Зөв голдирол руу хөтлөх шинэтгэл

Mongolian Economy
2021-04-14 13:45:06

Санхүүгийн зах зээл нь богино хугацаат мөнгөний зах зээл, урт хугацаат хөрөнгийн зах зээл гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Мөнгөний зах зээл дээр зээл, зээлийн үйлчилгээгээр мөнгө нь энэ хэлбэрээрээ эргэлдэж байдаг бол, хөрөнгийн зах зээл дээр мөнгө нь илүү урт хугацааны хөрөнгө оруулалтад байршдаг. Харин манай санхүүгийн системд энэ хоёр зах зээлийн тэнцвэр эрс тэс буюу банкны салбар 90 гаруй хувийг нь бүрдүүлдэг. Үлдсэн 10 хувийг бүрдүүлж буй банкнаас бусад санхүүгийн зах зээл гэх ангилалд хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), даатгал, хадгаламж зээлийн хоршоод багтаж байна. Мөн сүүлийн жилүүдэд финтек компаниуд энэ салбарт хүч түрэн орж ирснээр санхүүгийн салбарыг төрөлжүүлж байна. Тэгвэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд төлөвшиж бий болсон банкны салбарт ээлжит нэгэн шалгарлыг авчрах, санхүүгийн ганц тулгуурт зах зээлийг олон тулгууртай болгож, тогтвортой санхүүгийн системийг бий болгох шинэтгэл хийгдэх гэж байна.

2020 оны дөрөвдүгээр сард Ковид-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх тухай УИХын 32 дугаар тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Монголбанкнаас “Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг боловсруулж, 2020 оны есдүгээр сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталжээ. Тус реформ нь Монголбанкнаас өмнө нь эхлүүлсэн банк, санхүүгийн салбар дахь хууль эрхзүйн хоёр дахь шатны томоохон шинэтгэлт, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн банкны салбар дахь бүтцийн өөрчлөлтийн үргэлжлэл болж хэрэгжих шинэтгэл юм.

Шалгарал үргэлжилсээр…
Монгол Улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс банк, санхүүгийн салбарын орчин үеийн түүх эхтэй. Өмнө нь нэг банкны тогтолцоотой буюу БНМАУ-ын банк дангаар үйл ажиллагаа явуулж байсан бол 1991 оноос банкны хоёр шатлалт тогтолцоо үүссэн. 1994 оны байдлаар нийт 15 банк ажиллаж байв. Үүнээс хойш банкны салбарт бий болсон хямралын үеэр дөрвөн банкийг нэгтгэж (Монгол хоршоо банкийг Ардын банктай, Сэлэнгэ банкийг ХОТШ банктай нэгтгэсэн), анхны бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Мөн 1996- 1999 онд үргэлжилсэн банкны хямралын үеэр ММ инвест банкийг татан буулгаж, Их зам банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгов. Үүний дараа Монгол Улс ОУВС-ийн Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь шатыг 1997-2000 оны хооронд хэрэгжүүлснээр зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед байгуулагдсан борооны дараах мөөг шиг олон банкны зарим нь татан буугдаж, банкны салбар эрүүлжих алхам хийгдлээ.

Харин эдийн засгийн шилжилтийн дараах үе буюу 2001-2008 онд алт, зэсийн үнэ өсөж, төрийн бодлогын тогтвортой байдал хадгалагдаж, банкны салбарын үйл ажиллагаа сэргэж, худалдаа, үйлчилгээний болон боловсруулах салбарууд сэргэснээр эдийн засаг тогтвортой өсөж, өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан. Гэвч 2008-2009 онд эдийн засгийн уналт болж, бизнес эрхлэгчдийн борлуулалт удааширч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан зэргээс зээлийн эрсдэл өсөж, чанаргүй зээл нэмэгдсэнээр банкны салбар алдагдалтай ажиллахад хүрч байлаа. Мөн 2012 оны сүүлчээс эдийн засгийг дэмжих зорилгоор уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд зах зээлийн өртгөөс хямд хүүтэй санхүүжилтыг эдийн засгийн тодорхой салбаруудад нийлүүлэх бодлогыг банкны салбараар дамжуулан хэрэгжүүлсэн юм. Ийнхүү 2009-2015 онд банкуудын дампуурал, бүтцийн өөрчлөлтийн хоёр дахь давалгаа үргэлжлэв.

Улс төр, эдийн засгийн ээлжит мөчлөг Монгол Улсад тохиож, дампуурлын ирмэг дээр ирсэн үед буюу 2017 онд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-т хамрагдаж, хөтөлбөрийн хүрээнд банк, санхүүгийн салбартаа оношилгоо, эмчилгээ хийлгүүлсэн. Энэ хугацаанд Капитал банк татан буугдаж, 2020 оны зургаадугаар сард Улаанбаатар хотын банкийг Худалдаа Хөгжлийн банктай нэгтгэсэн. Ийнхүү өнгөрсөн 30 жилийн хугацаанд банкны салбарт үргэлжилсэн бодлогын зохицуулалт, арга хэмжээнүүдийн үр дүнд өнөөдөр арилжааны 12 банк ажиллаж байна. Хэдийгээр ӨСХ-ийн хүрээнд, арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ (AQR) хийж, банкны эрсдэл даах чадварыг тодорхойлсон боловч санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд бүрэн биелэлгүй хөтөлбөр дуусчээ. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн банкны салбарын шинэтгэлийг Монголбанк цаашид үргэлжлүүлж, банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, эрсдэл даах чадварыг сайжруулах ажлуудыг хийж байна. Банкны хяналт шалгалттай холбоотой голлох журмуудыг олон улсын стандарт болон банкны системийн онцлогт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, шат дараатай арга хэмжээнүүд авах болов.

Мөн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр банк, санхүүгийн салбарт бий болсон хүндрэлүүдийг олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран даван туулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах, дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх зэрэг цаг үеийн тулгамдсан ажлуудыг үргэлжлүүлж буй.

Эдгээр тулгамдсан асуудлыг банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрт тусган үргэлжлүүлэхээс гадна хөтөлбөрийн гол зорилго бол банкны салбарыг эрүүлжүүлэх бүтцийн томоохон өөрчлөлт буюу банкны өмчлөлийн хэлбэрийг олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжүүлж, хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгоход чиглэжээ. Ингэснээр банкуудад тавих хөндлөнгийн хяналт нэвтэрч, үйл ажиллагаа нь ил тод болж, зохистой засаглалын гол хүчин зүйл болох шийдвэр гаргах, гүйцэтгэх, хяналт тавих эрх мэдэл хуваагдаж, харилцан бие биедээ хяналттай, тэнцвэртэй эрх мэдэлтэй байх тогтолцоо бүрдэнэ. Нөгөө талдаа уг шинэтгэл нь манай санхүүгийн тогтолцоонд үгүйлэгдэж ирсэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын хөшүүрэг болно.

Үгүйлэгдэж байсан бодлого
Зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжих үед хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үндэс суурийг амжилттай тавьсан. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, өмч хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулан хийж, иргэн бүрээ хувьцаатай болгосон билээ. 1992-1995 оныг хүртэл үргэлжилсэн өмч хувьчлалаар 470 компани хувьчлагдаж 194.6 сая ширхэг хувьцаа гаргаж хөрөнгийн биржээр 93 мянган ширхэг хувьцаа зарагдаж, найман тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж давхардсан тоогоор 1.1 сая хүн хувьцаа эзэмшигч болж байсан талаар тухайн үеийн өмч хувьчлалын ажлыг зохион байгуулж байсан брокер, дилерийн “Алтан хоромсог ҮЦК” ХХК-ийн анхны захирал Т.Монхор дуртгалдаа бичсэн байдаг. Үүний дараа үнэт цаасны зах зээл дээр хувьцаа худалдах, худалдан авах арилжаа явагдаж эхэлснээр иргэд бэлэн мөнгөөр хувьцаа авч эхэлсэн.

Гэхдээ нэг цаг үед нэг гараанаас эхэлсэн боловч банкны салбарын хөгжилтэй харьцуулахад хөрөнгийн зах зээлийн хөгжил хоцорч явна. Олон улсын санхүүгийн зах зээл дээр хамгийн их төвлөрөл үүсгэдэг, хамгийн их сонирхол татдаг, хамгийн завгүй байдаг хөрөнгийн зах зээл манайд яагаад хөгжсөнгүй вэ? Үүнийг төрийн бодлого, зохицуулалт дутмаг, хууль эрх зүйн орчин, өрсөлдөөний болон татварын дэмжлэг байхгүй, олон нийтийн санхүүгийн боловсрол, санаачилгатай холбоотой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Харин 2015-2017 оны хооронд банкны хүүнээс өндөр өгөөжтэй, 1.4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ыг анхдагч зах зээлийн арилжаагаар арилжсан нь хөрөнгийн бирж дэх иргэдийн оролцоо, тэр дундаа гаднын хөрөнгө оруулагчдын оролцоог 2-39 хувь хүртэл өсгөжээ. ЗГҮЦ-ны арилжаатай холбоотойгоор хөрөнгийн зах зээлд үүссэн хөрөнгийн хуримтлал нь 2018-2019 онд үйл ажиллагаандаа менежментийн шинэлэг арга барил, засаглалыг нэвтрүүлж буй компаниудад IPO-оо гаргах, нэмэлт үнэт цаасны санхүүжилтыг хөрөнгийн зах зээл дээр амжилттай бүрдүүлэх суурь болсон. 2017 онд Монголын хөрөнгийн бирж түүхэндээ анх удаа 860 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийж, ТОП-20 индекс 68.9 хувиар, зах зээлийн үнэлгээ 67.4 хувиар тус тус өссөнөөс гадна 2018 онд хамгийн олон компани үнэт цаасаа бүртгүүлж, үнэт цаасны анхны давхар бүртгэл, даатгалын компанийн үнэт цаас бүртгэгдсэн бол 2019 онд үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Аливаа улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд ЗГҮЦ-ны арилжаа суурь хүчин зүйл болсон байдгийн адилаар манай зах зээлийн хөгжилд ч ЗГҮЦ чухал нөлөө үзүүлсэн. Тухайлбал, 1996- 2020 оны хооронд МХБ-ийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 2.1 их наяд төгрөгийн үнийн дүнтэй ЗГҮЦ арилжигдсан бөгөөд үүнээс 1.4 их наяд төгрөгийн арилжаа нь 2015-2017 онд анхдагч зах зээлийн арилжаагаар, 210 тэрбум төгрөгийн арилжаа нь хоёрдогч зах зээлийн арилжаагаар тус тус арилжигдсан байдаг. Үүний үр дүнд хөрөнгийн зах зээл идэвхжиж, 2015-2017 оны хооронд нийт арилжаанд эзлэх гадаадын хөрөнгө оруулагчдын хувь хоёр хувиас 39 хувь болж өссөн. Түүнчлэн, ЗГҮЦ-ны арилжаатай холбоотойгоор хөрөнгийн зах зээлд үүссэн хөрөнгийн хуримтлал нь 2018-2019 онд шинээр хийгдсэн IPO-нууд, нэмэлт үнэт цаасны санхүүжилтыг амжилттай бүрдүүлэх суурь болсон гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг.

Тэгвэл хөрөнгийн зах зээлийн энэ сэргэлт дээр Банкны шинэтгэлийн бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбараа зөв голдиролд нь оруулах шийдлийг Монголбанкнаас гаргаж байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед санхүүтэй холбогдох бүх ачаа арилжааны банкин дээр төвлөрсөн, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, энэ салбарт эрсдэл бий болоод байгаа нөхцөлд банкны салбарыг шинэчилж, эрсдэлийг бууруулах үүднээс хөрөнгийн зах зээлээ хамт хөгжүүлэх ёстой юм. Банкуудын хувь эзэмшлийн байдлыг нь төрөлжүүлж, олон нийтийн хяналттай болгох зохицуулалт хийхийг зорьж байна. Ингэснээр банкны хөрөнгийн эх үүсвэр, засаглал сайжрахаас гадна нөгөө талдаа хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Мөн Банкны шинэтгэлийн хөтөлбөртэй зэрэгцэн яригдаж буй Зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд ч банкны зээлээр баталгаажсан үнэт цаас, хадгаламжийн сертификат зэрэг шинэ бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлд арилжах, банкуудыг сул чөлөөтэй эх үүсвэрээ аж ахуйн нэгжүүдийн гаргасан үнэт цаасанд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх зэрэг аргуудыг судалж буй аж.

Банк, санхүүгийн салбарын шинэтгэлийн хөтөлбөр 2020-2023 оны хугацаанд хэрэгжинэ. Юун түрүүнд хууль эрх зүйн хүрээнд шинэтгэл, өөрчлөлт оруулах юм. Тухайлбал, Банкны тухай хуульд арилжааны банкуудыг олон нийтийн буюу хувьцаат компани болгох, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь эзэмшлийг тогтоож, засаглал, тайлагналын ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр хийх өөрчлөлтүүдийг тусган УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлж байна. Банк, санхүүгийн салбарыг дахин нэг шат ахиулах шинэтгэл ийнхүү гараанаас гарчээ.

 

Mongolian Economy сэтгүүлийн 2020 оны арваннэгдүгээр сарын дугаараас

 

 

 

 

 

Mongolian Economy