Махны экспортыг Зүүн бүс тодорхойлно

Sarangerel
2024-02-01 19:19:28
Ангилал:

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган өнөөдөр эхэллээ. Тус чуулган маргааш үргэлжлэх бөгөөд Хангайн бүс, Баруун бүс, Хойд бүс, Төвийн бүс, Зүүн бүс, Говийн бүс зэрэг зургаан бүсээр салбар хуралдаанууд болно. Зүүн бүсийн тэргүүлэх чиглэлийн талаарх салбар хуралдаан “Туушин” зочид буудалд боллоо. Тус хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат илтгэл тавьсан юм. Тэрбээр “Дорнод аймаг дулааны цахилгаан станцтай. Одоо Хэнтий, Сүхбаатар аймагт БНСУ-ын хувийн банкны хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станц баригдаж байгаа. Тиймээс Зүүн бүс эрчим хүчний дутагдалгүй болно. Түүнчлэн аялал жуулчлалаа хөгжүүлж чадвал зүүн бүсийн гурван аймаг эдийн засгийн бааз суурь болно” хэмээн илтгэлдээ дурдав.

Илтгэлийн дараа Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл болох нөөц, кластер, худалдааны асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө.  Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Монгол Улс бүсчилсэн хөгжлийн хуулиа өөрчилсөн цагт хөгжинө. Татварын орчноо таатай болгох ёстой. Зүүн бүсийн гурван аймаг газар тариалангаар Сэлэнгэ, Төв аймагтай өрсөлдөж чадахгүй. Харин хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлох боломжтой” гэсэн бол Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат “Гурван аймгийн хамтын ажиллагаа харилцан биенээ нөхөж, зарим талаараа ялгарах хэрэгтэй. Энэ бүс нутагт хүн ам бага, эдийн засаг дорой байна. Бидний давуу тал Бичигтийн боомтоор урагшаа гарахад таван сая Өвөр Монгол байна. Тийшээ хүрэх хэрэгтэй. Дорнодоос гурилаа авдаг болох хэрэгтэй. Сүхбаатар, Хэнтий хоёр ноосны үйлдвэр хийгээд суух биш харилцан биенээ нөхсөн байдлаар ажиллах хэрэгтэй. Төр засгийн бодлого тогтвортой байвал сайн. Яг шийдвэр дээрээ тогтвортой байвал бизнес хийх боломжтой. Шийдвэр нь байнга өөрчлөгдөхөөр асуудал үүсэж байна” гэсэн юм.  ШУТИС-ийн багш, доктор Г.Баттүвшин Зүүн бүс нутгийн нөөцийн талаар “Монгол Улсад байдаг гүний усны үзүүрийн хэсэг энэ бүсэд бий. Сэргээгдэх эрчим хүчний болон газар тариалангийн маш том нөөц байна. Хүн ам, хөдөлмөрийн төрөлжилт ямар байхаас хөгжил илэрхийлэгддэг” хэмээв.

Хуралд оролцогчид махны экспортын асуудалд ач холбогдол өгч байлаа. Зүүн бүс хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн экспортлох асар их нөөцтэй юм. Сүхбаатар аймагт махны үйлдвэр барихаар ажиллаж байгаа бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүд хамтраад гадаадын зах зээл рүү махаа гаргах хэрэгтэйг хуралд оролцогчид онцлов. Тус бүс нутгаас хувийн хэвшлийнхэн Иран руу махаа экспортолж байгаа юм байна. Цаашлаад Австрали, Шинэ Зеландын экспортын махтай өрсөлдөхөөр зорьж ажиллаж байгаа аж. Махны экспортыг Зүүн бүс тодорхойлно гэдгийг тэд мөн онцоллоо.

Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл салбар хуралдааныг дүгнэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Зүүн бүс нутаг эрдэс баялгийн асар их нөөцтэй. Зүүн бүсийн гурван аймаг тэргүүлэх чиглэлээр ялгарч байна. Гэхдээ харилцан биенээ нөхөж, дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Хадлан тэжээлийн асар их нөөц байна. Эдийн засгаа солонгоруулж болохуйц бүс нутаг. Далайн боомттой хамгийн ойр. Зүүн бүсэд хагарч хөндөөгүй 500 га талбай бий. Үүнийг зөв технологиор эргэлтэд оруулах хэрэгтэй. Тээвэр логистикийн маш том платформ Зүүн бүсийн нутагт байна. Түүхэн болон байгалийн, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоотой. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд  хамгийн чухал хүчин зүйл нь дэд бүтэц, хүний нөөцийн асуудал чухал. Энэ хүрээнд Зүүн бүсийн гурван аймаг, сумдуудыг холбосон замын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Бичигт боомтод тусгай анхаарал тавьж ажиллах шаардлагатай. Зүүн бүс нутгийн агаарын тээврийг сайжруулах асуудлыг өнөөдрийн хэлэлцүүлэгээр онцоллоо” хэмээв.