Зах зээлийнхээ хэрэгцээг мэдрээд малчид цайвар өнгийн ноолуур бэлтгэх болсон

Mongolian Economy
2020-04-24 14:08:56

Өмнөговь аймгийн Баяндэл сумын “Жаргалантын Итгэлцэл” хоршооны дарга Л.Бурмаа:

-Тухайн бүс нутгийн онцлогоос шалтгаалан малын ашиг шим болоод мал маллах арга туршлага өөр өөр байдаг. Танай нутагт малчид хэрхэн ноос, ноолуураа самнаж бэлддэг вэ?
-Манайх Монгол орны хилийн өмнөд хэсэгт, хил дагуу байрладаг. Өмнөговь аймгийн хувьд таван төл малын дийлэнх хэсэг нь ямаа байдаг. Голдуу ноолуурын чиглэлийн ямаа үржүүлдэг. Манай нутгийн “Зундуйн цагаан” гэсэн шилмэл омгийн ноолуурын ямаа байдаг. Чухам үүгээрээ л амьдралаа залгуулдаг гэж болно. Ерөнхийдөө зах зээлийнхээ хэрэгцээг мэдрээд малчид цайвар өнгийн ноолуур бэлтгэх хандлагатай болсон. Говийн ноолуур гарц ихтэй, бид гарцаа хадгалахаас гадна ноолуурын чанараа хадгалахыг зорьж байна.
Манай малчид хавар дөрөвдүгээр сарын 10-аас эхлээд ямаагаа самнадаг. Цаг агаарын байдлаас үүдээд эр сувай зэрэг арай тэсвэр сайтай малаасаа эхлээд самнадаг бол эм ямаа, борлонгоо хамгийн сүүлд самнадаг. Орчин үетэйгээ зохицоод дөрвөн хөлийг нь хүлээд маажаад байх нь ховор болсон. Илүүтэй эсгий хороо, саравч бэлдэж ямаагаа самнаж байна.
-ТННЭ-д элссэнээр танай хоршоонд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Энэ төсөлтэй холбогдсоноор малчид бэлчээрийг зохистой ашиглах, мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадлыг эзэмшихэд шинжлэх ухаанч байдлаар ханддаг болж байна. Манай малчид 2017 оноос энэ төсөлтэй холбогдож, сургалтанд хамрагдсан. Ийнхүү бид ямааныхаа үржил, селекцийн аргыг идэвхжүүлэх, ноолуурынхаа одоогийн гарцыг бууруулахгүйгээр нарийн ширхэгт, чанарыг нь сайжруулах, үүнтэй холбоотойгоор бэлчээр зохистой ашиглах, бэлчээр тэжээлийн нөхцөлийг дордуулахгүй байх, цөлжилттэй тэмцэх гэсэн үндсэн гурван чиглэлд ажиллаж байна. Төслийн стандарт, тавьж буй шаардлагын дагуу тухайн орчинд амьдарч буй мал амьтны амьдрах орчинд халдахгүй байх, хамгаалах, бэлчээрийнх нь нөхцөлийг доройтуулахгүй байх, бүр сайжруулах чиглэлийн ажлыг хийж байна. Хоршоо байгуулагдаад ажиллах хугацаандаа усалгааны системтэй 2.5 га газарт тэжээлийн ургамал, мод тариад байна. Манай нэг тэргүүний, үлгэр жишээ өрх л гэхэд гэрийнхээ гадна хоёр талбай хашаад, 100 гаруй мод тариад, эх булгаа хашчихсан сайн жишээ бий. Мөн бид орон нутгийнхаа удирдлагуудад санал, хүсэлтээ тавьсны дагуу 2018 онд улсын төсвөөр ан амьтан услах автомат усалгаатай, нарны эрчим хүчээр ажилладаг худагтай болоод ашиглаж байна. Товчхондоо, бид зөвхөн малаа маллаж, хариулах гэхээс илүүтэй тогтвортой буюу кластер байдлаар мал маллах арга ухаанд суралцаж, аж ахуй эрхлэх болсон.
-Ноос, ноолуурын салбарын эх үндэс нь малчид та бүхэн. Тэгэхээр малчдын эрхэлж буй аж ахуй, та бүхний улс эх орныхоо эдийн засагт оруулж буй хувь нэмрийг та юу гэж боддог вэ?
-Бидний хувьд амьжиргааны гол эх үүсвэр болсон ноолуурын чиглэлийн ямааныхаа чанарыг л сайжруулъя гэж боддог. Ноолуурын гарц, чанарыг муудуулахгүй байх, харин ч тогтвортой түвшинд авч яваад, түүгээрээ дамжуулж чанартай, ангилж ялгасан, үйлдвэрийн стандарт шаардлагад нийцсэн ноолуур бэлтгэхийг зорьж байна. Үүгээрээ дотоодын хэрэгцээгээ хангаад, цаашлаад гадагшаа зах зээлд гарч байвал улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр гэж боддог.
-Малчид, үйлдвэрүүдийн дунд “ченжүүд” орж самнасан ноолуурыг авах тохиолдол түгээмэл болсон. Дотоодын үйлдвэрүүдэд сайн чанарын ноолуураа хүргэж өгөх боломж бий юу?
-Алслагдсан бүс нутагт энэ бэрхшээл одоо ч бий. Манай хоршоо үйлдвэрт 2008, 2009 оноос хойш ноолуураа өгөөгүй. Бид сайхан цагаан ноолууртай болохоор ченжүүд орон нутгийн ханшаас илүү үнээр аваад байгаа. Үүнд нь малчид ханачихдаг. Харин ТННЭ-тэй холбогдсоноор малчид дотоодын үйлдвэрүүдэд ноос, ноолуураа өгч эхлээд байна. Малчид үйлдвэрүүд дээр очиж танилцан, тухайн үйлдвэрийн шаардлагад нийцүүлэн ноолуураа ангилж ялгаад орон нутгийн ханшаас дээгүүр үнээр өгч эхлээд байгаа. Үйлдвэрүүд ноолуураа ангилж ялгаад, ноолуурын чанарыг тодорхойлсон баталаагаа аваад ирвэл авах боломжтой гэсэн. Ирэх жилээс тогтмол хугацаанд үйлдвэрүүдэд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Манай Баяндэл сум засмал замтай, малчдын амьжиргаа сайжирч байгаа учраас 1-2 тонн ачаа ачаад явах боломжтой болсон.
-Монгол ноос, ноолуурын онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?
-Монгол мал бэлчээрийнх учраас эрүүл, чийрэг малаас гарсан ноолуур нь биологийн идэвхт бодисуудаар тордсон малын ноолууртай харьцуулахад эрүүл байдаг. Бидэнд тавьж буй гол шаардлага нь нарийн ширхэгтэй байх ёстой гэдэг л дээ. 17 микроноос дээш болохоор ноос, 17 микроноос доош 13-14 болохоороо жинхэнэ кашмер гэсэн үг. Хамгийн сайн чанарын ноолуур хамгийн тансаг хэрэглээнд тохирно. Бид энэ чиглэл рүү л явах ёстой. Говийн ямааны хувьд чанар сайтай гэдгээс гадна гарц өндөртэй учраас бид гарцыг нь бууруулахгүй байхыг зорьж байна. n

Mongolian Economy