Монгол мөнгө

Mongolian Economy
2020-09-10 12:37:15

Цаасан дэвсгэрт

Монгол Улсын анхны мөнгөн тэмдэгт 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртийг ЗХУ-д үйлдвэрлэж 1925 оны нэгдүгээр сарын 9-нд гүйлгээнд гаргажээ. Уг мөнгөн тэмдэгтэд Соёмбо бэлгэдлийг үндсэн хээ болгон томоор тусгаж уйгаржин монгол үсгээр бичиж хэвлэсэн байна. Тус мөнгөн тэмдэгтэд Монгол банкны анхны дарга Микилман, нярав Большаков, гишүүдээр Амар, Шигунов, Бат-Очир, Дугар нар гарын үсэг зурж байжээ.

1939 оны мөнгөн тэмдэгтүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүх дэвсгэртийн нүүрэн талд Соёмбо бэлгэдэл болон жанжин Д.Сүхбаатарын хөргийг адил хэмжээтэйгээр байрлуулж ар талыг нь угалзаар чимэглэж, бүх бичээсийг уйгаржин монгол бичгээр бичжээ. Хоёртын дэвсгэртийг гуравтын дэвсгэртээр сольж гаргасан байдаг. 1941 оны мөнгөн тэмдэгтэд нүүрэн талд байх Соёмбо бэлгэдлийг таван хошуу мал бүхий сүлдээр сольж, жанжин Д.Сүхбаатарын хөргийг хэвээр үлдээн, бичээсүүдийг нь монгол ба кирилл бичгээр үйлдэн хэвлүүлжээ.

1955 онд дэвсгэртүүдийн хэмжээг томсгож, хээг өөрчлөн бүх бичиглэлийг кирилл болгож, зураач Шибу, Д.Амгалан нарын зурсан шинэчилсэн сүлдийг оруулж, жанжин Д.Сүхбаатарын хөргийг хэвээр үлдээсэн байна. 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээг гүйлгээнд хэрэглэхэд тохиромжтой болгон жижигрүүлж, өнгө, зураг урлалыг цоо шинэ болгон өөрчилж Ц.Минжүүр, Д.Цэрэнпил нарын шинэчлэн батлуулсан сүлдээр чимэглэжээ. Тавьт ба зуутын дэвсгэртийн ар талд анх удаагаа Засгийн газрын ордны зургийг хэвлэсэн нь онцлог байжээ. Мөнгөн тэмдэгтийн цаасыг хуурамчаар хийгдэхээс сэргийлэн усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан бөгөөд цаасны найрлагын тавны гурвыг хөвөн, тавны хоёрыг нийлэг эд эзэлж байхаар тохируулжээ. Энэ үед өмнөх мөнгөн тэмдэгтүүдийг албан ёсоор гүйлгээнээс хассан.

1981, 1983 онд 1966 оны мөнгөн тэмдэгтийг сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээж гүйлгээнд нэмж хэрэглэсэн байна. 1993 оны шинэ Монгол улсын мөнгөн тэмдэгтийн загварыг Гавъяат зураач М.Бүтэмж, тухайн үед Монгол банкны Удирдах зөвлөлийн гишүүн байсан Г.Төмөрбаатар нар зохион бүтээж нарийвчилсан зургийг Английн мөнгөний үйлдвэрийн зураач Г.Ботвик зурсан байна. Аравтаас зуутын дэвсгэртэд жанжин Д.Сүхбаатарын хөрөг, таван зуутаас арван мянгатын дэвсгэртэд Чингис хааны хөргийг дүрсэлж хуурамчаар үйлдэхээс хамгаалсан 10 орчим хийцтэйгээр бүтээжээ. Түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, Соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж, 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс сэргийлэн усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, хэт ягаан туяанд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, бүх төрлийн хувилагч болон скайнераар хувилахад тодрохгүй ба хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоос тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн байна.

Зоосон мөнгө

Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ. 1925 онд 10, 15, 20, 50 мөнгөний зоос, 1937 онд 10, 15, 20 мөнгөний зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргаж байв.

1959 онд 1, 2, 5 мөнгөний голдоо нүхтэй зоосыг хөнгөнцагаанаар хийлгэж нэвтрүүлжээ. 1970 оноос хойш нэг төгрөгний зоосыг Маркс, Сүхбаатарын хөрөгтэйгөөр, Соёмбо, Сансрын бэлгэ тэмдэг зэрэг 8 төрлийн зураг дүрстэйгээр хэвлэж гаргажээ.

Мөн БНМАУ тунхагласны 50 жилийн ойд зориулан цагаан мөнгөн зоос, Улсын банк байгуулагдсаны 50 жилийн ойгоор 10 төгрөгний зоосон мөнгө, 1996 онд 20, 50, Жанрайсиг сүмийн зурагтай 100 төгрөгний зоос, Засгийн газрын ордны дүрстэй 200 төгрөгний зоосон мөнгө, 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойгоор Д.Сүхбаатарын хөрөгтэй 500 төгрөгний зоосон мөнгийг тус тус гаргаж байжээ. Эдүгээ зоосон мөнгийг гүйлгээнээс хассан бөгөөд тусгай нөхцөл байдалд дурсгалын зоосыг цөөн тоогоор бүтээлгэдэг.

 

Mongolian Economy