З.Ариунтэнгэр: Хятад даяар сургуулиуд онлайнаар хичээллэж байна

Сарангуа Төмөр
2020-02-18 15:42:04
Ангилал: Коронавирус

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Ариунтэнгэртэй Хятадад дэгдсэн коронавирусийн халдварын улмаас үүссэн нөхцөл байдал болон тус холбооноос санаачлан зохион байгуулсан тусламжийн аяны талаар ярилцлаа.   

– БНХАУ-д дэгдсэн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ? 

– Монголчуудын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 20-оос хойш тус улсад юу болоод байгааг анзаарч эхэлсэн. Анх 500 гаруй хүн халдвар авсан, дараа нь энэ тоо 1000 болж, бүр халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор нэг мянгаар нэмэгдэж эхэлсэн. Өнөөдрийн (2020.02.18байдлаар 73 гаруй мянган хүн халдвар авч, 1870 хүн нас барсан 

Үхань хот онцгой байдалд шилжээд, аюулгүйн нэгдүгээр зэргийн дохио зарлаж, хотоос хүн орж гарахгүй байх нөхцөл байдал үүссэн. Мөн 10 хоногийн дотор 1000 өвчтөний эмнэлэг барьж ашиглалтад орууллаа. Үханьд маск, нэг удаагийн хэрэгслийн хомсдол үүсээд буй. Коронавирусийн халдварын эсрэг тэмцэх үйл ажиллагааны хүрээнд Хятадад сайн дурын маш олон аян өрнөж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард сайн дурын 1000 гаруй эмч Үханийг зорьсон. Одоогийн байдлаар эмчилгээний шинэ вакцин гарч, эмнэлгүүдэд туршиж эхлээд байна. Эдгэрсэн хүний тоо 12 мянга гаруй болсон. Халдварын байдлыг харахад 40-өөс дээш насныхан, дархлаа муутай хүмүүс нас барж байна. Дархлаа сайтай бол өвчлөхгүй байх боломжтой. Вакцин гарсан тохиолдолд энэ халдварыг эмчлэх боломжтой. 

-Хятадад төгсөгчид, оюутнуудын зүгээс тус улсад тусламж үзүүлэх аяныг зохион байгууллаа. “Мөнхийн хөрш, энхийн тусламж” аяны талаар мэдээлэл өгнө үү? 

– Хилийн чанадад байгаа маш олон хятад иргэн хандив өргөж байна. Гадаад дотоодын ТББ, бизнесийн байгууллагууд, Хятадтай хамтарч ажилладаг байгууллагууд, бусад орны засгийн газрууд ч мөн адил тусламж үзүүлж буй.  

Өнөөдрийн байдлаар Хятадад 11 мянга гаруй монгол оюутан сурч байгаа юм. Дийлэнх нь буюу 70-80 хувь нь ЗГ-ын тэтгэлгээр сурдаг. Хятадад сурдаг монгол оюутнууд сургууль, найз нөхөд, багш нартаа маск явуулья гэсэн санаачилга гаргаснаар БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо, Үхань хотод төгсөгчдийн холбоо болон БНХАУ дахь Монгол Оюутны нэгдсэн холбоо хамтран хандивын аян өрнүүлсэн. Аяны хүрээнд нийт 3000 гаруй хандивлагчаас 22 сая төгрөгийн хандив цугларсныг өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйд хүлээлгэн өгсөн.  Бээжин, Хөх хот, Үхань, Тяньжин, Харбин зэрэг хотод сурдаг залуучууд Монгол дахь найз, нөхөдтэйгээ холбогдон энэхүү аянд идэвхтэй оролцсон. Хятадын талаас ч мөн адил хүнд хэцүү цаг үед тусалж буйд маш их баяртай байна гэсэн хариу захиа явууллаа 

Wechat-д манай аяны тухай мэдээлэл гарсны дараа Хятадад ажиллаж, сурдаг найз, нөхөд, оюутнууд маш их талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн. Ер нь энэ бол бага гэлтгүй сэтгэлийн дэм л дээ. “Монголчууд та бүхэнтэй хамт шүү”, “Энэ хүнд цаг үеийг тэсч, даван туулж гараарай” гэх зэргээр бид бас сэтгэлийн дэм өгч байна. Саяхан Хятадад айлчилсан Монголын соёл, урлагийн байгууллагынхан мөн тусламж үзүүллээ. Монголын Засгийн газраас 200 мянган долларын тусламж үзүүлэхэд хятад иргэд маш их талархан хүлээж авсан.  

– Үхань хотод цөөнгүй монголчууд байдаг. Иргэдээ татаж авах үеэр зарим оюутан үлдсэн. Тэнд үлдсэн монголчуудын нөхцөл байдал ямар байгаа вэ? 

– Үхань хотод 31 монгол хүн байснаас 29 нь ирж, хоёр нь тэндээ үлдсэн. Бусад хотуудад ч мөн адил монгол оюутнууд сургууль дээрээ карантинд орсон байгаа. Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэлгүй байсны улмаас, зарим нь амралтынхаа үеэр аялсан эсвэл ажилтай явж байгаад карантинд орсон байх жишээтэй. Сургуулиудын зүгээс гадагш явсан оюутан, багш нарыг эргэж ирэхэд нь тусгаарлан 14 хоног карантинд оруулж, хяналтдаа байлгаж байна. Хятадын урд зүгийн мужуудад сурдаг оюутнууд амралтынхаа дараа буцалгүй тэндээ үлдсэн. Харин зарим нь хил хаахаас амжиж ирсэн. Янз бүрийн л нөхцөл байдалтай байна.  

– Коронавирусийн халдварын талаар олон янзын мэдээлэл гарч байна. Вирусийн халдвар хаанаас гарсан, үнэн зөв мэдээллийг хаанаас олж авах талаар танд ямар мэдээлэл байна вэ? 

– Эх сурвалжаас харвал далайн бүтээгдэхүүн зардаг, мах нийлүүлдэг захаас халдвар гарсан байх магадлалтай. Хоёр төрлийн вирусээс коронавирусийн халдвар гарсан гэж үздэг. Хятадын CRI болон манай Монцамэ агентлагийн эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй. Гэтэл манайхан хувь хүний лайв бичлэг, Оросын шар мэдээллийг их цацаж байна л даа.  

Халдварын тархалт ихэсч байгаа талаар мэдээлэл гарч эхлэхэд монголчууд гурилаа нөөцлөөд бөөн юм болсон. Үнэндээ тухайн үед халдвар авсан хүний тоо 2000-4000-ын хооронд байсан. Харин одоо нөхцөл байдал улам даамжирсан байтал маскаа ч зүүхээ болиод тайвширсан байх жишээтэй. Энэ нь ямар нөхцөл байдал үүсгэх вэ, бид урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайн хэрэгжүүлж чадаж байна уу гэх зэргийг иргэд сайн бодох хэрэгтэй. 

Хятадын их сургуулиудын зүгээс халдвар оргил үедээ байгаа учир гадагш бүү гараарай гэсэн анхааруулга оюутнууддаа өгч байна. Тиймээс ийм үед бид бас урьдчилан сэргийлж, ахуйн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй. 

 Хятадын цагаан сар дуусаж, иргэд ажилдаа орохоюутнуудын хичээл эхлэх цаг болсон. Гэтэл коронавирусийн халдварын тархалт нэмэгдсээр л байна. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ? 

 Уг нь сургуулиуд хоёрдугаар сарын 15-нд эхэлнэ гэж байсан ч Хятад даяар сургуулиудын хичээл тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Миний хувьд өдөр бүр хаана байгаа болон ямар нэгэн өвчний илрэл байна уу гэх мэт мэдээллийг сургуульдаа өгч байгаа. Манай сургуулийн хичээл тавдугаар сарын 1-нд орно. Тэр хүртэл онлайнаар хичээл орно. Монгол оюутнуудын хувьд энд байх хугацаандаа, онлайн сургалтдаа суугаад багш нартайгаа харилцаад явах боломж бүрдсэн. 

Сарангуа Төмөр