Монгол, Япон: Бүс нутгийн түншүүд

Mongolian Economy
2021-07-07 17:05:18

Түүх ингэж эхлэв …
Монгол, япон ард түмний харилцаа Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахнаас эхэлсэн гэж болно. 1945 оны намар 12 мянга гаруй олзны япон цэргийг ЗХУ-аар дамжуулан Монголд илгээжээ. Монголчууд олзны цэргүүдийг хол газар цөлсөнгүй, Улаанбаатар хотын орчим байрлуулж үйлдвэр, барилга дээр ажиллуулж байв. Тэд 1947 оны 10 дугаар сар хүртэл Монголд ажиллахдаа Засгийн газрын ордон, Сүхбаатарын талбай, Гадаад харилцааны яамны барилга, МУИС-ийн барилга зэрэг олон бүтээн байгуулалтад оролцжээ. Монгол иргэд олзны цэргүүдэд сайхан сэтгэлээр хандаж, эрүүл мэндийн тусламж үзүүлж байсныг олзонд байсан япончууд дурсдаг.

Эх орондоо буцсан тэд хожим нь 1957 онд Монголд талархсан сэтгэлийн үүднээс Монгол-Японы нийгэмлэгийг байгуулсан юм. Ийнхүү өчигдрийн дайснууд өнөөдрийн ах дүүс болж, хоёр ард түмний харилцааны шанг татжээ. Энэ утгаараа 1970-аад оноос өмнөх жилүүдэд хоёр орны харилцаанд олон нийтийн байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Монгол Улс-Япон Улс 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Энэ тухай ноот бичгийг Монгол Улсаас ЗХУ-д суугаа Элчин сайд Б.Лувсанчүлтэм, Япон Улсаас ЗХУ-д суугаа Элчин сайд К.Нийсэки нар Москва хотод солилцжээ. Гэхдээ 1990 оныг хүртэл улс төрийн хүрээнд тууштай хамтарч ажиллах боломж хязгаарлагдмал байв. Дипломат харилцаа парламентын төлөөлөгчдөө харилцан айлчлуулахаас хэтрэхгүй байлаа.

Хэдийгээр улс төрийн чиглэлээр хязгаарлагдмал байсан ч 1970-аад оны хоёрдугаар хагасаас Монгол, Японы хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бат бөх суурь тавигдсан юм. 1972 онд Монголтой худалдаа хийж эхэлсэн япон компаниуд нэгдэж Монгол-Японы Эдийн засгийн хороог байгуулсан бол 1977 оны гуравдугаар сард Монгол-Япон Улсууд “Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн хүрээнд Японы Засгийн газрын таван тэрбум иенийн буцалтгүй тусламжаар ноос, ноолуурын “Говь” үйлдвэрийг барьж, 1981 онд ашиглалтад оруулав.

Энэ үеэс соёлын харилцаа идэвхжиж хоёр жил тутамд соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө баталдаг болжээ. 1974 онд Соёлын харилцаа тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурж оюутан, багш, мэргэжил дээшлүүлэгчид, урлаг, спортын төлөөллөө солилцож эхэлсэн аж.

Харин 1980-аад оны сүүлээс шинэчлэлийн уур амьсгал орж, улс төрийн харилцаа илт идэвхэжсэн байна. 1987 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд М.Дүгэрсүрэн Японд, 1989 онд Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Үно Монголд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном 1990 онд Японд тус тус айлчилжээ.

Ардчилсан Монголын анхны найз
1990 оны өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд социалист орнуудын Эдийн засгийн харилцан туслалцах гэрээ үгүй болж, Монголын шинэхэн, ардчилсан эдийн засаг олон тооны сорилттой нүүр тулав. Гадны дэмжлэггүй бэрхшээлийг давах эсэх нь эргэлзээтэй болоод байлаа. 1990 онд Монгол Улсын тэр үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Японы Засгийн газарт захидал илгээж бүх талын тусламж хүссэнээр энэ хөгжингүй тусламж, дэмжлэгийг авч эхэлсэн билээ. 1991 онд Япон Улсын Ерөнхий сайд Т.Кайфү Монголд айлчилж манай улсад өрнөж буй ардчилсан үйл явцыг дэмжиж, бүх талаар туслахаа ч мэдэгдэв.

Мөн оноос Япон Улс Монголд олон чиглэлд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл өгч, Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо санаачлан зохион байгуулдаг болов.

Түүнчлэн 1991, 1992, 1993 оны “Их долоо”-гийн уулзалтын баримт бичгүүдэд Монголыг улс төр, эдийн засгийн хувьд дэмжих заалтууд оруулжээ. Монгол Улс Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС, Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд Япон Улс идэвхтэй дэмжсэн юм.

1997 оноос хоёр улсын харилцаа шинэ шатанд ахиж иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж эхэлжээ. Иж бүрэн түншлэлийн харилцаа 10 гаруй жил үргэлжлэв. Энэ хугацаанд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) төлөөлөгчийн газар Монголд нээгдсэнээр Японоос хэрэгжүүлэх төслийн цар хүрээ улам нэмэгджээ.

Стратегийн түншлэл
2010 он, Монгол, Японы харилцааны түүхэнд шинэ хуудас нээв. Тус оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад төрийн айлчлал хийхдээ “Стратегийн түншлэл байгуулахад чиглэсэн Монгол, Японы хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичигт дараах дөрвөн үндсэн зорилтыг тусгажээ. Үүнд:

• Өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээг идэвхжүүлэх,
• Эдийн засгийн харилцааг идэвхжүүлж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх,
• Хүн солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх,
• Бүс нутаг, глобал асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилт багтав.

2013 онд Ерөнхий сайд Ш.Абэ, Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын харилцан айлчлалын үр дүнд хоёр орны Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг баталсан юм. Ийнхүү стратегийн түншлэл бодит ажил болох нөхцөл бүрджээ.

2014 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд хийсэн айлчлалын үеэр Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ үр дүнтэй болж, зарчмын тохиролцоонд хүрсэн учир, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар Япон нь Монголтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан анхны улс боллоо. Хэлэлцээрийг хоёр орны парламент соёрхсон баталж, 2016 оны  зургадугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ.

2017 оны аравдугаар сард Японы Засгийн газрын тэргүүн Ш.Абэ Монголд айлчлах үеэрээ “Монгол, Япон хоёр бол бүс нутгийн чухал түншүүд” хэмээн тэмдэглэсэн юм.

Дээрх хэлэлцээр хоёр орны эдийн засгийн харилцааг нэг тал давамгайлсан тусламжийн хэлбэрээс харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимд шилжүүлээд зогсохгүй, Монгол-Японы суурь харилцааг урьд өмнө байгаагүй түвшинд идэвхжүүлсэн хурдасгуур болж өгсөн гэж албаныхан  дүгнэж буй.

Хамгийн сүүлд УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны гуравдугаар сард Японд айлчилж Монгол-Японы Стратегийн түншлэлийн хоёр дахь Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан юм.

Өнөөдөр Монгол-Японы харилцаа эрх зүйн хувьд бэхжиж, улс төрийн хүрээнд томоохон амжилтад хүрсэн. Гэхдээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн нэгэн гол зорилт болох хөрөнгө оруулалтын чиглэлд бодитой үр дүн үгүйлэгдэж байна.

Бизнесийн чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хоёр улсын Гадаад харилцааны яам тогтмол стратегийн зөвлөлдөх уулзалт хийж, Монгол, Японы бизнесмэнүүдийг ойртуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Монголын түүхий эд, Японы технологийг хослуулах нь эдийн засгийн хамтын ажиллагааны урт хугацааны нэн чухал зорилго болоод байгаа билээ.

Судлаачдын үзэж буйгаар хоёр улс харилцан ашигтай хамтран ажиллах олон салбар бий. Ялангуяа дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлд эрх зүйн зохицуулалтыг нэг мөр болгочихвол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжих нөхцөл бүрдэх аж.

 

 

Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан
“Mongolian Economy” сэтгүүлийн тусгай дугаараас. 2017 оны 9-р сар

 

 

 

Mongolian Economy