Масато Такаока: Глобал түвшинд харилцаагаа хөгжүүлэх нь чухал

Mongolian Economy
2021-07-09 16:02:49

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокатай ярилцлаа.

-Та хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох түүхэн үед Элчин сайдаар ажиллаж байна. Ажлаа юунаас эхлэх хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Энэ жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд хоёр орны ард түмний нөр их хүчин чармайлтын үр дүнд энэхүү ойтойгоо золгож чадлаа гэж бодож байна. Хоёр орны олон салбар дахь харилцаа ны илрэл болж тэмдэглэлт арга хэмжээ олноороо өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Тус хэлэлцээр нь зөвхөн эдийн засгийн хүрээнд бус хоёр орны харилцааг хөгжүүлэх гол хүчин зүйл нь болох юм. Цаашид зөвхөн Япон, Монгол хоёр орны төдийгүй, бүс нутгийн хэмжээнд өргөжсөн харилцааг тогтоогоосой хэмээн бодож байна.

-Та хоёр улсын эдийн засгийн харилцаа ирээдүйд ямар чиглэл рүү хөгжих боломжтой гэж харж байна вэ?
-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манай хоёр орны харилцаа улам бүр эрчтэй хөгжиж ирсэн. Улаанбаатар хотыг харахад, дулааны IV цахилгаан станц нь Япон улсын буцалтгүй тусламжаар орчин үеийн үед ажиллагаа явуулах боломжтой болсон. Мөн хотын авто замын ачааллыг бууруулахад Нарны гүүр чухал үүрэг гүйцэтгэж байна.

Улс орны хөгжлийн гол тулгуур багана болох боловсролын салбарын тухайд, 1000 инженер бэлтгэх “Инженер технологийн дээд боловсрол” төсөл болон одоо баригдаж буй “Япон-Монголын сургалтын эмнэлэг” байгуулах төсөл зэргийг хэрэгжүүлж байна. “Япон-Монголын сургалтын эмнэлэг”-ийг байгуулснаар Монгол Улсын эрүүл мэндийн сургалтын салбарт томоохон хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

Мөн “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал” ашиглалтад орсноор МонголУлсын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болох биз ээ. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын засгийн газар санхүүгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын эдийн засгийн сэргэж хөгжинө хэмээн найдаж байна.

-Япон Улс руу ажиллах хүч нийлүүлэх боломжийг монголчууд их сонирхож байна. Эл асуудлын талаар та ямар бодолтой байна вэ?
-Хоёр улсын Засгийн газар, ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөрийн талаар хэлэлцэж байгаа. Монголын тал уг хөтөлбөрт хамрагдах хүний тоог сонирхож байгаа бололтой. Энэ тал дээр ямарваа хязгаар байхгүй. Монголын дадлагажигчид Японд эзэмшсэн ур чадвараа нутагтаа ирж, Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна.

Дадлагажигчид нь Японы ахуй орчинтой зохицох, сайн ажиллахын тулд япон хэлний мэдлэг хэрэгтэй тул явахын өмнө тодорхой хэмжээний япон хэл сурах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Бидний найрсаг харилцаа нь олон улсын харилцаанд ямар үүрэгтэй вэ?
-Хоёр улс өнөөг хүртэл ямарваа нэгэн зөрчилгүйгээр найрамдалт харилцаанд тулгуурлан хамтран ажилладагт баяртай байдаг. Манай хоёр улс Азийн бүс нутагт оршдог нэгдмэл үзэл санаатай улс учраас бүс нутгийн болон олон улсын түвшинд харилцах нь эдийн засаг, улстөрийн хувьд ихээхэн чухал юм. Жишээлбэл, энэ оны наймдугаар сард Япон, Монгол, АНУ-ын гурван талт уулзалт зохион байгуулагдсан бөгөөд энэ уулзалтын үеэр Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлсэн нь туйлын ач холбогдолтой хэрэг юм.

Мөн батлан хамгаалахын салбарт идэвхтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд жил бүр Монголд зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургалт, дадлагад Японы хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний салаа болон сургагч багш нар оролцсон.

Японы Өөрийгөө хамгаалах хүчин Монгол Улсын Батлан хамгаалах яамтай хамтран Монголын цэрэг армийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Япон Улс Монгол Улсын НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд сайн дураараа оролцож байгааг өндрөөр үнэлдэг бөгөөд зөвхөн хоёр орны хооронд төдийгүй бүс нутгийн хамты нажиллагаа өргөжин хөгжижбайна.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон Япон, Монголын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт Япон Улсын Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэг дэх идэвхтэй, энхтайвныг эрхэмлэдэг гадаад бодлогоо илэрхийлсэн. Уг үзэл баримтлалыг Монгол Улс дэмжиж буйгаа илэрхийлсэнд баяртай байна.

-Хоёр орны ард түмэн бие биенээ сүмо, Хубилай хаанаас гадна шинээр танин мэдэхийн тулд бид бүхэн ямар ажлууд хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Японд Монголыг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Хоёр орны найрсаг харилцаанд сумо чухал нөлөө үзүүлж байгаа бөгөөд Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Японоос салбар бүрээс маш олон хүн Монголд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцохоор ирж байна. Монголыг мэддэг, дэмждэг мөн энэ найрсаг харилцааг чухалчилж үздэг олон хүмүүс байгааг хараад сэтгэл минь үнэхээр их хөдөлсөн. 2020 онд Токиод зохион байгуулагдах Зуны Олимптой холбогдуулан Японы Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас Японд хамтарсан бэлтгэл хийх хүсэлтийг олонтаа тавьж байсан.

Японы их сургуулийн профессорууд Монголын талтай хамтран Сүхбаатар аймагт археологийн хайгуул, малтлага хийж байна.  Мөн Монгол Улсаас Япон Улсад Элчин сайдаар ажиллаж байсан С.Хүрэлбаатар гуай долоон жил Элчин сайдаар Японд ажиллахдаа Монголыг сурталчлан таниулах чиглэлээр олон ажил хийсэн хүн.

Энэ мэтчилэн жишээ дурдвал дуусахааргүй олон хамтын ажиллагаа болон хөтөлбөр хэрэгжиж байна. Миний охин энэ жил анх удаа Монголд ирээд Монголын үзэсгэлэнт байгалийг хараад тун сайхан сэтгэгдэлтэй буцлаа. Түүний адил олон япончуудыг Монголд ирэх боломжоор хангавал Монголын талаарх мэдээлэл улам бүр нэмэгдэнэ гэж бодож байна.

Монгол Улс аялал жуулчлалын салбараа улам бүр хөгжүүлэх боломж их бөгөөд эдийн засгаа төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж бодогддог. Энэ утгаараа Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн Японы талын хийх ажил дууссан бөгөөд аль болох хурдан ашиглалтад оруулахад Монголын тал хүчин чармайлт гаргах байх гэж найдаж байна.

-Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол, Японы зах зээлийг сонирхож байгаа хүмүүст та юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Монгол Улсын хувьд ОУВС- тай байгуулсан гэрээгээ зөрчихгүй, хэрэгжүүлэх нь чухал. Тэгснээр олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол орны эдийн засаг тогтворжсон гэдэг дохио өгч хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд орж ирэхэд таатай тогтолцоо, нийгмийг бүрдүүлээсэй гэж бодож байна. Монголд хууль, дүрэм журмын тодорхойгүй байдал, бодлогын залгамж чанар алдагдсан тал байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд саад бэрхшээл болдог. Монгол Улс ердөө гурван сая хүн амтай. Энэ нь жижиг зах зээл гэсэн үг. Хаалттай бодлого хатуу баримтлалгүй гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авч улам бүр хөгжүүлэх нь чухал. Мөн хамгийн чухал зүйл бол Монголын бараа бүтээгдэхүүнийг Японд экспортлох хүсэлтэй хүмүүс зах зээлийн эрэлт хэрэгцээг судалж байж зарагдах барааг сонгох хэрэгтэй.

 

Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан
“Mongolian Economy” сэтгүүлийн тусгай дугаараас. 2017 оны 9-р сар

 

 

 

Mongolian Economy