Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс инновац, технологийн салбарт цойлон гарч ирэв. Дэлхийн хамгийн том зах зээлтэй тус улсын дотоодын хэрэглэгчид энэ салбарын хөгжил, дэвшлийг талархан хүлээн авч, сэтгэл хангалуун буй. Тэгвэл ойрын ирээдүйд Хятад улс энэ давшингуй амжилтаа ахиулж, дэлхийд тэргүүлэхийг зорьж байна.

Шинийг санаачлагч Хятад
Хятад улс Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх XII таван жилийн төлөвлөгөөг танилцуулснаас хойш буюу 2011-2015 оны хооронд дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэгч, оройлогч үндэстэн болж хувирав. Тус улс судалгаа, хөгжүүлэлтээр (R&D) АНУ-ын дараа хоёрдугаарт орж байна. 2015 оны байдлаар энэ чиглэлд хоёр их наяд ам.долларын хөрөнгө оруулсан нь дэлхийн хэмжээнд 21 хувийг эзэлжээ. Харин 2010-2015 оны хооронд хөрөнгө оруулалтаа жилд дунджаар 18 хувиар өсгөсөн нь АНУ-ынхтай харьцуулахад хэд дахин өндөр үзүүлэлт юм.

Хятад улс энэ хурдаараа 5-10 жилийн дараа шинжлэх ухаан, технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч гүрэн болохоор байна. Инновац, технологийн салбарын хөгжлийг илэрхийлэх өөр нэг хэмжүүр бол эл салбарт суралцаж буй оюутан, залуусын тоо. 2000-2014 оны хооронд тус улсад шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж төгсөгчдийн тоо 360 мянгаас 1.6 саяд хүрч өссөн бол энэ хугацаанд АНУ-ын төгсөгчдийн тоо 480 мянгаас 742 мянгад хүрчээ.

Мөн патент, шинэ үйлдвэрлэлд оруулж буй хөрөнгө оруулалтаар АНУ-ын дараа орж байгаа ч Хятад улсын энэ үзүүлэлт хангалттай өндөр байна.

БНХАУ-ын XIII таван жилийн төлөвлөгөөний (2015-2020) хугацаанд эдгээр амжилтыг ахиулж, “Шинийг санаачлагч орон” болох зорилтдоо хүрэх шийдвэрлэх үе гэж тус улсын удирдлага тодорхойлж байгаа юм. Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил болон инновацид суурилсан хөгжлийн үндэстний бодлого нь “Хятадад үйлдвэрлэв 2025”, “Интернэт+”, “Хүчирхэг сүлжээ”, “Хүчирхэг далай”, “Хүчирхэг сансар”, “Эрүүл Хятад” зэрэг цэргийн болоод иргэний зориулалттай хөтөлбөрүүд, мөн “Бүс ба Зам” санаачилга, “Бээжин-Тяньжин-Хэбэйн хамтын ажиллагааны хөгжил”, “Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжил” зэрэг үндэстний хэмжээний стратегитай уялдаж, эдгээр бодлогоор дамжин хэрэгжиж байна.

Технологийн шадар гурван цэрэг


Baidu, Alibaba, Tencent (BAT)-ийг мэдэхгүй хүн байхгүй. Хятадын технологийн гурван хүчирхэг компани нийлээд нэг их наяд ам.доллароор үнэлэгдэж буй тухай олон улсын хэвлэлд бичжээ. Baidu Map, Alipay, Wechat гурван aппликэйшнгүйгээр хятад хүний өдөр тутмын амьдралыг төсөөлөхөд бэрх болсон. Төлбөр тооцоо, худалдаа, үйлчилгээ, чөлөөт цаг, харилцаа холбоо эдгээр аппликэйшн дээр суурилж буй. Дотоодын зах зээлд ноёлж чадсан BAT-ийн амжилт технологийн чиглэлийн бусад компанийн замыг засаж, Хятад улс технологийн салбарт цойлон гарч ирэх үүд хаалгыг нээв.

Хятадын бараа, бүтээгдэхүүнийг хямдхан, чанар муутай, дуураймал хэмээн шүүмжилдэг. Хэдийгээр ийм дутагдал өнөө хэр байгаа ч компанийн хэмжээ, өсөлт, ялангуяа инновац дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх болсон. Өнөөдөр Хятадын инновацын компаниуд АНУ-ын Цахиурын Хөндий, Израиль зэрэг дэлхийн томоохон инновацын төвүүдээс төрж гарсан компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрээд байна.

Huawei гэхэд харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, ухаалаг гар утасны гурав дахь том үйлдвэрлэгч болсон. Бүтээгдэхүүнээ боловсронгуй болгосноор тус компани өдгөө Хятад төдийгүй Барууны зах зээлд ноёлж байна. Мөн ухаалаг утасны зах зээлд орж ирээд удаагүй Xiaomi брэнд дэлхийн топ 10 ухаалаг гар утас үйлдвэрлэгчийн нэг болов. Шинэ загварыг богино хугацаанд гаргаж, зөвхөн онлайнаар борлуулах зэрэг маркетингийн шинэ инновацыг тус компани нэвтрүүлжээ.

Дэлхийн хамгийн том онлайн худалдааны компанид тооцогдож буй Alibaba Хятадын маш олон жижиг бизнесийг онлайн худалдаанд хөтлөн оруулж, энэ салбарт хувьсгал хийсэн.

Alibaba-гийн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хямдралтай худалдаа нь Хар Баасан гараг, Кибер Даваа гараг зэрэг Америк, Европын томоохон хямдралтай худалдаанаас хэд дахин их ашиг олж байна. TenCent компанийн Wechat аппликэйшн 2019 оны хоёрдугаар хагас жилийн байдлаар 1.1 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болж Facebook-ийг ардаа орхин дэлхийн тав дахь хамгийн үнэ цэнтэй компани болсон. Хятадын Гуандон мужийн Шэньжэнь хотод төвтэй технологийн DJI компани өдгөө дэлхийн топ дрон үйлдвэрлэгчид тооцогддог бол Haier, Midea зэрэг компани боломжийн үнэтэй, чанартай гэр ахуйн цахилгаан бараа, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч болоод байгаа юм.

Барууныхан Хятадын Засгийн газрыг протекционист бодлогоор үйлдвэрлэлийн сал­баруудаа дэмжиж, оюуны өмчийг хамгаалах тал дээр хойрго ханддаг гэж шүүмжилдэг. Зарим салбарт ийм байдал ажиглагддаг боловч бараг бүх компани олон улсын стандартын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэж тэд хэлдэг. Такси үйлчилгээний Didi аппликэйшнийг Uber-ийн загвар дээр суурилсан гэж буруутгадаг ч маркетингаар аль хэдийн Uber-ээс илүү гарсан. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооч дуудах зэрэг шинэ үйлчилгээг тус аппликэйшн нэвтрүүлснээс гадна аюулгүй байдалтай холбоотой олон шинэчлэл хийсээр байна. Хятад улс мөн хиймэл оюун ухааны салбарт ихээхэн амжилт үзүүлж буй. Тухайлбал, англи хэлний ярианы чадварыг сайжруулах зорилготой LingoChamp (Liulishuo) аппликэйшн багш хөлслөхгүйгээр англи хэлний ярианы чадвараа сайжруулах боломж олгож байна. Өдгөө 50 сая гаруй хэрэглэгч уг аппликэйшнийг хэрэглэдэг.

Хятадын Засгийн газрын явуулж буй бодлогыг дагаад технологийн компаниудад ахиж дэвжих шинэ боломжууд бий болсоор байна. “Хятадад үйлдвэрлэв-2025” хэмээх нүсэр хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин, цэвэр эрчим хүч, агаарын тээвэр, робот, сансрын хөтөлбөр, аюулгүй байдал гээд олон салбарт хөрөнгө оруулалтын урсгал цутган орж байна.

Хятадын технологийн сал­барын шадар гурван цэрэг BAT хэрэглэгчийн зах зээлээс дахин нэг шинэ шат ахиж, төрийн бодлогын хүрээнд хэрэгжих төслүүдэд нягт уялдаа холбоотой ажиллаж эхэлсэн. 2017 онд Хятадын Шинжлэх ухаан, технолоийн яамнаас “Инновацын нээлттэй платформуудын шинэ давалгаа” гэгчийг зарласан бөгөөд Baidu автомат удирдлагатай тээврийн хэрэгслүүд, Alibaba Cloud (Aliyun) ухаалаг хотын төслүүдэд, Tencent эрүүл мэнд, үзлэг оношилгооны чиглэлд ажиллаж байна.

Эх сурвалж: БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологи, инновацын XIII таван жилийн төлөвлөгөө, 2016

BAT+5G
BAT-ийн давалгааг үргэлжлүүлж буй өөр нэг компани бол Шэньжэнь хотод төвтэй харилцаа, холбооны төхөөрөмж үйлдвэрлэгч Huawei юм. 5G технологиор дэлхийд тэргүүлэгчдийн нэг эл компани АНУ-ын хориг арга хэмжээтэй нүүр тулаад байгаа билээ. 5G технологийн тусламжтай автомат удирдлагатай машин, их хэмжээний файл шилжүүлэх, гар утасны үйл ажиллагаа, видео тоглоом тоглох чанар сайжрах, үүлэн технологид файл хадгалах боломж нэмэгдэх, хиймэл оюун ухаант роботуудыг сайжруулах, илүү дэвшилтэт дрон бий болох, ухаалаг гэр, ухаалаг хот бий болох зэрэг асар олон үйлчилгээ сайжрах боломж бүрдэнэ. Энэ технологиор дэлхийд давамгайлах гүрэн улс төр, кибер дайн, эдийн засаг, цэрэг дайны ихээхэн эрх мэдлийг гартаа авах юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эл дайнд заавал ялалт байгуулж, технологиор тэргүүлэгч гүрэн болох ёстой хэмээн онцлон хэлсэн.

5G технологид суурилсан интернэт сүлжээ, гар утас, харилцаа холбооны төхөөрөмжүүд 2020 оноос олон нийтийн хүртээл болж, хэрэглэгчид ашиглаж эхэлнэ гэсэн таамаг бий. Qualcomm, Verizon, AT&T, Samsung зэрэг компани 2020 оны сүүлчээр, харин Хятадын гар утасны гурван гол оператор China Mobile, Unicom, China Telecom 50 гаруй хотод 5G технологи энэ оны дундуур нэвтрүүлэх хүлээлттэй байна. Одоогийн байдлаар энэ гурван компани 5G-д суурилсан 86 мянган станц байгуулсан агаад энэ оны сүүлчээр 130 мянга болгож нэмэгдүүлэх аж.

Инновацын төвүүд
Хятад улс шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Бээжинг дэлхийн инновацын төв болгох зорилт тавьж,2011 оноос Бээжинд Инновацын олон улсын хамтын ажиллагааны хурал зохион байгуулж эхэлсэн. Мөн шинжлэх ухаан, инновацын нөөц бололцоог ашиглах, олон улсын инновацын гол төслүүдэд хамтран ажиллах болов. Тус улсын засгийн газрын шинжлэх ухаан инновацыг хөгжүүлэх бодлогын үр дүнд Бээжин хотын Хайдан дүүрэг дэх Жон Гуань Цунь гудамж Хятадын Цахиурын Хөндий болж хувирсан. 1980-аад онд цахилгаан барааны зах байсан эл гудамж өдгөө Хятадын тэргүүлэх их сургууль, судалгааны институтээр хүрээлүүлсэн шинжлэх ухааны парк  болжээ.

Тус улсын дотоодын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг хувь Жон Гуань Цуньд төвлөрч буй компаниудад ногддог. 2014 онд Хайдан дүүргийн засаг захиргаа Innoway гэх шинэ төвийг нээснээр тус гудамж олон улсын чанартай болов. Татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, байнга оршин суух виз олгох зэрэг таатай бодлого хэрэгжүүлснээр Жон Гуань Цунь гудамж гадны маш олон шинийг санаачлагч, хөрөнгө оруулагч, старт-апын анхаарлыг татах болсон. Google, Sony, Intel зэрэг компанийн Хятад дахь төв оффис, Microsoft компанийн Ази дахь судалгааны төв чухам энд бий.

Шинийг санаачлагчид, энтрепренерүүдэд зориулсан Innoway гэх шинэ гудамжийг 2014 онд Бээжин хотод байгуулав

Хятадын инновацын өөр нэг төв бол Гуандон мужийн Шэньжэнь хот. 1970-аад оныг хүртэл жижиг тосгон байсан эл хотыг 1980 онд Хятадын эдийн засгийн анхны тусгай бүс болгон зарласан. Хятад улсын шинэчлэл, нээлттэй бодлогын гол үүд хаалга чухам энд нээгдсэн гэж болно. 1980-аад оноос Хонконгийн компаниуд үйлдвэрүүдээ Шэньжэнь рүү нүүлгэж эхэлснээр санхүү, түгээлт, өндөр технологийн чиглэлийн бизнес, үйлдвэрлэлүүд төвлөрч, тус хотын эдийн засаг хурдацтай өссөн. 1980-2015 оны хооронд Шэньжэний ДНБ-ий өсөлт жилд дунджаар 23 хувь байв. Энэ нь улсын хэмжээнд төдийгүй Бээжин (10.1 хувь), Шанхай (9.9 хувь) хотуудынхаас ч илүү гарсан үзүүлэлт. Huawei, ZTE, Tencent, BYD, BGI, DJI, Royole зэрэг компанийн амжилт, үйл ажиллагаа нь Шэньжэнийг Хятадын ээлжит нэгэн Цахиурын Хөндий болгосон юм. Шэньжэнь эдүгээ ухаалаг гар утас үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том төвд тооцогдож байна. Fortune Global 500 жагсаалтад багтсан 270 компани Шэньжэньд хөрөнгө оруулжээ. Тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлэс илүүтэй судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлд түлхүү үйл ажиллагаа явуулж байна. Мөн дэлхийд тэргүүлэх Microsoft, Intel, Oracle, Samsung зэрэг компаниуд аль хэдийн Шэньжэньд судалгааны институтиудээ байгуулаад байна.

Жон Гуань Цунь, Шэньжэнь зэрэг инновацын төвүүд Хятадын хиймэл оюун ухаан, өндөр үр ашигтай технологийн үйлдвэрлэлд үлэмж хувь нэмэр оруулаад зогсохгүй бусад улсын компани, бизнест шинэ боломж олгож байна.

Монголчууд ч Хятадын хөгжлийн үр шимээс хүртэж, өндөр хурдны галт тэргэнд нь суух боломж бүрэн бий. Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр бусад улстай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Бид энэ санаачилгыг зөвхөн зам, тээвэр, дэд бүтцийн төслүүдээр ойлгож хүлээн авах бус, шинжлэх ухаан, технологийн чиглэлд хамтран ажиллах, хамтарсан лаборатори байгуулах, шинжлэх ухаан, технологийн төв байгуулах, үйлдвэрлэл явуулах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой.

 

 

Mongolian Economy