Монгол жолооч нар БНХАУ-ын хил дээр дугаарлаж байна
Цар тахлын өмнө монгол жолооч нар эл автозамаар дэлхийн хамгийн том нүүрс импортлогч орон болох БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг байлаа. Харин одоо БНХАУ болон Монголын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа коронавирусийн эсрэг хатуу арга хэмжээний улмаас хилийн жижиг Цагаан хад боомтын үйл ажиллагаа саарснаар өдөрт хилээр нэвтрэх нүүрс тээврийн машинуудын цуваа багасч, жолооч нар цалин хөлсгүй хил дээр гацаад байна.
32 настай жолооч Ц.Даваасүрэн “Нэг удаагийн нүүрс тээвэрлэлт хийхийн тулд гурван сар хүлээлээ. Энд амьдрал үнэхээр хүнд байна. Гэр бүлийнхэн маань өвөл өмсөх гутал хувцас, түлээ түлш хэрэгтэй байна гэж утасдах боллоо” гэв.
Уул уурхайн түүхий эдээр баялаг Монгол Улс өнгөрсөн онд 35 сая гаруй тонн коксжих нүүрс БНХАУ руу экспортолсон бол энэ жил одоогийн байдлаар үүний гуравны нэг хувьд ч хүрэхээргүй хэмжээний нүүрс гаргаад байна. Цар тахлын халдвар нэмэгдвэл БНХАУ хилээ хаана гэсэн айдсаас үүдэн Монгол Улс хөл хорионы хатуу дэг журам тогтоожээ. Нүүрс тээврийн 3500 орчим жолоочийг хил гарахаа хүлээх зуур дөч дөчөөр нь тусгаарласан аж.
Нүүрс тээврийн жолооч, гурван хүүхдийн аав, 43 настай Б.Ундрах коронавирусийн шинжилгээ өгөхөөр дугаарлан зогсож байхдаа “Манай бүлгийн нэг хүний шинжилгээ эерэг гарсан учраас 42 хоног тусгаарлалтанд орж, нүүрсээ зөөж чадаагүй. Цагаан хаданд ирээд дахин 28 хоног хүлээх шаардлагатай болсон. Хэрэв бид нарын шинжилгээний хариу бүгд сөрөг гарвал маргаашнаас нүүрсээ тээвэрлэх боломжтой болно. БНХАУ-ын талаас бид нарыг машиныхаа кабинаас гарах, цонхоо онгойлохыг ч хориглодог. Би тээвэрлэж буй нүүрсээ Хятадын талд бушуухан хүлээлгэж өгөөд цалингаа аваад гэртээ харихыг л хүсэж байна” хэмээн ярив.
Эзгүй хот, цөөн жолооч
Нүүрс тээврийн жолооч нар Монголд Ковид-19-ийн шижилгээ өгсний дараа маск, тусгай хамгаалалтын хувцас өмсөн Хятадын хилээр нэвтэрч тэндээ дахин шинжилгээ өгдөг байна.
Өргөн уудам газар нутгийг эзлэн оршдог Өмнөговь аймаг 12 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд БНХАУ-ын төмрийн хүдэр хайлуулах үйлдвэрүүдийн нүүрсний гол нийлүүлэгч юм. Харин одоо жолооч нар өөр ажил олох талаар бодож эхэлжээ.
“Ковид-19 шинжилгээний хариу ямар гарах бол гэж бид өдөр шөнөгүй санаа зовж байна” хэмээн нүүрс тээврийн жолооч Даваасүрэн анхны шинжилгээгээ өгөхөөр зогсож байхдаа ярив.
Цагаан хад боомтын албаны хүмүүсийн мэдээллээр бол нүүрс тээврийн жолоочийн тоо хоёр дахин буурсан нь тус жижиг сууринд тун таагүй нөлөө үзүүлж, төв гудамж нь хоосрон, цайны газар, дэлгүүрүүд хаалгаа барихад хүргэжээ. Халдвар авахаас эмээсэн жолооч нар овоолсон нүүрс, эгнэсэн ачааны машинуудын дэргэд давжаа харагдах гэрээсээ гаралгүй өнжих аж.
Хэрвээ Ковид-19-ийн тохиолдол нэмэгдэж, БНХАУ хилээ хаавал “манай эдийн засаг сүйрнэ” гэж Цагаан хадны онцгой комиссын дарга П.Соронзонболд ярилаа.
Оргил цаг
Коронавирусийн халдварын тоог “0” болгох Бээжингийн бодлого нь тус улсыг хилээ бараг бүрэн хаахад хүргэсэн. БНХАУ-д нүүрсний үнэ эрс нэмэгдсэн, нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах зорилго зэргээс үүдэж Хятадын зарим хотод цахилгаан, эрчим хүч тасалдах болсонтой энэ хязгаарлалт давхцав.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн долоо хоногт Монголын талтай онлайнаар хэлэлцээ хийсний дараа нөхцөл байдал сайжирна гэсэн найдвар төрөв. Талууд нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн агаад цар тахлын эсрэг арга хэмжээний шаардлагад нийцэж байгаа бол нүүрс тээврийн автомашины тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ үүнд хугацаа шаардлагатай.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод нүүрсний тээврийн жолооч нар “Жолооч нарыг амийг аваръя” гэсэн жагсаал зохион байгуулжээ. Энэ үеэр Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй “Нүүрс тээвэрлэлт хийхтэй холбоотой хязгаарлалтууд, тэр дундаа хилийн өөр нэг боомтыг хаасан нь жолооч нарын амьдралыг хүнд байдалд орууллаа. Бид ядуурлын ирмэгт ирээд байна” гэлээ.
Эх сурвалж: AFP