хэдэн сая пост тавигджээ. Тодруулбал, Жорж Флойдыг балмадаар хөнөөснөөс хойших хоёр долоо хоногийн хугацаанд инстаграмд л гэхэд #georgefloyd хаштагийг 2.3 сая удаа ашиглажээ. Энэ нь бэлгийн хүчирхийллийн эсрэг #metoo (2017 оноос хойш нийт 2.5 сая пост) хөдөлгөөнтэй дүйцэж очих юм.
Тавдугаар сарын 29-өөс хойш дэлхийн 140 гаруй орны твиттер, инстаграмын хэрэглэгчид нийтдээ 450 мянган пост оруулсан гэсэн тооцоог Economist сэтгүүл гаргажээ (газрын зургийг харна уу). Тэр ч бүү хэл твиттер, инстаграм ашигладаггүй Хятадын иргэд #georgefloyd гэсэн хаштагаар нийгмийн сүлжээнд эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсээр байна.
Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаалд оролцогчдын тоо постуудын тооноос ч илүү байх магадлалтай. Энэ нь олон улсын хөдөлгөөний эхлэл байж болох уу? Нэг талаар, арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн хүчирхийлэл нь зөвхөн АНУ-д тулгардаг асуудал биш юм. Тиймээс тус хөдөлгөөний зорилготой санал нийлэх хүн олон байв. АНУ-аас эхэлсэн жагсаал Парис болон Рио-де-Жанейро зэрэг хотуудад хүртэл өрнөж байна. Ухаалаг утас, нийгмийн сүлжээ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгоод зогсохгүй эх орондоо, хилийн чанадад хөдөлгөөн эхлүүлэхэд хүртэл хялбар болгожээ. Цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болохоос өмнө Өмнөд Африк дахь арьс өнгөөр ялгаварлах үзэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд улс хоорондын сүлжээ чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Харин өнөө үед технологийн цар хүрээ, хурд нэмэгдсэний улмаас аливаа тэмцэл цар хүрээг хамрах болжээ.
Нөгөөтээгүүр, твиттер, инстаграмын пост болгон олныг хамарсан хөдөлгөөн болон хувирдаггүй. Нийгмийн сүлжээгээр Жорж Флойдын нэрийг дурдсан хэрэглэгчдийн дийлэнх нь улс төрийн хөдөлгөөнийг тэвчдэггүй авторитар төртэй орны иргэд байжээ. Black Lives Matter хөдөлгөөнд нэгдэх улс орны тоо нэмэгдсээр байх уу гэдэг нь АНУ-ын нөхцөл байдал хаашаа эргэхээс хамаарна. Яахын аргагүй Ж.Флойдын “Би амьсгалж чадахгүй байна” гэж орь дуу тавих нь цагдаа болон эрх баригч нартаа боогдуулж буй олон иргэдийг тэмцэлд босгож чадлаа.