Зууны нам

Mongolian Economy
2021-07-01 10:05:55
Ангилал: Дэлхий 2021

2021 онд Хятадын Коммунист нам хэний онцгой төрсөн өдөр болох вэ гэдгийг мартахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Тус нам Шанхай хотын Франц концесс байсан, өдгөө худалдааны гял цал дүүрэгт нууцаар байгуулагдсанаас 100 жилийн дараа долдугаар сарын 1-нд түүхэн ойгоо тэмдэглэнэ. Гэвч ойг сануулах явдал бүтэн жилжингээ өрнөнө.

Дуурь, кино мөн телевизийн 100 гаруй бүтээл хийгдэнэ. Түүхэн ойг дурдалгүй өнгөрөх албан ёсны илтгэл бараг байхгүй. Зуун жилийн баяр ёслолыг гутааж мэдэх хоёр зүйл буюу Ковид-19, Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнтэй Коммунист нам 2020 онд нүүр тулсан. 2021 оны эхэнд тус нам үгээгүй ядуурлыг ялж, “бүхий л талаар дундаж хөгжил цэцэглэлтэй нийгэм” байгуулснаа тунхаглах юм. Нам баяр хөөрийн хөхиүн байдалд орно.

1921 оны долдугаар сарын 1-ийг нам үүсгэн байгуулагдсан өдөр гэж шийдсэн хүн бол Мао Зэдун. Ач холбогдлыг нь түүнийг аль хэдийнэ тодорхойлчихсон байх үед буюу нам нь 1930-аад оны сүүлчээр Хятадын баруун-хойд этгээдийн агуйд нууцаар ажиллаж байхад жинхэнэ огноо буюу долдугаар сарын 23 мартагдсан байлаа. Дэлхийн хамгийн том улс төрийн намын нэг болох тус нам түүхэн ойнхоо өмнө 90 сая гишүүндээ намын түүхийн тухай мэдлэгээ шинэчлэхийг зааварлана. Энэ нь тэрхүү огноотой (огноог өөрчилснөө гэхдээ хүлээн зөвшөөрнө) гэхээсээ илүүтэй төрийн эрхэнд гарсан болон эрх барьж буй долоон арвантай холбоотой томоохон үйл явдлуудтай холбогдоно.

Албаны хүмүүс үүнийг “дөрвөн түүх” буюу “намын, Хятад дахь коммунист жолоодлогын, эрс шинэчлэл болон нээлтийн, социализмын хөгжлийн түүх” хэмээн нэрлэдэг. Эдгээр түүхийн талаар намын гишүүн бүр ижил ойлголттой болсноор улсын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй үзэл суртлын нэг шугамд оршино гэж нам найдаж байгаа юм.

Намын түүхэн дэх сөрөг явдлууд, ялангуяа Маогийн харгис засаглалтай холбоотой үйл явдлыг дөвийлгөх явдал Хятадын либералуудын дунд нэгэн цагт илэрхий байсныг ноён Ши “түүхийн нихилизм” гэж нэрлэдэг. Тэрбээр үүнд санаа зовж буй. Дөрвөн түүхийг судлах нь намын төрсөн өдрийг тиймэрхүү нихилизм сэвтүүлэхгүй байхад чиглэж байгаа юм. Харин үүний оронд энэ бол намын өнгөрсөн зууны түүхээс авах цорын ганц сургамж гэж үзэх агаад энэ нь хүмүүст урам өгөх болно.

“Study the Great Nation” нэртэй апп бий. Намын удирдлага тус апп-ийг 2019 онд хэрэглэж эхэлснээсээ хойш үзэл суртлыг яв цав мөрдүүлэх зорилгоор төрийн бүх ажилтныг байнга нэвтэрч Ши Жиньпиний бодлын талаарх нийтлэлүүдийг судлах, холбогдох асуултуудад хариулахыг (ашиглаж буй цагийг хянаж буйг оромдогчид анхаарах ёстой) шаардаж буй. Тус апп-ийн нэг чухал хэсэг нь дөрвөн түүх болжээ. Шанхай хотын оюутан, түшмэдүүд өдөр, долоо хоног, сарын хугацаанд намын түүхээс аль болох ихийг мэдэж авахын тулд уншилтын “марафон”-д оролцдог байна.

Мартах өвчин ч тус болно. Намын 60 жилийн ойн өмнөх 1981 оны уур амьсгалыг сэргээх хүсэл ноён Ши-д огт байхгүй. Тэр бол 1976 онд Мао нас барсан болон Дэн Сяопины эрс шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжсэнээс хойших намын анхны том ой байсан юм. Маогийн засаглалын аймшгаас зугтаж зайлсхийхийн оронд Коммунист нам тэдгээртэй шууд нүүр тулж чадсан.

Мөн оны долдугаар сарын 1-нд намын “цагаан хоолой” болох People`s Daily сонин түүхэн ойн тухай намын дарга Ху Яобины урт илтгэлийг нийтэлсэн юм. Мөн өөрийн түүхтэй холбоотой “зарим асуудлын” талаарх шийдвэрээ тус сонингоор дамжуулан танилцуулав. Эл хоёр материал аль аль нь Маогийн тухай шүүмжлэлээр, нэн ялангуяа арав гаруй жил үргэлжилсэн Соёлын хувьсгалыг эхлүүлсэн “ноцтой алдаа”-г нь буруутгасан үгээр дүүрэн байлаа.

Тэрхүү аймшигт цаг үеийн талаарх ямарваа яриа хөөрөөг өдгөө бүрэн хориглосон. Ноён Ши төрийн эрхэнд гарсныхаа дараа шинэчлэлийн үеийн амжилтуудыг түүний өмнө болсон зарим явдлыг үгүйсгэхэд ашиглаж болохгүй гэж хэлсэн. 2021 онд түүхэн ойг хүрээлсэн дуу шуугиан дунд 40 жилийн өмнө ноён Ху-гийн хэлсэн “соёлын хувьсгал удаан үргэлжилсний шалтгаан бол Мао үнэмлэхүй эрх мэдлийг гартаа оруулснаас шалтгаалсан” (хамтын удирдлагын сүйрэл гэж ноён Ху тодорхойлсон) гэж хэлж байсныг намын удирдлага эргэн дурсахгүй болов уу. Дүрэм ёсоор 2022 онд албан тушаалаа орхихоор хүлээгдэж буй ч ноён Ши үнэмлэхүйгээс ялгаагүй эрх мэдлээ хадгалж үлдэнэ гэж олон ажиглагч үзэж буй. Тэрбээр түүхэн харьцуулалтын нэг жишээ болохыг хүсэхгүй л болов уу.

 

“Дэлхий 2021” сэтгүүлээс

Жэймс Майлс, Хятадын редактор, The Economist

 

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр

 

Mongolian Economy