Монгол Улс хөрөнгө оруулалтын ямар дэмжлэг үзүүлдэг вэ
“МЭ товч тайлбар” цувралын энэ хэсэгт хөрөнгө оруулалтын дэмжлэгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Манай улсад хөрөнгө оруулж буй гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч иргэн, ААН “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн хүрээнд татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх зорилготой “Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах”, “Тогтворжуулах гэрчилгээ олгох” гэсэн үндсэн хоёр дэмжлэгийг авч болдог.
Татварын дэмжлэг гэж юу вэ?
-500 тэрбумаас дээш хөрөнгө оруулалттай байгууллагатай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах
-“Тогтворжуулах гэрчилгээний хүрээнд НӨАТ, ААНОАТ, Гаалын албан татвар, нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх
-Эдийн засгийн чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа эрхлэгчдийг эхний таван жил татвараас чөлөөлөх
-Жижиг дунд үйлдвэрүүдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх
Мөн 1) барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, 2) нано, био болон инновацын технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих, 3) эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, НӨАТ-ыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно.
Татварын бус дэмжлэг гэж юу вэ?
-Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгах
-Чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх
-Дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох
-Инновацын төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд батлан даалт гаргах
-Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз, байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох зэрэг хуульд заасан бусад дэмжлэг.
Ач холбогдол
Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны хувьд нээлттэй орон бөгөөд 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 24 улстай “Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг тус тус байгуулаад байна.
Эдгээр гэрээ, хэлэлцээрийг байгуулж, конвенцид нэгдэн орсноор Монгол Улс олон улсын өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалахад чиглэсэн тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байгаа юм. Энэ хүрээнд дээр дурдсан хөрөнгө оруулагчдад үзүүлж буй дэмжлэг нь манай улсын эдийн засагт томоохон түлхэц болж буй төсөл хөтөлбөрүүдийг үр ашигтайгаар хэрэгжүүлэх, гарааны бизнес эрхлэгчдэд дэмжлэг болно.
“МЭ-Товч тайлбар” цувралын эхний нийтлэл – “Тогтворжуулсан татвар гэж юу вэ”