Их дуулианы дараах ЖДҮХсан хэрхэн ажиллаж байна вэ?
“ЖДҮ сан” гэдэг үг нийгэмд эдүгээ сөрөг агуулгатай сонсогдох болсон. Гэвч энэ сан бол эдүгээ жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих улсын сан. Уг сан цаашдаа нээлттэй, үр дүнтэй ажиллах шаардлага хэвээр байгаа. Их дуулианы дараа ЖДҮ сангийн захирал хэмээх амаргүй ажил хүлээж авсан Б.Батцэцэгтэй уулзаж сангийн үйл ажиллагааг цааш нь хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
– “ЖДҮХСан” гэдэг үг нийгэмд сөрөг агуулгатай болсон үед та амаргүй ажил хүлээж авсан. Өнгөрснийг засах ямар ажил хийгдэхээр байна?
– Мэдээж амаргүй ажил авсан. Миний бие төрд 20 гаруй жил ажиллаж байгаа. Удирдах албан тушаал дээр олон жил ажилласан туршлагатай. Үүндээ суурилаад ажлаа авснаас хойш жинхэнэ ЖДҮ-чдэд зээл очоосой, үр дүн нь гараасай гэсэндээ зургаан сарын хугацаанд ажиллаад байна (2019 оны 11 сарын байдлаар). Өмнөхийг засаж залруулахгүй хаяж болохгүй.
“Өнгөрсөн жилүүдэд нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй таван жил явсан компанийг илрүүлсэн. Ийм 80 орчим ААН-ийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Шүүхийн захирамж гарсан 78 иргэн, аж ахуйн нэгжийн 18 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Дээр нь шүүх рүү 40-50 хэрэг шилжүүлсэн. Энэ тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа, зээлийн эргэн төлөлтийн 25-30 хувь нь эрсэдсэн байна. Яг үнэндээ зарим нь эрэн сурвалжлаад ч олдохгүй байна. Бидний хийж байгаа ажил удаашрах нөхцөл рүү ороод байна”.
Зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бид маш сайн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар эргэн төлөлтөөс 46,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд, Засгийн газрын бондын өрөөс төлж байгаа. Энэ ондоо багтаан 60 тэрбум төгрөгт хүргэн төвлөрүүлчих байх. Улсын төсөвт өргүй болчихвол эрүүл тогтолцоо бий болно. Жилдээ ганц удаа шалгаруулдаг биш, сар бүр төсөл сонгон шалгаруулаад санхүүжүүлээд явдаг байх ёстой.
– ЖДҮ-ийн журмын шинэчлэлтийн үр дүн?
– Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох журам нь ХХААХҮ-ийн Сайдын 2019 оны А-119 дүгээр тушаалаар шинэчлэгдэн батлагдсан. Ингэхдээ олон удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийж, Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Эдийн засгийн байнгын дэд хороонд танилцуулж олон үе шат дамжсаны эцэст зургаан бүлэг, 17 зүйл заалттайгаар энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдлаа. Журмын онцлог нь ЖДҮХСангийн зээлд хамрагдах гэж байгаа бол 11 шаардлагыг эхний ээлжид хангасан байх ёстой. Шаардлага нь санхүүгийн хариуцлагатай, татвар, нийгмийн даатгалаа цаг тухайд нь төлдөг, Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, өндөр дээд албан тушаалтантай хамааралгүй иргэн, аж ахуйн нэгжид зээлийн тусламж олгоно гэж заасан. Түүнчлэн тодорхой бичиг баримтын шаардлагыг хангасан, төслөө цаг хугацаанд нь ирүүлсэн, тухайн жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс доош байх ёстой. Эдгээрийг хангаж байж ЖДҮ-ийн төслийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа нээлттэй, ил тод, олон нийтийн оролцоог хангасан байхаар зохицуулсан. Төсөл сонгон шалгаруулсан хорооны хуралд төрийн бус байгууллагаас дөрвөн хүн, төрийн байгууллагаас гурван хүний бүрэлдэхүүнтэй буюу олон нийтийн оролцоог 50-иас дээш хувьд хангасан байхаар журамд заасан. Төрийн бус байгууллагын төлөөлөлд МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийн холбоо, Төслийн удирдлагын хүрээлэн, Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн үндэсний холбоо багтаж байна. Хурлын бүхий л хугацаанд сошиал сувгуудаар “live” хийж түгээсэн.
– Ямар төрлийн төслүүд дэмжигдэж байна. Олгогдсон зээлийн хэмжээ?
– Энэ онд УИХ болон Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэр батлагдсан. Зээлийн эх үүсвэрийг хүртээмжтэй болгох үүднээс дөрвөн багц болгож зарласан. 2018 онд 218 зээлдэгчдэд 98 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч байсан бол энэ жил дээрх 47 тэрбум төгрөгийг 467 иргэн, аж ахуйн нэгжид хуваарилсан. Өөрөөр хэлбэл, зээлийн хүртээмж 2,2 дахин нэмэгдсэн. Зээлсэн мөнгөн дүн бага ч гэсэн хүртээмжийн хувьд жинхэнэ ЖДҮ гэгдэх хүмүүстээ хүрч чадсан гэж бид үзэж байна. Энэ жилд жижиг зээлийн багц буюу 20-100 сая төгрөгийн зээлийн багц дээр гурван тэрбум төгрөгийн зээлийн багцыг хуваарилсан. Үүнийг өрхийн үйлдвэрлэлээс дунд бизнес эрхлэгчид болоход томоохон дэмжлэг боллоо гэж үзэж байна. Энэ 20-100 сая төгрөгийн нэгдүгээр ээлжийн төслийн сонгон шалгаруулалтад 101 аж ахуйн нэгж /ААН/ оролцсоноос 47 нь шалгарсан. Эх үүсвэр бүрдвэл дахин 10 аж ахуйн нэгжийг нэмэх боломжтой. Сонгон шалгаруулах процесс удаан байгаа. Учир нь 4-5 шат дамжлагыг дамжиж, 100 хүртэлх онооны системээр үнэлээд, сонгон шалгаруулах хорооны хурлаар орж, сүүлийн гурван шатны оноог эрэмбэлж байгаатай холбоотой. Олон нийтэд нээлттэй болсон учраас ямар нэгэн гомдол гараагүй, шударга сонгон шалгаруулалт болж чадсан.
Дараагийн зээлийн багц нь 100-300 сая төгрөгийн дунд шатны бизнесийн зээл. Үүнд 350 гаруй аж ахуйн нэгж орж ирснээс 37 нь эхний ээлжинд санхүүжилт авахаар болсон. Дараагийн санхүүжилт бүрдвэл 157 ААН хүлээлтийн байдалтай байгаа. Энэ 37 ААН-д 10 тэрбум төгрөг хуваарилагдсан. Тэд санхүүжилтээ аваад явж байна. Үлдсэн 15 ААН-д 40 тэрбумийн зээлийн эх үүсвэр хэрэгтэй байгаа. Тэдэнд бусад арилжааны банкуудаас санхүүжүүлэх боломж байна уу гэсэн хүсэлт явуулж байна. Эх үүсвэр олдвол санхүүжилт өгөх боломжтой бэлэн төслүүд бидэнд байна. Дараа нь 350 саяас нэг тэрбум төгрөгийн том зээлийн багцад 13 томоохон ААН тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт авахаар орж ирсэн. Тэднээс таван ААН нь санхүүжилтээ аваад явж байгаа.
– Арилжааны банкны шалгуур гэдгийг тодруулвал?
– Арилжааны банк биднээс тусдаа дахин шалгуур тавина. Тэр шалгуурыг 100 хувь хангасан бол зээл олгогдоно.
– Гэхдээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр зээл олгож байгаа биз дээ?
– Мэдээж эх үүсвэр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгө. Гэхдээ эргэн төлөлтийг хариуцах нь арилжааны банк учраас бидний төслийн эрсдлийн үнэлгээнд суурилахгүй. Тэд дахиад сонгон шалгаруулалт хийнэ гэсэн үг. Үүний дүнд сонгогдоод байгаа нь дээрх таван ААН байгаа юм.
Энэ жил арилжааны банкны хүүг бууруулснаараа давуу талтай. Өмнө нь ЖДҮХСангийн зээлийг 7-8 хувийн хүүтэй авч байсан бол одоо дээд тал нь 5,8 хувийн хүүтэй зээл авах боломжоор хангасан. Төрийн банк, Хаан банк, Хас банкууд Монгол банкнаас тавьсан шаардлагыг хангаж, зээл олгогчоор сонгогдсон. Тэд санхүүүжилтийнхээ 70 гаруй хувийг аваад явж байгаа.
Дараагийн зээлийн багц 20-200 сая төгрөгийн орон нутгийн зээл. Орон нутагт хэрэгжүүлж байгаа төслүүдийг “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөртэй холбогдуулан жижиг, дунд бизнес эрхлэгчид болон төрийн бодлогыг дэмжих зорилгоор орон нутагт 47 тэрбум төгрөгийн талыг нь буюу 20,5 тэрбум төгрөгийг хуваарилсан. Ойролцоогоор аймаг бүрд нэг тэрбум төгрөг, хүн ам багатай Говьсүмбэр аймагт 500 сая төгрөг хуваарилсан. Эндээс 360 гаруй ААН орон нутагт шалгарсан. Орон нутагт мөн ялгаагүй арилжааны банкаар дамжина. Энэ жил 2744 төсөл, 487,2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээж авсан. Үүнээс 467 нь 2019 онд багтан санхүүжилт авах боломжоор бүрэн хангагдсан. Тэд 4500 ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлж байгаа.
– Зээлийн үр ашгийг эргэн хянах хэрэгцээ байгаа. Энэ ажил ямар байдлаар, хэрхэн явагдаж байна?
– 10 дугаар сараас эхлэн зээлийн санхүүжилтаа олгоод явж байна. Зээлдэгчдээс сар тутам тайлан авч байгаа. Улиралд ядаж нэг удаа зээлийн мониторинг хийх ажлуудаа зохион байгуулна. Өмнө нь зээл олгосноос нэг жилийн дараа мониторинг хийдэг байсан учраас үр дүн, ашиглалтын талаар бэлэн дата, судалгаа ховор байдаг. Зээлийн эргэн төлөлтөө сайжруулахын тулд тухайн зээлдэгчтэйгээ хамтарч ажиллах ёстой. Бид зээлдэгчтэйгээ уулзаад ямар нэгэн байдлаар асуудал гарвал ярилцаад яваарай гэсэн нэгдсэн чиглэл өгч байгаа. Жилийн гурав болон 5,8 хувийн хүүтэй зээл гэдэг төдийлөн олдоод байдаг зээл биш. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчид маань төрийн үзүүлж буй дэмжлэгийг үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Найдлага тавиад байгаа шалтгаан нь бид ирүүлсэн төслийг шууд сонгочихоогүй. 16 аймаг, есөн дүүрэг, 69 сумын 350 гаруй төслийг багаараа очиж ажиллаад сонгон шалгаруулсан. Тухайн зээл олгох гэж байгаа хүн хэн байна вэ, үнэхээр үр дүнтэй ашиглаж чадах хүн мөн үү гэдгийг харж үзэж, 70-аас дээш оноо авсан нь дараа дараагийн шатруу орж, дөрвөн шат дамжаад гараад ирсэн байгаа. Энэ нь тухайн төсөл хэрэгжүүлэгчийг хариуцлагатай, жинхэнэ ЖДҮ эрхлэгч мөн гэдгийг тодорхойлж байгаа учраас их итгэл тавьж байгаа.
– Манай улс зах зээл жижигтэй, бүтээгдэхүүн борлуулах сүлжээ хомс. Жишээ нь, хөрш хоёр аймагт хоёр сайн ижил төсөлд зээл олгоход зах зээлээ булаацалддаг. Энэ байдлыг та бүхэн бодлогоор яаж зохицуулж байгаа вэ?
-Үнэлгээний цоо шинэ системийг бий болгосон. Эхний нэгдүгээр шат урьдчилсан судалгааны шат буюу тухайн төслийн цаасан дээр ажиллаж байгаа. Хүний нөөц, ажлын байр, үйлдвэрлэл технологийн үе шат, яаж орлого олох, яаж төлөх, эрсдлээ тодорхойлсон байдал, зах зээлийн шинэ судалгаа, свот шинжилгээ зэрэг 10 гаруй зүйлийг төсөлд боловсруулж ирүүлэх ёстой. Эдгээрт 100 хүртэлх оноо өгч байгаа. Тэнцсэн бол дараагийн шатны нарийвчилсан судалгаанд орно. Тухайн газар дээр нь ажиллана. Боловсон хүчин, санхүүгийн хариуцлага гээд шалгууруудыг өөрсдөө нүдээр үзнэ. Сая төгрөгийн борлуулалттай мөртлөө тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч байгаа олон иргэн байна. Тэдэнд яаж итгэж зээл өгөх вэ гэдэгт газар дээр нь очиж дүн шинжилгээ хийж, дахин 100 хүртэлх оноо тавьж байгаа. Нийгэм эдийн засаг, байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарч байна. Өрсөлдөгч байхгүй, өрсөлдөж байвал ямар байр байдалтай, зах зээлийн эрсдэл нь ямар байна, гэрээ контракт хийхэд бэлэн үү, импортыг орлож байгаа бүтээгдэхүүн хийж байгаа юу гэдэгт хорооны гишүүд тус бүрдээ оноо өгнө. Онооны нийлбэрээр дундаж оноо гарна. Ингээд өмнө нь авсан хоёр шатны онооны нийлбэрээр жагсаана.
– Баруунд хөрөнгө оруулагчдын өмнө илтгэл тавьдаг шиг байдлаар зохион байгуулж байгаа юм байна тийм үү?
– Бид үнэлгээндээ олон улсын зарчмуудыг оруулж ирсэн. Зээлийн үнэлгээний эрсдлийн зарчим аргачлалыг Монголын хөрсөнд буулгасан. Дүн нь онлайн системд ороод явна. Аль болох хүний оролцоог багасгасан, хараат бус шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр эцсийн дүнг би ч мэдэхгүй.
– Татварын хуулийн өөрчлөлтөөр кассын машин, НӨАТ-ын системд ач холбогдол өгч байна. Та нар шалгууртаа үүнийг оруулж байгаа юу? Энэ шалгуурыг оруулчихвал та нарын өгсөн мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь илт харагдах байх.
– Маш зөв санаа. Гэхдээ өнөөдөр монгол улсын хэмжээнд 60 гаруй мянган жижиг, дунд бизнес эрхлэгч дотоодын нийт бүтээгдэхүүний 17,6 хувийг эзэлдэг. Тэдний дийлэнх нь өрхийн үйлдвэрлэл. Тэр хүмүүст кассын машин сая төгрөгөөр ав гэдэг шалгуурыг тавьбал 20 сая төгрөгийн өрхийн үйлдвэрлэл орж ирж чадахгүй. Томчууд нь орж ирээд л мөнгө авна гэсэн үг. Уг нь ийм шалгуур тавьбал бидний эрсдэл улам багасаад л явна. Бидэнд сайн талтай. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахад одоохондоо шалгууртаа үүнийг оруулах болоогүй. Магадгүй үүнийг нэг, хоёр жилийн дараагаас оруулж болно. 100-300 саяын зээлийн багцад бол ийм шалгуур тавьж болно. Бид жил бүр шалгуураа шинэчлэх ёстой. Ирэх жил инноваци шингэсэн бүтээгдэхүүнээ дэмжихийн тулд гарааны бизнесийн зээлийн багц гаргаж ирнэ. Таны хэлсэн шалгуурыг дараа жил тавьж болно. Энэ мэт сайн санал, санаачилга гаргаад ирвэл бид дэмжинэ.
– Компаниуд тайлангаа оруулаад харж болдог байдлаар апплэкейшн ч юмуу зохиож, технологижоод ирвэл илүү үр дүнтэй болов уу?
– Бид мониторинг хийхэд заавал газар дээр нь очдог. Үүнд цаг хугацаа, мөнгө их зарж байгаа. Бид вэб хуудас дээрээ үүнийг шийдэхээр ажиллаж байгаа. Сар бүр борлуулалтын орлого, зарлага, зээлийн төлөлтийн мэдээллийг хардаг байхаар бэлтгэл ажил хийж байна. Зээлдэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг байршуулж, түүнийг нь төрийн худалдан авалтаар дэмжихээр ажиллана.
ЖДҮ эрхлэгчдийн зарим нь түүхий эд нийлүүлдэг, нөгөө хэсэг нь боловсруулдаг. Тэднийг холбосон уулзалтуудыг зохион байгуулах ёстой. Энэ чинь төрийн үүрэг. Тэрнээс биш зээл өгчихөөд л цагтаа төлчихөөсэй гээд бодоод суугаад байвал бүтэхгүй. Яагаад сүүлийн 10 жил ЖДҮХСанд нэг их наяд төгрөг хуваарилчихаад өнөөдөр үр дүнгүй байгаа нь төр дэмжлэгээ бүрэн үзүүлж чадаагүйтэй холбоотой. Зөвхөн мөнгө олгочихоод л хаячихаж байна. Асуудлыг нь шийдэж чадах нэгэнтэй холбох, эсвэл төртэй холбогдох ямар боломж байгаа вэ гэдэг гарц шийдлийг огт гаргаж өгөхгүй байгаа. Хоёрт, зээлдэгчид бизнес хийнэ гэдгийг бүрэн утгаар нь ойлгоогүй байна. Тэднийг сургах ёстой. Нөгөөтэйгүүр сэтгэлгээнд анхаарах шаардлагатай. Гадны улсад бол жижиг, дунд бизнес эрхлэгчдээ үзэсгэлэн худалдаанд оролцуулдаг, сургадаг, ижил төрлийн үйлдвэрлэлийг хооронд нь туршлага солилцуулдаг, томоохон бизнес эрхлэгчидтэй уулзуулдаг гэх мэтчилэн маш олон арга замаар дэмждэг. ЖДҮХС энэ жил тэс өөр бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
Сангаас мөнгө аваагүй байсан ч бизнес эрхлэгчдэд сургалт олгоно. Бид гаднаас хөрөнгө оруулалт татах зорилгоор өнгөрсөн 11 дүгээр сарын 28-30-ний өдрүүдэд “Экспорт монголиа 2019” олон улсын үзэсгэлэн форумыг маш амжилттай зохион байгууллаа. 250 гаруй ЖДҮ эрхлэгч анх удаагаа хамрагдсан. Энд 10 гаруй орны бизнес эрхлэгчид ноу хау, технологи, экспортод гаргах боломж, бүтээгдэхүүнд тавигдах стандарт гээд арга зүйн олон зөвлөгөөг өгсөн. Энэ бол эхний удаад хийж байгаа арга хэмжээ.
– ААН-үүд хамтраад кластерын хэлбэрээр санал болгож байгаа төсөл байна уу?
– Манай бизнес эрхлэгчид дангаараа үйлдвэрлэл эрхлээд, тэрийгээ зарах гээд үр ашиггүй зардал гаргаж, хугацаа алдаж байна. Нэгдэж хамтраад ажлын байраа нэмэгдүүлэх, өргөжүүлэх маш их боломж байна. Энэ жил “Хөсөг” брэнд яг таны хэлсэн шиг зарчмаар төслөө оруулж ирсэн. Материалыг нь нэг талаас нийлүүлдэг, загварын дагуу өрхийн үйлдвэрлэлийнхэнд хийлгэдэг. Нөгөө хэсэг нь маркетинг, борлуулалтыг нь хариуцдаг. Яг үүн шиг зарчмаар ажиллах хэрэгтэй байна. Бизнес эрхлэгчид бүгд англи хэлтэй биш, бүгд санхүүгийн мэдлэгтэй биш. Тиймээс чаддаг чаддагаараа нийлээд хамтармаар байна. Мөн зөгийн балны кластерын 24 ААН нийлээд төсөл өгсөн. Гэвч кластераар нь авч үзэхэд 47 тэрбум төгрөгийн зээлийн дүн гарч байсан. Хэдий энэ төсөл орж ирж байгаа нь сайн боловч энэ хэмжээний эрсдэлтэй байна. Тиймээс ярилцаж байгаад тухайн төсөл бүр дээр үнэлгээ хийхээр болж, 1-2 ААН нь сонгон шалгаруулалтад тэнцсэн.
– Мэдээж өрхийн бизнес эрхлэгчид мэдлэг, мэдээллээр дутмаг байгаа. Тэднийг чадавхижуулахад ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
– Зээлийн эргэн төлөлтийг хангуулах зорилгоор 10 жилийн турш хуримтлагдсан 100-гаад тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг гүйцэтгэхээр зургаан хүний бүрэлдэхүүнтэй тусгай хэлтэс байгуулсан. Бизнес хөгжүүлэлт буюу ЖДҮ эрхлэгчдийг сургах зорилгоор захиргааныхаа хэлтэстээ бизнес хөгжил, сургалт хариуцсан тусгай орон тоог гаргасан. Бид өөрсдөө эхлээд сургагч багштай байх ёстой. Тэгэхийн тулд зээлийн мэргэжилтэн, бизнес сургалт хариуцсан хүмүүсээ сургаж байна. Азийн хөгжлийн банк, Төслийн удирдлагын хүрээлэн, Банк, санхүүгийн холбооны сургалтуудад хамруулан бэлтгэж байна. Ирэх онд хэдэн сард, ямар салбарын ЖДҮ эрхлэгчдээ сургах вэ гэдэг төлөвлөгөөг гаргана.
– Олон улсын донор байгууллагууд, ЖДҮ эрхлэгчдийн хооронд координаци маш сайн хиймээр байгаа юм. Тэдэнтэй хэр их холбоотой ажиллаж байна?
– Дээр дурдсан форумынхаа үеэр Турк, Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Туркийн ЖДҮ-ийн холбоотой санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Туркийн төлөөллийг урьж, уулзалтууд зохион байгуулсан. Мөн энэ өдөр Дэлхийн банк оролцсон. Бид зөвхөн Америк, Европын зах зээл гэхээс илүү нэгдүгээрт ойр, хоёрт соёлын хувьд ойролцоо байх Азийн улсуудад гарах боломжийг хайж байгаа. Тиймээс Солонгос улстай хамтран ажилладаг. Филиппиний Азийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Ирэх хоёрдугаар сард Японы Шизуко мужтай санамж бичиг байгуулна. Итали, Норвеги улсаас хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллах саналууд ирсэн. Олон улсын байгууллагуудад саналаа тавиад явж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Жайка ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчтэй уулзсан. Хийж байгаа ололтуудаа харилцан ярилцаад, түүнтэй олон улсын хөтөлбөрөөр сургагч багш бэлтгэх, инкубацийн үйлчилгээ үзүүлээч гэсэн санал тавьсан. Тэд эдийн засгийн боломж бололцоогоо харъя гэсэн хариу өгсөн.
– ЖДҮХСан өөрөө боловсон хүчний бэлтгэл хэр байна вэ? Хүмүүс нь хэлний болон бизнесийн мэдлэгтэй, технологижсон байх шаардлагатай байх.
– ЖДҮХСан өнөөдөр гурван хэлтэс, 30 албан хаагчтай. Боловсон хүчний 90 хувь нь шинэчлэгдсэн. Япон, Англи, Франц, Герман, Швед, Хятад, Солонгос хэлтэй хүмүүс ажиллаж байна. “Хамтын хүч, бидний ирээдүй” гэсэн шинэ уриаг бий болгосон. Арилжааны банканд 5-10 жил ажилласан боловсон хүчинг шалгаруулалтаар оруулж ирсэн. Зээл эрсдэхгүй байхад тэд их үүрэг рольтой оролцоно. Мэдээж цаашид дахин сургах хэрэгтэй. Сүүлийн үеийн залуу боловсон хүчин тогтвортой ажиллах, өөрийгөө илүү хөгжүүлэх тал дээр дутмаг байгаа учир хүний нөөцийн хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаа.
– 2020 оны төсөв танай санд ямар боломж олгохоор байна вэ?
– Энэ жил улсын төсвөөс 47 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Эргээд улсын төсөвтөө 89,5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд явж байгаа. 2020 онд нийтдээ 100 мянган тэрбум төгрөгийг олоод буцаагаад зээл олгох хүнд нөхцөлд ажиллаж байна. 2020 онд улсын төсвөөс санхүүжилт өгөхгүй.
– Сангуудыг нэгтгэх тухай яриа байгаа. Энэ талаар?
– Өнгөрсөн жил Сангийн яам, ХХААХҮЯ-наас Засгийн газрын бүх тусгай санд шалгалт орсон. Нэг яаман дээр байгаа Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮХ сан тусдаа гурван ажлын байртай, тусдаа удирдлагатай явах нь үр ашиггүй байна гэж үзсэн. Гурван сангаас тус тусад нь зээл авсан компаниуд ч байна. Нийлүүлчихбэл менежмент нь зөв голдрилоор явж, энэ байдал арилах юм байна гэж үзсэн. Нэг удирдлага, нэг цонхоор бодлогоо хэрэгжүүлнэ. Нийлүүлснээр аль нэгд нь санхүүжилт муу олгогдоно гэсэн ойлголт байхгүй. Эдгээр сан тус тусдаа хөтөлбөртэй хэвээр байна. Зөвхөн удирдлага, менежмент, бодлогоо нэг цонхоор явуулъя гэж байгаа юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль 2020 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн баригдсан. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тогтоолоор Мал хамгаалах санг татан буулгаад ЖДҮХСантай үйл ажиллагааг нь нэгтгээд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мал хамгаалах санд энэ жил 29 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлж аваад, эргэн төлөлтөө улсын төсөвт төвлөрүүлж бусад зээл олгох зарчмууд нь хангагдаад л явж байна. Мал хамгаалах сангийн чиглэлээр одоогоор ирсэн сүүний болон эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмжийн зээл олгосан. Сан татан буугдаад тэр үйл ажиллагаа зогсоно гэсэн ойлголт байхгүй. Төрийн ажил үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.