Зөөлөн газардана гэж найдалтгүй

Sarangerel
2024-01-02 15:36:41
Ангилал: Дэлхий 2024

Инфляц буурсан ч 2024 онд ч дэлхийн эдийн засаг эмзэг хэвээр байна хэмээн Хенри Карр таамаглав.

Дэлхийн эдийн засагт таталцлын хүч үйлчлэхгүй байгаа мэт санагдаж байв. 1980-аад оноос мөнгөний бодлогоо чангатгаж ирснийг үл харгалзан 2023 онд Америкийн эдийн засгийн өсөлт эрчимжсэн дүр зураг харагдаж байна. Европ эдийн засгийн ноцтой хохирол амсалгүй Оросын байгалийн хийн хамаарлаас гарсан. Дэлхийн инфляц хөдөлмөр эрхлэлтэд онцгой сөрөг нөлөөгүй буурсан. Оны төгсгөлд “зөөлөн газардана” хэмээн таамаглаж байсан өөдрөг үзэлтнүүд ялалтаа тэмдэглэж байна. Гэвч 2024 онд дэлхийн эдийн засаг тогтворгүй хэвээр байна. Инфляц буурсан ч өндөр хэвээр байна. Эдийн засгийн бодлогын өмнө тэнцвэрийг хадгалах хүнд даалгавар тулгарна. Америкийн эдийн засаг уналтад орохгүй байлаа ч бусад орны эдийн засаг эмзэг байна. Инфляц буурсан нь төв банкууд амьсгаа авах боломж олгосон. Гэхдээ баян орнуудад зорилтот хоёр хувьд хүртлээ буурах төлөв ажиглагдахгүй. Нэг талаас хөдөлмөрийн зах зээл хэт халсан, цаасан дээрх цалингийн өсөлт хэт өндөр харагдсан хэвээр байна. Нөгөө талаас улсууд газрын тосны үнийн өсөлтийн үр дагавартай тэмцэх шаардлага үүснэ. Цар тахал, Украины дайны улмаас үүссэн нийлүүлэлтийн гацаа арилж, эдийн засаг тэнцвэржих нааштай шинж тэмдэг илэрч байсан үед Саудын Араб зэрэг улс нефтийн олборлолтоо танаснаар үнэ нь зунаас хойш гурав дахин өссөн. Хамас Израилд халдсаны дараа үнийн уналт зогссон. Бензиний үнэ өсвөл инфляцын “хоёр дах давлагаа” үүсэх эрсдэлтэй.

Томоохон төв банкууд дахиж бодлогын хүүгээ нэмэхгүй болов уу

Том төв банкууд бодлогын хүүгээ дахиж нэмэхгүй болов уу. Тэд ялалтын тугаа мандуулах гэж, бодлогын хүүг ч бууруулах гэж яарахгүй. Өр төлбөр, мөн цар тахлын үеийн хадгаламжаа дуусгасан айл өрхүүдэд нөхөн санхүүжилт олгож, том компаниуд нь хэцүү байдалд орсон ч Америкийн эдийн засаг мөнгөний хатуу бодлогыг давж чадна. Бодлогын хүү өндөр байгаа нь Евро бүсийн эдийн засгийг уналтад оруулж магадгүй, инфляцаас эмээсэн улстөрчид хариуд нь бодлогын хүүг бууруулахгүй байх. Америкийн засгийн газраас олгодог тусгай зээлийн хүчинд энэ улсын эдийн засаг тогтвортой байна гэж ярьдаг. Энэ нийтлэлийг бичиж байхад холбооны төсвийн алдагдал жилд ДНБ-ий 7-оос дээш хувьтай байв. Бодлогын хүү удаан өндөр байх эсэх тухай маш их маргалдаж байна. Энэ асуултын хариулт Засгийн газар цаашид тусгай зээл ихээр олгох эсэхээс хамаарна. Тэгэх ч магадлал ч өндөр. Учир нь Конгресс энэ асуудлыг ерөнхийлөгчийн сонгуулийн жилд шийдэхгүй. Цагаан ордны дараагийн ажил нь 2018 онд Дональд Трампын баталсан хэд хэдэн татварын хөнгөлөлтийн хугацааг сунгах бөгөөд Ардчилсан намын нэр дэвшигч ялсан ч тэр хөнгөлөлтүүдийг бүгдийг нь зогсоохгүй.

Европт уналт болох төлөвтэйн хажуугаар Хятадын өсөлт саарч байгаа нь дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлж байна. Хятад сэргээд Японы түүхийг давтахгүй өнгөрөх эсэх нь Засгийн газар нь эдийн засгаа дэмжих крантаа хэр нээлттэй байлгахаас шалтгаална. Гэхдээ Хятадын эрх баригчдаас сайтар боловсруулсан эдийн засгийг дэмжих бодлого хүлээх нь ухаалаг бус хэрэг болох биз. Америк, Хятадын хооронд геополитикийн түгшүүртэй байдал хурцадсанаар протекционизм улам газар авч байгаа нь худалдаанд саад болж байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа протекционист арга хэмжээ 10 жилийн өмнө 9,000 орчим байсан бол өнөөдөр 35,000 болтлоо өссөн. Нийлүүлэлтийн сувгууд Хятадаас гадагш шилжсэн нь зарим Азийн орнуудад ашигтай ч хөрөнгө оруулалт хөдөлгөөнд орсон мөн энэ салбараас олох орлого алдагдаж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Энэтхэг тэргүүтэй хожоо хүртэгчдийн дотоод эдийн засагт ч санаа зовоосон үзүүлэлт ажиглагдаж байна. Ядуу буурай орнууд их хэмжээний өр зээлэнд баригдаж, эдийн засаг нь бараг өсөхгүй байгаагаас гадна долларын ханш нь улам өссөөр байна. 2024 онд ОУВС-ийн хувьд Хятад болон бусад зээлдүүлэгч улсуудад их хэмжээний өртэй орнуудын өрийн дарамтыг яаж бууруулах вэ гэсэн асуулт толгойг нь гашилгана. Дэлхийн эдийн засаг санаанд хүртэл өсөхгүй, нэмээд Америкийн төсвийн алдагдал эдийн засгийг нь доош чангаасаар байвал долларын ханш цаашид ч өсөх ба энэ нь эргээд өөрсдөд нь халгаатай. Трамп дахин Цагаан ордонд эзэн суувал дээрх сөрөг үр дагаврууд бодит болох магадлал нэмэгдэнэ. Тэгвэл татвар улам багасч, төсвийн алдагдал илүү гүнзгийрч, худалдааны дайн хяналтаас гарах аюултай. Харин хөрөнгийн зах зээл 2016 оных шиг огцом сэргэж магадгүй. Гэхдээ энэ сайныг зөгнөхгүй. 2024 оны эцэст дэлхийн эдийн засаг зөөлөн газардах найдлага бага төдийгүй, харин ч дараагийн галзуу сорилтын эхлэлийг тавьж мэднэ.

Английн “The Economist” сэтгүүлийн “Дэлхий 2024 онд” тусгай дугаараас.
Онцгой эрхийг эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл