Монгол Улсад газрын ховор элемент хэрэгтэй юү

Mongolian Economy
2020-11-23 15:42:36
Ангилал: Уул уурхай

Ховор гэж нэрлэдэг боловч үнэндээ алт болон мөнгөнөөс хэд дахин их тархалттай үелэх системийн 17 элементийн төлөөх тэмцэл дэлхийн улс гүрнүүдийн хооронд эрчимтэй өрнөж буй. Дэвшилтэт технологийн эрин зууны гол түүхий эд болсон эдгээр элементийг бие биеэс нь салган гаргаж авах үйл явц нарийн төвөгтэй учраас газрын ховор элемент хэмээн нэрийджээ.

Ижил төрлийн хүдрийн ордуудад голдуу хамтдаа олддог Д.Менделеевийн үелэх системийн лантаны бүлгийн 17 элементийг газрын ховор элементэд тооцдог. Газрын ховор элементийг (ГХЭ) хамгийн ихээр агуулдаг бастнезит, монацит, апатит, ксенотим зэрэг эрдсээс шалтгаалан боловсруулах технологи нь ялгаатай байдаг. Ховор элементийг агуулдаг чулуулагт уран, торий зэрэг цацраг идэвхт бодис байдаг зүй тогтолтой. Эдгээр элементийг батлан хамгаалах, эрүүл мэнд, сансар судлал гээд ашигладаггүй салбар байхгүй бөгөөд бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, зөөврийн төхөөрөмжүүд, цахилгаан машин зэргийн орлуулашгүй түүхий эд болдог.

ГХЭ-ийн эрс нэмэгдэж буй хэрэглээ нь өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн хөгжил болоод байгальд ээлтэй техник, технологийн салбарын өрсөлдөөнтэй шууд холбоотой. БНХАУ 1990-ээд оноос хойш ГХЭ-ийн салбарт ноёрхож дэлхийн нийт хэрэглээний 97 хувийг дангаараа хангадаг байсан бол сүүлийн жилүүдэд үзүүлэлт нь буурч эхэлсэн. Гэвч тус улс энэ салбарт тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн онд олон улсад нийт 210 мянган тонн ГХЭ-ийн исэл үйлдвэрлэсний 130 мянгыг нь Хятад үйлдвэрлэжээ. Европын Холбооны орнууд, АНУ, Япон зэрэг үйлдвэрлэгч орнууд Хятадаас хамааралтай байдлаасаа гарахын тулд өөр эх үүсвэр хайх ажлыг бодлогоор дэмжиж буй.

Монгол Улсад эдгээр ховор элементийг агуулдаг Өмнөговь аймаг дахь Мушгиа худаг, Хотгор, Дорноговь дахь Лугийн гол болон Ховд аймаг дахь Халзан бүрэгтэй гэсэн дөрвөн орд бий. Тухайлбал, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордын хүдрүүд ихэнх тохиолдолд хөнгөн ГХЭ-ийг агуулсан байдаг. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, тогтмол соронзонгийн үйлдвэрлэлд эрэлт нь өсөн нэмэгдэж байгаа неодим, празеодим зэрэг элементүүд нь манай ордуудын хүдэрт ихээхэн хэмжээгээр агуулагддаг.

Манай улсын ховор металл, тэр дундаа ГХЭ-ийн хамгийн их нөөцтэйд тооцогдох Халзан бүрэгтэй ордын хувьд гол элемент нь иттри боловч хэрэглээ нь багассанаас гадна олборлолт, боловсруулалтын үйл явц нь төвөгтэй болохыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийн дарга А.Тэмүүжин онцолсон юм. Хятад улс төмрийн баяжмал гаргах явцдаа хаягдал буюу дайвар бүтээгдэхүүнээс ГХЭ-ийг гаргаж авдаг учир боловсруулалтын өртөг нь бага байдаг. Ийм жишгээр Халзан бүрэгтэй ордоос ниоб, тантал, циркон зэрэг ховор металлыг нь олборлож хаягдлаас нь ГХЭ гаргавал ашигтай байх боломжтой аж.

Харин Лугийн голын орд Монгол Улсын хэмжээнд хамгийн сайн судлагдсан бөгөөд ГХЭ-ийн агуулга хамгийн өндөртэй. Харамсалтай нь тус ордын нөөц үйлдвэрлэлийн хэмжээнд хүрч чадахгүй гэж судлаачид үздэг.

Монгол Улсад ГХЭ-ийн гурван сая орчим тонн ислийн нөөц тогтоогдсон. Цаашид дээрх ордуудыг илүү нарийн судалж, цогц байдлаар хайгуул хийж нөөцийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн туршилт явуулах шаардлагатайг тус төслийн нэгжийн зөвлөх, профессор А.Хаумдас тайлбарласан. Ингэхийн тулд төр ба хувийн хэвшил хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Гэвч ГХЭ-ийн нөөц нь тогтоогдсон эдгээр ордын тусгай зөвшөөрлийг хувийн компаниуд эзэмшдэг бөгөөд зарим нь лицензээ барьцаалж зээл авсан, хамтран ажиллахаас цааргалдаг зэрэг асуудал гардаг байна. Эдгээр орд дээр нийт найман ашиглалтын лиценз байдгаас гурав нь банкны барьцаанд байгаа аж.

Газрын ховор элементийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд заавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрөл авах шаардлага тулгардаг. Учир нь Монгол Улсын “Цөмийн энергийн тухай хууль”-д ГХЭ-ийг “цацраг идэвхт бодис” хэмээн тодорхойлсон байдаг аж. Тиймээс тодорхойлолт болон эрх зүйн шинэчлэл нэн түрүүнд хийх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.

ГХЭ нь цөөн улсын газар нутагт байдаг төдийгүй олборлолт, боловсруулалтыг нь техник технологи өндөр хөгжсөн цөөн тооны улс хийдэг тул олон орон эдгээр элементийг стратегийн ач холбогдолтой, нэн чухал түүхий эдийн жагсаалтдаа оруулдаг. Монгол Улс ГХЭ-ийн тухай бодлогын баримт бичиг боловсруулах шаардлагатай бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжээс уг саналыг УУХҮЯ-д хүргүүлээд байгаа аж. Тус төслийн нэгж 2020 онд багтааж хайгуулын тусгай зөвшөөрөлтэй болохоор ажиллаж байгаа бөгөөд ингэснээр нарийвчилсан хайгуул судалгааны ажил явуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болох юм.

Дэлхийн улс орнуудын стратегийн чухал түүхий эдэд тооцогдож, эрэлт нь тасралтгүй нэмэгдсээр буй ГХЭ-ийн салбар Монгол Улсын хөгжилд хэрэгтэй юу гэсэн асуулт гарч байна. Өнөө үе болоод ирээдүйн хөгжлийн чиг хандлага өндөр технологитой салшгүй холбоотой тул бид цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Одоо л бид энэ салбарт хөл тавьж, эрчимтэй хөгжүүлэхгүй бол хожмын өдөр “дахиад л хоцорчихлоо” гээд сууж байх вий.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас

 

Mongolian Economy