Л.Оюун-Эрдэнэ: Цахим шилжилтийн гол түлхүүр нь уламжлалт сэтгэлгээг халах улс төрийн зориг юм

Mongolian Economy
2020-06-11 16:04:22
Ангилал: Ярилцлага

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Цахим хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэтэй Цахим Монгол хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газраас цахим засаглалын чиглэлээр хэрэгжүүлж ирсэн ажлын үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?  Цахим шилжилт гэж юуг хэлж байна вэ?

-Цахим засаглал бол сүүлийн дөрвөн Засгийн газар дамжин үргэлжилж байгаа сэдэв юм. Өмнө нь олон сайд, Засгийн газар энэ чиглэлээр тодорхой хэмжээний ажил, төсөл хэрэгжүүлсээр өнөөгийн түвшинд хүрээд байна. Тодруулбал, дэд бүтцийн маш их ажил хийгдсэн. Бүх аймаг, сум шилэн кабелаар холбогдсон, тоон гарын үсгээс эхлээд төрийн үйлчилгээний ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, татварын цахим систем, НӨАТ-ын И-баримт систем, ДАН систем гээд чамлахааргүй олон ажил хийжээ. Гэхдээ бид хүссэн, зорьсон үр дүндээ бүрэн хүрч чадаагүйг хэлэх нь зүйтэй байх.

Маш зөв төлөвлөж байж зорилгодоо хүрнэ гэдгийг бид ойлгосон. Сонгууль дагасан дөрвөн жилийн настай бодлого, төрийн залгамж халаагүй байдал, төрийн байгууллагын хүнд суртал, авлига, бизнес эрхлэх сул орчин, хүн амын нягтрал бага, алсагдмал байдал гээд Монгол Улсын хөгжлийг хойш татдаг сул талуудыг олон улсын болон дотоодын судлаачид нарийвчлан тодорхойлсон байдаг. Эдгээр асуудлыг гүйцэд шийдэхийн тулд бид хөгжлийн цогц бодлого, хөтөлбөр гаргаж, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх ёстой юм.

Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн алдаа, оноог дүгнээд Монгол Улсын ирээдүйн 30 жилийн урт хугацааны хөгжлийг бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-ыг маш өргөн хүрээтэй, судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулсан.

Харин цахим шилжилт гэж төрийн байгууллагуудын цахим засаглалын төсөл, хөтөлбөр, олон төрлийн системийг оновчтой бодлогоор зангидах замаар төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүнд сурталгүй, авлигагүй нийгмийг бүтээх, төрийн үйлчилгээг иргэдийн гарт хүргэх зэрэг олон асуудлыг шийдэх үйл явцыг нэрлэж болох юм.

Үүнийг аль нэг Засгийн газар, нам, улс төрийн бүлэглэлд хамаатуулж хүчийг нь алдуулалгүй, улам сайжруулсны үндсэн дээр хамтдаа илүү хурдан урагшлах ёстой.

-Монгол Улс цахим засаглалын төлөвлөлтөө Эстони Улсын жишгээр хэрэгжүүлэх гэж байна. Яагаад Эстони улсыг сонгох болов?

-Дэлхийд өнөөдөр цахим засаглалын хөгжлөөр тэргүүлж буй Гүрж, Эстони, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг олон улс бий. Бид мөн өмнөх үеийн Засгийн газрын төлөөллүүд эдгээр улсын туршлагыг судалж үзээд Эстони улсын жишээг нутагшуулах нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэвэл үндсэн нөхцөл байдал адилхан. Тухайлбал, хүн ам цөөн, адилхан социалист дэглэмтэй байсан гээд хоёр улсын хувьд ижил төстэй тал их. Нөгөөтээгүүр, цахим засаглалыг эрт нэвтрүүлж төрийн үйлчилгээний чанараар Герман, АНУ-аас илүү гарсан, цахим засаглалын загварыг нь Европын Холбооны олон улс хэрэгжүүлж байгаа учраас тус улсын загварыг сонгох нь илүү тохиромжтой гэж үзсэн.

Манай улсын хувьд хүн ам цөөн байгаа нь тулгамдсан асуудал гэж үзэж байгаа. Хамаатан саднаа ажилд оруулах, танил талгүй бол ажил бүтэхгүй байх, бие биенээ таньдаг учраас хээл хахууль буурдаггүй, хариуцлага тооцдоггүй гэх мэт үзэгдэл бий. Гэтэл манайхаас нэг дахин цөөн хүн амтай, бага газар нутагтай Эстони Улс цахим засаглалыг нэвтрүүлснээр авлигагүй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэддээ үзүүлж чадаж байна.

-Цахим шилжилтийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?  Ямар бодит үр дүнд хүрэх вэ?

“Дижитал Монгол улс” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 2019.XII.04

-Бид гол асуудлуудаа тодорхойлсон, одоо шийдэл рүүгээ явж байна. 2019 оны арванхоёрдугаар сард төр, хувийн хэвшлийн томоохон төлөөлөл оролцсон “E-Mongolia”  форумыг зохион байгуулсан. Бид өмнө нь цахим шилжилтийг технологийн асуудал гэж ойлгодог байсан. Гэвч цахим шилжилтийн гол түлхүүр нь улс төрийн шийдэл, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, төр хувийн хэвшлийн түншлэл, дүрэм журам, эрх мэдэлд баригдсан хуучин сэтгэлгээнээс шинэлэг сэтгэлгээнд хамтдаа шилжих, хувь хүмүүсийн хандлагын асуудал гэдгийг ойлгоод байна. Өөрөөр хэлбэл, технологийн асуудлыг харьцангуй хурдан шийдэх боломжтой бол тэрхүү технологийг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд нутагшуулахад шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүсэл эрмэлзэл нэн шаардлагатай болж байна.

Эстони яг ийм зам туулсан. Тухайн үед Эстони улсын төр шийдэмгий зориг, манлайлал гаргасан агаад өнөөдрийн түвшинд хүрэхэд 12 жил зарцуулжээ. Ганц жишээ дурдахад төрийн үйлчилгээг цахимжуулснаар иргэд дараалалд зогсох, ирэх буцах замдаа түгжирч цаг алдах, төрийн байгууллагын хаалга татаж ажил хөөцөлдөхөд зарцуулдаг байсан 1700 орчим ажлын жилтэй тэнцэх хугацааг нэг жилд хэмнэж байна. Төрийн хүнд суртал үндсэндээ байхгүй болсон, долоохон жилийн дотор авлигын индексээ бууруулж, дэлхийн хөгжингүй улсуудтай зэрэгцэж ирсэн.

Бид цахим засаглалыг хэрэгжүүлэхээр үндэсний хэмжээний цогц бодлогын баримт бичиг болох “E-Mongolia” хөтөлбөрийг Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран боловсруулж байна. Өнгөрсөн хугацаанд бид дэд бүтцийн асуудлаа шийдсэн гэж өмнө хэлсэн. Эл дэд бүтэцдээ тулгуурлаад төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилготой гар утасны аппликэйшн, веб портал хөгжүүлж байна.

Ойрын зорилт бол 2020 оны зургадугаар сар гэхэд төрийн 100 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мэдээж  төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдийн цахим танилт, мэдээллийн аюулгүй байдал, төрийн байгууллагууд мэдээллээ түргэн шуурхай солилцох зэрэг олон асуудлын цаана шаардлагатай эрх зүйн зохицуулалтууд яригдана.

“E-Mongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөвхөн төрийн ажил биш, төр-хувийн хэвшлийн түншлэл байх ёстой. Хувийн хэвшлийнхний ололт, дэвшлийг ашиглах нь зүйтэй бөгөөд тэр бүгдийг нэгдсэн бодлогоор зангидаж, шийдлийг хамтдаа хөгжүүлэх нь маш чухал.

Цахим засаглалыг бүрэн хэрэгжүүлснээр ямарваа албан тушаалтантай харьцах, царайчлах, танил тал хайх зэрэг авлигыг өдөөгч хүнд суртал байхгүй болох ач холбогдолтой.

-Ийм үр дүнд хүрэхэд хэр их хугацаа шаардагдана гэж та бодож байна вэ?

-Эстоничууд цахим засаглалаа өнөөгийн түвшинд хүртэл хөгжүүлэхийн тулд 12 жил зарцуулсан нь технологийн гэхээсээ байгууллага, албан тушаалтнуудын амбицын асуудлаас үүдсэн гэж өмнө хэлсэн. Манайд ч ялгаагүй төрийн байгууллагуудын уялдаа холбоо, улс төрийн манлайлал дутмаг байгаа. Тиймээс “E-Mongolia” хөтөлбөрийг ямарваа улс төрийн хүчин, Засгийн газар цаашид тууштай, тогтвортой хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй юм.

Мөн манай улсын иргэдийн 70 шахам хувийг залуучууд бүрдүүлж байгаа учир цахим шилжилтэд бусад улсаас хурдан дасан зохицох, түгээмэл хэрэглэх гэх мэт давуу тал харагдаж байгаа. Засгийн газар, үүрэн холбооны оператор компани, арилжааны банк, мэдээллийн технологийн компани гээд оролцогч бүх тал нэг хүч болж ажиллавал маш богино хугацаанд цахим засаглалтай болох боломж бүрдэнэ.

Эцэст өгүүлэхэд  улс төрийн аль нэг нам, эвсэл, фракцаас үл хамаарч үндэсний хэмжээний хөгжлийн энэ хөтөлбөрийг үе залгамжлан, тогтвортой хэрэгжүүлэх нь нэн чухал юм.

 

Тус ярилцлага “Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны гуравдугаар сарын “Цахим Монгол” дугаарт хэвлэгдсэн.

 

Mongolian Economy