Монгол Улсын стратегийн ач холбогдлыг АНУ үргэлж үнэлэх ёстой

Mongolian Economy
2023-08-03 16:37:28

АНУ-ын Конгресс дахь Америк – Монголын Найрамдлын бүлгийн хамтран даргалагч Дон Юунгтай ярилцлаа.

-Хоёр улсын хувьд ардчиллын амин хамгаалагч нь парламент билээ. Тиймээс парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байх.

-Энэ нь хоёр орны хувьд үнэхээр чухал асуудал юм. Парламентын харилцааны өнцгөөс харвал бидний хувьд үзэл бодлоо хуваалцаж, бие биеэсээ суралцаж болно гэдэгт итгэж байна. Миний бие АНУ- ын есөн Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж, 45 жил Конгресст ажиллах хугацаанд олон сорилттой тулгарч байсан ч бага эрх мэдлийг эрмэлзэж байсан Гүйцэтгэх засаглалыг хэзээ ч хараагүй. Зарим үед Конгресс Гүйцэтгэх засаглалд олгосон илүү эрх мэдлийг буцаасан явдал ч бий. АНУ-ын Конгресс болон Монгол Улсын Их Хурал нь ард түмнийхээ дуу хоолой байхын төлөө байгуулагдсан бөгөөд энэ ч утгаараа тэд чингэхийн тулд аль болох хүчтэй үүрэг гүйцэтгэх ёстой.

Түүнчлэн ард түмэнтэйгээ илүү ойр орон нутгийн засаглалын олон хэлбэрүүд байдаг бөгөөд тэд аливаа асуудлыг шийдвэр лэхийн төлөө сайн ажилладгийг бид санаж байх ёстой. Аливаа улс орны муж, хязгааруудын хооронд үлэмж их ялгаа байж болох бөгөөд Холбооны Засгийн газрын зүгээс үүнийг хүндлэх ёстой юм. Эрх мэдэл нь ард түмнээс угшилтай байдаг, эсрэгээрээ биш.

-2017 онд Монгол Улс, АНУ- ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон. Хоёр талын харилцаанд гарсан гол ололт, амжилтуудын талаар дурдахыг хүсье?

-Талууд 30 жилийн туршид бат бөх дипломат харилцаатай явж ирсэн нь өөрөө амжилт юм. Улс орнуудын хувьд удаан хугацааны туршид нөхөрлөлийг хадгалах нь хичнээн хэцүү байдаг жишээ түүхэнд олон бий. Монгол Улс нь захиргаадалтын нийгмээс өнөөгийн ардчилсан нийгэм рүү тайван замаар шилжиж чадсан нь Монголын ард түмний улс орноо хөгжүүлье гэсэн зориг, шийдэмгий байдлыг илэрхийлж байгаа юм. Өөр олон орны хувьд ийм шилжилтийн үе нь харамсалтай нь илүү хүчирхийллийн хэлбэрийг агуулсан байдаг.

2003 оноос хойш “Үндэсний гвардийн түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Альяск муж нь Монгол Улстай идэвхтэй харилцаж, энэ хүрээнд батлан хамгаалахын солилцоо явагдаж, улмаар өргөжин иргэд хоорондын түншлэлийг хөгжүүлж эхэлсэнд би ихэд бахархдаг.

-Та хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг 30 жилийн дараа хэрхэн төсөөлж байна вэ?

-Манай хоёр улсын хамтын ажиллагааны ирээдүйг би гэгээлгээр төсөөлж байна. Дэлхийн аливаа сорилт тулгарч болох бүс нутагт оршиж буйн хувьд Монгол Улсын нөхөрлөл, холбоотны хэмжээний стратегийн ач холбогдлыг АНУ-ын зүгээс үргэлж үнэлэх ёстой юм. Бид Монгол Улсыг шинэ ардчилсан орнуудын нэг гэдэг утгаар нь үргэлжлүүлэн дэмжиж, монголын ард түмний амьдрал ахуйг сайжруулах тэрхүү инститүцүүдийн хөгжлийг хөхиүлэн дэмжих ёстой. Монгол Улсын хувьд эерэгээр нөлөөлсөн зах зээлийн шинэчлэл, улс төрийн эрх, иргэний эрх эрх чөлөөний зарчмуудаа үнэнч хадгалж явах нь чухал.

Монгол Улс нь олон улсын тавцанд хариуцлагатай тоглогч хэвээр байна гэдэгт итгэлтэй байна.

Тэд энхийг сахиулах ажиллагаа болон гуравдагч хөршийн бодлогынхоо хэлбэрээр чухал хувь нэмэр оруулж ирснийг бид харсан.

-Монгол Улс болон Монгол хүний юу Танд хамгийн их таалагддаг вэ?

-Монгол Улс болон Монголын ард түмэн надад Альяск мужийг маш их санагдуулдаг. Уур амьсгал, алслагдмал байдал, зочломтгой хүмүүс, соёл зэрэг нь төрөлх нутгийг минь санагдуулдаг. Тиймэрхүү хүнд нөхцөл, уур амьсгалд амьдардаг хүмүүс маш их тэсвэр хатуужилтай, зоригтой, шийдэмгий байж, өөрсдөдөө болон гэр бүлийнхэндээ илүү сайхан амьдралыг бий болгохын төлөө тэмцдэг. Олон олон монголчуудтай уулзах тутам улсаа хөгжүүлж, олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэх тэдний чин сэтгэл, эрмэлзэлд би бүр ч их бахархдаг. Альяскийн их тал нутаг, Монголын мөнх хөх тэнгэр нь ирэх он жилүүдэд ч сайн анд нөхөд байх учиртай.

-Хоёр улс нь газарзүйн хувьд алслагдмал байдаг ч бид энэ нөхцөл байдлыг хэрхэн давуу тал болгон өөрчилж болох вэ. Магадгүй аялал жуулчлал байж болох уу?

-Аялал жуулчлал нь Монголд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Монгол Улс нь эдийн засгийн тэрхүү салбарыг холбогдох дэд бүтцийх нь хамт хөгжүүлж байгаа тул аялал жуулчлал өргөжин хөгжинө гэж харж байна. Альяск муж нь ч дурсгалт газрууд, байгалийн гоо үзэсгэлэнгээрээ олон жуулчдыг татдаг бөгөөд энэ нь эдийн засагт багагүй үүрэг гүйцэтгэдэг. Монгол, Альяскийн хувьд байгалийн нөөцөө хариуцлагатайгаар ашиглаж байгаа чадварт тэдний жинхэнэ баялаг нь оршдог гэж би итгэдэг. Тэд хоёулаа маш их нөөц бололцоотой бөгөөд Монголыг илүү хөгжиж, худалдааны эргэлт нь нэмэгдээсэй гэж хүсэж байна. Энэ нь эдийн засгийн ноён нуруу, улмаар тус улсын гол давуу тал, чадавх болж болох юм. Мөн цаашилбал, энэ нь эдийн засгийг солонгоруулах боломжийг бий болгоно.

 

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан тусгай дугаараас 2018.02 сар

 

Mongolian Economy