Макро зохистой бодлогын тогтолцоо бүрдэв
2008 оны глобал санхүүгийн хямралаас хойш дэлхий нийтээр санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг чухалчилж, дийлэнх улс орон “макро зохистой бодлого”-ын чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид тодорхой тусгаж, хэрэгжүүлж байна. Энэхүү чиг хандлагыг даган УИХ аас 2018 оны нэгдүгээр сард баталсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр макро зохистой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх эрх үүргийг Монголбанкны Мөнгөний бодлогын хороонд даалгасан. Ингэснээр Монгол Улсад макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрэлдэж, Монголбанкнаас макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогыг хослуулсан цогц бодлогын тогтолцоо (Integrated policy framework)-г хэрэгжүүлэх үндэс тавигдав. Цогц бодлогын тогтолцоо нь мөнгөний, ханшийн бодлого, хөрөнгийн урсгалын зохицуулалт болон макро зохистой бодлогыг хооронд нь уялдуулан, оновчтой хослуулан хэрэгжүүлэх замаар макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрт байдал, санхүүгийн тогтвортой байдлыг нэгэн зэрэг хангах зорилт бүхий цогц бодлогын тогтолцоо юм.
2018 онд “Монгол Улсад макро зохистой бодлогын тогтолцоог бүрдүүлэх стратеги” ийг баталсан
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 2018 онд бусад орны сайн туршлага, олон улсын байгууллагуудын зөвлөмжид тулгуурлан боловсруулсан “Монгол Улсад макро зохистой бодлогын тогтолцоог бүрдүүлэх стратеги”-ийг баталсан. Уг стратегид Монгол Улсад хэрэгжүүлэх макро зохистой бодлогын зорилго, түүнд хүрэхэд ашиглах арга хэрэгслүүд, институцийн зохион байгуулалт, бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд баримтлах ерөнхий зарчмыг тодорхойлсон. Түүнчлэн, олон улсын байгууллагуудын техник туслалцааны үр дүн, зөвлөмжид нийцүүлэн 2019 онд Монголбанкны дотоод бүтцийн өөрчлөлтөөр системийн эрсдэлийн шинжилгээг гүйцэтгэх, макро зохистой бодлогын санал боловсруулж, шийдвэрлүүлэх үндсэн чиг үүрэг бүхий макро зохистой бодлого хариуцсан нэгж, улмаар хэлтсийг Мөнгөний бодлогын газар дотор байгуулан ажиллаж байна.
Макро зохистой бодлогын хүрээнд гаргасан шийдвэрүүд
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос Монгол Улсын санхүүгийн системд тулгарч буй эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор макро зохистой бодлогын шийдвэрийг гарган ажиллаж байна. Өрхийн өрийн дарамтыг бууруулж, улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, банкны салбараас олгох зээлийн хувьд хэрэглээний зээлээс илүүтэй бизнесийн зээлийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оноос эхлэн банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд өр-орлогын харьцаа (ӨОХ)-ны болон хугацааны хязгаарлалт тогтоон мөрдүүлж байна. Тус бодлогын нөлөөгөөр хэрэглээний зээлийн өсөлт саарч, улмаар хэрэглээний импортын өсөлтийг сааруулах, ханшийн болон төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах, бизнесийн зээл олголтыг дэмжих зэрэг эерэг нөлөө үзүүлж байна. Харин тус бодлогын арга хэмжээний нөлөөгөөр иргэдийн хэрэглээний зээлийн эрэлтийн тодорхой хэсэг банкны салбараас банк бус санхүүгийн салбарт шилжиж, бодлогын үр нөлөөг бууруулах эрсдэлтэй.
Иймд цаашид банкнаас бусад санхүүгийн байгууллагаас олгох бүх төрлийн хэрэглээний зээлийг ӨОХ-ны хязгаарлалтад хамруулах арга хэмжээг авах, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагуудын бодлогын шийдвэрийг харилцан уялдуулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллаж байна. Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах хүрээнд гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад олгох гадаад валютын зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувьд хүргэн нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, 2019 оны эхнээс мөрдүүлж байна. Үүний зэрэгцээ, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж, хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банканд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооноос 2020 онд гаргасан. Эдгээр шийдвэрийн нөлөөгөөр зээл, хадгаламжийн долларжилт буурч, валютын позицийн эрсдэлийг бууруулж, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн.
Дэлхийн банк болон Азийн Хөгжлийн банкны төслийн хүрээнд 2020 оноос “Системийн эрсдэлийн үнэлгээний загвар”-ыг хөгжүүлж байна
Харин КОВИД-19 цар тахлын үед Монгол банкнаас эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулж, сэргэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн макро зохистой бодлогын цогц шийдвэр гаргаж байв. Эдийн засгийн гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хорооны 2022 оны гуравдугаар улирлын хурлаар банкнуудын гадаадын зах зээлээс бонд, зээл хэлбэрээр 360 хоног болон түүнээс дээш хугацаагаар шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөх шийдвэрийг гаргасан. Тус хорооны 2023 оны нэгдүгээр улирлын хурлаар банкнуудын гадаадын зах зээлээс бонд, зээл хэлбэрээр 360 хоног хүртэлх хугацаатай шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээ нь хөрөнгийн орох урсгалын төлөв хангалтгүй үед банкнуудад гадаад валютын эх үүсвэр татах хөшүүргийг бий болгож, улмаар хөрөнгийн орох урсгал, гадаад тэнцвэрт эерэг нөлөө үзүүлэв.
Банкнуудын тэтгэврийн зээлийн өндөр өсөлт, өрхийн өрийн дарамт, эрсдэлийг харгалзан үзээд 2023 оны гуравдугаар сард Монголбанкны шийдвэрээр үлдэх хугацаа нь зургаан сараас дээш, зээлийн сарын төлбөр төлсний дараах үлдэгдэл тэтгэврийн орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага байх тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэх хувийг 2023 оныг дуустал хугацаанд 150 хувь болгон нэмэгдүүлэв. Улмаар Мөнгөний бодлогын хорооны 2023 оны IV улирлын ээлжит хурлаар дээрх зохицуулалтын хамрах хүрээг өргөтгөж, “Зургаан сараас дээш хугацаагаар олгосон, эсхүл зээлийн сарын төлбөр төлсний дараах үлдэгдэл тэтгэврийн орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага байх тэтгэврийн зээл”-ийн хувьд 2024 оны эхнээс мөрдөх шийдвэр гаргав.
Макро зохистой бодлогын шинжилгээний тогтолцоо
Монголбанкны зүгээс 2018 оноос хойш олон улсад системийн эрсдэлийн шинжилгээ, мониторинг гүйцэтгэхэд нийтлэг ашиглагдаж буй голлох шинжилгээний арга техникүүдийг хөгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Тодруулбал, системийн эрсдэлийн төлөв байдлыг илэрхийлэх 35 үзүүлэлт бүхий системийн эрсдэлийн зураглал болон санхүүгийн систем дэх мөчлөгийн шинжтэй эрсдэлийг хянах зорилгоор санхүүгийн мөчлөгийн индексийг боловсруулж, улирал бүр шинэчлэн тооцож системийн эрсдэлийг тогтмол хянаж байна.
Бүгд Найрамдах Чех улсын OGRe search судалгааны байгууллагатай хамтран “Макро-санхүүгийн загвар“-ыг хөгжүүлж, бодлогын шинжилгээнд ашиглахад бэлэн болгоод байна. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 2020 оноос “Системийн эрсдэлийн үнэлгээний загвар”-ыг хөгжүүлж байна. Монголбанк нь макро зохистой бодлогын тогтолцоог бэхжүүлэх, шинжилгээний арга зүйг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ОУВС-гаас урт хугацааны техник туслалцаа авах хүсэлт тавьсны дагуу 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн ОУВС-гийн суурин зөвлөх томилогдон ажиллаж байна. Энэ хүрээнд олон улсын сайн туршлагад нийцүүлэн Монгол Улс өнөөгийн макро зохистой бодлогын институцийн болон үйл ажиллагааны тогтолцоонд хөгжүүлэх чиглэлд бүх талаар зөвлөмж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
/Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж,
бэхэжсэний 100 жилийн ойд зориулсан тусгай дугаар 2024.06 сар/