Зуун боломж дэлгэрэг!
Дэлхийн түүхэнд улс орнууд хөгжиж, хямарсан олон тохиолдол бий. Хөгжиж буй улсууд, хямарч буй улсаа юугаараа ялгаатай байв гэдгийг асуудлыг олон эрдэмтэн судлаач, тэр дундаа эдийн засагчид судалсаар ирсэн. Улс орнууд хэрхэн ялгаатай хөгжсөн нь сүүлийн 40 жилээс маш тодорхой харагдана.
Өнгөрсөн 40 жилийн хөгжил
Дэлхийн нэг хүнд ногдох орлого 1981 онд 5,933 ам.доллар байсан бол (2015 оны ам.долларын тогтмол ханшаар тооцоход) 40 жилийн дараа, 2021 онд 11,000 ам.долларт хүрч, бодитоор 185 хувь өссөн байна. Эл 40 жилийн хугацаанд манай урьд хөрш БНХАУ-ын нэг хүнд ногдох орлого 450 ам.доллароос 11,200 ам.доллар буюу 2500 хувь, Энэтхэг улсын хувьд 400 ам.доллароос 1,940 ам.доллар буюу 480 хувь тус тус өсжээ. Энэ дунд Мадагаскар 73 хувь, Хаити 63 хувь гээд 40 жилийн хугацаанд бага өсөлттэй улс орон ч байна. Монгол Улсын хувьд нэг хүнд ногдох орлого тогтмол ханшаар тооцоход 1985 он 1,428 ам.доллар байсан бол 40 жилийн дараа 4,100 хүрч 285 хувиар өссөн байна.
Хөгжлийн суурь хүчин зүйл
Судлаачид улс орны эдийн засгийн хөгжлийн зөрүүг олон хүчин зүйлтэй холбож судалж байна. Түүхийн явцад зөв бодлого барьж, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чадсан улс орнууд илүү өндөр хөгжил дэвшилд хүрчээ гэдэг дээр санаа нэгддэг. Нэг үгээр хэлбэл, улс орны хөгжилд бодлогын үүрэг оролцоо маш өндөр гэсэн үг. Буруу бодлого барьснаас улбаалж нүдэн дээр хямарч буй улс орон сүүлийн 10 жилд цөөнгүй. Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсын сүүлийн 60 жилийн үсрэнгүй хөгжил нь тохиолдлын зүйл биш юм. Мэдээж геополитик, технологи, тухайн улс орны түүхэн хүчин зүйл бүгд хамаатай ч, эдгээр улс хамгийн их байгалийн баялагтай, хамгийн олон хүн амтай улс биш. Хөгжсөн, хөгжөөгүй орны гол ялгаа нь он цагийн уртад тухайн улс орны хэрэгжүүлж буй бодлогоос үүдэлтэй. Бодлого боловсруулахдаа нотолгоонд тулгуурлаж боловсруулах чадвартай, мөн үүнийгээ хэрэгжүүлэх чадамж байна гэдэг тухайн улсын төрийн чадамжтай, төрийн чадамжийг бүрдүүлж байгаа институцтэй холбоотой асуудал юм.
Ариун гурвал
“Хорацио минь дээ, чиний зүүдэлж чадахаас илүү их зүйл энэ орчлон ертөнцөд бий” гэж Хамлет хэлдэг шиг амьдрал баян билээ. Дэлхийн улсууд олон бодлого жил бүр гаргадаг ч, эдгээрээс амжилттай хэрэгждэг нь хавьгүй цөөн байдаг. Харвардын Их Сургуулийн профессор Лант Притчетт, Мэтт Эндрьюс нарын хэлж буйгаар бодлого амжилттай хэрэгжих гурван үндсэн нөхцөл байдаг ажээ. Нэг дэх хүчин зүйл бол бодлого онолын хувьд “асуудлаа” шийддэг байх ёстой. Асуудлаа шийдэхгүй бол бодлого амжилттай хэрэгжсэн ч тухайн бодлогыг анх гаргахдаа шийднэ хэмээн зорьсон асуудлууд хэвээр үлдэнэ гэсэн үг.
Хоёр дахь нь, улс төрийн дэмжлэг авах, гуравдугаарт тухайн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага уг бодлогыг хэрэгжүүлж чадах хэмжээний төрийн чадамжтай байх юм. Үүнийг тэд бодлогын “Ариун гурвал” гэж нэрийдэж буй.
Шинэ Сэргэлтийн Бодлого
“Шинэ сэргэлтийн бодлого” (ШСБ) бол эдгээр “Ариун гурвал”-ын хүчин зүйлсийг харгалзан үзсэн бодлогын баримт бичиг юм. Үндэслэлийг гаргахад тооцоо судалгаа, нотолгоо дээр тулгуурласан. Уг бодлогыг боловсруулахад Монгол Улсын Засгийн газрын олон яам, агентлагийн төрийн албан хаагчид оролцсон бөгөөд бодлогын үндсэн агуулга эдгээр төрийн албан хаагчдын оюун санаанд тулгуурлаж бүтсэн билээ. 2021 онд дэлхий даяар үүссэн Ковид19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг хямарч, гадаад, дотоод орчин нөхцөл хүндэрсэнтэй холбоотойгоор нөхцөл байдалд дахин үнэлгээ өгч, цаашид баримтлах бодлого боловсруулах бодит шаардлага үүссэн. Энэ цаг үед Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилгыг гартаа авч, дунд хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах даалгавар өгснөөр ШСБ- ны эхлэл тавигдсан. Нэг талаас нийгэм-эдийн засгийн захиалга үүссэн, үүнтэй зэрэгцээд улс төрийн хүсэл эрмэлзэл бүрдсэнээр шинэчлэл хийх орон зай гарч ирсэн юм.
Өсөлтийн оношилгоо
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндэслэлийг боловсруулахад “Өсөлтийн оношилгоо” аргыг ашигласан. Аливаа эдийн засгийн шинэчлэлийг хийх таван үндсэн арга байдгаас уг аргачлал хамгийн үр дүнтэй, асуудлыг бодитоор тодорхойлдог нь юм. Уг аргачлалын дагуу өнөөгийн эдийн засагт тулгарч буй, өсөлтийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийг оношилсон. Ингээд оношилгоо хийсний үр дүнд эдгээр хязгаарлагч хүчин зүйл бол эрчим хүч, тээвэр логистик, тэр дундаа хил давахад тулгарч буй асуудлууд, төрийн чадамж зэргийг тогтоосон юм. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг шийдсэний дараа аж үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр ялангуяа, бүтээмж өндөртэй ажлын байрууд бий болж, улмаар зөвхөн төв суурин газар гэлгүй хөдөө нутагт хөгжил дагуулна. Тийм ч учраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн
Уг бодлого амжилттай хэрэгжихэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай
агуулга боомт, эрчим хүч, аж үйлдвэрлэл, хот хөдөө, ногоон, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөөс бүрдэж байгаа юм.
Бодлогын хэрэгжилт
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оны арванхоёрдугаар сард батлан хэрэгжүүлж байна. Уг бодлого амжилттай хэрэгжихэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийх төслүүд, цаашлаад сэргээгдэх эрчим хүчийг экспортод гаргахад хувийн хэвшлийн оролцоогүй хийх боломжгүй юм. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодитоор хэрэгжүүлэхэд татварын болоод бусад дэмжлэгийг тусгаад явж байна. Хөрөнгө оруулалтад тулгарч буй асуудлыг хариуцаж, аливаа саад бэрхшээлийг цаг тухайд нь шийдвэрлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны асуудлыг эрхэлсэн агентлагийг Эдийн Засаг Хөгжлийн Яамны харьяа байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Төрийн зүгээс хийх ёстой чухал ажлууд бий. Зах зээл дангаараа байвал доголдолд хүргэх магадлалтай. Зах зээлийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өнөөдөр дутагдаж буй өрсөлдөөний механизм, хяналтын тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ ч бий. Энэ бол төрийн үүрэг хариуцлага юм. Түүнчлэн төрийн байгууллага доторх шат дамжлагыг цөөлөх, процессыг цахимжуулах зэрэг төрийн албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг тусгаж өгсөн. Эдгээр ажлыг гүйцэтгэх хүрээнд хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, авлига хээл хахуулийг бууруулах нь “Шинэ сэргэлтийн бодлого-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд тавьсан зорилт юм. Үүнд нэг анхаарах зүйл байгаа нь төр лүү чиглэсэн эдгээр ажлыг Засгийн газар амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн чадамжийг сайжруулах зайлшгүй хэрэгцээ бий.
Зуун боломж дэлгэрэг
“Өнгөрсөн бол оршил, юу болж өрнөх нь миний болоод таны мэдлийнх” гэж Вилиам Шекспир өгүүлсэн. Монгол Улс ирэх 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх хөсөг нэгэнт хөдөлжээ. Цаашид боломж бололцоо бүрдэж байгаа тул хэрхэн ашиглах нь та биднээс хамаарна.
Б.Дөлгөөн “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур” төвийн захирал
(Монголын эдийн засгийн форум-2023 тусгай дугаараас)