Кибер аллага

Mongolian Economy
2021-06-14 10:19:02
Ангилал: Дэлхий 2021

Кибер аллагын талаарх аймшигт дүрслэл арав гаруй жилийн өмнөөс гарч эхэлсэн. “Цахим Сувдан эрэг” тохиолдож болзошгүй тухай New York Times сэтгүүл 1999 онд бичиж байв. 2011 онд Батлан хамгаалахын сайд Леон Панетта “дараагийн Сувдан эрэг нь кибер халдлага хэлбэртэйгээр” мөн “есдүгээр сарын 11-ний террорист халдлага шиг хор хөнөөлтэй” байж болзошгүйг сануулж байв. Үхлийн аюултай, өргөн хүрээтэй кибер халдлага гарсан түүх хараахан алга. Гэвч 2020 оны есдүгээр сард Дюссельдорф хотын эмнэлгийн компьютерийг хакерууд унтраасны улмаас яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай эмэгтэй өөр хотод хүргэгдэж очоод нас барсан. Кибер халдлагын улмаас хүний амь нас санамсаргүй эндсэн анхны тохиолдол энэ юм. Эл халдлагыг үйлдсэн этгээдүүд тус эмнэлэг бус Дюссельдорфын их сургуулийн компьютерт халдаж мөнгө хулгайлах зорилготой байжээ. Гэвч кибер халдлагыг санаатай үйлдэж хүний аминд хүрч болохыг энэ тохиолдол харуулсан юм.

Хэдийгээр кибер хүн амины хэрэг гараагүй ч хүний амьдралын ихэнх зүйлс компьютерийн сүлжээнд холбогдох болсон учир 2021 онд байдал өөрчлөгдөж болзошгүй.

Хүнд хор хүргэх, эсвэл алахын тулд вирустэй код нь өөрийн хянаж буй зүйлийн кинетик, эсвэл химийн энергийг ашиглах ёстой. Хамгийн тодорхой байнууд бол цахилгаан станц, үйлдвэрүүдэд байдаг үйлдвэрийн удирдлагын систем юм. 2007 онд Америкийн Эрчим хүчний яам ердөө 21 мөр бүхий код ашиглан дизель үүсгүүрийн автомат унтраалгыг хурдан нээж, хааснаар тухайн төхөөрөмж утаа гарах, чичрэх, эвдрэхэд хүрч болохыг харуулж байв. “Энэ нь машин давхиж байх үед жолооч ухрах араандаа оруулж байгаатай төстэй байлаа” гэж Жоржтауны их сургуулийн Бен Буканан “The Hacker and the State” номдоо онцолсон юм.

Төд удалгүй уран баяжуулдаг Иранийн хийн центрифуг төхөөрөмжийг үүнтэй төстэй байдлаар мянгаас олон удаа эвдрэхэд хүргэсэн Stuxnet нэртэй компьютерийн өтийг Америк, Израил бүтээжээ.  2016 онд Stuxnet-ээс санаа авч бүтээсэн Оросын программ Украин улсын цахилгаан дамжуулах сүлжээг тасалдуулж, дүн өвлийн хүйтэнд Киев хотын тавны нэгийг цахил гаангүй болгож байв. Цахилгаан хүчдэл, гүйдлийг хянаж, хэвийн бус байдал үүсэхэд цахилгааны системийг унтраах зориулалттай хамгаалалтын релег эл программ онилсон юм.

Тоног төхөөрөмж, эсвэл цахилгаан хэлхээг эвдэх нь хүнд аюул хүргэх цорын ганц арга биш. 2020 оны дөрөвдүгээр сард Израилийн ус цэвэршүүлэх байгууламжийг Иран хакердаж, их хэмжээний хлорыг ахуйн хэрэглээний усны хангамж руу шахах оролдлого хийж байжээ. Үүнтэй төстэй халдлага хлорын үйлдвэрт болсон тухай Украин 2018 онд мэдээлж байв.

Эдгээр халдлагын улмаас хүний амь хохироогүй ч эрсдэх боломж байсан юм. Ус цэвэршүүлэх байгууламжид хийсэн халдлага бүтэлгүйтээгүй бол энгийн ард иргэд асар их хохирол амсах байсан гэж Израилийн үндэсний кибер байдлын албаны дарга Игаль Унна онцолсон. 2016 онд хакерууд даруухан зан гаргаж, Киев хотын цахилгааны ганцхан дэд станц руу халдсан гэж ноён Буканан дурдсан юм. Иймэрхүү халдлага удаан үргэлжлэхгүй нь лавтай. Сүүлийн жилүүдэд Америк, Орос улс хэн хэнийхээ цахилгаан дамжуулах сүлжээг нарийвчлан судлахын сацуу дайсны арын шугамд зэвсгийн нөөц үлдээж байгаа мэт хакерын программ суулгасаар ирэв.

Ноцтой хямралын үед хоёр орны удирдагчид цэргийн хүч ашиглаж эрсдэл гаргахын оронд тэдгээр программыг ашиглан амин чухал салбаруудынх нь цахилгааныг таслах боломжтой.

Эдгээр салбар луу код ашиглан шууд халдах боломж бий. 2017 онд Хойд Солонгосын хакерууд хэрэглэгчийн компьютерын өгөгдлийг хулгайлж, хариуд нь мөнгө төлөхийг шаарддаг WannaCry программыг ашиглаж байв. Эл программын халдлагад Их Британийн Үндэсний эрүүл мэндийн салбар өртөж, хэдэн арван эмнэлэг, 600 гаруй хагалгаанд нөлөөлсөн байна.

Кибер хүн амины хэрэг үйлдэх илүү хялбар аргууд байхыг үгүйсгэхгүй. Центрифуг, дамжуулагчаас ялгаатай нь улам олон машин интернэт холболттой болж буйгаас гадна өндөр хурдтай яваа үед нь хакердах бүрэн боломжтой. Тэдгээрийн сүлжээ сул хамгаалалттай байх нь элбэг. Хакерууд давхиж буй автомашины удирдлагыг гартаа оруулж чадахаа удаа дараа харуулсан. Тухайлбал, ийм нэг халдлагын улмаас 2015 онд автомашин үйлдвэрлэгч Fiat Chrysler компани 1.4 сая тээврийн хэрэгслээ эргүүлэн татаж байв. Зах зээлийн тандалтын ABI фирмийн тооцоолсноор Америкт 2020 онд борлуулагдсан тээврийн хэрэгсэл, ачааны машины 91 хувь интернэт холболттой байжээ. Их хурдтай яваа машиныг хорлох нь Stuxnet-ийн хувьд тун хялбар. Хакерууд улам туршлагажиж, хакердаж болох бай нэмэгдсээр буй энэ үед кибер халдлага хүний аминд хүрэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.

“Дэлхий 2021” сэтгүүлээс

Шашанк Жоши батлах хамгаалах хариуцсан редактор, The Economist

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр

 

 

Mongolian Economy