Монгол Улс дэлхийн хөгжлийн хаана явна вэ

T.Amarjargal T.Amarjargal
2022-02-14 12:32:20
Ангилал: Эдийн засаг
Хөгжлийн цэвдэг 

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд манай улс үргэлж хойгуур жагсдаг. Тус тайланд эдийн засгийн үзүүлэлт, засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн дөрвөн гол үзүүлэлтээр улс орнуудыг шинжлэн дүгнэдэг юм. Хэдий тус тайлан 64 улсыг хамруулдаг ч хөгжлийн харилцан адилгүй түвшин бүхий, тив бүрийн төлөөлөл болсон орнуудыг хамруулдаг учраас үр дүн нь олон улсын бодлого боловсруулагч, шинжээчдийн анхаарлыг ихээхэн татдаг. Сүүлийн таван жилийн тайланд Монгол Улс 64 улсаас адгаасаа “айргийн тав”-д тогтмол орж иржээ. Мөн тус судалгаанд хамрагддаг Ази, Номхон далайн 14 улсаас бид сүүлийн таван жилийн турш завсаргүй “баян ходоод” болсон байна.

Муу үзүүлэлттэй байж болох ч байрнаасаа огт хөдлөхгүй байна гэдэг “хөгжлийн цэвдэг”-т нэрвэгдсэний шинж гэхээс өөр юу гэлтэй. Өрсөлдөх чадварыг хэмжих хамгийн гол хэмжүүр бол бизнесийн орчин. Монгол Улсын бизнесийн орчин маш тааруу болохыг Дэлхийн банкны судалгаанаас ч харж болно. Тус байгууллагын “Бизнес эрхлэх нь-2020” тайланд 190 улсын бизнесийн орчныг шинжлэн дүгнэж, бизнес эрхлэхэд хялбар байдлаар нь эрэмбэлэхэд манай улс 81-д жагсчээ. 

“Монголын бизнесийн зөвлөл”-ийн ТУЗ-ийн дэд дарга Б.Бямбасайхан “14 тэрбум ам.долларын эдийн засгаа тэлж байж, манай бизнесийн орчин цэцэглэн хөгжинө. Үүний тулд хатуу болон зөөлөн дэд бүтцээ хөгжүүлж, өнөө маргаашаа аргацаасан бодлого, төлөвлөлтөөс аль болох татгалзах хэрэгтэй” гэсэн юм.

Бодлого оновчтой бус учраас эдийн засаг өндөр өсөлттэй байсан ч алдагдалтай төсөв баталдаг.

Харин Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми “Монгол Улс эдийн засгийн сөрсөн бодлого явуулдаггүй нь өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Бодлого оновчтой бус учраас эдийн засаг өндөр өсөлттэй байсан ч алдагдалтай төсөв баталдаг. Ийм байдал олон жилээр ужгирсан нь эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Дээр нь Монгол Улсын өрийн тааз тулчихсан. Бондууд, Засгийн газрын өр, Хөгжлийн банкны өр гээд тоочоод байвал олон өр бий. Иймээс Монгол Улсын эдийн засаг тогтвортой бөгөөд хангалттай хэмжээнд өсөж чадахгүй байна” гэв.

Бизнесийн орчинд хамгийн их нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол авлига. Саяхан “Транспаренси Интернэшнл” байгууллага улс орнуудын сүүлийн 10 жилийн авлигын индексийг олон нийтэд танилцуулсан. Судалгаагаар Монгол Улс 2015 онд хамгийн дээд оноо болох 39 оноог авч байжээ. Үүнээс хойш жил дараалан 35 оноо авсан бол энэ удаад оноогоо ахиулсангүй. Ингэснээр дэлхийн улс орнуудаас авлигын индексээр 110-т жагсаж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийнхээс нэг байр ахисан бол 2019 оныхоос таван байр ухарчээ.  

Монгол Улс авлигад идэгдсэний том жишээ бол Хөгжлийн банкны луйвар юм.

Улстөрчид системтэйгээр бүлэглэн улс орны хөгжлийг урагшлуулах, санхүүжүүлэх банк нэрээр өөрсдийн бизнесийг цэцэглүүлэх, хамаатан саднаараа дамжуулан тэрбум тэрбумаар идэж, уугаад, сүүлдээ дампууруулан татан буулгах систем гэдэг нь тодорхой харагдаж байна. Өнгөрсөн 30 жилд хэд хэдэн банкийг ийм байдлаар татан буулгасан билээ. Татвар төлөгчдийн мөнгийг, улсын төсвийг ийн өөрсдийн дураар зарцуулан, хуулийг ч түүндээ тохируулан өөрчилж чаддаг бүлэглэл 30 жил явж ирсэн учраас манай улс хөгжлийн шат ахиж чадахгүй, авлигалын гинждээ улам орооцолдон, хөгжлийг тушиж, авлигын индексээр улам хойшоо байрт явсаар байгаа нь бас үнэн юм.

Хөгжлийн тушаа-дэд бүтэц

Бизнесийн орчинд чөдөр тушаа болсон үзүүлэлтүүдийг тодруулбал дэд бүтцийн асуудал хойш татаж байгаа нь Дэлхийн банкны судалгаанд илхэн. Тодруулбал, гадаад худалдааны үзүүлэлтээр манай улс 190 орноос 143-т оржээ. Тус үзүүлэлт урагшлах шинжгүй таг гацсаныг жил бүрийн тайлан тод харуулна. Ази, Европыг холбосон өргөн уудам нутагтай гэх хэрнээ хоёр тивийн хоорондох орхигдсон улс болсон нь тээвэр, логистикийн түвшин хаана явааг илтгэнэ. Мөн манай улс 2020 онд боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас 130-д эрэмбэлэгдэж байсан юм.

ЗХУ задрахад Монголтой ижил гараанаас хөдөлсөн Казахстан улс бидний хоцрогдсон “шалтаг”-ийг няцаах тод жишээ.

Эдийн засагч Н.Энхбаяр Казакстан болон Монголын талаар нэгэн сонирхолтой харьцуулалт хэлсэн юм. “Бид ялгаагүй л далайд гарцгүй, эдийн засгийн шилжилттэй нүүр тулсан улс. Далайн боомтод нэг чингэлэг ачаа хүргэхэд ижил хэмжээний зардал мөнгө, хоног хугацаа зарцуулдаг. Гэтэл Казахстан бизнес эрхлэхэд таатай, хялбар байдлаараа 25-д оржээ. Тэдний амжилт нь боомтын хүчин чадлаа тэлсэнтэй холбоотойг” Н.Энхбаяр хэлсэн юм. Казахстан улс БНХАУ-тай хамтран Хоргос боомтдоо шилжүүлэн ачилтын компани байгуулж, дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нь нэмснээр Хятадаас Европ руу чиглэсэн ачаа тээврийн 70 орчим хувь тус улсаар дамжин өнгөрдөг болжээ. Монголчууд ч зүгээр суугаагүй. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүс бий болгоно гэж чамгүй хөрөнгө зарцуулсан. Гэвч боомтын нэвтрүүлэх чадлаа нэмэхийн оронд дулааны цахилгаан станц барьчихсныг эдийн засагч Н.Энхбаяр шүүмжилсэн юм. 

Мөн Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2016 оны зун үзэглэж, энэ хүрээнд төмөр замын коридор, Азийн авто замын сүлжээ байгуулахаар тохиролцсон. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам ч энэ хүрээнд хэрэгжиж буй ажил. Өөрөөр хэлбэл, хот хоорондын гэхээс илүүтэй улс хоорондын гэж хэлж болох ач холбогдолтой зам. Гэвч Дарханы замыг өнөө хүртэл барьж дуусаагүй л байна. Харин төмөр замын салбарт бүтээн байгуулалт эрчимжиж байгаа нь сайшаалтай.

Экспортын гарцыг эрс нэмэгдүүлэх төмөр замынхаа Хятадтай холбох цэгийг тогтож чадсан нь өнгөрсөн жилийн онцлох үйл явдал яах аргагүй мөн. Манай улсын хувьд хөрөнгө оруулалтын зардал багатай, бартаа саадгүй, шулуун хэсгээр холбохыг зорьж, олон жилийн турш 700 дугаар цэгээр холбоё гэдэг санал тавьж ирсэн. Гэвч одоогийн зөвшилцсөн нь 703 дугаар цэг юм. 

Түүнчлэн Хөөт-Бичигтийн зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, Арц суурь-Шивээ хүрэнгийн баруун босоо тэнхлэгийн төмөр замыг барихаар болж, бүтээн байгуулалт нь ойрын хугацаанд эхлэхээр байна. Эдийн засгийн коридор үүсгэж буй эдгээр гол маршрут “хөгжлийн цэвдэг”-ийг гэсгээх хөдөлгөгч хүч болох нь дамжиггүй. Гол нь Дарханы замын замналаар замнахгүй байх нь чухал.

Дэд бүтэц гэдэгт дан ганц зам харилцаа, барилга байшин багтахгүй. Цахим үндэстэн болохоо зарласан монголчуудын хувьд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил ч чухал нөлөөтэй. Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар 64 орноос 62-д эрэмбэлэгдэж байна. Монгол Улсын дижитал өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2020 онд 43.6 байсан бол энэ онд 40.6 болж  буурчээ. Үүнд технологийн хөгжлийн сул үзүүлэлт голлох нөлөө үзүүлсэн байна.

Азид тэргүүлэх том амбиц

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ оны мэндчилгээндээ  “Монгол Улс ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ” хэмээн онцолсон. 

Ази тивд тэргүүлнэ гэдэг нь дэлхийд тэргүүлнэ гэснээс өөрцгүй. Учир нь Азид хамгийн хүчирхэг эдийн засаг, хөрөнгө оруулалтын шилдэг туршлага, үйлдвэрлэлийн хязгааргүй боломж, бизнесийн таатай орчин бүгд бий. Үүний тод жишээ нь Хятад болон Сингапур улс. 

1978 онд Хятадын эдийн засаг дэлхийн ДНБ-ний 1.8 хувийг эзэлж байв. Харин 2020 онд 18.3 хувьд хүрч тэлсэн нь дэлхийн ДНБ-д нэгхэн улсын эзлэх орон зай гэхэд үнэхээр итгэмгүйргүй.

Мөн Хятадын нэг хүнд ногдох ДНБ нь 2021 онд 11.7 мянган ам.долларт хүрсэн байна. 40 жилийн өмнө энэ тоо 155 ам.доллар байсныг сануулья. 

Дэлхийн ДНБ-нд эзлэх улс орнуудын хэмжээг харвал сонирхолтой дүр зураг ажиглагдана. 2019 онд дэлхийн ДНБ-ий хэмжээ 87.39 их наяд ам.долларт хүрч, үүнээс АНУ 24.49 хувийг (21.43 их наяд ам.доллар), БНХАУ 17.4 хувийг (14.34 их наяд ам.доллар) бүрдүүлсэн. Монгол Улсынх харин 14.0 тэрбум ам.доллар. Энэ нь Хятадын эдийн засгаас 1000 дахин бага үзүүлэлт юм. 

Хөлөг онгоцны хог хаягдалд дарагдсан жижиг улсаас Азийн бар улс болж чадсан Сингапур өдгөө “Дэлхийн бар улс” болжээ. Сингапурын хөгжлийн удирдагч Ли Куан Ю-г 1959 онд Ерөнхий сайд болоход нэг хүнд ногдох ДНБ нь 400 ам.доллар байсан бол 1999 онд албан тушаалаасаа буухад 12.2 мянган ам.доллар болж өссөн юм. Цар тахлын өмнө буюу 2019 онд Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 66.6 мянган долларт хүрч, дэлхийд наймдугаарт жагссан.

Харин Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн хугацаанд ямар ахиц дэвшил гаргасан бэ? Мэдээж маш их өөрчлөлт бий. 1990 оноос хойш нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ найм дахин өсжээ. Сингапур 60 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ-ээ 166 дахин өсгөсөн. Тэгвэл Ардчилал гараанаас хөдөлсөн 60 дахь жилийн босгон дээр монголчууд 166 дахин өссөн үзүүлэлт гаргаж чадах уу… Саяхан Олон улсын валютын сан гишүүн 193 орныхоо нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2021 оны байдлаар тогтоож эрэмбэлжээ.

Жагсаалтыг Люксембург улс тэргүүлж байх агаад нэг хүнд ногдох ДНБ нь 125.9 мянган ам.доллар байна. Харин Монгол 4.1 мянган ам.доллараар 115-т оржээ.

Энэхүү жагсаалтыг тэргүүлсэн улсаас 30 дахин бага гэсэн үг. Гэхдээ Бурунди, Өмнөд Судан, Малави гэх мэт нэг хүнд ногдох ДНБ нь 400 ам.доллар хүрэхгүй ч улсууд бас бий. Уг нь бол дайнд нэрвэгдэж, дампуурлаа зарласан улс биш, харин ч цөөн хүн амтай хөгжиж буй орон гэдгээ цаг ямагт санах нь чухал байна гэдгийг эдийн засагчид байнга хэлж ярьсаар байгаа.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт манай улс хамгийн бага хөрөнгө оруулалт хийдэг. Эл салбарт зарцуулж буй төсөв, хөрөнгийг хөгжиж буй бусад орныхтой харьцуулахад бараг 10 дахин бага буюу ДНБ-ий 0.1-0.2 хувьтай тэнцүү. ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хөгжиж буй орнууд ДНБ-ийхээ нэгээс дээш хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг талаар олонтаа ярьж ирсэн. Тэрбээр “боловсрол, шинжлэх ухаанд хөрөнгө оруулах нь гарлага биш гэдгийг ухаарсан цагт Азидаа тэргүүлэх талаар ярьж болох юм” гэсэн билээ. 

Монгол Улс цаг ямагт жагсаалтын сүүл мушгидаг гэвэл үгүй. Дэлхийд “тэргүүлдэг” олон үзүүлэлт бий.

Элэг болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшнээр дэлхийд тэргүүлж байна. Ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин дэлхийн дунджаас даруй 6 дахин их байгаа. Мөн Улаанбаатар хотын агаарын чанарын индекс нэгдүгээр сарын 28-ны байдлаар дэлхийн хотуудаас 27-д жагсаж байна. 

Баялгийн хараал

Монгол Улс эрдсийн арвин их нөөц баялагтай. 2018 оны байдлаар манай улс эрдсийн нөөцөөрөө дэлхийд 25-т жагссан. Тэр дундаа хайлуур жоншны нөөцөөр тав нүүрсний нөөцөөр 17, ураны нөөцөөр дэлхийд 16, Азидаа эхний зургаад ордог талаар ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн судлаач, эдийн засагч, доктор А.Даваасүрэн онцолсон.

Монголчууд бид 29 тэрбум ам.долларын алт, 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгөний нөөцтэй улсын иргэд.

Харин зэсийн батлагдсан нөөц 36.3 сая тонн. Дэлхийд 15-р байрт жагсахаар үзүүлэлт. Өнөө цагт “зэсийн эрин” эхэлж буйг дэлхийн улс гүрнүүд албан ёсоор хүлээн зөвшөөрч, нийлүүлэлтээс давсан эрэлт бий болохоор байгаад санаагаа чилээж байна.

McKinsey компанийн дэргэдэх Дэлхийн хүрээлэнгийн судалгаагаар 2035 онд зэсийн эрэлт одоогийнхоос 43 хувиар өсөх ажээ. Мөн 2025 онд зэсийн зах зээлд таван сая тонн зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүснэ гэж Олон улсын зэс судлалын групп тооцоолсон. Энэ бол 30 орчим Оюутолгойн үйлдвэрлэлтэй тэнцэхүйц хэмжээний хомсдол юм. Мөн Хятадад үйлдвэрлэл хөгжиж буйтай холбоотойгоор зэсийн хэрэглээ Ази тив рүү шилжиж байгааг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурджээ. 

Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор тус уурхай дэлхийн хамгийн том зэсийн таван уурхайн нэг болно. 

Хэрэв бид газрын доорх баялгаараа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болбол 30 жилийн дараа Азидаа тэргүүлэх улсуудын нэг болох магадлалтай. Гэвч уул уурхайгаар дэлхийд цойлсон сүүлийн 10 жилд хөгжлийн үзүүлэлтүүд маань ахиагүйг санах юм бол “баялгийн хараал”-д нэрвэгдсэн гэхээс өөр тайлбар олдохгүй. Харин Оюутолгойн гүний уурхайн төсөл гацаанаас гарсан нь хонгилын үзүүрт гэрэл асааж байна.

Дэлхийн дунджаас зүүгдэж, саараараа толгой цохиж буй Монгол Улс нийгэм, эдийн засаг, хүний хөгжлөөрөө Азидаа тэргүүлэгч улс болоход урт зам бий. Зөв замаар урагшлах уу, буруу замаар будаа тээх үү гэдгийн алин болохыг ирэх жилүүд харуулна.  

 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal