Кобаяши Хироюки: Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд үүссэн асуудлыг түргэн шийдвэрлэх нь чухал

B Shurenchimeg
2023-06-26 15:00:00
Ангилал: Эдийн засаг

Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай гадаадын хөрөнгө оруулалтын орчин болоод хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцааны талаар ярилцлаа. 

-2022 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэ хугацаан дахь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг та товчхон дүгнэнэ үү?

1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон хэдий ч тэр үед хүйтэн дайны төмөр хөшигт халхлагдан, харилцаагаа хөгжүүлэхэд амаргүй байлаа. Дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацааг эргэн харахад эхний 18 жил Барууны болон Зүүний системийн хүйтэн дайны бэрх цаг үе, дараагийн 32 жил Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манай хоёр орон найрсаг харилцаагаа цогцлоосон, хөгжлийн үе байлаа. Цаашид бидний өмнө илүү өндөр түвшинд бие биенээ нөхсөн, харилцан ашигтай хөгжлийн шинэ цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

Хүйтэн дайны үед эдийн засгийн хамтын ажиллагаа хязгаарлагдмал байсныг төсөөлөх биз ээ. Япон Улсаас Монгол Улсад үзүүлсэн анхны буцалтгүй тусламж бол 1977 онд барьж, байгуулсан “Говь” ноолуурын үйлдвэр юм. Эдүгээ чанар чансаагаараа гайхагдах Монгол ноолуурын дэлхийн зах зээлд эзлэх хувь болон үнэлгээ өссөөр байна. “Говь” ноолуурын үйлдвэр нь Монголд ноолуурын үйлдвэрлэлийн суурийг тавихад томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог. Энэ төслийг сонгон хэрэгжүүлсэн тэр үеийн холбогдох хүмүүсийн алсын харааг сайшаан, өндрөөр үнэлмээр байна.

Япон Улс өнөөг хүртэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжаар (ХАЁТ) нийт 340 орчим тэрбум иений буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. Эдгээр тусламжийн ихэнхийг Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш олгосон. Зах зээлийн нийгэмд шилжин орсон эхэн үед Монгол Улс эдийн засгийн гүн хямралтай нүүр тулгарахад Япон Улсаас хүнс, бараа, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг шинэчлэн засварлах зэрэг тусламжийг нэн түрүүнд хэрэгжүүлсэн. 

Түүнчлэн Япон Улс Дэлхийн банктай хамтран Монгол Улсад хандивлагч орнуудын зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо анх зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэг дунд Монгол Улсад хандивлагч орнуудыг тэргүүлж ирсэн.

1990 оноос хойш Япон Улсаас хэрэгжүүлсэн тусламж олон бий. Бүх төсөл, хөтөлбөрийг хураангуйлан нэгтгэх нь тийм ч хялбар биш юм.

Япон Улсаас үзүүлсэн тусламжийн талаар монгол хүний дурсамж, сэтгэгдлийг олонтоо сонсож байсан. 1990 оны үед Монголчууд нийтийн тээврийн цэнхэр автобусаар ажил, сургуульдаа явдаг байсан, хоол хүнс ховор хэцүү үед хуурай сүү амин чухал хүнс болж байлаа, шинэ баригдсан дунд сургуульдаа тав тухтай сурч байсан үеийн дурсамж, нарны замаар анх зорчсон үеийн сэтгэл хөдлөл, Монгол-Японы эмнэлэгт эмчлүүлж байсан сэтгэл ханамж, Чингис хаан нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэхэд төрсөн сэтгэгдлүүд ар араасаа хөвөрнө. 

Энэ мэт Япон Улсаас хэрэгжүүлж буй эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монголын ард түмний ахуй амьдрал, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад Япон Улс баяртай байна. 

Үүний зэрэгцээ Япон Улс дайны дараах сэргээн босголтын туршлагадаа тулгуурлан хүний ​​нөөцийн хөгжлийг чухалд үзэж ирсэн. Энэ хүрээнд Японы залуус, сайн дурын гишүүд, мэргэжилтнүүдийг Монгол руу илгээхийн сацуу Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS), инженер, технологийн дээд боловсролын дэмжих төсөл зэрэг төрөл бүрийн хөтөлбөрүүдээр дамжуулж монгол оюутан, залууст Японд суралцах боломж олгож ирлээ. 

-2015 онд Монгол улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн буюу анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрийн үр дүнг хоёр тал харилцан ашигтай хүртэж байгаа эсэх дээр та ямар бодолтой байна вэ? 

-2015 оны зургаaдугаар сард хүчин төгөлдөр болсон Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) нь бараа, бүтээгдэхүүний гадаад худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, цахим арилжаа, өрсөлдөөн, оюуны өмч зэрэгтэй холбоотой дүрэм, журмыг багтаасан цогц хэлэлцээр юм. Энэ нь Монголын хувьд хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болсон. ЭЗТХ-ийн гол зорилго нь Япон, Монголын эдийн засгийн харилцааг өргөтгөх таатай орчныг бүрдүүлэхэд оршино. Эл хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор гадаад худалдааны эргэлт шууд нэмэгдэнэ гэсэн үг биш. 

Монголчуудын Япон руу хийх экспортоо нэмэгдүүлэх хүсэл ЭЗТХ-ийг байгуулснаар биелэх боломжтой болсон. Гэсэн ч зах зээл гэдэг энгийн зүйл биш юм. Монголоос импортлогдсон бараа, бүтээгдэхүүн Японы зах зээл дээрх ижил, төстэй олон бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байж хэрэглэгчдийн сонголт болох учиртай. Эл өрсөлдөөнд хямд үнэ хамгийн чухал боловч энэ нь хангалттай бус.

Учир нь хэрэглэгчид чанар, хийц, сав, баглаа боодол, үнэ  зэргийг цогцоор нь харсны дүнд худалдаж авах эсэхээ шийддэг. Миний бодлоор Японы зах зээлд борлуулах боломжтой хэд хэдэн зүйлс байна. Монголын аж ахуйн нэгжүүд эдгээр зүйлсийг “өнгөлөн” боловсруулж, Японд борлогдохуйц бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. 

Мэдээж Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бүтээгдэхүүн боловсруулан гаргахад хялбар биш ч Японы түншүүдтэйгээ хамтарч бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнесийн семинарт хамрагдан, бүтээгдэхүүн боловсруулах талаар сурч авах нь илүү  үр өгөөжтэй гэж бодож байна.

ЭЗТХ-ийг байгуулснаас хойш Японоос Монголыг чиглэсэн экспорт нэмэгдсэн. Үүнийг олон өнцгөөс харж болно.

Нэг баттай зүйл бол Монголын зах зээлээс Японы бүтээгдэхүүнийг хамгийн таатай нөхцөлөөр худалдаж авах боломж бүрдсэн. Японоос Монголд импортоор орж ирж буй ихэнх бүтээгдэхүүн нь Монголын дотоодын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх бус, харин гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа тул сонголт, нийтлэг хандлагаар Японы бүтээгдэхүүн монголчуудад илүү таашаагдаж байна. Миний бодлоор хоёр улсын гадаад худалдааны балансыг тэнцвэртэй байлгах нь зүйтэй. Монголын зах зээлээс хямд үнээр худалдаж авсан япон бүтээгдэхүүн Монголын нийт гадаад экспортын ашигт хувь нэмэр оруулж байвал энэ нь ЭЗТХ ач холбогдолтой байгаагийн нэг илрэл гэж хэлж болно.

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг маш том боломж гэж монголчууд хардаг. Энэ боломжийг илүү сайн ашиглахын тулд бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ?  2015 оноос хойш Монголд хөрөнгө оруулах Япон компаниудын тоо нэмэгдсэн үү?

-ЭЗТХ хүчин төгөлдөр болохоос өмнө Япон, Монголын гадаад худалдааны нийт эргэлт ойролцоогоор 24 тэрбум иен байсан бол ЭЗТХ хүчин төгөлдөр болсноос хойш 2018 онд 54 тэрбум иен, 2019 онд 61 тэрбум орчим иен болж өсчээ. Гэсэн ч 2020 онд гадаад худалдааны эргэлт дэлхийн нийтэд тархсан шинэ төрлийн коронавирусийн халдварын нөлөөгөөр 38 тэрбум орчим иен болж буурсан. Японоос Монгол руу экспортлох барааны хэмжээ Монголоос Япон руу экспортлох хэмжээнээс хавьгүй их байна. Энэ нь Японоос экспортолж байгаа бараа, бүтээгдэхүүний төрөлд гол төлөв Монголын эдийн засаг, хөгжилд зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгсэл, автомашин, уул уурхайн салбарын техник, тоног төхөөрөмж зэрэг орж байгаатай холбоотой юм. Энэ утгаараа Японы бүтээгдэхүүн Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байна.

Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд Японы зах зээлд борлогдохуйц бүтээгдэхүүний хөгжүүлэлт тун чухал гэдгийг өмнө нь дурдсан. Түүнээс гадна анхаарах өөр чухал зүйл байна. Монголоос Япон руу экспортолж буй гол ашигт малтмалын нэг бол жонш. Монголын зарим бизнес эрхлэгчдэд зэсийн баяжмал, коксжсон нүүрсийг Япон руу экспортлох хүсэл эрмэлзэл байдаг. Гэвч хоёр хөрш улсын нутаг дэвсгэрээр дамжин төмөр замаар холын тээвэрлэлт хийж, дараа нь аль нэг усан боомтоор Япон руу тээвэрлэх нь зардлын хувьд өрсөлдөх чадварыг сулруулна. 

Оюу толгой уурхайн үйл ажиллагаатай танилцав. (2020.09.29)

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж хилийн боомтуудыг хаасан нь хуурай замын тээврийг тогтвортой хангахад эрсдэл байдгийг дахин нотоллоо. Хамгийн чухал нь  Монголын бүтээгдэхүүнийг Япон руу тогтвортой экспортлохын тулд найдвартай тээвэрлэлт хэрэгтэй. 

Нэгэн үе Монголоос Япон руу адууны түүхий мах гаргах оролдлого гарсан ч эцэст нь дотооддоо адууны махыг төлөвлөгөөний дагуу тогтвортой нийлүүлж, Япон руу экспортолж чадаагүй гэх шалтгаанаар ахиц гараагүй тухай сонсож байсан. Өнөөгийн бизнесийн үйл ажиллагаанд түүхий эд, технологийн эд анги зэрэг бараа материал, тэдгээрийн тээвэрлэлт, нөөцийн менежментийг оновчтой ашиглаж байна. Хадгалах зоорь, гарах зардлын хувьд ч тэр их хэмжээгээр түүхий эд, бараа материалаа нэг дор авч, удаан хугацаанд хадгалдаг жишээ цөөхөн болов уу. 

Бид энэ удаад дэлхий нийтийг хамарсан цар тахлыг биеэрээ мэдэрсэн учраас тодорхой хэмжээнд нөөц хуримтлуулах шаардлагатай, түүнийг тогтвортой хэмжээнд, төлөвлөгөөтэйгээр хуваарьлах явдал чухал гэдгийг ойлгож авсан. Энэ утгаараа Монгол Улс нэгдүгээрт, агаарын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт аж үйлдвэрлэлээ сэргээхэд агаарын тээврийг түлхүү ашиглахыг чухалчлах хэрэгтэй гэж бодож байна. Нэмүү өртөг өндөртэй, эзэлхүүн болоод жин харьцангуй бага бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэх нь илүү үр ашигтай байх болов уу.

Сүүлийн үед Монголын финтек компани болох “Анд Глобал” ХХК-д Японы “Марубени” корпораци, Сумитомо Мицуи Банкны Корпораци (SMBC) зэрэг томоохон байгууллагууд хөрөнгө оруулалт хийсэн.

ЭЗТХ-т гарын үсэг зурснаас хойш Японы шууд хөрөнгө оруулалт их хэмжээгээр өссөн үү гэвэл тийм биш. Энэ нь Монголд гадаадын хөрөнгө оруулалтын орчин хэр байгаа вэ гэдэгтэй нягт уялдаатай гэж бодож байна. Монголын хөрөнгө оруулалтын орчинд олон төрлийн асуудал бий ч сайжирна гэдэгт итгэж байна. Япон болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах улс зөвхөн Монголоор тогтохгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах тухайд Монгол Улс жишээ нь Вьетнам, Малайз, Филиппин зэрэг улстай өрсөлдөж байгаагаа ойлгож, хөрөнгө оруулалтын илүү таатай орчныг бүрдүүлэх нь юу юунаас илүү чухал юм. 

-Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагчид болох Канад, Хятад, Австрали зэрэг улс уул уурхайн салбарт түлхүү хөрөнгө оруулж байна. Харин Япон улсын хувьд Монголын аль салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна вэ?

-Дэлхий дахинд газрын тос, байгалийн хий, эрчим хүчний нөөц, төмөр, зэс, ховор металл зэрэг ашигт малтмалын эрэлт нэмэгдэхийн хэрээр Япон улс ч мөн нөөцийн тогтвортой байдлаа хангахын тулд гадаад орнуудад ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж байна. Нөгөөтээгүүр, Монгол Улсын газарзүйн байршил, тээвэрлэлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлээс шалтгаалж энэ салбарт Японы хөрөнгө оруулалтын хэмжээ бусад орны хөрөнгө оруулалтын хэмжээнд хараахан хүрэхгүй байна. Гэсэн хэдий ч газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэхэд Японоос Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэх бүрэн боломжтой.

Манай улсын хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчид бизнесийн олон төрлийн үр өгөөжийг харгалзан гадаад орны ямар төсөлд хөрөнгө оруулалт хийхээ шийддэг. Япон Улсын Засгийн газар шаардлагатай гэж үзвэл гадаадын хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх байр суурьтай байдаг. 

Хэрвээ би Монголд хөрөнгө оруулъя гэвэл газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи гэсэн дөрвөн салбарыг сонирхох байсан.

Газар тариалан, мал аж ахуйн салбарын хувьд, Монгол Улс уудам газар нутгийнхаа байгаль, газар шороонд тарьж ургуулсан эрүүл, аюулгүй хүнсийг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой гэж боддог. Монгол Улс эрүүл хүнс, байгалийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлэгч орон болж, дэлхийн хөгжил, хүн төрөлхтний эрүүл амьдралын хэв маягт хувь нэмрээ оруулах ихээхэн боломж бий.

Харин мэдээлэл технологийн салбар нь тээвэр логистик, дэд бүтцээс бараг хамаардаггүй нь том давуу тал болдог. Монголчууд бүтээлчээр сэтгэх, асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх чадвартай. Мэдээллийн технологийн салбарыг үсрэнгүй хөгжүүлэх боломж байгаа гэж би боддог.

Монголын “IT”-гийн салбараас Чингис хаантай адил өөр нэгэн дэлхийн хэмжээний суутан төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Аялал жуулчлалын салбарын хувьд Монгол орны үзэсгэлэнт байгалийг түшиглэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж боддог. Түүнчлэн ийм орчинд олон улсын амралт, сувиллын цогцолбор байгуулж, асаргаа үйлчилгээний салбарыг хөгжүүлэх боломж нээгдэхийг ч үгүйсгэхгүй юм.

Мөн нар, салхины эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний арвин нөөцийг хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь өөрийн улсын эрчим хүчний аюулгүй байдалд төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг авах арга хэмжээнд чухал хувь нэмэр оруулах болно. 

-Японы бизнес эрхлэгчид Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээл юу байна вэ?

Илэн далангүй хэлэхэд Японы бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудал зөвхөн Монголд байгаа юм биш. Япон төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын ихэнх нь нэгэн ижил асуудал, сорилттой тулгардаг гэж бодож байна. 

Япон Улсын хувийн хэвшлийнхэн Япон онцлог бүхий бизнесийн дэг жаяг, ёс зүйтэй байж болох ч энэ нь хоёр орны бизнесийн хөгжилд тийм ч их нөлөө үзүүлэхгүй болов уу. Би Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдохоос өмнө АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хотод Япон Улсын Ерөнхий консулаар ажиллаж байсан. 

Арканзас, Кентаки, Луизиана, Миссисипи, Теннесси гэсэн таван муж хэрхэн гадаадын хөрөнгө оруулалт татах гэж хичээж байгааг дэргэдээс нь харж байлаа. Эдгээр таван муж гадаадын хөрөнгө оруулалтыг маш уриалгахан хүлээн авч байсан. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтаар барьсан үйлдвэрт ажлын байр бий болж, америкчуудын тогтвортой амьдралын үндэс суурийг бэлдэж өгч байна. 

Японы хөрөнгө оруулалтаар бий болсон компани нь ганцхан Японы бус Япон-Америкийн хамтарсан компани болдог. Америкт ажиллаж байхдаа хөрөнгө оруулсан гадныхныг “АНУ-ын баялгийг дээрэмдэж байна” гэсэн шүүмжлэлийг америк хүнээс сонсож байсангүй. Эдгээр компани үйл ажиллагаагаа сайжруулбал дээрх мужуудын татварын орлого ч улам нэмэгдэнэ.

Гадаадын хөрөнгө оруулалтын орчинд миний хүлээж буй зүйл бол хууль тогтоох байгууллагаас баталсан сайн хууль тогтоомж. Түүнийг нягт нямбай хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах, шүүх засаглал нь шударга, үнэнийг тогтоож, хуулийн тогтолцоог тогтворжуулахын тулд шүүхийн зөв зохистой шийдвэрүүдийн жишээнүүдийг хуримтлуулах явдал юм.

Дэлхий ертөнц мэдээллийн технологиор холбогдож байгаа энэ үед Монголд өрнөж буй үйл явдлууд гадаадын бусад улс орнуудад шууд хүрнэ.

Монголд хөрөнгө оруулахаар төлөвлөж буй гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хуулийн хэрэгжилтэд нь асуудал байгаа гэж үзвэл хөрөнгө оруулах магадлал багасах нь мэдээж.

-Монгол Улс хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулж, хуулиа шинэчилж байна. Хөрөнгө оруулагчдад ээлтэй улс болохын тулд манай улс юунд анхаарах хэрэгтэй вэ? 

-Монгол Улс хөгжлийн асуудлаа шийдвэрлэн, ард түмнийхээ амьдралын түвшнийг улам бүр дээшлүүлж, аль болох ойрын ирээдүйд дундаж түвшний хөгжилтэй орноос хөгжингүй орон болоход үлэмж их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй сүү саах фермийн үйл ажиллагаатай танилцлаа. (Ховд аймаг, 2020.08.24)

Улаанбаатар хотоос бусад газар нь өргөн уудам, хүн ам цөөн тархан суурьшсан Монголын нөхцөл байдлаас үзэхэд хөгжлийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь амар биш. Иймээс хөрөнгө, санхүүгийн хэрэгцээ их гэсэн үг. Шаардагдах хөрөнгө босгох арга зам олон байдаг. Үүний тулд хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулагчдад ээлтэй улс болох шаардлагатай гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

-Хятад, Сингапур зэрэг улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар хөгжлийнхөө хурдыг нэмсэн гэж судлаачид үздэг. Япон улс гадаадын хөрөнгө оруулалтад хэр ач холбогдол өгдөг вэ? Япон улсын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? 

-Дайны дараа Америк, Дэлхийн банк зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн зээл, тусламж авснаар Япон Улс эх орноо сэргээн босгож чадсан. 1980-аад оны сүүлийн хагас хүртэл гадаадын хөрөнгө оруулалтаас огт хамааралгүй байсан. Япон руу оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь Япон Улсын Засгийн газар шууд хөрөнгө оруулалтыг татах бодлогоо хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу 1990-ээд оны сүүлийн хагасаас эхлэлтэй.

Японы эдийн засгийг хөгжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт зайлшгүй чухал. Ялангуяа, ажлын байр бий болгон үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа нь тун чухал үр дүн юм. Компанийн худалдан авалтаас үл хамаарах шинэлэг шууд хөрөнгө оруулалтыг “Greenfield” гэдэг бөгөөд үүнийг хэрэгжүүлсэн 1996-2006 онд 150 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн гэх тоо баримт ч бий.

Япон Улсын Засгийн газар 2013 онд “Япон руу чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээг 2020 он гэхэд 35 их наяд иен болгон нэмэгдүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэн. Эл зорилтдоо хүрэхийн тулд хөрөнгө оруулах сонирхолтой компани аж ахуйн нэгжийг олох, хөрөнгө оруулалтыг нь татах, бизнесийн болон Японд ажиллах гадаад иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хамтран ажиллах япон компанийг зуучлах боломжоор хангах зэргээр шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн. 

2000 оны сүүлийн хагасаас Японыг чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөлтгүй нэг түвшинд байсан бол 2014 оноос нэмэгдэж эхэлсэн. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 39.7 их наяд иенд хүрч зорилтоо биелүүлж чадсан. 

Нөгөө талдаа, бодит байдал дээр Японыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ДНБ-тэй харьцуулбал 2020 оны арванхоёрдугаарсарын эцсийн байдлаар 7.4 хувь байсан. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнуудын 2019 оны дундаж үзүүлэлт болох 56.4 хувьтай харьцуулахад энэ бол доогуур үзүүлэлт. 

Ковид-19 цар тахлын улмаас дижиталчлалын хоцрогдол зэрэг асуудал ил болсноор гадаадын өндөр чадвартай боловсон хүчин, техник технологи, үлэмж их хөрөнгө мөнгө татан инновацыг хөгжүүлэх, гадаадын эдийн засгийн эрч хүчийг орон нутагт татах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Мөн Японы хүн ам багасч байгаа учраас энэ асуудлыг даван туулж, тогтвортой хөгжлийг бий болгохын төлөө Японыг чиглэсэн хөрөнгө оруулалтад тулгуурлан гадаадын улс орнуудын эдийн засгийн эрч хүчийг ихээр оруулж ирэх шаардлага бий.

-Япон улсын гадаадын хөрөнгө оруулалт татдаг гол “нууц” нь юу гэж та хэлэх вэ?

-Олон хүчин зүйл байгаа болов уу. Үүнийг таван хэсэгт хувааж үзэж болно. 

Нэгдүгээрт, Япон бол дэлхийд гуравт орох том эдийн засагтай улс. Хүчирхэг эдийн засагтай нь зөвхөн Токио хот биш юм. Орон нутгийн ДНБ ч мөн адил Европ, Азийн зарим улс орнуудын ДНБ-ээс өндөр. Орлогын түвшин тогтвортой учраас зах зээл дэх бараа бүтээгдэхүүн болоод үйлчилгээ хэрхэн нэвтрэн дэлгэрч буйг хянахад хялбар давуу талтай. Гадаадын компаниуд Японыг шинэ бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг туршихад тохиромжтой орон гэж үздэг бололтой. 

Хоёрдугаарт, дэлхийд нэгд ордгоороо алдартай Токио-Йокохамагийн аж үйлдвэрийн кластер, мөн судалгаа, хөгжлийн зардлын ДНБ-д эзлэх хувиараа Их долоогийн орнууд дунд эхэнд нь бичигддэг зэрэг нь инновацын зангилаа бүхий нээлттэй улс гэдгийг харуулж байна. 

Цаашлаад цахим шилжилтийн (DX) хөрөнгө оруулалтыг дэмжих татварын тогтолцоог бүрдүүлж, цахим технологийг ашигладаг гадаадын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, холбоо тогтоохыг эрэлхийлж буй Японы аж ахуйн нэгжийг төр, хувийн хэвшил хамтдаа дэмжиж байгаа нь чухал юм. 

Дөрөвдүгээрт, дэд бүтцийн тогтвортой байдлыг нэрлэж болно. Нийтийн тээврийн байгууллагын үйлчилгээний үр өгөөжөөрөө Япон Улс дэлхийд нэгдүгээрт ордог. Японы нийт нутаг дэвсгэрийг холбосон хурдны галт тэрэг, нислэгийн чиглэл, Азийн бизнесийн голлох бүсүүдтэй холбогдсон байдал, мөн эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтээрээ ч дэлхийд өндрөөр үнэлэгддэг. 

Тавдугаарт, амьдрахад тааламжтай нийгмийг бүрдүүлсэн. Японы олон хот “Амьдрахад таатай” гэдгээрээ дэлхийн анхаарлыг татдаг. Мөн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтээрээ тайван амьдрах боломжтой гэж үнэлэгддэг.   

-Япон улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлсэн вэ?

-Японд гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин хэдийн бүрэлдэн тогтсон тул Засгийн газраас орон нутгийн засаг захиргаа болон холбогдох байгууллага (Японы худалдааг дэмжих байгууллага)-аар дамжуулан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Тухайлбал, Японыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Токиогоос бусад хотуудад төв компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шилжсэн тохиолдолд татварын таатай нөхцөл эдлэх, мөн гадаадын чадварлаг боловсон хүчнийг хүлээн авах онцгой эрх олгох зэргийг хэрэгжүүлж байна. 

-Танай элчин сайдын яаманд Японы хөрөнгө оруулагчдаас Монгол улстай холбоотой хэр их  санал гомдол ирдэг вэ? 

-Японы Элчин сайдын яамны ажил үүрэгт өөрийн орны компани болон иргэдийн эрх ашгийг зохистой хамгаалах асуудал багтдаг тул олон төрлийн зөвлөгөө өгдөг. Тодорхой жишээ дурдахгүй ч дараах асуудал байдгийг энэ завшааныг ашиглан дурдъя.

-Бусад улс оронд хэрэгжсэн хөрөнгө оруулалтын төслүүдэд гарч байгаагүй нэмэлт зардал их. Тухайлбал, үйлдвэр хүртэлх дэд бүтцийг өөрсдийн хөрөнгөөр байгуулдаг. -Зөвшөөрлийн тоо, төрөл их бөгөөд нарийн төвөгтэй. Мөн баримт бичгийн бүрдүүлэлт, стандарт, үндэслэл тодорхой бус байх нь олон.

-Хариуцсан ажилтан эзгүй байх үед захиргааны ажил нь зогсонги байдалд ордог.

-Гэрээний агуулгыг мөрддөггүй, төлбөр төлөх хугацааг баримталдаггүй.

-Харилцагч талын тулган тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд олон хэлбэрээр дарамт, шахалт үзүүлдэг.

-Монголын дотоодын хууль тогтоомж, дүрэм, журам ойр, ойрхон өөрчлөгддөг тул тогтвортой хууль, эрх зүйн орчинд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй.

-Албан тушаалтан солигдох үед ажлаа хүлээлцдэггүй учраас ажилтан солигдох бүр шинээр томилогдсон төрийн албан хаагчид адил тайлбар танилцуулга хийхээс өөр аргагүй болдог. Мөн өмнөх болон дараагийн ажилтны хандлага ихээхэн өөрчлөгдөх тохиолдол гардаг.   

Дэлхийн аль ч улсад гадаадын хөрөнгө оруулагчид хүндрэл бэрхшээлтэй тулгардаг болов уу. Хамгийн гол нь эдгээр асуудлыг түргэн шуурхай шийдэж зохих арга хэмжээ авах шаардлагатай. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, ирээдүйд Монгол Улсад хөрөнгө оруулах нөхцөл бүрдэнэ гэж бодож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg