Л.Төр-Од бизнесийнхнийг төлөөлж чадах уу?

Sarangerel
2024-12-03 13:08:37
Ангилал:

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит бус XXII Их хурал хуралдаж, танхимын Ерөнхийлөгчөө сонголоо. Энэхүү нөхөн сонгуульд Л.Төр-Од 54 хувийн саналаар ялж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Бизнесийнхний эрх ашгийг хамгаалдаг тус байгууллагын үе үеийн Ерөнхийлөгч, танхимын дарга нарын хувьд өөр өөрийн онцлогтой байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын даргаар олон жил ажиллаж, танхимыг өнөөгийн байр суурийг эзлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хүн. С.Дэмбэрэл эдийн засагч мэргэжилтэй. Нэг ч бизнес эрхэлж үзээгүй хүн гэдгийг бизнесийнхэн мэднэ. Харин дараагийн Ерөнхийлөгч О.Амартүвшингийн хувьд бизнесийн салбарын хүн. Бизнес, маркетингийн мэргэжилтэй, “UFC” группийн захирлаар ажиллаж байгаад Танхимын Ерөнхийлөгч болсон. Д.Энхтүвшин Ерөнхийлөгчийн хувьд мөн бизнес, хувийн хэвшлийн төлөөлөл. MCS группт Дэд Ерөнхийлөгч хүртлээ тогтвортой ажилласан нэгэн.

Тэгвэл шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Одын хувьд бизнесийнхнийг төлөөлөх хүн мөн үү гэсэн асуулт гарч ирж байгаа. Хариулах гэж үзье.

Шинэхэн Ерөнхийлөгчийн хувьд бизнест шинэ хүн биш. Хувийн компани үүсгэн байгуулж, менежерээс ерөнхий захирал, ТУЗ, зөвлөхөөр ажилласан туршлага арвинтай хүн. Мөн том, жижиг хувийн компаниудыг удирдан чиглүүлж ирсэн нь ч олон. Тухайлбал, Хасбанканд 2005-2011 он хүртэл ажиллах хугацаандаа гүйцэтгэх дэд захирал, Тамгын газрын дарга, зөвлөх, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байж.

Сүүлийн жилүүдэд, М банканд удирдлагын түвшинд мөн “Монгол даатгал” компанийн гүйцэтгэх захирал, “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Өөрийн бизнесийг үүсгэн байгуулж, өрөөлийн бизнесийг ч удирдан явж, амьдралынхаа тодорхой хугацааг бизнесийн салбарт зориулсан гэдэг нь намтраас нь харагдана. Энэ нь түүнийг бизнесийн салбарын зовлон жаргал, асуудлыг сайн мэдэх нэгэн гэдэг дүгнэлтэд хүргэж байгаа юм.

Танхимын шинэ Ерөнхийлөгч боловсрол өндөр нэгэн. Түүний үндсэн мэргэжил эдийн засагч, эрх зүйч. 1992-1997 онд Энэтхэг улсын Хууль зүйн их сургуулийг төгссөн бол Лондонгийн их сургуулийг олон улсын хууль зүй, хөгжлийн эдийн засгийн хууль зүйгээр магистр хийжээ. Түүнчлэн Оксфордын их сургууль, АНУ, Люксембург, Норвег улсад банкны удирдлага, манлайлал, төрийн шинэтгэлийн чиглэлээр мэргэшил дээшлүүлжээ. Улмаар Хууль зүйн яам, ЕТГ, Нийслэлийн ЗДТГ, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд ажиллаж төрийн систем хэрхэн явдаг, төрийн бодлого хэрхэн хэрэгждэг талаар ихээхэн туршлага хуримтлуулсан байна.

Тэрбээр мөн олон улсын, иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж байсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт шинжээч судлаач, Транспаранси интернэйшнл-Монгол ТББ-ын тэргүүн, “Азийн ардчиллын сүлжээ бүс нугийн иргэний нийгмийн эвсэл” Удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт.

Танхимын шинэ Ерөнхийлөгч бол хувийн хэвшил, төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж, мэдлэг, мэдээлэл, туршлага хуримтлуулсан онцлогтой. Хувийн хэвшлийн, төрийн, төрийн бусын, олон улсын байгууллагуудын оролцооны зарчим, холбоос, гинжин урвалыг цаашид улам бэхжүүлэн сайжруулахад түүний энэ туршлага сайн үр дүн өгнөө гэж харж байна.

Танхим бол ТББ-ын статустай байгууллага. Төр, хувийн хэвшлийн хооронд гүүр нь болж, улмаар, олон улсын, иргэний нийгмийн байгууллагатай ч хамтран ажилладаг газар.

Түүний бас нэг онцлог бол авлигатай тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагуудад ажиллаж байсан явдал. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар 2014-2017 онд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт хувийн хэвшлийг төлөөлсөн гишүүнээр 2020-2024 онд ажилласан байна. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын авлигатай тэмцэх асуудлаар зөвлөхөөр ажиллаж байсныг онцолъё. Энэ нь бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын хувьд боломж гэж үзэх үндэстэй. Учир нь бизнесийнхний, аж ахуйн нэгжүүдийн хамгийн хүнд хэцүү зүйл бол төрийн байгууллагуудын хүнд суртал, авлигын асуудал байдаг. Тэгвэл энэ бүхэнтэй тэмцдэг, хүнд суртал, авлигыг арилгахын төлөө явж ирсэн хүн Танхимын Ерөнхийлөгчөөр ирэх жилүүдэд ажиллах нь.

“МҮХАҮТ улстөрчдийн нөлөөлөлд автаж, зөвхөн том корпорациудыг дэмжих нь эдийн засагт урт хугацааны ноцтой хохирол учруулж, бизнесийн орчинд шударга бус байдлыг гүнзгийрүүлнэ. Тиймээс танхимыг хараат бус, шударга, нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох чиглэлээр хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн ирээдүйд чухал ач холбогдолтой юм” гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хэлсэн үгээр нийтлэлээ өндөрлөе.

Д.Бэхбаяр