МАК ногоон технологид суурилсан аж үйлдвэрийн парк байгуулна 

Mongolian Economy
2024-04-03 16:27:13
Ангилал: Мэдээ

Өнөөдөр Шангри-Ла зочид буудалд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн зохион байгуулсан MAKBM 2024 арга хэмжээ болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд “Монголын Алт” ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, эдийн засагч Ч.Хашчулуун, Ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгч А.Ундраа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь, “Монголын Алт” ХХК-ийн Бизнес хөгжил эрхэлсэн дэд ерөнхийлөгч П.Тэмүүлэн зэрэг барилгын салбарын томоохон холбоод, эксперт, мэргэжилтнүүд цуглалаа.

Уг арга хэмжээнд үе шаттай хэлэлцүүлгүүд өрнөсөн бөгөөд хууль эрх зүйн орчин, олон улсын туршлага, өөрийн улсын онцлог, заавал дагаж мөрдөх ёстой стандарт, МАК компанийн ногоон технологид суурилсан аж үйлдвэрийн парк зэрэг салбарын ололт амжилт, тулгамдсан асуудлын тухай өргөн хүрээнд ярилцаж, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлж байв.

Тухайлбал, МАК компанийн төлөөлөл хэлэлцүүлгийн үеэр ирээдүйд бүтээн байгуулах аж үйлдвэрийн паркийнхаа үндсэн зорилгыг аж үйлдвэрлэлийн болоод барилгын материалын үйлдвэрлэлийг эх орныхоо эрдэс түүхий эдийн нөөц дээр түшиглэн Европын хамгийн шилдэг ногоон технологийг нутагшуулж, үлгэр жишээ үйлдвэрүүд цогцлоох хэмээн тодорхойлсон юм.

Тус компани үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлнэ гэж Н.Цэлмүүн энэ үеэр онцлон тэмдэглэлээ. Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь “Ирээдүйд энгийн санхүүжилт гэж үгүй болно” гэдэг үг анхаарал татсан бол Ногоон барилгын хүрээлэнгийн Ерөнхийлөгч А.Ундраа “10 минутад шатдаг 16 давхар барилгатай баймааргүй байна” гэж онцолсон юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин ногоон барилгад нөөцийн ашиглалтыг сайжруулах ёстой гэдгийг дурдаж байлаа. Харин МАК компанийн Бизнес хөгжил эрхэлсэн дэд ерөнхийлөгч П.Тэмүүлэн “МАК Бид дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээх алсын хараатайгаар, 2012 оноос барилгын материал үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар европ стандартын блок, цемент, цонх, хаалга, агаар сэлгэлтийн хоолой, хуванцар поддон, барилгын болон технологийн шохой мөн япон стандартын бетон зуурмаг зэрэг долоон үйлдвэрийг ашиглалтад оруулж, импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна” гэсэн юм.

 

Ногоон барилгыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа, бүх талын оролцоо чухал гэдгийг арга хэмжээнд оролцогчид санал  нэгтэй зөвшөөрч байсныг онцолъё. “Хамгийн чухал нь хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх гэдгийг мартаж болохгүй. Хэрэглэгч юу гэж асууна барилгын компаниуд түүнийг үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид мэдлэгтэй, мэдээлэлтэй болох, барилгын компаниудад шаардлага тавьж худалдан авалт хийх ёстой. Үүнд төрийн зүгээс салбарын яам, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллага бодлогын дэмжлэг сайн үзүүлж байгаа” гэдгийг оролцогчид мөн дурдаж байлаа.

Манай улсад ногоон зээлийн нийт 50 гаруй бүтээгдэхүүн байдгаас ногоон зээлийн эрсдэлийн хэмжээ ердөө 3-5 хувь байна. Чанаргүй зээлийн хэмжээ маш бага учраас сүүлийн үед банкуудын ногоон зээлийн олголт 2-3 дахин нэмэгджээ.

Ногоон барилга, хүрэн барилга хоёрын ялгааг гаргахын тулд Ногоон барилгын хүрээлэнгээс онооны систем боловсруулсан байна. Нэгэнт баригдсан барилга гэхээс илүү шинээр барих барилгыг ногоон болгох нь илүү хялбар бөгөөд анхнаасаа буруу хөрөнгө оруулалт хийхгүй байхад иргэд болон аж ахуйн нэгжүүд анхаарах ёстойг тус арга хэмжээнд оролцогчид онцолсон.

 

 

Mongolian Economy