Клейр Куртье-Мюлдэр: Зохистой хөдөлмөр эрхлэлтийг тэргүүнд тавих нь чухал ач холбогдолтой

B. Misheel
2020-03-09 16:45:00

Хатагтай Клейр Куртье-Мюлдэр Маалдэр бол Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-ын Хятад болон Монгол Улсыг хариуцсан захирал юм. Тэрбээр 2014 оны ОУХБ-д ажиллаж эхлэхээсээ өмнө Олон улсын үйлдвэрчний эвлэлийн нийгэмлэгийн (ОУҮЭН) тэргүүнээр ажиллаж байжээ. Энэ хугацаанд тэрбээр эрх тэгш байдал, нийгмийн хамгаалал, далд эдийн засаг, шилжилт хөдөлгөөн болон хүйсийн харилцааны асуудлууд дээр ажиллаж байсан аж. Хатагтай Маалдэр ОУХБ өнгөрөгч зуун жилд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн агаад ирээдүйд юуг хийхээр тэмүүлж буйг манай сэтгүүлд өгүүлсэн юм.

-ОУХБ гэж чухам ямар байгууллага болох, онцлог талууд нь юу болохыг тайлбарлаж өгөөч?

-ОУХБ бол НҮБ-ын системийн нэгэн хэсэг юм. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болж НҮБ байгуулагдахаас ч өмнө буюу 100 жилийн өмнө суурь нь тавигдсан байгууллага. Тиймээс энэ бол НҮБ-ын хамгийн өндөр настай байгууллага гэсэн үг. Манай байгууллага нь гурван бүрэлдэхүүнээс бүтсэн цорын ганц байгууллага учир засаглах эрх нь зөвхөн засгийн газарт бус ажилтнуудын холбоо болон ажил олгогч байгууллагуудад байдаг. Тиймээс Монгол Улсын хувьд энэ нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос бүрддэг.

-ОУХБ өнөөдөр юуг эн тэргүүнд тавьж байна вэ?

-Бидний эн тэргүүнд тавьж буй зүйл бол ажил юм. Тиймээс бид ажлын ирээдүйн тод томруун төсөөлөл хийж 100 жилийн ойгоо угтлаа. ОУХБ болон бусад байгууллагууд ажил эрхлэлтийн ертөнцөд гарах томоохон өөрчлөлтүүдийг хэрхэн хүлээж авах вэ? Ажил эрхлэлтийн ертөнц нь хувьсан өөрчлөгдсөөр байдаг хэдий ч өнөө үед технологийн дэвшил, цаг уурын өөрчлөлт, хүн амзүйн өөрчлөлтийн улмаас маш хурдтайгаар хувьсаж байна. Асуудал нь бид энэхүү өөрчлөлтөд ямар хариу урвал үзүүлж чадах вэ гэдэг юм. Энэ жилийн хувьд бидний хамгийн том зорилго бол уг асуудлыг дэлхийн хэмжээнд хөндөх явдал юм. Мэдээж хариу үйлдэл нь улс улсад өөр байх боломжтой, учир нь улс бүр онцлог шинжтэй шүү дээ.

-ОУХБ саяхан хөдөлмөр эрхлэлтийн ирээдүйн талаарх дэлхийн тайланг гаргасан. Тайлангаар хөндсөн гол асуудал нь юу вэ?

-Тус тайланг дэлхийн комисс бичсэн. Энэ нь ОУХБ-ын бодлого биш бөгөөд ажлын ирээдүйн хэрэглээг гаргаж ирсэн бие даасан комисс юм. Энэхүү комиссыг Швед улсын сайд болон Өмнөд Африкийн ерөнхийлөгч нар хамтран ахалдаг. Ажил олгогчид, ажилчид, эрдэмтэн судлаачид, социологичид гэх мэт төрөл бүрийн салбараас 20 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү илтгэлийг ОУХБ-ын хэмжээнд авч хэлэлцэх болно. Тайланд дурдсанаар бол хөдөлмөрийн ертөнцийн талаарх хэтийн төлөвөө өөрчилж хүн төвтэй хөтөлбөр боловсруулах шаардлагатай аж. Үндсэндээ, бид хөдөлмөрийн ертөнцөд хүнийг тэргүүнд тавих хэрэгтэй. Хүний чадавхт хөрөнгө оруулалт хийж болох гурван томоохон салбар байна. Жишээлбэл, хүмүүс технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахын тулд байнгын сургалт авч, насан туршдаа суралцах боломжийг нь бүрдүүлэхийн тулд сургалтыг илүү сайжруулах нь зүйтэй. Хоёрдугаарт, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэхээр оролдож буй хөдөлмөрийн нийгэмлэгүүдэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Улмаар ажилтнууд болон ажил олгогчид ажлын нөхцөл, цалингийн доод хэмжээ болон гэрээн дээрээ тохиролцох нөхцөл бүрэлдэх юм. Гурав дугаарх нь зохистой, тогтвортой ажлын байранд хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал юм. Зарим орны хөгжлийн төлөвлөгөө нь хөдөлмөрийн ертөнцийн ач холбогдлыг авч үзэх ёстой бөгөөд зөвхөн хөдөлмөр бус харин чанартай хөдөлмөр эрхлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх учиртай. Олон улс орнууд өнгөрсөн жилүүдэд дагаж мөрдөж ирсэн эдийн засгийн загвар нь эдгээр асуудалд илүү өндөр ач холбогдол өгч чадаагүй юм.

-ОУХБ-аас Монголд үйл ажиллагаа явуулж буй хагас зуун жилийнхээ хугацаанд хүрсэн хамгийн онцгой ололт амжилтуудаасаа дурдвал?

-Монгол Улс 50 жилийн өмнө гишүүнээр элссэн. Коммунизмын үед ур чадвар болон ур чадварын хөгжилд илүүтэй анхаарч байсан бол зах зээлийн эдийн засаг руу шилжих үед ОУХБ Монголыг шинэ эдийн засгийн хэлбэртээ дасахад нь техникийн туслалцаа үзүүлсэн юм. Монгол Улс хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр эрхлүүлэлт, ажлын байран дээрх ялгаварлал болон хөдөлмөрлөх эрх зэрэг ОУХБ-ын олон үндсэн конвенциудэд ач холбогдол өгч эхлээд байгаа юм. Коммунист цаг үед ажил олгогчдын байгууллага гэж байгаагүй тул ОУХБ Монголын ажил олгогчидтой ажиллаж байсан юм. Бид сүүлийн үед хөдөлмөрийн тухай шинэ хууль, шинэчлэлийн талаар ярилцаж, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хууль нь олон улсын конвенцид Монгол Улсын хүлээсэн үүрэгт нийцсэн байхын тулд туслалцаа үзүүлэхэд голлон анхаарал хандуулан ажиллаж байна. Товчхондоо, эдгээр зүйлс дээр ОУХБ ажиллаж байна.

 

-ОУХБ-ын 100 жилийн ойд зориулсан долоон санал санаачлага байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь ажлын байрны ирээдүй юм. Эдгээр санаачлагууд Монгол улсад ямар хэмжээнд хэрэгжиж байна вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийн ирээдүй гэдэг мэдээжийн хэрэг нэн тэргүүний авч үзэх ёстой зүйл бөгөөд өнөөдрийн байдлаар Женев хотод ажлын ертөнц дэх эрэгтэй болон эмэгтэй хүмүүст хүч хэрэглэхийн эсрэг конвенцийг хэлэлцэж байна. Тус шинэ конвенц нь хөдөлмөр эрхлэлтийн ирээдүйтэй холбогдуулан авч үзвэл чухал байр суурийг эзлэх болно. Ажлын байран дээр хүнд хүч хэрэглэх нь үнэхээр том асуудал. Бид зөвхөн Монголдоо бус дэлхийд шийдлийг бий болгож чадвал энэ нь чухал нээлт болж чадна. Энэ нь нөгөө талаар ногоон ажлын байруудыг бий болгож, цаг уурын өөрчлөлтийг бууруулахын зэрэгцээ ажлын байр бий болох үйл явцыг дэмжих санаачлага юм.

-Монгол Улс хөдөлмөр эрхлэлт, нийгмийн аюулгүй байдал тал дээр асуудал ихтэй. Шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд нь юу вэ? Мөн ОУХБ ямар төрлийн арга хэрэглүүр ашиглах вэ?

-Бодлогын тал дээр ОУХБ-ын хувьд ямар нэг хэлэх зүйл байхгүй бөгөөд энэ нь Монгол Улсын хэрэг юм. Хэдий тийм ч бид Засгийн газар болон нийгмийн түншлэгчдэд техникийн дэмжлэг туслалцаа үзүүлж энэ асуудлын хүрээнд бусад улсууд ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл хуваалцах боломжтой. ОУХБ нийгмийн хамгааллын давхаргыг дэмжихийг оролддог бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэлтийнхээ байдлаас үл хамааран хүн бүр нийгмийн хамгааллын хүртээмжтэй байх ёстой гэсэн санаа дэвшүүлж байгаа гэсэн үг юм. Монгол Улс залуу хүн амтай, нийт хүн амын 65 хувь нь насанд хүрсэн залуу хүмүүс байгаа юм. Монгол Улсын залуус бусад олон орнуудын нэгэн адилаар ажилгүйдэлд нэрвэгдээд байна. Монголын залуус дэлхийн зах зээлд хөл тавихад улам бүр хэцүү болж байна. Залуусын ажилгүйдлийн түвшинг насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад хоёр дахин өндөр байгаа юм. Маш олон залуу хүмүүс ажил эрхлэхгүй байхын зэрэгцээ сурч боловсрохгүй байна. Сургуульд ч явахгүй, ажил ч эрхлэхгүй байгаа залуус улсын хувьд маш их гарз хохиролтой. Яагаад гэвэл тэд бол улсын ирээдүй шүү дээ. Ийм ч учраас бид нийгмийн хамгаалал болон ажлын байран дээрх эрхийг залуус болон нийгмийн түншлэлүүд мэддэг болоосой гэсэн үүднээс арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

-Ирээдүйн хөдөлмөрийн хурлын үеэр олон сонирхолтой шинэ санаанууд гарч ирсэн. Хэлэлцүүлгүүдийн үеэр залуусын танилцуулсан санаануудыг ОУХБ хөтөлбөртөө оруулан хэрэгжүүлж байгаа юу? Яг аль нь танд илүү сонирхолтой санагдсан бэ?

-Миний хувьд хурал дээрх залуус өөрсдөд нь ямар бэрхшээл тулгардгийг, цаг уурын өөрчлөлт ажил мэргэжилд нь хэрхэн нөлөөлдгийг, мөн технологийн өөрчлөлт ажил эрхлэлтийн ертөнцөд хэрхэн нөлөөлж буйг мэдэж байгаа нь сонирхолтой байлаа. Шийдэл олохыг хичээж, шийдлийн нэг хэсэг нь байхыг хүсч тэмүүлж байгаа нь надад гүн сэтгэгдэл төрүүллээ. ОУХБ нь хуулийн хэрэгжилтэд шууд нөлөө үзүүлэхгүй ч гэсэн тодорхой санаа бодлын үүднээс авч үзвэл, Монголын залуучуудын гаргасан хуулийн санаачлага нь ирээдүйд бидний ажилд хэрэг болох гарын авлага байж чадна гэдэгт итгэлтэй байна.

-2019 онд ОУХБ-ын 100 жилийн ой тохиож байна. ОУХБ удаах зуун жилдээ юу хийх бол?

-ОУХБ ирээдүйд юу хийх учиртай, тэр дундаа хөдөлмөрийн ирээдүйд юу хийх ёстой талаарх томоохон Хөдөлмөрийн Чуулганыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр дэлхийн коммисын тайлангаас гадна хөдөлмөрийн ирээдүйг авч хэлэлцэн дараагийн зуунд юу хийх ёстойгоо ярилцах юм. Хэдий миний бие ОУХБ чухам юун дээр төвлөрөн ажиллахыг мэдэхгүй ч хөдөлмөрийн ертөнцөөс үүдэлтэй, дэлхийн түвшинд яригдаж байгаа тэгш бус байдал нь анхаарал татаж байна. Хүмүүс зохистой цалин авч чадахгүй, хамгаалалтгүй, богино хугацааны ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэгэхээр хамгийн ядруу ажилчдыг оролцуулаад хүн бүрийн ажиллах орчныг илүү таатай болгохын тулд бид яах хэрэгтэй вэ? Болох гэж буй тус хурал цуглаан нь эдгээр асуудлуудын талаарх гүн ойлголтыг өгнө хэмээн найдаж байна.

-ОУХБ-д орохоосоо өмнө та Олон улсын үйлдвэрчний эвлэлийн тэргүүнээр ажиллаж байсан. Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо зэрэг үйлдвэрчний эвлэлүүд нь ОУХБ-ын зорилгод туслахад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-МҮЭХ их чухал, учир нь тэд бол ажилчдын дуу хоолой юм. Хэрвээ та ажилчин бөгөөд хамт олноосоо таслагдсан байдаг бол дуу хоолойгоо өргөхөд үнэхээр хэцүү байна. Хэрэв та хамт олны нэгээхэн хэсэг болох юм бол таны хүргэх дуу хоолой илүү чанга, илүү хүчтэй байх болно. Саяхан бид Монгол дахь албан бус эдийн засгийг сайжруулахын тулд үйл ажиллагааны төлөвлөгөөг авч хэрэгжүүлж байгаа юм. Энэ төлөвлөгөө маань 2021 он хүртэл гурван жилийн турш хэрэгжинэ.

-Хөдөлмөрийн хууль нь хот, хөдөөгийн далд эдийн засгийн ажилтнуудад хамаардаггүй. Монгол Улс дахь ОУХБ тэдгээрийн эрхийн хамгаалах тал дээр ямар нэг зүйл хийж байгаа юу?

-Өмнө нь хэлсэнчлэн бид албан бус эдийн засгийг сайжруулахын тулд үйл ажиллагааны төлөвлөгөө бий болгон ажиллаж байгаа. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын далд эдийн засгийг албан болгох талаар судалгаа хийж байгаа бөгөөд бид энэ жил үүн дээр төвлөрөн ажиллах болно. Мөн бид НҮБ-ын ижил төрлийн зүйл дээр төвлөрөн ажилладаг байгууллагуудыг татан оролцуулах хүсэлтэй байгаа.

-Хаалтын уулзалтын үеэр GSP+2 төслийн өөр хэтийн зорилгуудын талаар хэлэлцсэн. Таны бодлоор төсөл Монголд бүрэн биелэлээ олж чадсан уу? GSP+3-аас юуг хүлээх вэ?

-Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газар ОУХБ-д олон улсын конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнахад маш их тус дөхөм болсон. Монго Улсын Засгийн газар 2017 онд ОУХБ-д гаргасан тайлан нь жижиг болон дунд аж ахуй нэгжүүд дэх ажлын байрны эрх болон суурь зарчмуудын ерөнхий биелэлтийн талаарх тодорхой зураглалыг өгсөн юм. Монголын залуусын эрхийг хөхиүлэн дэмжих кампанит ажил болох залуусын сүлжээнд ч мөн амжилт олсон юм. Энэ жил бид албадан хөдөлмөр эрхлэлт гэх мэт өөр бусад асуудал дээр төвлөрөх байх гэж бодож байна. Хүний наймаа гэх зэрэг өөр төрлийн албадан хөдөлмөр эрхлүүлэлт гарч ирж байна. ОУХБ болон нийгмийн түншлэлүүд Монгол дахь албадан хөдөлмөр эрхлэлт дээр юу хийж болох талаарх шийдлийг эрэлхийлэх болно.

-Монгол Улс Тогтвортой Хөгжлийн Зорилт 8-д хүрэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ? Зохистой хөдөлмөр болон эдийн засгийн өсөлт үү?

-Энэ мэдээж хэцүү асуулт. Зохистой хөдөлмөр гэдэг нь бүгдийн хувьд төрөл төрлийн үйл хэргийг шаарддаг. Ерөнхийдөө энэ нь ажил эрхлэлт болон түүний чанар ба тоо хэмжээг макро эдийн засгийн бодлогын хүрээнд нэн тэргүүнд тавих гэсэн үг юм. Эдийн засгийн шийдвэр, худалдааны шийдвэр, макро эдийн засгийн шийдвэрүүд болон бусад шийдвэрүүд нь Монгол дахь үйл ажиллагааг дэмжиж, тогтвортой байлгахад анхаарах учиртай. ТХЗ 8-г хэрэгжүүлэх гол түлхүүр нь эдгээр юм гэж би хувьдаа бодож байна. Бусад хэрэгжүүлэх алхмууд бол хөдөлмөрийн хуулийг шинэчилж батлах, ажил эрхлэлтийг эрчимжүүлэхэд хөрөнгө зарах, хүмүүсийн ур чадварыг дээшлүүлж, хүмүүст тэр дундаа залууст ур чадвар эзэмших боломжийг нээлттэй байлгах зэрэг юм. Түүнчлэн шинэ технологиуд хэрхэн өөр төрлийн ажлуудыг бий болгох боломжтойг олж харах шаардлагатай. Ер нь зохистой хөдөлмөр эрхлэлтэд ач холбогдол өгөх нь хамгаас чухал.

-Технологийн дэвшил нь бүхэлдээ хөдөлмөрийн салбарт ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэдэг ойлгомжтой байна. Монгол Улс одоогоор эдгээр хөгжил дэвшлүүдийн хойно алхаж буй учир ийм төрлийн өөрчлөлтөд хэрхэн бэлтгэгдэх ёстой вэ?

-Монгол бол технологийн шинэчлэл болон хөгжлийн гол хөдөлгөгч хүч биш хэдий ч хурлын үеэр залуучууд интернэтийн ачаар үнэхээр уялдаа холбоотой байдаг болохыг бидэнд харууллаа. Технологи нь ажлын байр бий болгох боломжтой тул Монгол Улсад тулгарч буй сорилт бол энэ боломжийг ашиглах, үүнээс гадна ажил эрхлэлтийн чанарыг зохистой болгоход оршиж байна. Бусад орнууд технологийн тусламжтайгаар олон тооны ажлын байрыг бий болгодог. Гэсэн хэдий ч эдгээр ажлууд чанарын хувьд тийм ч сайн биш байна. Тиймээс бидний бий болгох ажлын байрууд нь Монголчуудын хүмүүсийг ядуурлаас бодитоор татан гаргаж чадахуйц байх хэрэгтэй. 

B. Misheel