“Монголбанк-100 жил”, “Хубилай хааны зарлиг”, “Хос луу” дурсгалын зоос мэндэллээ

Sarangerel
2024-06-03 17:24:34
Ангилал:

Их Монгол Улс байгуулагдсаны дараа Чингис хааны хамгийн анхны алтан зоос 1219-1220 онд Хорезм руу хийсэн аян дайны эхэн үед гарч байжээ. Энэ нь Чингис хаан улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Их Монгол Улсын үе 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах “Мөнгөний шинэтгэл” хийсэн байдаг. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй явсаар 1241 онд “Их Монгол Улсын мөнгө” нэртэй зоосыг гаргаж байсан түүх бий. Улмаар Юань гүрний үед гүйлгээнд анх гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын эртний хаадын нэр овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг улсын санд худалдаж авсан байдаг. Энэ нь маш ховор дурсгал буюу 800 жилийн өмнө Хубилай хааны зарлигаар барлаж бүтээсэн мөнгөн дэвсгэрт юм.

Тэгвэл хэдэн зуун жилийн дараа буюу 1924 оны зургаадугаар сарын 2-ний өдөр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк” анхлан байгуулагдсан нь Монгол Улсад орчин цагийн өнөөгийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болсон билээ. Ийнхүү Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, одоо 100 жилийнхээ ойтой золгоод байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 2-нд  түүхэн ойг  тохиолдуулан “Чингис хаан” Үндэсний музейд “Банк-100” гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Тус үзэсгэлэнг зорин ирсэн хэн бүхэн Монгол Улсын зоосноос эхлээд мөнгөн дэвсгэрт хүртлэх  олон зуун жилийн сонирхолтой түүхийг мэдэж болох юм. Тодруулбал, “Банк-100” үзэсгэлэнд Монгол Улсын банкны салбарын зуун жилийн түүхэн фото зургууд болон Монголчуудын төлбөрийн хэрэгсэл, зоос, дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтийн хөгжлийг илтгэсэн ховор нандин цуглуулга, үзмэрүүдийг нэг дор дэлгэжээ.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, арилжааны банкнуудын захирлууд, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, “Монголын Зоос Судлалын Холбоо”, “Монголын филателийн холбоо”-ны удирдлага, гишүүд болон бусад хүндэт зочид, төлөөлөгч нар оролцов.  Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан гаргасан “Монголбанк-100 жил”, “Хубилай хааны зарлиг”, “Хос луу” сэдэвт дурсгалын зооснуудыг албан ёсоор олон нийтэд мөн танилцуулав. Түүнчлэн “Монгол шуудан” ХК-иас банкны салбарын 100 жилийн ойд зориулан гаргасан “Анхны өдөр” маркийн эх зургийг нээх ёслол, маркийг Монголын маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурах зэрэг ёслолууд болсон юм.

“Банк-100” үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон хүндтэй зочдоос сэтгэгдэлийг нь сонслоо.

Тэмдэглэлт өдрөөрөө Монголбанк дурсгалын зоос гаргалаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

Монгол Улсад орчин үеийн банкны тогтолцоо байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр тохиож байна. Засгийн газраас зургадугаар сарын 2-ны өдрийг “Банкны ажилтны өдөр” гэж тэмдэглэдэг уламжлалтай. Энэ утгаараа өнөөдөр түүхэн өдөр юм. Түүхэн өдрөө манай банкны салбарынхан ажил, хөдөлмөрийн өндөр амжилттай угтаж байна. Энэ тэмдэглэлт өдрөөрөө Монголбанк зоос гаргалаа. “Монгол шуудан” компанитай хамтраад Монголбанкныхаа 100 жилийн ойд зориулж “Хубилай хааны зарлиг” нэртэй тусгай технологийн торгон маркийг хэвлүүлж гаргалаа. Марк, зоосны нээлтээс гадна банк, санхүүгийн салбарын 100 жилтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтраад гаргаж байна.

“Хубилай хааны зарлиг” нэртэй зоосыг ялтсан мөнгөн тэмдэгтээр хийсэн

Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа

Монголбанкны 100 жилийн ойд зориулаад гурван төрлийн дурсгалын зоосыг худалдаанд гаргаж байна. “Хубилай хааны зарлиг” нэртэй зоосыг ялтсан мөнгөн тэмдэгтээр хийсэн. Онцлог нь 5 граммаар үйлдвэрлэгддэг стандарттай байсан бол энэ удаа 31 грамм цагаан мөнгөөр том хэмжээтэй хийгдсэн. Дараагийнх нь Монголбанк болон Монгол Улсад байгаа түүхэн дурсгалт байшингуудыг дүрсэлсэн дурсгалын дугуй зоос. Энэ зоосыг хамгийн сүүлийн үеийн технологиор хүнхэр хэлбэртэй үйлдвэрлэсэн. Дараагийнх нь архилогийн ховор олдвор болох “Хос луу” болон Монголбанкны 100 жилийн логог дүрсэлсэн мөнгөн зоос хийсэн. Цагаан мөнгийг харлуулаад луугаа алтадсан байдлаар товойлгож,  5 унц болон 1 унцын хоёр төрлөөр гаргаад байна.

Зоос цуглуулснаар 3000 жилийн түүхийг гартаа барьж үзнэ

“Монголын зоос судлалын холбоо”-ны гүйцэтгэх захирал Ц.Энхтөр

Зоос  цуглуулах нь олон талын ач холбогдолтой. Түүхийг хүн өөрийн биеэр барьж үзэх боломжтой учраас түүх, урлаг сонирхдог хүмүүс сонирхон судалж болно. Орчин үед хүмүүс илүү хөрөнгө оруулалтын чиглэлээр сонирхон судалж байна. Монголын эзэнт гүрэн байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэл Монголд ашиглаж байсан зоос, цаасан мөнгөнүүд энэ үзэсгэлэнд тавигдсан.

Би нэгдүгээр ангиасаа эхлээд зоос цуглуулсан.  3000 жилийн түүхийг өөрийн гартаа барьж үзнэ. Өөртөө хадгалж болно. Түүнтэй холбоотой түүхийг маш сайн судлах учраас танин мэдэхүйн ач холбогдолтой. Дэлхийн хамгийн анхны зоос цуглуулагч Юлий Цезарь байсан. Дэлхийн бусад алдартай бүх үзэсгэлэнгүүд дандаа хувь цуглуулагчаас гараагаа эхэлсэн байдаг.

Марк, цаасан дэвсгэрт хоёр тусгаар тогтнолын бэлэг тэмдэг

“Монголын филателийн холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Энхбат

Монголын анхны цаасан дэвсгэрт гүйлгээнд гарсны 100 жилийн ой болж байна. Бид намраас Монгол марк үүссэний 100 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа. Марк, цаасан дэвсгэрт хоёр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэдэг. Манай марк, мөнгөн дэвсгэрт цуглуулагчид Монголбанктайгаа хамтраад 100 жилийн ойн үзэсгэлэн гаргаж байна. Өмнөх 70, 80, 90 жилийн ойгоор гаргаж байсан. Үүнийгээ бид уламжлал болгосон байна.

Надад Монголоос гадна 200 гаруй улсын дөрөв, таван мянган мөнгөн дэвсгэрт, зоос бий. Биднийг бага байхад марк, зоос цуглуулдаггүй хүүхэд гэж бараг байхгүй байлаа шүү дээ. Олон жилийн дараа эргээд харахад цөөхөн хүмүүс үнэнч үлддэг юм шиг байна. Энэ бол цэвэр хобби. Маркийг бол хоббины хаан гэдэг шүү дээ. Дэлхий дээр арав гаруй мянган төрлийн зүйлс хүмүүс цуглуулдаг гэсэн. Дэлхий дахины хамгийн их цуглуулдаг зүйл нь зоос, марк хоёр. Ингэж цуглуулснаар мэдээж кайф л авна даа.