Зээлийн хүүг бууруулах цаг нь болсон. Гэхдээ…
“Mongolian Economy” сэтгүүл 2017 оны арванхоёрдугаар сарын дугаартаа УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй зээлийн хүүг бууруулах сэдвээр ярилцаж байв. Түүнтэй хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь дахин хүргэж байна.
-Зээлийг хүүг төрөөс зохицуулж, дээд хязгаарыг нь тогтоох талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн түвшинд ийм зүйл ярихыг нь би өдөөчихсөн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ асуудлыг хөндөж байсан. Зээлийн хүүг бууруулах нийгмийн шаардлага үүсчихээд байна. Үүнийг улстөрчид тусгаж авах нь зүйтэй. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлтийг хязгаарлах гэдэг нь өөр ойлголт. Гэхдээ хоорондоо уялдаатай. Иргэний хуулийн хэд хэдэн зүйлд нийтээр хүлээн зөвшөөрдөг зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн ойлголт бий. Иргэний хуулийн хэлцлийн болон гэрээний тухай заалт дээр талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, шударга байх зарчим, талуудын тэгш байх зарчим гэж бий. Эндээс үзэхэд иргэний хуульд мөнгө хүүлэлтийг шууд бичээгүй ч хориглосон утга агуулгууд байгаа. Гэхдээ хангалттай биш.
Ялангуяа зээлийн хүүг тогтоох талаар зээлийн гэрээний талууд харилцан тохиролцож хүүг тогтоож болно гэж уг хуульд заажээ. Харин дараагийн хэсэгт барьцаалан зээлэх гэрээний хүүг талууд харилцан тохиролцож тогтооно гэж. Товчхондоо, хоёр өөр заалт байна гэсэн үг. Зээлийн хүүг Төвбанк зөөлөн аргаар зохицуулах боломжтой. Түүнээс биш хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах шударга өрсөлдөөний газар банкуудын дунд өрсөлдөөн өрнөж байна уу гэдэгт үнэлгээ дүгнэлт өгөөд энэ талаараа ямар нэгэн зөвлөмж өгч, шийдвэр гаргах хууль эрх зүйн орчин байхгүй.
Төрийн эдийн засагт оролцох интервенц маш оновчтой байх ёстой. Хаана хэзээ оролцох вэ гэдэг асуудал болохоос огт болохгүй гэсэн үг биш.
Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож болно. Гэхдээ захиргааны аргаар тогтоох, зах зээлийн аргаар нөлөөлөх гэсэн хоёр хандлага бий. Бусад орны туршлагаас харвал ихэнх тохиолдолд зээлийн хүүгийн дээд хязгаарыг банкуудад хэрэглэхгүй байна. Хэд хэдэн улс хэрэглэж байгаа бөгөөд тэдгээрийн зээлийн хүүг график дээр үзвэл зээлийн нийлүүлэлтээ багасгадаг эсвэл зээлийн хэрэгцээ өндөр байгаа бүс нутгаар нь татаад авчихдаг. Хот руу төвлөрөх зэрэг арга хэрэглэдэг. Мэдээж хэрэг шууд захиргааны аргаар, хуулиар хүүг тогтоочихоор сөрөг үр дагаврууд гарч ирнэ. Гэхдээ энэ бол урт хугацааны процесс, эдийн засаг тогтворжиж, банкны суурь нөхцөл сайжрах ёстой, үүний дараа бүтцийн өөрчлөлт явагдах ёстой. Тэр үед нь зээлийн хүү өөрөө буурна гэвэл бас тийм биш.
Төр байгаа цагт төрийн эдийн засагт оролцох интервенц маш оновчтой байх ёстой. Хаана, хэзээ оролцох вэ гэдэг асуудал болохоос биш огт болохгүй гэсэн үг биш. Судалж үзэхэд голдуу хэрэглээний зээлд хязгаар тогтоож байна. Жишээлбэл, АНУ-ын 31 мужид цалингийн зээлийг хугацаатайгаар дээд хязгаарыг нь тогтоочихож. Европын зарим улсад банкны бус үйл ажиллагаанд үүнийг тогтоосон. Зарим нь ломбардыг шууд хориглож байна.
-Тэгэхээр арилжааны банкуудын олгож буй зээлийн дээд хэмжээг төрөөс шууд хязгаарлах нь буруу гэх гээд байна уу?
-Монголын арилжааны банкуудад шууд ингэж тогтоож хэрэггүй. Үр дүн муутай арга. Харин зээлийн хүүг бууруулах олон хувилбар байна. Нэгдүгээрт, хуулиуддаа өөрчлөлт оруул. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд үйлчилгээ гэж санхүүгийн хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг бас ойлгоно гэж оруулах. Банкуудын тухай хуулийн нэр томьёо гэдэгт санхүүгийн хэрэглэгч гэдэг нь энэ хуульд заасан Төвбанкны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг банкны үйл ажиллагааны нөгөө тал нь болж буй иргэн хуулийн этгээдийг санхүүгийн хэрэглэгч гэнэ гээд тодорхойлчих. Энэ мэтээр хуулиудад өөрчлөлт оруулах нь намрын чуулганы л асуудал. 2012 онд Дэлхийн банк нийт 114 орны зээлийн хязгаарыг тогтоож буй байдал, мөнгө хүүлэлтийн байдал, хүүлэлтийн шинжтэй зээл, санхүүгийн хэрэглэгчийн эрх хамгаалалт, хариуцлагатай зээллэг зэргийг судалж дэлхийд ямар байгааг гаргасан. Европын холбоо мөн гишүүн орнууддаа хандсан захирамж гаргаж санхүүгийн хэрэглэгчийг ингэж хамгаал, жилийн дундаж зээлийн хүүн дээр нэмж хураамж авахыг хориглож, хэрэглэгч хүссэн үедээ зээлийн гэрээнээс гарч болохыг заагаад өгчихсөн байна.
Ипотекийн зээлтэй иргэдэд үүсч буй том асуудал нь зөвхөн хүү төлөөд байдаг үндсэн төлбөр рүүгээ ордоггүй. Гэтэл үүнийг санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн энэ талын зохицуулалтуудыг хийгээд өгсөн байна. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хамтарч үүнийг зохицуулж болно. Иргэний хуульд зээлийн гэрээг, зээлийн хүүг тогтоох зарчмыг ерөнхий заачихсан болохоос голдуу зээлдүүлэгч талын эрхийг ил болон шууд бусаар заасан. Харин зээлдэгч талын эрх үүрэг тодорхой биш. Хүүг хязгаарлах гэхээс өмнө ийм байдлааар хууль, дүрэм журмыг сайн хэрэгжүүлэх байдлаар нөгөө талаас арга хэмжээ авах ёстой.
Манайд ломбардыг санхүүгийн байгууллага гэж үздэггүй. Ломбард, банк санхүүгийн байгууллагууд нийгмийн эмзэг бүлгийнхнийг ядуурлаас гаргах хэрэгсэл болж чадаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Энэтхэгт бичил санхүүгийн байгууллагууд мөнгө хүүлэгчид болсныг анхааруулж байсан. Зээлийн бодит хүү нь жилийн 60 хувь болж, харгис аргаар дарамталж хүүгээ төлүүлснээр олон хүн амиа хорлож байсан. Ийм зүйлийг хараад суухгүй, ярьж байгаа нь зөв. Гэхдээ хэт туйлширсан хязгаар руу яв гэсэн үг биш. Судалгаа, шинжилгээ хэрэгтэй. Би судалгаагаа арай дуусаагүй байна. Дуусаад холбогдох байгууллагуудад өгнө. Яаралгүй банк, бизнес, иргэдтэйгээ ярилц.
-Банкны салбарынхан өөрсдөө зээлийн хүүг бууруулах тухай хөндөж эхэлсэн. Одоо Төвбанк асуудлыг анхааралдаа авлаа.
-Бид нэг зүйлийг үнэлэх хэрэгтэй. Монголын түүхэнд “Голомт” банк анх удаа зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж, хэвлэлийн бага хурал хийлээ. Үүний дараа Төвбанк анх удаа зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэгт Төвбанк, арилжааны банкуудын төлөөлөл, судлаачид тэргүүтэй тал талын төлөөллийг оруулсан. Бид судалгаануудаа ярилцаж байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги он гараад бэлэн болно. Тэр болтол нийгэм ярьж л байг. Зөөлөн хүчний арга буюу олон талаас судалсны үндсэн дээр хөдлөх хэрэгтэй. Япон улс зээлийн хүүг бууруулснаар зээл хэрэгтэй нийгмийн доогуур хэсэгт олгох зээлийн нийлүүлэлт олон мужид эрс багассан.
Яг одоогийн байдлаар явбал нийгэм хоёр хуваагдаж банкуудын нэр хүнд унана. Тэгэхээр Монголын санхүүгийн зах зээлийн 96 хувийг эзэлж буй 15 банкаа ад үзэж болохгүй.
Одоо хүүг захиргааны аргаар тогтооход банк болон банк бус санхүүгийн байгууллагууд тодорхой хариу үйлдэл гаргана. Одоо ч бид гаргана гэдгээ далд утгаар илэрхийлж байна. Гэхдээ энэ улсад алдаагаа засах боломж бий. Тиймээс банкны байгууллагууд, түүний холбоо огт болохгүй гэж цэцэрхэхийн оронд өөрсдөө бас уншиж судалж, санхүүгийн хэрэглэгч талаас нь бодож хариуцлагатай зээллэг, компанийн нийгмийн хариуцлага, ногоон бизнес гэж өөрсдөө санаачилж ярьж байгаа шигээ санхүүгийн хэрэглэгчийн ёс зүйн код гаргах хэрэгтэй. Англид хэрэгжсэн зөөлөн аргын хүрээнд тус улсын банкуудын холбоо ёс зүйн код, удирдамж гаргаад түүнийгээ зөрчсөн банкуудыг ёс зүйн кодоосоо гаргачихдаг. Тэгж нэрлээд ичээх аргыг хэрэглэж, үүнээс гарсан банк ганцаарддаг. Яг одоогийн байдлаар явбал нийгэм хоёр хуваагдаж банкуудын нэр хүнд унана. Тэгэхээр Монголын санхүүгийн зах зээлийн 96 хувийг эзэлж буй 15 банкаа ад үзэж болохгүй.
Хадгаламжийн хүүг бууруулна гэж байна. Үүнд ганц тоо хэлье. Өнөөдөр зуун саяас дээш хадгаламжтай 8000 орчим иргэн, зуун саяын дотор мөн адил тооны, үлдсэн нь 5-20 сая байх жишээний. Манай иргэдийн хадгаламж маш доогуур байна. Гол хадгаламж эзэмшигчид нь 16 мянга, нөгөө талд сая орчим зээл авсан иргэд байна. Энэ хоёрыг жингийн туухайн дээр тавьж үзвэл хэний эрх ашгийг түрүүнд хамгаалмаар байна. Энэ замаар явбал зээлийн хүү 2020 оноос өмнө бодитой буурна.
-Таны хэлснээр зөөлөн аргаар үзвэл нийгмийн тэр эмзэг хэсэгт явагдаж буй мөнгө хүүлэлтэд үнэхээр нөлөөлж чадах уу?
-Зөөлөн арга дотроо зарим хатуу арга орчихсон байна шүү дээ. Хязгаарыг нь тогтоогоод өгчихнө. Банкнаас бусдад нь.
-Иргэд хоорондын өндөр хүүтэй зээлийг өнөөдрийн хоолоо олж идэхийн тулд аргаа барсан хүмүүс авч байна. Үүнээс үүдэлтэй зээлийн маргааныг шүүх хүртэл зохицуулахад хүндрэлтэй байдаг гэсэн. Үүнийг яаж зохицуулбал зохилтой вэ?
-Болохгүй ээ гээд хэлчихэж болно. Гэхдээ тэр хүн арван хувийн хүүтэй мөнгө зээлж дараа нь дахин зээл авсаар эргэлтэд орж байна. Гэтэл ядуурлыг бууруулах хэсэгт хандсан хөтөлбөр ядуурлаас гарах биш халамж болоод байна. Тэр дотор нь энэ асуудлыг оруулж болно шүү дээ. Иргэд хоорондын зээлийг дэмжсэн хуримтлалын сан байгуулах зэргээр энэ асуудалд үүнд хатуу хандах замаар зээлдэгч болон зээлдүүлэгчийн эрхийг иргэний хуулиараа тогтооно. Иргэний хуульд иргэд хоорондын зээл гэж огт байхгүй. Гэтэл бусад оронд жишээлбэл, АНУ-д хориотой. Миний бодлоор эхлээд ломбард, банк бус санхүүгийн байгууллага, банк гуравт зээлийн хүүг бууруулах нөхцөлүүдийг дэмжиж, зарим ББСБ-д төлбөр түргэн гүйцэтгэх эрхийг нь нээж банк шиг ажиллуулаад өрсөлдөөнийг бий болгоод ирвэл зах зээлээ харж өндөр хүүтэй зээл олгож байгаа нь бууруулна. Сүүлийн үеийн судалгаануудаас харахад ядуурал нэмэгдэхээр зээл нэмэгдсэн байна.
Зээлтэй хүн илүү ядуураад байна. Тэгэхээр зээлийн асуудлыг хянах ёстой. Асуудлыг өргөн хүрээнд, том дүр зургаар нь харах ёстой. Үүнийг цэгцлээгүй цагт Монгол Улсад зээлийн хүү буурахгүй. Нийгмээрээ хүсэж буй энэ зүйлийг нийгмийн хүрээнд шийдэх хэрэгтэй. Үүний жижиг хувилбар нь ажлын хэсэг. Цаг нь болсон. Зээлийн хүүг бууруулах нь макро эдийн засгийн асуудал. Өрхүүдийн зээлийн дарамт 50 хувиас давчихаад байхад хөдлөх ёстой.