Инновацын эцэг
Шинэ технологийн хөгжилд Украины дайн хэрхэн нөлөөлөх вэ
Хэрэв та Украины фронтод болж буй үйл явдлын бичлэгийг үзсэн бол цэргийн технологийг санаандгүй ашигласан болж таарна. Лазер, GPS, mRNA вакцин зэрэг нээлтийн адилаар интернэт нь батлан хамгаалахад оруулсан хөрөнгө оруулалтын ачаар үүссэн юм. Ялангуяа Пентагоны DARPA агентлаг үүнд чухал үүрэг гүйцэтгэж ирэв.
Оросын дайралт эхэлснээр олон шинэ технологи бий болно. Учир нь эл дайны улмаас улсууд батлан хамгаалахын төсвөө нэмсэн. Америк батлан хамгаалахын төсвөө таван хувиар өсгөсөн бол Герман гуравны нэгээр нэмэхээ амлав. Төсвийн ихэнхийг Украинд өгсөн цэрэг зэвсгийн нөөцийг нөхөхөд зарцуулна. Харин зарим нь судалгаа хөгжүүлэлтийн төсөв руу урссанаар шинэ технологи бүтээхэд тусална.
Өдгөө хэрэгжиж буй зарим төсөл ирээдүйн тухай төсөөллийг өгнө. Томпкинсийн өгүүлснээр нэг анхаарах чиглэл бол нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах аж. Хүнс, эм, ус, түлшийг алслагдмал байрлал дахь цэргүүдэд хүргэх, хадгалах, логистикийн том асуудалтай нүүр тулахын оронд энэ бүхнийг (уураг, түлш, өвчин намдаагч) шинэлэг биотехнологи ашиглан газар дээр нь үйлдвэрлэж болно гэж DARPA найдаж буй.
Армид чиглэсэн энэ мэт инновац иргэдийн амьдралыг өөрчилнө. Дууны хурднаас 5-25 дахин хурдан зэвсэг бүтээхээр олон улс хичээж буй. Америкийн Venus Aerospace компани ижил технологи ашиглан зорчигчдыг дэлхийн хаана ч нэг цагийн дотор хүргэх сансрын хөлөг бүтээхээр зорьж байна.
Батлан хамгаалахын төсөв нэмэгдсэнээр судалгаа, хөгжүүлэлтэд зориулах мөнгө ихэснэ
Америк, Австрали, Британи, ЕХ нь квант компьютерийг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Ихэнх судалгааг нь батлан хамгаалах, тагнуулын албад санхүүжүүлдэг гэж MITийн квант-компьютерийн төвийн захирал Уильям Оливер хэллээ. Гэхдээ квант компьютер бодит байдалд хэр ашигтай байх, хэзээнээс ашиглахыг мэдэх хүн алга. Тиймээс DARPA-ийн “квант бенчмарк” төсөл нь “квант компьютер үнэхээр ашигтай эсэхийг” тодорхойлох чухал үүрэгтэй гэж Томпкинс өгүүлэв.
Гэхдээ батлан хамгаалахын судалгаа, хөгжүүлэлт нь Хүйтэн дайны оргил үеийнх шиг чухал биш болсон гэж аналистууд үздэг. Технологийн асар том салбар, венчюр капиталын их мөнгө нь батлан хамгаалахын төсвийг дэмжлэг маягтай болгов. Гэвч “цоо шинэ” технологийн хувьд батлан хамгаалахын төсөв үнэ цэнтэй хэвээр гэж хөрөнгө оруулагч, DARPA-ийн ажилтан асан Эми Круз хэллээ. Владимир Путины дайнаас технологийн санамсаргүй үр дүн гарч ирж магадгүй.
ШАКИЙЛ ХАШИМ Чөлөөт сэтгүүлч
Дэлхий 2023 дугаараас